Blogger templates

2014-04-20

Үйлдвэрлэдэг улс больё!!!



Яах аргагүй үйлдвэрлэгч орон болохгүй бол цаг үе хэцүүджээ. Ард түмний ахуй амьдрал хэцүү болж байна. Сүүлийн үед мөнгө амархан дуусаад байсан чинь юмны үнэ нэмэгдчихсэн юм байна ш дээ. Саяхнаас л анзаарлаа.... хм. Бидэнд огт анзаарагдамгүйгээр нэмэгдчихдэг юм байна.

Монголдоо үйлдвэрлэсэн, хэрэглэгчид худалдаж авлаа гэхэд тэр худалдаж авсан мөнгө нь Монголдоо л үлдэх тийм бүтээгдэхүүнийг аль болох авч хэрэглэж баймаар юм шиг санагдаад байдаг болов.

Автомашин, компьютер, гар утас, сүүлийн үеийн техник технологи гээд Монголд үйлдвэрлэдэггүй эд зүйлсийн хэрэгцээгээ бид яах аргагүй импортоор л хангахаас өөр арга алга одоогоор. Манайд ямар эднийг үйлдвэрлэдэг биш дээ. Энэ байтугай худалдан авдаг ихэнх бараа бүтээгдэхүүн маань л гадных байна. Өөрөөр хэлбэл ихэнх мөнгө нь л гадагшаа урсаж гадны хүний халаас руу орж байна гэсэн үг.

Уг нь бол хүнс болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд, Монголдоо хийж, үйлдвэрлэж болох зүйлсийн хэрэгцээгээ бид дотоодоосоо хангадаг баймаар байна. Дэлгүүрт ороод юм авахдаа гаднаас орж ирсэн гадаад юм хичнээн сайхан байсан ч авмааргүй болов. Учир нь түүнийг худалдаж авсан мөнгө явсаар байгаад гадаад хүний халаас руу орно. Жаахан хэсэг нь л Монголд үлдэнэ. Харийн хүний халаасыг түнтийлгэнэ.

Жнь: 00 цаас. Бөгс арчихад ямар 00 цаас байх нь надад лав падгүй. Яахав тансаг хэрэглээтэй хүмүүс нь зөөлхөнөөр нь арчдаг байх. 

Ямартай ч 00 цаасаа ядаж Монгол цаас авъя гэж бодоод сүүлийн үед Монгол цаасыг л хэрэглэж байна. Гадныхаас ч угаасаа дутахааргүй цаас хийдэг гэж надад лав санагддаг. Ариун гэдэг компанийн цаасыг хэрэглэж байгаа.

Варень буюу Жимсний чанамал. Монголд үйлдвэрлэсэн эсэхийг нь харж байгаад зөвхөн Монголд хийснийг нь л авч байгаа. Гадаадын чанамлууд Монгол чанамлаас хамаагүй олон төрөл янзаар зарагддаг. Гэхдээ тэднийг авахаа байсан.
Их Тайга, мөн нэг Монгол чанамал бий.

Хөөрхий ганц 00 цаас, жимсний чанамлаа Монголоос авлаа гээд Монголын эдийн засаг суга өсчихгүй ч гэсэн жижиг гэлтгүй зүйлээс эхэлж байж, оюун санаагаа, хандлагаа өөрчилж байж, бүгдээрээ сэтгэлтэй байвал Эх орон минь хөгжмөөр дөө. Би ч хэрэгцээ багатай хүн. Өөрийн хэрэглээний түвшинд л хэдхэн бараа бүтээгдэхүүнээс цааш сайн мэдэхгүй юм.

Айл гэрийн эзэгтэй нар бол энэ дэлгүүрийн барааг бол сайн мэдэж байгаа байх. Болох зүйл дээрээ Монгол бүтээгдэхүүнээ авч байгаарай.

Өнөөдөр бид Долларт үнэн дарлуулж байна доо. Нэг жижиг дунд үйлдвэрийн компанийн захирал гэсэн хүн зурагтаар ярьж байна лээ. Алт, ашигт малтмалаа зарж чадахгүй бол Валют орж ирдэггүй юм байна гэдгийг Монголчууд бид ойлгодог боллоо. гэнэ ээ.

Монголд Валют оруулж ирж байгаа гол зүйлс нь энэ ашигт малтмалууд юм байна л даа. Харин тэр Валют нь орж ирэхээ байхаар Төгрөгийн ханш унаад хямрал болох гээд байна гээд ярьж байх юм.

Одоо хүмүүсийн худалдан авах чадвар эрс муудсан байгаа нь Эдийн засгийн хямралын дөнгөж эхлэл. Цаашаа их юм үзнэ гээд л сүрхий ярьж байна. Хямрал гэж муу ёрлоод ч яахав. Гэхдээ л дороо бодолтой дотроо суурьтай байж үрэлгэн зардлаа татаж, тансаг хэрэглээгээ багасгаж, Дотоодын юмаа худалдаж авч, гадны юмыг худалдаж авахаас аль болох зайлсхийж амьдармаар байна.

Гэхдээ гадаадын юмыг огт авахгүй амьдарна гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй. Бид өнөөдөр хүний хийсэн юман дээр л амьдарч байна. Миний бичиж байгаа компьютер ч гэсэн гадаадаас л орж ирсэн. Хятадад угсарсан. Сүүлийн хэдэн өдөр агаараас зураг авдаг төхөөрөмжийг судлаад авмаар л байна. Монголд үйлдвэрлэдэггүй. АНУ-д байдаг. 1300$ гэнэ ээ. Арай сайн нь 11,000$. Доллар бол үнэн туйлж байна даа.

Гэсэн ч яахав боломжоороо Монголынхоо юмыг хэрэглэе. Монголдоо өөрсдөө бараа бүтээгдэхүүнээ хийдэг больё. Гандан буурмааргүй байна.

Тэр валют олж ирдэг ганц зүйл нь Алт, Нүүрс ашигт малтмал гэдэг нь бараг үнэн байх. Гэлээ гээд хамаг баялагаа хямд үнээр зөөгөөд байлгүй ядаж дотооддоо боловсруулаад өндөр үнэд хүргээд зармаар байна.

Farm Frenzy гээд тоглоом байдаг даа. Тахиа худалдаж аваад тэндээс өндөгийг нь зарна. Өндөг бол дангаараа 100 Төгрөг. Харин өндөгийг боловсруулаад дараа дараагийн бүтээгдэхүүн хийх юм бол тэр бүтээгдэхүүнүүд нь хавьгүй өндөр үнээр борлогдох боломжтой. Нэг тийм л зүйлийг сэтгээд хийчихмээр байна. 

Харин Валют орж ирэхээ байлаа, Доллар хаданд гарлаа гээд Сайханбилэг гишүүн шиг Их Говийн Дархан Цаазат газрыг Тусгай хамгаалалтаас нь гаргаад Алтыг нь ухахаар зүтгэнэ гэдэг бол ухаангүй шийдэл. Хэзээ нэг цагт энэ бүх алт мөнгө баялаг дуусчихвал энэ ард түмэн чинь яаж амьдрах юм бэ? Нөхөр дарга нараа. Жаахан юм бодьё.

Бид бүхний худалдан авдаг бараа бүтээгдэхүүн үйлчилгээний өртөг зардал нь өнөөдөр валютаар л тооцогдож байна. Доллараар. Яагаад гэвэл бидний худалдан авч байгаа зүйлсийн ихэнх нь, Монголд зарагдаж байгаа зүйлсийн ихэнх нь гаднаас орж ирсэн импортын зүйл байна шүү дээ.

Эндээс гарах гарц бол үйлдвэрлэл хөгжүүлэх гэж бодох юм. Монголдоо өөрсдийнхөө хэрэглээг өөрсдөө хангадаг, өөрсдөө юмаа бүтээгээд зардаг байсан бол Валют ямар байх нь падлий ч үгүй юм шиг. Хурдхан шиг л үйлдвэрлэгч орон болох юмсан. Нэг их эдийн засаг мэдээд судлаад байдаггүй ч өнөөдөр амьдралд тохиолдож байгаа үйл явдал, миний ч амьдралд нөлөөлөөд байгаа энэ бүх зүйлсийг өөрийнхөөрөө бичмээр санагдав.

Эгэл нэг хүний амьдрал ийм л байна. Эрдэмтэн мэргид нь өөр томоор ярих байх.

No comments:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц