Blogger templates

Showing posts with label Утга зохиол. Show all posts
Showing posts with label Утга зохиол. Show all posts

2018-07-25

Галын домог


Хүний үүслийн тухай өчнөөн янзын үлгэр домог, шинжлэх ухааны судалгаа, баримт сэлт, кино ший арвин бизээ. Харин энд хүн хэрхэн үүссэн тухай, галыг хэрхэн олсон тухай Монгол домгийг Онгодуудын айлдсанаар сонирхуулъя.

Өдгөөгөөс 9 буман жилийн тэртээ хүмүүн амьтны айгаас ялгарч эхэлжээ. Хижи гөрөөс ижил төрлөө барьж идсэнээс цээрлэл хүртэн ган зуд, гачигдал зовлон, тахлын учигт үгүйрэх шахахад Дэлхий ээж ивээж хижи гөрөөсийг оюунт болгож хөглөн Өхий Буурал Ээжийг төрүүлжээ. (27Онгодын буултыг тэмдэглэсэн тэмдэглэл, 151-р тал)

Тэр цагаас хижи гөрөөс гэхээ больж Мангдайн биеийг олсон Манхан цагаан уулын Өхий Буурал Ээж хэмээн бөөгийн дуудлагад алдарших болжээ. Өхий Буурал ээжийн 3 хөвүүн болох Чонон Хөвүүн, Бодон хөвүүн, Буган хөвүүн гурав тахлыг зайлуулагчийн шидийг олж, галыг номхотгосон домогтой. Ийнхүү Монголчууд хүмүүн анх галыг гаршуулж, галын онгон сүнстэй харилцах болсноос үүссэн гэж үздэг. Амьтны айгаас ялгаатай нь хүмүүн оюунт ажгуу. Оюуныг илтгэх нь Хий, Чийг, тоос гурвын тэнцэтгэлийг олж галыг асааж буйгаар илтгэнэ.

2014-02-04

Хошууч баатар Харлаг Чонос эцэг


Хатгалдах байлдааны цагт
Хамгийн түрүүнд давшдаг
Харвалдах байлдааны үед
Хамгийн урд халхалдаг
Хошууч баатруудын манлай
Харлаг Чонос эцэг минь
Харцага шумбах мэт дүүлэх
Хошууч тэргүүн Баатрууд минь

2014-01-28

18 амбан шар...





ГЭРТЭЭ ИРЛЭЭ.

Уулын салхийг амьсгалж яваад
Улсын нийслэл Улаанбаатарт ирлээ
Дөрвөн уулын дундах хотдоо ирээд
Дөрвөн зам дээр түгжирч байхдаа
Утаагаар харамгүй их амьсгалаад
Урам минь харин ихээр хугарлаа.

Талын салхийг амталж яваад
Танил хот Улаанбаатартаа ирлээ.
Өндөр өндөр байшингууд сүндэрлэх
Өнгө төгс хотынхоо гудмаар алхаад
Өвчүү цээжээ хөндүүрлэтэл Утаа харин амталлаа.

2014-01-23

Баатруудын уухай...


Их цэрэг дайнд мордож буй мэт
Эмээл хазаарын дуу сонсдоно
Эрэмгий эрс хуягаа өмсөхөд
Идэр залуугийн цог гялалзана

Монгол эрс мориндоо мордон
Мохошгүй зоригт зүрхээ чангалаад
Уухайн түрлэгээ хадаахад
Уулын цаанаас ч сонсдоно.

2013-12-20

Зүгээр л хайрлая


Зүгээр л хайрлая...

Энхрий бүсгүйчүүдийг хайрлая
Элдэв шунал, хүсэлгүйгээр хайрлая
Эмзэг турьхан бие, сэтгэлийг нь хайрлая
Эр хүний зүрх сэтгэлээр хайрлая

Зүгээр л сэтгэлээсээ хайрлая
Зүүсгэл гоёлтой нь хайрлая
Эгэл даруухнаар хайрлая
Эр хүний зүрх сэтгэлээр хайрлая

2013-11-28

Хүмүүн ямар үйлтэй төрдөг вэ?


Хүмүүн ямар үйлтэй төрдөг вэ?

