Blogger templates

2011-05-24

Оюутолгой ба гэрэл сүүдэр


Оюутолгой ба гэрэл сүүдэр

Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, үйл ажиллагаа нь эхэлсэн ч олны анхаарлын төвөөс огтхон ч гарахгүй байгаа томоохон төсөл болОюутолгой.Ялангуяа тэнд 10 мянган мэргэжилтэй ажилтан шаардлагатай, үүнээс дийлэнх нь монголчууд байх ёстой хэмээсэн гэрээний нөхцөл хэрэгжихгүй байгаа талаар хэл ам тасрахгүй байна. Хэдийгээр Оюутолгойд одоо 2250 монгол хүн ажиллаж, дахиад төдий хэмжээний хүнийг дадлагажуулж бэлдэж байгаа ч хэлэлцэж тохирсноосоо хэтэрхий цөөн монголчуудыг ажлын байраар хангаж буй тухай шүүмжлэл өрнөсөөр.
Иргэдийн дундаас ч тус төсөлд ажиллаж буй монгол иргэдийн эрх ашиг зөрчигдөж буй талаарх мэдээлэл ирүүлэх болж, үүнд манай эрх бүхий албан тушаалтнууд төдийлөн анхаарал хандуулахгуй байгаа талаар шуугиж эхлэв. Үүний нэг жишээ нь манай сонины энэ сарын 2ны дугаарт гарсан “Оюутолгойд монгол ажилчдын эрх ашиг хохирч байгаа юм биш үү?” ярилцлага юм. Уг нийтлэлийн мөрөөр шийдвэр гаргагчдын төлөөлөл болгож УИХ-ын гишүүд ямар байр суурьтай байгааг сонирхлоо.

Францууд биш монголчууд Оюутолгойхны хоолыг хиймээр
-УИХ-ын гишүүн Р.Гончигдорж ингэж ярьж байна:
Нэг үеэ бодоход манай уул уурхайн салбар сэргээд ДНБ-ийн өселт хурдацтай нэмэгдэж байна. Гэвч тэр хэрээр иргэдийн амьжиргаа дээшилж байна уу гэвэл үгүй. Уул уурхайн нэг ордыг ухаж эхлээд, түүнээсээ мөнгө олж иргэдийнхээ амьдралыг сайжруулна гэж “сохроор” найдаж суухаар ЖДҮ-ийг, ялангуяа газар тариалан болоод малаас гаралтай мах сүү, цагаан идээний томоохон үйлдвэртэй болох нь илүү үр ашигтай.
Манайх уул уурхай гэж хэт яриад үйлдвэрлэлээ орхигдуулаад байна. Ер нь бол уул уурхайд зарцуулсан нэг доллар хоёр долларын үр ашиг дагуулдаг гэсэн жишиг тооцоо бий. Энэ салбартхаясанхөренге эргээд дэд бүтэц үйлдвэрлэл болж үлдэх ёстой. Гэтэл манай Оюутолгойд олигтой дэд бутэц баригдахгүй байгаа нь үнэн. Нөгөөтэйгүүр, ханган нийлүүлэгчдийг монгол компаниас түлхүү сонгох гэрээний нөхцол учир дутагдалтай байна. 520 хүний хоолыг л гэхэд Францын компани бэлдэж байна.
Яагаад тэнд ажиллагсдын хоолыг монгол тогооч бэлтгэж, монгол малын мах, сүү, эх орны хорсөнд ургасан төмс ногоог нийлүүлж болохгүй гэж?
Түүнчлэн нийт төсөлд ажиллагсдын тоо болон “Оюутолгой” ХХК-д ажиллагсдын тоог ялгавартай авч үзэх хэрэгтэй.
Манайхан Оюутолгойд биш Оюутолгойн талбарт ашиглаж байгаа монгол ажилчдын талаар яриад байх юм. Тэгээд ч нийт цачингийн сангийн тэдэн хувь нь монгол ажилчдад зориулагдах ёстой гэсэн квот байх хэрэгтэй шүү дээ. Юм далд байх тусмаа хардлага дагуулдаг.

Монгол ажилчдыг сонгон шалгаруулах, ханган нийлүүлэгчдэд тавигдах шаардлага гээд бүх зүйл ил тод байж, тэнд ажиллагсдын эрх ашиг, зорчигдсон тохиолдодд тавих хяналт, тооцох хариуцлагыг тодорхой болгомоор. Түүнээс гэрээнд заагдаагүй гээд орхигдуулж болохгүй.


Оюутолгойг гэрэл гэгээтэй талаас нь харвал зүгээр

УИХ-ын гишүүн П.Алтангэрэл ингэж ярьж байна:
Бид 7 хоногийн өмнө Оюутолгой яваад ирсэн. Гэрээнд үйлдвэр ашиглалтад орохоос өмне ажилчдын харьцаа 40:60, бүрэн хэмжээгээр ажиллаад ирэхээр 90:10 байна гэсэн. Одоо тэр гэрээгээ барьж байна гэж үзсэн.

