Есүгэн охины хүслийг биелүүлж өгөөч
Өчигдөр би охиныхоо төрсөн өдрийг тэмдэглэв. Хамгийн дуртай бамбарууштай бялууг нь аваад дөрвөн ширхэг лаа үлээлгэв. “Миний охин нүдээ аньж байгаад хүслээ бодоод лаагаа үлээвэл биелнэ шүү” гэлээ. Охин минь нүдээ аньж байгаад лаагаа хүчтэй үлээхэд аав, ах, эмээ, өвөө нар нь баяр хүргэж алга ташив. “Чи юу хүссэн бэ” гэсэн чинь “Дахиад нэг бамбарууштай бялуу” гэв, идэмхий золиг чинь. Охиндоо авсан цасан цагаан даашинзаа өмсгөж, шидэт дохиур, барби хүүхэлдэй бэлэглэв. Аз жаргалтай охиноо өглөө цэцэрлэгт нь хүргэж өгөөд өнөөдөр би ажилдаа ирлээ. Ширээн дээр байгаа сонинуудыг аваад унштал.... өр зураад явчихлаа. Өнгөрсөн есдүгээр сарын 3-ны өдөр Баянгол дүүрэгт кран нурсны улмаас ээж дүү хоёртойгоо хөтлөлцөөд гарцаар гарч явсан 12 настай охин амиа алдсан. Тэр бяцхан охины аав хэвлэлийнхэнд хандсан байлаа. Буяны ажлын 49 хоног дуусч, цэцэг цэврүү шиг охиноо гэнэтийн ослоор алдаж өр нь цоорсон аав нь Монгол Улсын Ерөнхийлөгчид ханджээ.