Онгод утсаар ярьж зураг даран бичлэг хийдэг үү?
Ихэнхи онгодууд орчин цагийн техник, технологийг огт ойшоодоггүй, дургүй байдаг ба буултанд нь суухдаа утсаа дуугаргавал буурлуудад загнуулж, зэмлэл хүртэнэ. Харин үүнийг зарим нэг нь онгод хэзээ ч утас гэж мэдэхгүй, утсанд дургүй, яг тэр үеийнхээрээ л байх ёстой хэмээн туйлшруулна. Онгод, буурлууд хөрстөд анх буугаад энэ замбатай шинээр танилцаж орчин цагийн хэлийг нь сурч тэр орчинд нь дасан зохицдог.
Зарим онгод зөвхөн тэр үеийнхээ л эдийг хэрэглэж идээг хүртдэг буюу тэр үеийнхээрээ л байдаг байхад зарим нь орчин цагийн идээ ундааг хэрэглэж орчин цагт тодорхой хэмжээгээр дасан зохицсон байдаг. Пиво-ыг адууны шээс хэмээгээд хүртдэг буурлыг би мэднэ. Мөн шоколад идэх дуртай, компот идэх дуртай бууралтай ч таарч явлаа. Шоколад, компот аль алинд дургүй, орчин цагийн идээ ундаанд дургүй зөвхөн сүү цагаан идээ хэрэглэдэг онгод буурлууд бас бий. Онгодууд орчин цагт дасан зохицож тэр замбын эд зүйлсэд өөрсдийн оноосон нэрийг өгөх жишээ ч бас бий. Утсыг жингэнүүр, зургийн аппаратыг хувилуур, компьютер нөөтбүүкийг Дөрвөлжин хар хэмээн нэрлэж ярьж байхыг олонтоо сонссон.