Хөрстөд мэндлэх хүмүүн бүр үйлтэй байдаг.
Эхээс мэндлэхдээ нэгэн сүнсийг тээж
Энэ замбативд даалгавартай ирдэг
Зорилгогүй ирээд зоргоороо буцах нь үгүй.

Хорвоод мэндлэх үрсээс
Өмнөх насны үрээ гүйцээгүй бол
Түүнээ гүйцээхээр төрөх нэгэн байхад
Оноогдсон үүргээ хийх цаг нь болоод
Заяагдсан үрсүүд бас бий

2012-02-10

ӨВГӨД БУУРЛУУД МИНЬ

Өнөө өглөө би нэг Өвгөнг харлаа
Өөвийсөн тэр өвөө мод үүрээд
Салгалан байж автобусанд орж ирэхэд
Санаа тавьж туслах хүн байсангүй

Үрчийж хорчийсон нүүрэнд нь
Өнгөрсөн амьдралын зовлон бичигджээ
Өмсөж зүүсэн хувцас гутал нь
Өөрөөс нь ч дор элэгдэж хуучирчээ

Гүнбилгүүн хүүд зориулав


Эрх, хайр, ивээлийг харуулах
Эзэн Тэнгэр байдгийг санаарай
Итгэл, сэтгэл, зоригоо чангалж
Эрүүл саруул, энх тунх амьдрах болно чи

Хөх Мөнх Тэнгэр эцэгт итгээрэй
Хөвүүн болсон Монгол үрээ харж үзнэ
Хөх толбоны эзэн гэдгээ мэдээрэй
Хөрстөд хийх ажил чамд их бий

2011-12-02

Дуулин: Миний өчил /1 жилийн ойд зориулав/



Хөх Монголын Хаан
Хөрст дэлхийн аврагч
Эзэн Чингис Хааны улаач
Их Аянга удган танаа

Өндөр дээд буурлуудаа
Өнөө замбад залсаны
Өлзийт сайн өдрийн мэндийг
Өгүүлэн би хүргэюү.

2011-09-21

Минж Боржигон Батсайханы Баттөгс: Монгол эр хүн хаана байна


Хөвчин дэлхийг сөгдүүлж явсан
Хөх толбот монгол эр хүн хаана байна
Цэлмэг тэнгэртээ сөгдөж мөргөсөн
Цагаан сэтгэлт монгол эр хүн хаана байна
Хазаар даран тэмүүлсэн хатир жороо хүлгийн эзэн
Хамаг монголын минь сүлдэн тэнгэр халх эр хүн та хаана байна

Ойн согоо шиг танхилхан бүсгүйтэй
Оддын доор хайр шивнэлдсэн
Орон монголын минь халуун ураг
Омголон зантай монгол эр хүн та хаана байна

2011-07-24

О.Шүрэнцэцэг: Зорчоод байна уу зовоод байна уу


Нийслэлийн 1.2 сая иргэний нэг болох миний бие өвлийн утаанд тамирдсан уушгиа зуны дэлгэр цагт түр ч атугай амраагаад авах санаатай хотын зах руу нүүлээ. Энд хувийн өмч нийтийн эзэмшил хоёр хоорондоо хашааны хаалгаар хиллэнэ. 

2011-06-15

ОДДЫН ЖАГСААЛ ДУНД СҮБЭЭДЭЙ БААТАР ТӨРСӨН НЬ....


ОДДЫН ЖАГСААЛ ДУНД СҮБЭЭДЭЙ БААТАР ТӨРСӨН НЬ....

Сарьдаг уулсын үзүүр шувтрах ой хөвчийн хязгаарт 1175 оны хөх морин жилийн өвөл цас багатай ч, чөтгөр ч тогтомгүй ер бусын их хүйтэн болов. Ан араатан, жигүүртэн бүгдээр их хүйтнээс дайжин хаашаа ч юм хулжин одоцгоож, өнчин сондгой ургасан ганц нэгэн модод салхи өчүүхэн төдий хөдлөхөд тас нясхийн хугарч байхад харин энэ хохь хүйтэнд хөвчийн аглаг гүнд, тэр их ой хөвчийн амь халууныг нь хадгалах мэт тэсч хоцорсон ганц өтөг гэр байх нь Урианханы харлаг дархан Жарчуйдайнх юм. Жарчуйдай дархан энэ жил 13 нас хүрч, эцгийн хөөрөг тулмыг хөдөлгөхтэйгээ болж буй Зэлмэ хүү, өнөө маргаашгүй болсон тулгар биетэй эхнэр Омол хийгээд өрх гэрийнх нь хүнс хоолыг залгуулдаг хайнагийн гурван үнээ, хоёр эр бяруутайгаа энэ хүйтэнд үлдсэн нь санамсаргүй хэрэг биш ажээ.

