Blogger templates

2011-05-26

Солонгосчууд Халх голд газар тариалан эрхэлнэ



Солонгосууд Монголын газар нутгийг худалдаж авсан тухай сониндоо бичээд Монголчууд нь газар нутгаа худалдсан юм шиг яриа нийтлэлүүд сүүлийн үед вэб сайтуудаар нэлээд тавигдсан байна.  Гого дээр Солонгосын Кореа Таймс сонины тавьсан мэдээг орчуулаад тавьчихсан байгааг блогтоо нийтэлж байна. Энэ талаар миний блогт бас өмнө нийтэлсэн нийтлэл байгаа бөлгөө. Харьцуулж унших хүмүүс нь уншина биз дээ. Миний хувьд өөрийн бодлоо нэг нийтлэлдээ аль уже биччихсэн болно.


Солонгосчууд Халх голд газар тариалан эрхэлнэ

Солонгосчууд Монгол улсаас 30 мянган га газрыг газар тариалан эрхлэх зорилгоор худалдан авах гэж байгаа тухай www.koreaittimes.com веб хуудсанд өгүүлснийг бүрэн эхээр нь орчуулан толилуулж байна.

Тус байгууллагын Хөдөө аж ахуйн хэлтсийн дарга Чан Юн Чан ярихдаа, Кори гэж нэрлэгдсэн 816 880 акр талбай бүхий тариалангийн эдэлбэр газарт байгальд ээлтэй газар тариалангийн болон мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэхээр төлөвлөж байгаа тухайгаа дурдлаа. Кори гэдэг нь эртний Солонгосын Корё хаант улсын нэрээс гаралтай үг юм.  

Кори эдэлбэр газар нь маш их нөөц боломжтой газар юм байна. Цаг агаар тогтвортой, сайн чанарын хөрс, тунгалаг голуудтай, гүний ус элбэгтэй зэрэг нь газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд тун таатай юм. Ингэснээр, Монголын хүнсний зах зээл болон экспортыг өргөжүүлэхэд тодорхой хувь нэмэр болно.  

БНСУ-ын Солонгос-Монголын хөдөө аж ахуйн хөгжлийн санаачилга болон Монгол улсын Дорнод аймгийн засаг захиргааны удирдлагын хооронд нэгэн гэрээ удахгүй байгуулагдах гэж байгаа бөгөөд гэрээ ёсоор газрын дорх нөөцийг ашиглаж дэлхийн зах зээл дээр үр тарианы үнэ тогтворгүй байгаа үед импортыг орлох үр тариа болон хүнсний ногоо тариалах болно.

2011-05-24

Оюу Толгой төслөөс Монгол Улс хэдэн хувь эзэмших вэ?


Оюу Толгой төслөөс Монгол Улс хэдэн хувь эзэмших вэ?

Оюу Толгой орд газар бол Монгол улсын түүхэн дэх хамгийн том уул уурхайн төсөл. Тийм ч учраас Улсын Их Хурал Монголын ард түмэн эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож, Оюу Толгойд хувь эзэмших ёстой гэсэн зарчимд үндэслэн тус ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч Оюу Толгой ХХК-д төрийн эзэмшлийн доод хэмжээ 34 хувь байна хэмээн шийдвэрлэж, Засгийн Газарт хөрөнгө оруулагчтай гэрээ хийх эрх олгосон билээ.
Засгийн газар, хөрөнгө оруулагчдын хэлэлцээрээр Оюу Толгой ордын ашиглалтыг хоёр тусдаа гэрээгээр зохицуулсан байна. Хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг хангах зорилго бүхий “Хөрөнгө оруулалтын гэрээ”-нээс гадна “Хувь нийлүүлэгчдийн гэрээ” буюу Монгол Улсын Засгийн Газар болон Айвенхоу майнз компанийн хоорондох Оюу Толгой төсөлд эзэмших хувь болон орлого ашиг хуваарилах гэрээг байгуулжээ. Энэхүү гэрээ нь өнөөг хүртэл учир битүүлгээр “нууц” ангилалд багтаж, олон нийтэд нээлттэй болоогүй нь хачирхалтай.
Хувь нийлүүлэгчдийн гэрээнд маш ноцтой заалт багтсан нь Оюу Толгой ХХК-ийн давуу эрхийн хувьцаатай холбоотой заалт юм. Монголын тал Оюу Толгой ХХК-ийн зөвхөн ЭНГИЙН хувьцааны 34 хувийг эзэмших эрхтэй ба тус компани давуу эрхийн хувьцаа гаргасан тохиолдолд Монголын тал түүнийг худалдаж авах ЭРХГҮЙ гэжээ. Айвенхоу майнз компани давуу эрхийн хувьцаа гаргах шийдвэрийг бие даан гаргах эрхтэй төдийгүй энэ асуудалд Монгол Улсын Засгийн Газар мөн оролцох эрхгүй гэсэн байна. Өөрөөр хэлбэл, Оюу Толгой ХХК Айвенхоу майнз компанийн шийдвэрээр давуу эрхийн хувьцаа гаргасан тохиолдолд Монголын талын эзэмшлийн хувь хэмжээ үлэмж буурах юм.
Монгол Улсын Компанийн тухай хуулийн 33.2 зүйлд, “компанийн хувьцаа нь энгийн ба давуу эрхийн хэлбэртэй байна” хэмээн заасан байдаг. Хувь нийлүүлэгчид өөрсдийн эзэмшлийн хувьцаагаар дамжуулан компанийн үйл ажиллагааг хянах, ноогдол ашиг хүртэх эрхээ эдэлдэг. Тэгвэл “Хувь нийлүүлэгчдийн гэрээ”-ний холбогдох заалтууд Оюу Толгой ХХК-ийн давуу эрхийн хувьцаа гаргах эрхийг зөвхөн Айванхоу Майнз компанид олгосон нь Монгол улсын эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа юм.
Оюу Толгой ХХК нь 2010-2011 оны бүх хөрөнгө оруулалтыг давуу эрхийн хувьцаа гаргах замаар санхүүжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна. Орд газрыг ашиглалтад өгөхөд шаардагдах 4 орчим тэрбум ам. долларын хөрөнгө оруулалтыг босгох үүднээс тус компани ийнхүү давуу эрхийн хувьцаа гаргасан тохиолдолд Монголын талын хувь эзэмшил яаж өөрчлөгдөхийг доорх зургаас харна уу.

Монгол Африкийн Араас Орсон уу?

Африк, Латин Америкийн орнуд байгалын баялаг ихтэй газар зүйн тогтолцоо сайтай, хүн ам олонтой гээ л эдийн засаг өсөх бүхий л гол нөхцөл боломжууд бүрдсэн улсууд мэт яригддаг. Өдгөөг хүртэл туйлын ядуу хэвээр байгаа энэ улс орнуудад шаардлагатай байсан өндөр хөгжилтэй орнуудын хөрөнгө оруулалт 1960-70 оноос хойш хангалттай хийгдэж байсан ч чухам яагаад манайхны хэлдэгээр “модоо барьсан гуйлгачин” мэт хэвээр байсаар байна вэ гэдэг асуудал цөөн боловч тодорхой бүлэг хүмүүсийн сонирхолыг татсаар ирсэн юм.
Цөөн боловч бодит байдлыг мэдэх, нэр хүнд бүхий ажиглагчид эрдэмтэд баялаг ихтэй гурав дахь ертөнцийн орнуудад Америк болон барууны улсуудаас явуулж буй улс төр эдийн засгийн бодлогын үндсэн хэв шинжийг нарийвчлан судалж шинжиж шүүмжилсэн байдаг. Америк болон барууны орнуудын гадаад бодлого нь гуравдагч орнуудад хөрөнгө оруулалт нэрийн дор бизнес хийж буй өөрсдийн компани корпорацуудын эрх ашигийг бүрэн хамгаалахад чиглэгдсэн байдаг ба хөгжингүй орнуудын гадаад бодлогыг тухайн орнуудын хамгийн нөлөө бүхий бизнесийн төлөөллүүд, компани корпорацуудын бүлэглэлүүд тодорхойлж байдаг хэмээн шинжээчид үздэг аж.
Мэдээж бизнесийн сонирхол нь цэвэр ашигийг хамгийн бага зарлагатайгаар олох гэсэн хууль байдагаас “хөрөнгө оруулагчид” – ад тухайн улс орны хөгжил сэхэл хүн амын амьжиргаа нь үнэндээ огт хамаагүй хэрэг юм. Чухам иймийн л улмаас дээр дурдсан Африк Латин Америкийн гуравдагч ертөнцийн орнууд бидний хэлдэгээр “хичнээн амь тариа” хийгээд ч сэхэл авдагүй аж.
Хөрөнгө Оруулагчид ядуу буурай оронд анх орж ирэхдээ их л сайхан амлатуудыг өгч тухайн улсад шийдвэр гаргахад нөлөө бүхий хувь хүмүүс болон бүлэглэлүүдтэй ойртон ажилладаг ба өөрсдийн зорилгодоо хүрэхэд хуулиар зөвшөөрөгдсөн зөвшөөрөгдөөгүй бүхий л арга хэмжээг авдаг аж.
Үүнд шинжээчид ажиглагчидын санал нийлж буй гол аргачлалууд бол:
1. Өндөр хөгжилтэй орнуудын бүрэн мэдэлд байдаг Дэлхийн банк, Олон Улсын Валютын Сан зэрэг “нэр хүнд” бүхий олон улсын байгууллагуудаар дамжуулан эргэн төлөгдөхөд магадлал багатай зээлийг “амин тариа” болгон өгч бидний ярьж заншсанаар барьцаанд оруулах
2. Мөн өөрсдийн нөлөө харьяалалд байх олон улсын корпорац, компануудын тусгайлан бэлтгэгдсэн, туршлагажсан хүмүүсийг “эдийн засгийн, санхүүгийн зөвлөх” гэх сүртэй халхавчын дор явуулж тухайн орны нөлөө бүхий улс төрийн хүчнүүд болон ард түмний тархийг угаах. Хэзээ ч биелэшгүй, бодит бус хөгжлийн зураг төсөл таамаглалыг зохион сурталчлах ажлыг явуулах

Оюутолгой ба гэрэл сүүдэр


Оюутолгой ба гэрэл сүүдэр

Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, үйл ажиллагаа нь эхэлсэн ч олны анхаарлын төвөөс огтхон ч гарахгүй байгаа томоохон төсөл болОюутолгой.Ялангуяа тэнд 10 мянган мэргэжилтэй ажилтан шаардлагатай, үүнээс дийлэнх нь монголчууд байх ёстой хэмээсэн гэрээний нөхцөл хэрэгжихгүй байгаа талаар хэл ам тасрахгүй байна. Хэдийгээр Оюутолгойд одоо 2250 монгол хүн ажиллаж, дахиад төдий хэмжээний хүнийг дадлагажуулж бэлдэж байгаа ч хэлэлцэж тохирсноосоо хэтэрхий цөөн монголчуудыг ажлын байраар хангаж буй тухай шүүмжлэл өрнөсөөр.
Иргэдийн дундаас ч тус төсөлд ажиллаж буй монгол иргэдийн эрх ашиг зөрчигдөж буй талаарх мэдээлэл ирүүлэх болж, үүнд манай эрх бүхий албан тушаалтнууд төдийлөн анхаарал хандуулахгуй байгаа талаар шуугиж эхлэв. Үүний нэг жишээ нь манай сонины энэ сарын 2ны дугаарт гарсан “Оюутолгойд монгол ажилчдын эрх ашиг хохирч байгаа юм биш үү?” ярилцлага юм. Уг нийтлэлийн мөрөөр шийдвэр гаргагчдын төлөөлөл болгож УИХ-ын гишүүд ямар байр суурьтай байгааг сонирхлоо.

Францууд биш монголчууд Оюутолгойхны хоолыг хиймээр
-УИХ-ын гишүүн Р.Гончигдорж ингэж ярьж байна:

ОЮУТОЛГОЙГООР АМЬСГАЛСАН ДОЛОО ДАХЬ ЖИЛИЙН ХЯМРАЛ

ОЮУТОЛГОЙГООР АМЬСГАЛСАН ДОЛОО ДАХЬ ЖИЛИЙН ХЯМРАЛ

Эх сурвалж:  http://www.fact.mn/2434.html

Ухаад уналаа, уудлах гэлээ хэмээн уухичиж байсан долоон жилийн өмнөхийг бодвол Хөрөнгө оруулалтын гэрээ батлагдаж, ажил хэрэг нь эхэлсэн бүтээн байгуулалтын нэгэн жил улирч байна. Гэрээгээ л баталчихвал бүх зүйл ОК болохоор төсөөлж байсан Оюутолгойн ордын эргэн тойронд саяхнаас шинэ дуулиан дэгдэв. Энэ нь Оюутолгойд хөрөнгө оруулагч тал санхүүгийн зах зээлд давуу эрхтэй хувьцаа гаргаж, санхүүжилт босгохоор шийдсэнээс улбаалан Монголын Засгийн газрын эзэмшил буюу монголчуудад ногдох хувь хишгийн хэмжээ 34-өөс 6.8 хувьд хүрч буурна гэсэн мэдээлэл тарсантай холбоотой.
“Монголчууд Оюутолгойн хоо хэдэн хувийг эзэмших вэ” гэсэн асуулт саяхныг болтол ганц л хариулттай байсан. Харин одоо “34 хувь маань хэвээрээ юү” гэсэн асуултын ард УИХ-аасаа эхлээд дээр доргүй тээнэгэлзэх боллоо. “Тийм”, “Үгүй” гэсэн хоёр өөр хариулт олон нийтэд хүрч байгаа нь эргэлзээг лавшруулсаар байгаа юм. Хүмүүс “Оюутолгой” ХХК-ийн албан ёсны мэдэгдэлд итгэж тайвшрахыг хүсч байгаа боловч УИХ-ын нэр бүхий зарим гишүүн 6.8 хувь болох магадлал яагаад тийм өндөр байгааг үнэмшилтэйгээр тайлбарлаж буй. Хоёр талын хэн аль нь албан ёсны гэрээний зүйл заалтыг дурдан хариуцлагатай мэдэгдлүүд цацаж байна. Зөрүүтэй мэдэгдлүүд.
Монгол Улс стратегийн ач холбогдолтой уул уурхайн төслүүдээ ашиглах анхны супер жишээ-Оюутолгойн ордын бизнесийн үйл ажиллагаа эхэлсэн даруйдаа ийнхүү дуулиан тарилаа. Монголчуудад уул уурхайн туршлага, хөрөнгийн зах зээлийн мэдлэг хараахан бүрэлдээгүй, бид яг л акулуудын дэргэдэх жараахай шиг эмзэг байна. Оюутолгой бол Монгол Улс туршлага хуримтлуулж амжих хүртэлх хэдэн арван жилийн туршид үндэсний хэмжээний сорил, хамгийн эмзэг цэг байсаар байх болно. Энэ төслийн амжилтаас Монголын эдийн засаг, нийгмийн үсрэнг үй хөгжлийн гүүр босох хүлээлттэй, нэхэл хатуу.

Н.Батбаяр: Оюутолгойд хөрөнгө оруулалтын гэрээ байх албагүй


Эх сурвалж: http://www.fact.mn/3302.html

Оюутолгойн гэрээний  Монголд ногдох хувиас үүдэлтэй үүсээд буй маргааны талаар УИХ-ын гишүүн Н.Батбаяртай ярилцлаа.

Та Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг шүүмжилж байгаа гишүүдийн нэг. Гэрээний алдаатай заалтуудыг засах ёстой гэсэн байр суурь дээрээ хэвээрээ юу?
Өнөөдөр Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээнд байгаа заалтууд Монгол Улсын эрх ашигт нийцэхгүй байна. Тиймээс гэрээний заалтуудыг өөрчлөх ёстой.  Би анхнаасаа үүнийг л хэлсээр ирсэн. Тэр байр суурь дээрээ хэвээрээ байгаа. Гэрээг өөрчлөхийн төлөө Монголын төрийн байгууллагууд, төрийн түшээд, холбогдох хүмүүс ажиллах үлдээд байна.  Хүсэх үү, эс хүсэх үү, хүсч байгаа хүн олон байна уу, хүсээгүй нь олон байна уу гэсэн эргэлзээ бий. Гэрээ байгуулсан хүмүүс өнөөдөр албан тушаал дээрээ байгаа. Тэд гэрээнд алдаа байна гэж ойлгож байна уу, үгүй юү гэдгээс олон юм хамаарна. Гол нь алдсан хүн алдаагаа засдаг байх ёстой. Үгүй гэж зөрүүдлээд байвал үүний цаана юу нуугдаж байна вэ, ямар эрх ашигт үйлчлээд байна вэ гэсэн дараагийн ноцтой давхар асуудал үүснэ. Монгол Улсын эрх ашиг гэж нэг л юм бий. Байгуулсан гэрээ үг үсгээрээ мөрдөгдөөд явдаг. Гэтэл байгуулсан гэрээний үг үсэг Монголын эрх ашгийг ноцтой зөрчсөн тул өөрчлөх, залруулах ёстой. Санамсаргүй алдаа гаргасан гэж үзвэл тэр шүү дээ. Санаатай хийсэн бол хариуцлага тооцож байранд нь тавих ёстой гэсэн байр суурьтай байна.
Давуу эрхийн хувьцаа гаргаснаар Монголын талын хувьцаа яаж буурна гэж та тооцоолоод байгаа билээ?
Оюутолгой ХХК-д санхүүжилтийн хугацааны үед давуу эрхийн хувьцаа гаргах аргаар дөрвөн тэрбум ам.долларын нэмэлт хөрөнгө босгох тохиолдолд манай талын хувьцаа эзэмшилтийн харьцаа алдагдахаар байгаа юм. Үүнийг тайлбарлавал, хөрөнгө босгохын өмнө Монголын тал компанийн 34 хувийг эзэмшихээр байгаа. Компанийн хэмжээ нь нэг тэрбум ам.доллар. Харин хөрөнгө босгосны дараа компанийн хэмжээ дөрвөн тэрбум ам.доллларт хүрч, хөрөнгө босгохоос өмнө хувь эзэмшлийг 100 хувь бүрдүүлж байсан энгийн хувьцааны эзлэх жин 20 хувь болж буурна. Давуу хувьцаанаас манай талд ирэхгүй. Энэ юуг хэлээд байна гэвэл хөрөнгө босгосны дараа компанийн энгийн хувьцааны 34 хувийг эзэмшигч Монголын тал давуу эрхийн хувьцаа авах эрхгүй тул нийт компанид эзлэх хувь 6,8 хувь болж буурна. Айвенхоу Майнз компани 93,2 хувийг эзэмшинэ гэсэн үг.

Оюутолгой онцгүй л байна

Эх сурвалж: http://www.fact.mn/12229.html

“Оюутолгой онцгүй л байна” гэдэг үгийг Ханбогд сумын иргэн бүр амандаа давтах болжээ. Арваад хоногийн өмнө Өмнөговь аймгийн Ханбогд сумаар орж, Засаг дарга болоод орон нутгийн зарим иргэдтэй Оюу толгойн талаарх бодол, сэтгэгдлийг нь хуваалцсан юм. Учир нь дэлхийд үнэлэгдсэн алт, зэс, мөнгөний ордыг яг дээр нь сандайлж суусан Ханбогд сумын иргэд өдгөө цахилгааны хязгаарлалтаар амь амьдрал, ажил төрлөө шийдүүлж суугаа нь яавч сайны тохио биш. 21 дүгээр зууны Монгол иргэд иймэрхүү байдлаар амьдарвал ёстой л алт сандайлсан гуйлгачин нэрийг хүссэн, хүсээгүй хүртэх л болно. За тэгээд ус, зам, байгаль орчны бохирдол, бэлчээргүйдэл гээд хичнээн их алттай хэдий ч Ханбогдын иргэдэд шийдвэрлэж чадаагүй түм буман асуудал байна. Энэ бүхэнд мэдээж Монголын алтыг дэлхийд нийлүүлэхээр яарж буй “Оюу толгой” ХХК хамгийн их буруутай нь ойлгомжтой.

Хамгийн баян компани, Ханбогдынхныг байтугай нийт монголчуудыг ч тэжээчихнэ гэж яригддаг “Оюу толгой” ХХК-д юуны учир иргэд сэтгэл дундуур явдаг болсныг тэдний ярианаас уншигч та төвөггүйхэн ойлгоно биз ээ. Үнэхээр ч хамаг алтыг маань гадагш зөөхөөр зэхэж буй тэд арваадхан мянган иргэнийг бусдын дайтай аж төрүүлж, сум сууринг нь хотын чинээ тохижуулж чадахгүй байгаа нь итгэж үл болно гэсэн эргэлзээг шууд төрүүлж байна. Тэр байтугай Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчийг 2007 онд Оюу толгойгоор зочлоход 400 гаруй хятад ажилтдаа нууж, кэмпийг нь гучхан минутын дотор буулгаж байсан гэх сэтгэл эмзэглүүлэм “хулгайч” түүхийг орон нутгийн иргэн нэхэн дурссан юм. Мөн дөрвөн жил ажилласан ажилтныхаа нийгмийн даатгалын дэвтэр дээр зургаан сар л ажилласан гэсэн тэмдэглэгээг хийснээс эхлээд тус компанид Монголын төр, ард түмнээс нууж, дарагдуулж явдаг олон асуудал байдаг бололтой. Энэ бүгдийг иргэдийн ярианаас олж уншаарай.

Э.Бат-Үүл: АН одоо хүртэл С.Баярын хавханд байна

Уншууштай!!!


АН одоо хүртэл С.Баярын хавханд байна
УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлтэй ярилцлаа.

-Та Сонгуулийн хуулийн аж­лын хэсэгт орсон. Ажлын хэсэг хуулийн төслийг байнгын хороонд оруулахаар боллоо. Яг юун дээрээ тохирч чадсан бэ?

-Холимог хувилбараар сонгуу­лиа явуулья гэдгийг бол Төрийн байгуулалтын байнгын хороо дэмж­чих­сэн шүү дээ. Холимог дотроо нэрсийн жагсаалтаар хэдэн хүн тухайн тойрог дээр хэдэн хүн гаргах гэдгээ яриагүй байгаа. Ямар ч байсан үндсэн зарчмаа бол шийдэж чадсан гэсэн үг.

-Яагаад энэ хоёрхон тоог ший­дэж чадахгүй байгаа юм?

-Намын нэрсийн жагсаалт дээр тойрог дээр хэдэн хүн байх уу гэдгээ эхэлж ярихаар зөвхөн тэр асуудлаа тойрч яриад, сонгуулийн бусад зарч­мууд уягдах магадлал байгаа учраас ажлын хэсэг энэ асуудлыг хойш тавьсан. 

-Одоо бусад асуудлаараа са­на­­лаа бэлтгэчихсэн юм чинь хоёр нам хувь тэнцүүлсэн болон мажоритари суудлынхаа тоог тохи­­­­роод л санал хураалгачих юм байгаа биз дээ?

-Суудлын тоог тохирч орж бараг л чадахгүй байх аа даа. Чуулганаар оруулж байж л санал хураалгах бо­лох байх. Их хурал дээр саналаа нээлттэй ярина гэсэн үг. 

-Ж.Сүхбаатар гишүүн боло­хоор “Намын удирдлагууд байр сууриа тодорхой хэлэхгүй байгаа учраас бид наана нь чиглэл гаргаж чадахгүй байна” гэсэн. Үнэхээр дээгүүр өөр тоо яваад байна уу, үгүй юу?

-Манай бүлгийн гишүүдийн хувьд бол тийм юм байхгүй. Бүлгийн гишүүн бүр сонгуулийн хууль яаж гарах вэ гэдгийг анхааралтай харж байгаа учраас намын даргын тэг, ингэ гэсэн чиглэлийг хүлээж суухгүй болов уу гэж бодож байна. Гишүүн бүрт өөр өөрийн сонирхол байгаа учраас.

-Гэвч гишүүдийн сонирхол нь жижиг 76 дээр байна уу, том 26, эсвэл 50:26 дээр байна уу?

2011-05-23

Оюутолгойн гэрээний луйврыг илчилсэн “Рио Тинто”-гийн хөрөнгө оруулалтын шинэ баримт

Оюу Толгойн талаар миний бие өөрийн төдийгүй олон хүний бичсэн нийтлэлүүдийг блогтоо оруулдаг. Энэ нийтлэлүүдийг та Блогийн Толгойнууд гэсэн ангиллаас харах боломжтой. Би судлаач хүний хувьд Оюу Толгойн гэрээг алдаатай, тааруухан гэрээ болсон гэдэг байр суурьтай байдаг ч Оюу толгойн гэрээг өмөөрсөн, зөвтгөсөн, басхүү шүүмжилсэн бүх талын мэдээллийг тавьж олон нийтэд харьцуулж унших боломжийг олгодог. Блогт зочлогсод энэ нийтлэлүүдийг унших уншихгүй байх, гэрээний тухай сайн муу, худал үнэн гэж бодох, хүлээн зөвшөөрөх зөвшөөрөхгүй байх эсэх нь хувь хүн бүрийн өөрсдийнх нь хэрэг юм. Ямартай ч би тулгаагүй бас худал зүйл бичээгүй гэдгээ л мэдэж байна.
Энэ удаад "Оюутолгойн гэрээний луйврыг илчилсэн “Рио Тинто”-гийн хөрөнгө оруулалтын шинэ баримт" гэсэн нийтлэлийг хүргэж байна. Эх сурвалж нь: http://www.zindaa.mn/2cg

Оюутолгойн гэрээний луйврыг илчилсэн “Рио Тинто”-гийн хөрөнгө оруулалтын шинэ баримт

Бидний эчнээ танил Австралийн "Рио Тинто" компани баруун Африкийн Гвинеа улстай ашигт малтмалынх нь ордыг ашиглах тухайд нэгэн гэрээ байгуулжээ. 2.5 тэрбумын нөөцтэй хэмээн тогтоогдоод буй Симанду төмрийн  хүдрийн орд нь жилд 200 сая тонн хүдэр үйлдвэрлэх боломжтой аж. "Рио Тинто" компани Симанду төмрийн хүдрийн ордын блок лицензүүдийг 95 хувийн охин компаниараа дамжуулан эзэмшдэг байсан бөгөөд хоёр жилийн өмнөөс Гвинеа улсын Засгийн газар хамтран ажиллах тохиролцоонд хүрэхгүй бол лицензийг чинь цуцална гэж сандаргажээ. Тэдний хоорондох хэлэлцээрт Хятадын Чайналко идэвхтэй оролцож, тодорхой үр дүнд ч хүрсэн байна. Гвинеа улсын Засгийн газар тохиролцоонд хүрэх сүүлчийн хугацааг ирэх сар хүртэл гэж заасан ч нэлээд хэд хоногийн өмнө "Рио Тинто" буулт хийн гэрээ байгуулсан байна. Ингэхдээ хэлэлцээр байгуулахад гуравдагч байр сууринаас чармайн оролцсон Чайналко төслийн 45 орчим хувийг 1.35 тэрбум доллараар худалдан авахаар болжээ. Гвинеан Засгийн газар Рио Тинто компанитай хамтран ажиллах гэрээ байгуулахдаа:

-700 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг шууд бэлнээр төлнө.  
-Засгийн  газар төслийн 15 хувийг үнэгүй авна. Ирэх 20 жилийн дотор нэмж 20 хувь худалдан авах эрхтэй. Мөн Засгийн газар шинээр баригдах төмөр зам, далайн боомтын 51 хувийг эзэмшинэ.
-Дээрх дэд бүтэц баригдсанаас хойш 25-30 жилийн дараа шууд Засгийн газрын өмч болно.
-Төслийн бүх хугацаанд 3.5 хувийн роялти төлнө.
-Орлогын татвараас найман жил чөлөөлнө.
-Түүнээс хойш 30 хувийн орлогын татвар төлнө гэсэн заалтуудыг тусгаж чадсан байна.

Е.Өвбилэг: Өмнөд Солонгос Монголын газар нутгийг худалдаж авснаа албан ёсоор зарлажээ


Е.Өвбилэг: Өмнөд Солонгос Монголын газар нутгийг худалдаж авснаа албан ёсоор зарлажээ 
2011.05.21

Газар нутгаа бусдад худалдсан улс, үндэстэн дэлхийн түүхэнд бараг байдаггүй.  Харин, газрын төлөөх том, жижиг дайнууд бүх улсын түүхэнд бий. Бас, газраас үүдэлтэй маргаан өнөө хүртэл тасарсангүй. Бидний амьдрах Ази тивд гэхэд газар нутгийн маргаангүй улс тун ховор. Яг одоо, дөрвөн га газар, түүн дээрх балгасын төлөө Тайланд, Камбож улсууд цус асгаруулан тулалдаж байна. Газар ийм үнэтэй юм.
Харин, хоёр онцгой тохиолдол түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Түүний нэг нь Оросын хаант улс Аляскийг Америкт хямдхан худалдаж, асар их баялагтай нутгаа үүрд алдсан тухай. Харин, нөгөө нь Хойд Америкийн индианууд колоничлогчдод газар нутгаа зүгээр шахуу худалдсан түүх. Өнөөдөр, нутгаа худалдсан индианууд цөөнхийн цөөнх болж, мөхлийн даваанд тулжээ.
Гэтэл, энэ удаа Монгол Улс Аляск болон индиануудын түүхийг давтаж байгаа талаар Өмнөд Солонгосын мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна Энэ талаар “koreaittimes.com” гэх сайтад 2011.03-нд дэлгэрэнгүй мэдээг байрлуулжээ (http://www.koreaittimes.com/story/13469/korea-purchases-30000-hectares-mongolia-initiate-agricultural-cooperation).

Өмнөд Солонгос Монгол Улсаас 30.000 га үржил шимтэй нутгийг нь худалдан авч байгаа юм байна. Тодруулбал, солонгосчууд Монголын газрыг ашиглах, түрээслэх бус, харин худалдаж авч байгаа гэж дээрх мэдээнд бичжээ. Тэгэхээр, Монгол Улс газар нутгаа үүрд алдаж байгаа хэрэг.
Дээшээ буц