Бид нэг юмыг ойлгох хэрэгтэй. Жишээ нь Оюутолгой компани бол шууд барилгын үйлдвэрлэлд ажиллаж байгаа хүмүүстэй гэрээ байгуулах боломжгүй. Нэг компанитай л гэрээ байгуулна.
Гэрээтэй газраа мөнгийг нь өгнө. Үйлчилгээний салбарт гэхэд 100 тогооч байна гэхэд Оюутолгой ХХК 100 тогоочтой гэрээ байгуулахгүй. Тэгэхээр тэр хоол хийх компанитай л гэрээ хийгээд мөнгийг нь өгөөд явах ёстой.
Ер нь бол Оюутолгой төслийн тухайд би бодохдоо, манай гишүүд сэтгүүлчид очоод үзэх хэрэгтэй. Оюутолгойгоос 40 км байгаа Ханбогд суманд ажилгүй хүн алга. Өглөөдөө 45 хүний суудалтай 10 автобусаар ажилчдаа зөөж байна. Хүмүүс өөр өөрөөр боддог, ярьдаг байх. Миний бодлоор бол тэнд гэрээ биелэгдэж байна гэж үзэж байна. Харин бид та нар хоёр талаас байгуулсан гэрээгээ ян тан барих ёстой гэдгийг хатуу хэлсэн.
Тэгэхээр одоохондоо гэрэл гэгээтэй талаас нь харвал зүгээр юм байна гэж хараад ирсэн. Монгол ажилчидтай ч уулзсан. Нөхцөл байдал сайн байна гэж байна билээ.
Тэнд ажилладаг автобусны жолооч гэхэд 650 ам.долларын цалин авдаг, илүү цагаар ажиллавал нэмж хөлсөө авдаг гэж байсан. Тэнд байгаа бүх монголчуудыг цуглуулаад яривал юу ярих байсныг мэдэхгүй. Гэхдээ уулзсан хүн бүр л сэтгэгдэл өндөр байна билээ.
Манайхан чинь ил тод асуудлаа тавиад сурчихсан шүү дээ. Гэрээ зөрчигдлөө гэхэд гаргаад ирнэ. Гэхдээ цаашдаа анхаарахгүй орхиж болохгүй. Тэнд үйлдвэрчний хороо байгуулахад болохгүй юмгүй.
Цаашдаа ажлын байр олон бий болло гэж байгаа. Оюутолгой ХХК-ийнхан ч бид яг тэр олборлолтоо л хийнэ. Мод нөхөн сэргээлтийг монголын компаниар хийлгэмээр байна.
Тийм хүмүүс ирэхгүй байна гэж байна билээ. Бусад дагалдах ажлыг хийж чадахгүй, хүч хүрэхгүй. 1800 орчим хятад ажилчин байгаа гэсэн.

Тусдаа байртай, ажил байр хоёрынхоо хооронд явдаг өөр тийшээ явдаггүй хатуу дэглэмд байдаг юм билээ.


Оюутолгойн гэрээний хувьд эртхэн алдаагаа засах хэрэгтэй

-УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ингэж ярьж байна:
Эхлээд хүний тоо ярихаасаа өмнө хүний ажиллах амьдрах наад захын орчин ахуй, бүтээн байгуулалтын асуудал гээд олон юм ярих хэрэгтэй. Эрдэнэтийн бүтээн байгуулалт эхэлснээс хойш Эрдэнэт гээд бүхэл бүтэн хот байгуулж, хүн амьдрах таатай бүх орчин бүрдүүлж байсан. Гэтэл Оюутолгойд болохоор цэргийн бааз байгуулж байгаа юм шиг, хаалттай байна. Тэнд юу болж байгааг бүү мэд. Танай сонин дээр гарсан тэр залуугийн яриа бол үнэхээр бодит байдал гэж бодож байна. Тэр хүн дунд нь ажиллаж амьдарч байгаад ирсэн болохоор бодитоор ярьж байна. Гадаадын компаний эрх ашгийг манай төрийн эрх мэдэлтнүүд үхэн хатан хамгаалж байгаа нь ямар учиртай байна вэ? Монголчуудын эрх ашгийг яагаад үл тоогоод байгаа юм бэ. Хятад ажилчдын камп ямар хангамжтай байна. Монгол ажилчид ямар дэглэмтэй амьдарч байна. Энэ бүхнийг тэд нуугаад байх юм юу байгаа юм. Ямар цөмийн реактор байрлуулж байгаа биш.

Тэр чинь зүгээр уул уурхайн олборлолт хийж байгаа газар. Яахаараа гадны компани өөрийнхөө диктатурыг тогтоогоод Монгол Улсын хуулаас гадуур үйл ажиллагаа явуулаад байдаг юм. Гадаадын компани манайд үйл ажиллагаа явуулахдаа Монгол Улсын хуулийг мөрдөж ажиллах үүрэгтэй.
Тэгвэл манайд тусгай хамгаалалт гаргаж, улс доторх улс байгуулахыг зөвшөөрсөн хууль манай аль ч хуульд байхгүй. Энэ байдлыг ЭБЭХ-ний сайд цээжээрээ хамгаалаад байна. Тэнд монголчуудын эрх ашгийг яаж хамгаалж, төрөөс тавьж байгаа ямар хяналт байна. Манай холбогдох яам, газар ямар шалгалт, ямар арга хэмжээ авч байгаагаа яагаад мэдээлэхгүй байгаа юм.
Баахан дарга, сайд сэтгүүлчдийг аваачиж хооллоод гарын бэлэг өгөөд байдаг. Тэд нь ирэхээрээ амаа олохгүй магтдаг. Ингэж эх орноо худалддагаа боль л доо. Би тийм учраас Оюутолгойн асуудлаар 1 дүгээр сарын 11-нд асуулга тавьсан. Гэтэл 8 удаа хойшлуулж байгаад 10 сарын дараа орж ирэхэд Засгийн газраас ганц сайд сууж байсан.
Өөр нэг ч сайд байгаагүй. Асуудалд яаж хандаж байгаа нь харагдаж байгаа биз. Хамтарсан гэдэг нэрийн дор хариуцлага үүргээ умартсан хуйвалддаг, хувааж иддэг Засгийн газар ажиллаж байгаа учраас Монгол оронд хариуцлагын зуд гэдэг юм нүүрлэчихжээ.
Оюутолгойн асуудал эдийн засгийн асар том асуудал. Цөөн тооны олигархууд эндээс хагартлаа баяжих уу, ард түмэн амьжиргааныхаа эх үүсвэр бий болгох уу гэдэг асуудал яригдаж байна. Энэ дээр хүчтэй улс төрчийн гаргаж тавих улс төрийн орон зай үгүйлэгдээд байна. Үүргээ гүйцэтгэх ёстой улс төрийн хүчин нь уул уурхай, ашигт малтмал, мөнгө төгрөг гээд цөөн хүний эрх ашгийг илэрхийлсэн тоглоомд орчихоод байна. Үнэхээр ард түмний дуу хоолой больё гэж байгаа бол сонгуулийн үр дүнгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой.
Ингэж гэмээ нь танай сонинд ярьсан мянга мянган Ундрахын эрх ашгийг хамгаална. Тэгэхгүй гэмээнэ нь мянга мянган хүний эрх ашгийг уландаа гишгээд Ерөнхийлөгчийн хэлдгээр 200-300 өрх айл хагартлаа баяжаад цаана нь 2-3 сая монголчууд өлөн зэлмэн үлдэх ийм л тавилан харагдаж байна.
АН түүхийн өмнө ард түмний өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлах, хэрэгжүүлэх цаг болсон. Үүний тулд хамтарсан Засгийн газраас гарах ёстой. Ялангуяа уул уурхай, ашигт малтмал асар их мөнгөний үнэр үнэртэж байгаа энэ үед хамтарсан Засгийн газарт ордог нь хамгийн буруу. Үүний үр дүн гарч эхэлж байна. Хаана байна, нөгөо Оюутолгой байгуулагдаад монголын ард түмэн мөнгө долларт умбаад байх юм ярьсан. Гэтэл өнөөдөр төсөвт бодит байдал дээрээ мөнгө хэр орж ирж байна. Оюутолгойн хувьд гэрэл гэгээтэй гэхээсээ илүү цаг алдаагүй дээрээ алдаагаа засах шаардлагатай. Засах боломжийг хайх хэрэгтэй. Би тэр асуулга дээр хэлсэн.
Анхны хөронгө оруулалтаа нөхөж дуусмагц монголын тал 50 хувь эзэмшинэ. Тухайн үед зэсийн үнэ 3800 орчим ам.доллар байсан. Одоо 8000 гарлаа.

Зүгээр л 6000-аар бодоход л хоёр жилийн дотор хөрөнгө оруулалтаа нөхнө. Гэтэл яах гэж 30 жилээр гэрээ хийж байгаа юм. Нийт хувьцааны дийлэнхийг гадныхны гарт байлгах сонирхлоор ингэж хийж байгаа юм. Тэр 30 жилд 10 Оюутолгойг ухаад аваад явчихна. Тэр “Бороогоулд”ыг хар. Одоо болтол гэрээний хугацаа дуусаагүй. Гэтэл аль хэдий нь алт нь дуусчихсан. Ийм л байна.


Эх сурвалж: “Монцамэ”

Эх сурвалж: http://www.fact.mn/1134.html

No comments:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц