Blogger templates

2014-04-20

Гэртээ харих зам WAY BACK HOME


Төр засгийн байгууллагад нийтлэг байдаг нэг балиар зүйлийг энэ кинонд сайн харуулжээ. Ажлаа ямар ч сэтгэлгүй хийдэг, хүний төлөө гэх сэтгэл зүрхгүй, хүйтэн хөндий хөшүүн, бас заримдаа ямар ч мэдлэг боловсрол байхгүй нэг л их цэмбийсэн цэмцгэнэсэн хүмүүс цаанаа хүнд ямар их гай болдогийг харуулж байна.

Төр засгийн байгууллагын ажил бол маш хариуцлагатай ажил. Түүний цаана хүмүүсийн амь амьдрал, хүний эрх, бас итгэл найдвар бүхий л зүйлс байж байдаг учир асар их хариуцлагыг дагуулж байдаг. Мэдээж салбараасаа шалтгаалах л байх.

Гэхдээ хаана ч тэр хариуцлагагүй, ажлаа мэддэггүй, сэтгэлгүй хүмүүс төрд ажиллавал тэр газартаа гай болохоос гадна түмэн олонд асар их гай авчрана. Тиймээс ч эртнээс нааш төрийн албан хаагчдыг сонгон шалгаруулж авдаг байсан биз.

Энэ кинонд Үнэт чулуу зөөж яваа хэмээн андууран өөрөө ч мэдэлгүй хар тамхи хилээр тээвэрлэж байгаад Францын нутаг дэвсгэрт баригдаж шоронд орсон Солонгос эмэгтэйн тухай гарч байна. Үнэндээ хар тамхи чухал биш харин иймэрхүү тохиолдолд төрийн байгууллага ажлаа яаж хийдэг тухай энд харуулжээ.

Нөхөр нь хулхидуулж буруу хүнд зээлийн батлан даалт хийснээр өр төлбөрт унаж байраа зараад гудманд гарч, ахуй амьдрал нь хүнд хэцүү, өөрийн гэсэн орох оронгүй, түрээсийн байранд хөөгдөж туугдан хүүхэдтэйгээ амьдрах гэр бүлд нэгэн танил нь мөнгө олох хялбар арга санал болгосон нь гадаадаас үнэт чулуу тээвэрлэн авчрах байснаар түүнд итгэсэн эмэгтэй гэнэн зангаараа түүнийг авчрах гэж байгаад Франц улсын нутаг дэвсгэр дээр газар дээрээ баригдана. 

Яг үнэт чулуу байж харагдаач! гэдэг шиг санамсаргүйгээр хар тамхи тээвэрлэж байгаад хүний газар хэл мэдэхгүй, юу ч мэдэхгүй баригдаж, хэрэг хүндэрч шоронд орж шүүх Хурлаа хүлээнэ. Солонгос улсын Франц дахь элчин сайдын яам энэ асуудалд ямар хариуцлагатай хандсан тухай элэг хөшиж инээд хүрмээр зүйлсийг үзээд Монгол минь битгий ийм байгаасай даа гэж өөрийн эрхгүй бодогдохоор юм.

Гэхдээ ӨвөрМонголоос арай хийн зугтаад эх болсон Монгол нутгаа зориод ирэх ӨвөрМонгол тэмцэгчдийг Монголын төр "май" гээд Хятадуудад бариад өгч байсан түүх бий. Учир нь Монгол төрд Хятад гаралтай хүн нэлээд их болсон учраас тэр юм. Мөн Монголын иргэншил авах гээд зүтгэж яваа Монгол гаралтай иргэдэд хэрхэн ханддаг тухай Халимагийн Цагаанзам гуайн ярилцлагаас уншиж байсан. Өнөө хөгжилтэй Солонгос улсын засаг төр нь ийм байгаа юм чинь хөгжил дорой Монгол улсын маань яам, засаг төр нь ямар байх бол доо?

Дэлхийн газрын зураг дээр хаанаас нь ч харахад тодоос тод, томоос том харагдах бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол улсаараа бахархаж хэзээ ч хаана ч хэний ч өмнө нүүр бардам энэ Манай улс МОНГОЛ гэж газрын зураг дээр хуруугаараа заах эрх, сүр, бахархал бидэнд бий боловч газрын зураг дээрх шигээ том байж чадах цаг үе хэзээ ирэх юм бол доо?

Монгол төрөө муулахыг хүссэнгүй ээ, харин төрийн албыг авч яваа хүмүүс маань Монгол хүнээ гэх сэтгэлтэй, Монгол улсаа гэх хүсэлтэй байгаасай даа. Киноны тухай бол өөр олон зүйл ярьж болохоор л байна. Кино үзнэ гэдэг нэг хобби маань. Харин үзчихээд зүгээр суухгүй дандаа бичмээр санагдах юм. Зүгээр л тааваараа сайхан кино үзээд таалагдсан бол таашаачихаад сууж чадахгүй яачихсан юм бол доо. Хааяа зав гарахаар бичих ажил л хийх юм.


Киног Монгол хэлээр үзэх 

Үйлдвэрлэдэг улс больё!!!



Яах аргагүй үйлдвэрлэгч орон болохгүй бол цаг үе хэцүүджээ. Ард түмний ахуй амьдрал хэцүү болж байна. Сүүлийн үед мөнгө амархан дуусаад байсан чинь юмны үнэ нэмэгдчихсэн юм байна ш дээ. Саяхнаас л анзаарлаа.... хм. Бидэнд огт анзаарагдамгүйгээр нэмэгдчихдэг юм байна.

Монголдоо үйлдвэрлэсэн, хэрэглэгчид худалдаж авлаа гэхэд тэр худалдаж авсан мөнгө нь Монголдоо л үлдэх тийм бүтээгдэхүүнийг аль болох авч хэрэглэж баймаар юм шиг санагдаад байдаг болов.
Дээшээ буц