МӨНХ, ХУБИЛАЙ НАРЫН ЗӨРЧИЛ



МӨНХ, ХУБИЛАЙ НАРЫН ЗӨРЧИЛ

Мөнх их хаан ор суусан даруйдаа 1252 оны долоон сард одоогийн БНХАУ-ын Юннань муж болон Сычуань мужийн баруун өмнөд хэсэгт 937 оноос оршин тогтнож байсан Хятадын Дали улсыг түвшитгэх, улмаар Өмнөд Сүн улсыг байлдан дагуулах үүргийг дүү Хубилайдаа даалгав. Дали улс нь хүчирхэг Өмнөд Сүн улстай хийх дайны чухал түшиц газар болох учиртай байж. Хубилай болон жанжин Урианхайдай нарын удирдсан цэрэг 1253 онд Дали улсыг түвшитгэсэн нь өмнөд Сүн улстай баруун өмнөд хязгаараар нь шууд хил хаяа нийлэх болжээ. Гэвч Хубилайн өмнөд Сүн улсад хийх аян дайн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, дөрвөн жилийн туршид сунжран удаашрав. Байлдааны ажиллагаа Янчжо хот, Хөх мөрний сав газраас Сычуань муж хүртлэх өргөн уудам газрыг хамран өрнөсөн бөгөөд монголын талд Умард хятадын зарим цэргийн жанжид өөрсдийн анги нэгтгэлүүдтэйгээ оролцсон байна.

2011-06-14

ХҮННҮГИЙН МОДОН ЦУУР


ХҮННҮГИЙН МОДОН ЦУУР

Амбан захирагч хөлөө гурвантаа сэлгэв. Хотын захаас хөдөө тийш гардаг замын эхэн болох хуучин цагийн чулуун гүүрэн дээр тэрээр үүр цайхаас өмнө ирж зогссон бөлгөө. Дэргэд нь улаан хажлага бүхий цацагт хуараар чимсэн гоёмсог сүйх тэрэг бэлнээ бөгөөд шадар аягач нь өглөөний цайгаа уухыг сануулсан ч тэрээр гүүрний чанадаас ирэх холхи замын үзүүрийг сэтгэл догдлон ширтсээр байлаа.
Учир нь тэр замаар аль эртнээс нааш хүслэн болсон номын их арш ирэх учиртай. Өглөө үүр цайх үест чулуун гүүрний эсрэг талын үзүүрийн дэнлүүний гэрэл сүүмийх төдий харагдаж байсан манан аль хэдийнэ шингэрч, уг гүүр лүү ирэх замын үзүүр намар цагийн шаргал зэгсэн дундаас тодхон харагдах болоод байв. Ратнаманьти* аршийг Лоян хотноо байх Ашид амгалан сүмээсээ гадагшилж Жияньд очиж номын буян хурах болсоныг дуулаад замдаа үл ялиг саатан манай хотоор дайраад гарахгүй юу хэмээн Циму захирагч** элчийг илгээсэнд арш нааштай хариу өгчээ.

ЭГНЭШГҮЙ НӨХРИЙГ ОЛОВ

ЭГНЭШГҮЙ НӨХРИЙГ ОЛОВ

Түүхэн туурь
Саритай*(1) хорчи Гуулин*(2) улсын ван Цой У*(3)-гийн элчийн мэдээг авмагц түрхэн буудаллаад байсан Кэгён*(4)-оос тус улсын умард хил дээрх цайз Кучжу*(5)-гийн зүг яаран сандран мордов. Бүх замын туршид өчүүхэн ч зогссонгүй, завсар чөлөөгүй морьдоо шавдуулан довтолголоо. Итгэлийг гутааж, элчийг удаа дараа хөнөөн талсан*(6) Гуулин улсыг дайлан номтгохоор “Хааны зарлигийг сонс: Тэнгэрийн хүчин энэ байна. Тэнгэр өгүүлэх нь: Бид та нар бууж өгөх, эсхүл тэмцэлдэх үү гэдгийг асуулгахаар Саритай хорчийг явууллаа” хэмээх Их хаан Өгөөдэйн зарлигтай сүр хүчин төгөлдөр Хорчид тийн яарах нэгэн учир байжээ. Тэрээр хагас жилийн өмнө Гуулин улсын ван Цой – У- гаас ял асуухаар их цэргийг дагуулан Амноккон мөрнийг түргэн урсгалаар нь гатлан тус улсынумард хил рүү хөл тавин орсоор анх түрүүнд Кучжу цайзад халдсансан.

БАТ, СVБЭЭДЭЙ НАР ДОРНОД ЕВРОПТ

БАТ, СVБЭЭДЭЙ НАР ДОРНОД ЕВРОПТ

1241 он. Европ дахин айдас түгшүүрт нэлэнхүйдээ автлаа. Энэ үеийг хүртэл хүчирхэг, чадалтайдаа эрдэж явсан Герман хийгээд Франц, Бургунд, Испаничууд байгалийн аргалашгүй гамшиг, хөнөөлт сүйрэл мэт нөмрөн ирж буй айдас хүйдсийн өмнө яах ч аргагүйдэн барьц алдлаа. Англи эх газраас харилцаагаа таслан, түгшүүрт өдрүүдийг чимээгүйхэн хүлээж байв. Нормандын засагчид тэрхүү айдаст автан, загас барихаар далайдаа гарч чадахгүйгээс Скандинавын эрэг орчмоор өлсгөлөн нүүрлэж эхэлжээ. Сүм хийдийн газруудад аврал мөргөлийн уншлага өдөр шөнөгүй түгшүүртэйеэ дүнгэнэж, язгууртан ихэс дээдсүүд үр ашиггүйгээр дэмий л зөвлөлдөн, хуягт баатар эрс нь дүнсийн дуугаа хураасан тийм өдрүүд үргэлжилж байлаа. Худалдаачид наймаачдын хөл татарч, малчид, гахайчид хэн нэг морьтны бараа үзэгдмэгц хамаг байдгаа хаяад ой руу чавхдацгааж, хээрийн замд хэрмэл санваартнуудын бараа тасарч… Энэ цагийг хүртэл өөрсдийгөө ертөнцийн төв, соёлт ертөнц, бусдыг иргэншээгүй зэрлэг бүдүүлэг омог аймгууд мэтээр төсөөлөн ойлгож байсан, Дорно зүгийн газар зүйн хийгээд бусад мэдлэг нь Их Александрын хүрсэн Инд мөрнөөс цааш халиагүй Европчуудад энэ үйл явдал нь дэндүү ойлгомжгүй, ой ухаанд нь үл багтах оньсого таавар мэт байсан агаад тэднийг урьд өмнө ч, хожим хойно ч хэн ч тийм ихээр түгшээн, цочоож байсан нь үгүй.

Б.Наминчимэд: ТУСГААР ТОГТНОЛЫН ТУХАЙ АЛАГ ЦООГ ТЭМДЭГЛЭЛҮҮД


11 сарын 26-нд болох Тусгаар тогтнолын өдөрт
... Наран ургах зүгт эх орон минь бий гэж Насад мөнхөд залбирч явлаа ...
Дорнын эртний сонгодог найргаас
“ЧИНГИС” АРХИНЫ ХООСОН ШИЛ БА ЭХ ОРОН
Нью-Йорк хотоос Блүүмингтонд түр ирээд байсан Тайванаас гаралтай Лий хэмээх нэгэн эртэй нэгэн орой жаахан суув. Лий маань хаанаасаа ч авсан юм нэг том шилтэй, цэнхэр ярликтэй “Чингис” архи гаргаж биднийг дайллаа. Бидэнтэй хамт хэдэн төвд залуус байсан юм. Төвдүүд ч бас архи, пиво гаргацгаав. Төвдүүд халамцаад дуулцгаалаа. Төвд дуугаа дуулав, хятад дуу дуулав, тэдэн дотроос нэг дуу яах аргагүй миний мэддэг дуу байх юм. Би энэ одоо би хэзээ хятад дуу мэддэг болчихов оо гэж гайхаж байтал харин Манай ардын дуу “Арван тавны сар”-ыг хятадаар, ялимгүй хятад аялгуу оруулаад дуулсан нь тэр байж. Хятаддаа энэ дуу бэст гэнэ шүү.

Нэг халамцсан төвд залуу хоосорсон архи, вино, пивоны шилнүүдийг цуглуулаад савхаар цохилуур хийн дуу оруулан дагав. Авьяастай төвд юм аа. Тэр шилнүүд дотор нөгөөх Лий-гийн гаргасан “Чингис” архины хоосорсон шил ч бас байлаа. Гэнэт Лий маань том дуугаар ууртай нь аргагүй хашгичин биднийг бүгдийг нь цочоолоо. Дуулж байсан нь дуугаа хураан, ууж байсан нь хундагаа тавин бүгд Лий-г гайхан харав. Лий-гийн нүд ууртай дүрэлзэн, нөгөөх сайн дурын хөгжимчин залуу руу ухасхийж, өмнөө өрсөн шилнүүд дотроос “Чингис” архины хоосорсон шилийг шүүрч аваад элэг зүрхэндээ наагаад, хүүхэд шиг бүүвэйлж, энхрийлж гарлаа. Тоглоогүй, бүр үнэнээсээ шүү. Тэгээд хөлстэй цамцаа тайлаад түүндээ нөгөө хоосон шилээ нандигнан боож тэврээд гарч одлоо. Түүний энэ сонин үйлдлийг бид бүгд гайхаад л өнгөрсөн. Харин хэдэн өдрийн дараа түүнийг явах үед тэр орой яагаад тийм хачин ааш гаргасныг нь лавлавал “Би Монгол хүн” гэж билээ. Тэгэхнээ нь хятадаас Тайванд дүрвэж очсон монголчуудын удмын хүн байж. АНУ-д ирээд 32 жил болсон гэсэн. Монголоор таг. Би Чахар Монгол, ах, найзаа гэх мэт цөөн хэдэн үг л мэднэ. Гэвч зүрх сэтгэл нь…. Түүнд Монголтой холбоотой юм бүхэн, тэр ч бүү хэл бидний хувьд ер огтхон ч анзааралгүйгээр хог руу шидчихдэг тэр "Чингис" архины хоосон шил ч хүртэл эрхэм нандин байж, Монголынх нь нэгэн хэсэг, хэлтэрхий болж байдаг аж.

2011-06-11

О.Дашбалбар: ЭХ ОРОН


Өвөг дээдсийн минь үлдээсэн газар шороо өндөр сайхан уулс, өргөн тунгалаг гол мөрөн, өтгөн хөвч шугуй, үржил шимт хөрс мину!… Өвөг дээдэс минь мянга мянган жилийн турш Тандаа шингэж, газар шороо, уул ус болон хувираад бидэнтэйгээ зэрэгцэн оршиж байна.
Өвөг дээдэс минь Эх орон болж тэднийхээ ариун бие цогцсоос бүрдсэн нутгийг л бид эх орон гэж нэрлэмүү. Энэ уудам газар шороон дээр Чингис хаан алхалж мөнх тэнгэрийг нь ширтэж Онон мөрний уснаас амсаж, бас Мандухай сэцэн хатан хүлэг мориндоо дөрөөлж, хээр талынхаа тоосыг босгон давхиж Занабазар хойчийн түмэн үеийнхээ төлөө бясалгал үйлдэж Дөрвөн уулаа хайрлан шүтэж Цогт тайж өвс ногоон дунуур явж Равжаа гүн шөнөөр толгодын нь оройд сууж, Чингүнжав хөвч шугуйн дунд гөрөөлж явсан.
Сүхбаатар цантсан сормуустай нүдээр өвлийн уулсыг ширтэж, Нацагдорж шүүрс алдаж моддын мөчрийг нь илбэсэн! Аяа аугаа их газар шороо минь! Аугаа их Монголын хөвгүүд минь ! Эдүгээ цөм эх орныхоо алтан хэвлийд нойрсон, Эх орон болон хувирчээ.

2011-05-05

Монгол охид ”бослого” гаргалаа


Философийн ухааны доктор Б.Батчулуун:  Монгол охид ”бослого” гаргалаа

Ийв Энслерийн “Үтрээний хүүрнэл” жүжгийг Монголд тавив

Либертари лекц, яриа, арга хэмжээ бүр дээр байнга тааралдаж байдаг нэгэн залуу анд маань жүжиг үзэх санал тавив. Тэгээд уг жүжгийг үзлээ. Үнэхээр таашаал авлаа. Гайхалтай жүжиг байв. Жүжиг ч биш, хүүрнэлүүд юм даа. Монголын залуучууд боловсролтой ч болж байна, өөрийн гэсэн бодолтой ч болж. Бас зоригтой ч болж байгаа юм байна. Энэ жүжигт тоглосон хэдэн охин бол яах аргагүй шинэ нийгмийн бүтээгдэхүүн мөн. Би тэднийг зөвхөн феминистүүд гэмээргүй байна. Эд бол эрх чөлөөний дуучид. Санаа минь амарч, урам минь сэргэлээ. Хойч ирээдүй маань бэлтгэгдэж байна! Залуучууд маань бүгдээрээ “нам дагаж намирсан улаан, цэнхэр, ногоон тугнууд” болчхоогүй ажээ. 

Феминизм Монголд ороод иржээ

Ноднин өдий хэрд шиг санаж байна. МУИС-ийн Философийн салбарыг төгссөн гурван шавь маань хэдэн эмэгтэйтэй нийлж Симонэ дэ Боуварийн Дайвар хүйстэн номыг монгол хэл­нээ хөрвүүлсэн. Францын экзистенциалист, Но­бе­лийн шагналт философич Ж.П.Сартрийн “эх­нэр”, түүхэн дэх “банзалтай суутнуудын” нэг, фило­софич Симонэ дэ Боувар нь энэ бүтээлдээ эмэгтэйчүүдийн эрхийг философи, социологи, эрх зүй, түүх-угсаатны зүй гээд хүмүүнлэг болон нийгмийн олон ухааны үүднээс маш үндэслэлтэй хамгаалсан юм. Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэл дэх нэгэн гайхамшигт үзэгдэл болсон энэ номыг орчуулснаар Монголын феминистүүд онолын маш бат бэх суурьтай болж авсан билээ. Үүгээр л тэрхүү бүтээлийг монголчилсон хүмүү­сийн хөдөлмөр үнэлэгдэнэ.

2011-04-25

Зургаан сая төгрөгийн ажилд урьж байна


Өмнөговь аймгийн Цогтцэций сум, шуугиан тариад байгаа Тавантолгойн орд газрын яг хажууханд Зургаантолгой гэдэг алмаазны маш баялаг орд газар нээсэн байна. Нутгийн ардууд нь Зургаантолгой орчим газрыг Шилтэй газар гэдэг байсан байна. Учир нь алмаазын илрэл зарим газарт хөрсөн дээр ил гялтаганан харагддаг аж. Уг орд газрыг Цогтцэций сумын гуравдугаар багийн иргэн Д.Дорж илрүүлжээ. Эхлээд тэрбээр архины шил хагалаад хаячихаж гээд нэг их тоомсорлоогүй байна. Харин зургаан настай охин нь аавдаа “Энэ бол бөгж хийдэг чулуу” гэж хэлж өгчээ.
Ийнхүү дэлхийд байхгүй баялаг илрүүлсэн Доржийн гэр бүлийнхэн Тавантолгой шиг “новширч” гадаадын оператори, хөрөнгө оруулагч зарлахгүй. Бас 538-хан бус шууд 500 сая төгрөг Монгол Улсынхаа иргэн бүрт өгнө гэж байгаа аж.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан иргэн Доржид гавьяат уурхайчин цол олгох уу, эсвэл Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгох уу гэдгээ шийдэж чадахгүй гацаанд ороод байгаа юм байна.
Дээшээ буц