Blogger templates

2011-07-25

А.Энхбат: БӨӨ МӨРГӨЛ БА БӨӨГИЙН ШАШИН

                               

                           Бөө бөөгийн бөөлөх нэг ондоо 
                                Бүжин туулайн шогших нэг ондоо ...  
                                    (Монгол ардын зүйр үг )

Бүхий л шүтлэг мөргөл, шашин үүсэхийн эх үндэс нь хүний айдас байж болох талтай. Балар эрт үеэс эхлэн хүмүүс байгалийн элдэв үзэгдэл, гамшгаас айн сүрдэж, түүнийгээ далдын сүр хүчтэй холбон гайхан биширч, шүтэж эхэлжээ. Ингэх шалтгаан нь тэдгээр нь хүний хамгийн их айдаг үхэлд хүргэж байсан явдал юм. Хэрэв байгалийн догшин ширүүн үзэгдэл, хүнд гэм хор хүргэдэггүй бол түүнээс айж бишрэх хэрэг юун.     


Хаан Орос Сибирийг эзэмших болсноор тэр нутгийн уугуул иргэдийн зан заншил, шашин шүтлэгийг судлах явдал эрчимжиж эхлэсэн ба энэ цаг үеэс Орос төдийгүй баруун аялагч, жуулчин, эрдэмтэн судлаачдын анхаарлыг бөө мөргөл татаж эхлэв. XIX зууны сүүл XX зууны эх үеэр Орост Дорж Банзаров, В. Юмсунов, М.Н. Хангалов, Б.Я.Владимирцов зэрэг эрдэмтэд анхлан бөө мөргөлийн талаар судалгаа хийж, түүнийхээ үр дүнг хэвлүүлснээр олон нийт бөө мөргөлтэй танилцах боломж бүрдэж эхэлжээ.  

Манайд улсад энэ чиглэлийн судалгааг эрдэмтэн Ж. Цэвээн эхлүүлсэн ба 950, 1960-аад оны үеэс өнөөг хүртэл Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн, Ч.Далай,  Г.Сүхбаатар, Х.Бадамхатан, О.Пүрэв, О.Дулам, Д.Бум-Очир зэрэг олон эрдэмтэд судалгаа хийж бүтээлүүдээ хэвлүүлжээ. Дээр өгүүлсэн бүх эрдэмтэд маань түүх, угсаатан, утга зохиол, хэл шинжлэл, бэлэгдэл зүйн хүрээнд л судалгаа хийснийг анхаарах хэрэгтэй. Эдгээрээс хамгийн доривтой нь 1999 онд хэвлүүлсэн эрдэмтэн О.Пүрэв агсны “Монгол бөөгийн шашин” хэмээх нэгэн сэдэвт зохиол бөгөөд уг бүтээл нь эдүгээ цагийн бөө, удган нарын үндсэн гарын авлага болсон гэхэд хилсдэхгүй. 

Харин онгод, лув савдаг, сүнс зэрэг нь бодиттой юу үгүй юу гэсэн асуултанд хариу өгөх физик болон бусад байгалийн ухааны судалгаа манай улсад огт байхгүй. Дэлхий дахинд ч ийм төрлийн судалгаа эхлэлийн шатандаа явж байна. Янз бүрийн орны элдэв нийгэмлэг, сайн дурын байгуулага, хүрээлэнгүүдээс сүнс бодиттой болохыг зарладаг ч өнөөг хүртэл шинжлэх ухаан сүнс, үхэгсдийн ертөнцтэй холбоо тогтоож, ирээдүй, өнгөрснийг мэдэх боломжийг олж  түүнийхээ үр дүнг сургалтанд ашиглаж, эргэлтэнд оруулж хараахан чадаагүй байна. 

Балар эрт цагт хүмүүс од эрхэс, амьтан, ургамал зэргийг шүтэн өөрсдийн гарал угсааг тэдэнтэй холбон домоглох болсон зэрэг нь бөө мөргөл үүсэх үндэс суурь нь болоод зогсохгүй угсаатнуудын дундах элдэв тоо, өнгө, зүг чигийн бэлэгдлүүдийн эх сурвалж болжээ. Монгол бөө мөргөл маш эрт, зарим судлаачдийн үздгээр чулуун зэвсгийн төгсгөл, хүрэл зэвсгийн эхэн үед үүсэн бий болж хөгжиж ирсэн байна. Улмаар Монгол нутагт төр улс үүсэхэд бөө мөргөл тодорхой үүрэг гүйцэтгэсэн бөгөөд энэ нь эхэн үедээ бөө нар овог аймгийг тэргүүлж, жирийн иргэдээс онцгойрч нийгэмд удирдагч хэсгийг үүсгэж байсантай холбоотой юм.

Бөө хэмээх үг Монгол хэлний бөх, Түрэг хэлний бүю буюу ид шид гэсэн үгтэй гарал нэгтэй агаад Уйгарын Бөгү хаан, Монголын нууц товчоон дахь бөх Бэлгүдэй зэрэг нь дээрх санааг нотлоно. Төр улс бий болсон цагаас эхлэн хаад ихэс дээдсийг тэнгэр гаралтай болох, зөвхөн тэдний удам л улс гүрнийг захирах ёстой гэсэн үзлийг бий болгон ухуулагчид нь бөө байлаа. Ийм дүр төрхийг бид Монголын нууц товчооноос бүрэн харж болно. Үүгээр ч зогсохгүй бөө, удган нар улс төрд ихээхэн нөлөөтэй байсан ба төрийн амин чухал үйл хэрэг болох, их ан ав, аян дайнд мордох, шинээр хаад их сууринд суух зэрэгт хамгийн гол үүрэгтэйгээр оролцож байв. Үүнийг бид Монголын түүхийн олон үеэс харж болно. 

XIII зуунд Чингис хаан улс төр, нийгэм, эдийн засгийн шинэчлэлээс гадна томоохон шашны өөрчлөлт хийсэн юм. Энд бид бөө мөргөлтэй холбогдох хэсгийг нь авч үзье. Тэрбээр Их Монгол улсыг байгуулсны дараагаар бөө нарын төлөөллөөс хоёр хүнийг төрийн өндөр албан тушаалтны хэмжээнд дэвшүүлжээ. Нэг нь баарины Үсүн өвгөн хэмээх зайран, тэрбээр цагаан морь унаж, цагаан дээл өмсөж од эрхэс, нар сарны явдлыг тольдож дайн тулаан хийх, ан авд мордох зэрэг чухал өдөр судрыг товлож байх үүрэг хүлээжээ. Харин нөгөө нь хонхотны Хөхчү, энэ бөөг аян дайны сүлд хийморь болсон хар тугийг тахигч төрийн зайран болсон байдаг. Эндээс бид бөө мөргөл нь хөгжиж бараг шашинтай зэрэгцэж очсныг харж болно. Улмаар энэ л үеэс эхлэх онгод тэнгэрийг цагаан ба хар хэмээн хоёр хувааж тэднийг 99 болохыг тогтоожээ. Баруун зүгт 55 цагаан тэнгэр орших, тэдгээрийг Бадрангуй цагаан тэнгэр хэмээх тэнгэр толгойлж байдаг бол зүүн зүгт 44 хар тэнгэр байрлах, тэднийг Хажир Чингис тэнгэр тэргүүлдэг ажээ. Гэхдээ онгод тэнгэрийн ийнхүү хар цагаан гэж хуваах нь гэнэт бий болсон зүйл биш бөгөөд үүнийг Хүннү цэргийн мориний зүс ижилсүүлэн цэргээ хуваан байрлуулах тактиктай холбож үздэг судлаачид бийг бас хэлэх хэрэгтэй.

Мөн энэ үед хий дүрстэй онгод тэнгэрийг бодит байдалд хувиргаж, дүр төрхийг чулуу, мод, эсгийгээр урлан, түүнийгээ шүтэх нь ихээхэн түгээмэл болсон бөгөөд тухайн үед Их Монгол улсад зорчсон Плано Карпини, Вилгельм де Рубрук нар энэ тухай тэмдэглэлдээ: Монголчууд хоол, унд идэхээс өмнө эсгийгээр хийсэн онгодууддаа зайвал дээжийг нь хүртээдэг гэж их л тодорхой өгүүлсэн байдаг. Гэхдээ ингэж онгод тэнгэрийг дүрслэн шүтэх явдал нэлээд эртнээс эхтэй, үүнийг манай оронд хийгдсэн археологийн судалгааны хүрэл, чулуун олдворууд ч нотлодог. 

Дээр дурдсан харын бөө, цагааны бөө бий болсны дараагаар Монгол нутагт шарын шашин хүчтэй дэлгэрсэнтэй холбогдон шарын бөө үүссэн. Энэ нь тухайн үеийн Монголын язгууртан эрх баригчид улс төрийн зорилгоор тархай бутархай олон аймаг, жижиг ноёдыг шашны тугийн дор нэгтгэх гэсний үр нөлөө юм. Тэд бөөгийн онгод сахиусыг хураан авч оронд нь бурханы хөрөг, зутгамал бурхан өгч, онгод тэнгэр дуудаж тахилга тайлга хийхийг хориглон, ийм тохиолдол гаргавал хатуугаар шийтгэн торгож байлаа. Мөн энэ бүгдээ хуульчлан тогтоосныг “Дөчин дөрвөн хоёрын их цааз”, “Халх журам” зэрэг дундад зууны Монголын хууль эрхийн актууд гэрчилнэ. Ийнхүү шарын шашны нөлөөгөөр бөө мөргөл ихээхэн шахагдсан ба зарим нэгэн нь шарын шашны үзэл номлолыг хүлээн зөвшөөрч, зарим нэгэн зөвшөөрөлгүй хуучин ёс зарчмаа хадгалан үлджээ. Энэ нь бөө мөргөлийн дуудлагад ч ул мөрөө үлдээжээ. Жишээ нь харын бөөгийн дуудлагад “Бурхан гэдэг чинь будаг, шавар хоёр” гэсэн өгүүлбэртэй таарч байхад шарын бөөгийн дуудлагат “Бурхан багшаас эхтэй, буурал дээдсийн шүтээн минь” гэх мөрүүд бий. 

Ингэж хуучин уламжлалаа хадгалан шахагдаж ой тайга, хүний хөл хүрэхэд бэрхтэй газар оронд оршин суух болсон хэсгийг харын бөө гэх ба шарын шашныг дагаж хээр талд нутаглах хэсгийг нь шарын бөө гэх болжээ. Энэ бүгдээс үүдэн эрдэмтэн О.Пүрэв асан бүтээлдээ, уламжлалт ёс заншил үзэл бодлоо хадгалсан харын бөө нарыг бөөгийн мөргөлтөн гэж, шарын шашны үзэл номлолыг хүлээн зөвшөөрсөн шарын бөө нарыг бөөгийн шашинтан хэмээн томьёолсон бөгөөд одоогоор түүний үзлийг эсэргүүцэж, шүүмжилсэн судлаач гараагүй байна. Учир нь аливаа шашин өөрийн гэсэн үүсгэн байгуулагч, лидертэй байхаас гадна түүний номлолыг хөгжлүүлэгч үе үеийн шашны тэргүүн, шинэчлэгчид болоод тухайлсан сургалтын систем, ном судар, тогтмол үйл ажилгаатай сүм хийдтэй байх ёстой. Харин бөө мөргөлд эдгээр нь байдаггүй аж.

Бөө мөргөл нь бүхий л зүйлийг амьтай, сүнстэй, далд эзэнтэй гэж үзэх ба ертөнцийг нартын орон, харанхуйн орон гэж хоёр хуваан ойлгодог. Өөрөөр хэлбэл хүн нартын оронд нэг л удаа амьдрах буюу нас эцэслэсний хойно харанхуйн оронд үргэлжлүүлэн амьдардаг гэж үздэг. Тиймээс талийгаачдыг дагалдуулан харанхуйн оронд эдлэх, хэрэгсэл, унах морь, хоол хүнсийг зэргийг дагалдуулан оршуулах ба ингэхдээ эд зүйлсийг мөн нас нөгчөөн эвдэлж, хэмхэлж булдаг. Харин хаад, ноёдыг оршуулахдаа, хайртай хатан, зарц шивэгчин, шадар нөхөд зэргийг нь хороон дагалдуулан хамт оршуулах нь бий. Бөө мөргөлийн энэ үзэл нь олон дахин төрөл авч төрдөг гэх Буддын шашны сургаальтай зөрчилдөг. Тиймээс ч онгод бол төрлөө олоогүй, төөрсөн сүнс гэсэн тайлбарыг лам нарын зүгээс хийх нь бий. 

Бөө нар хүн бүрийг эхээс төрөхөөс нь эхлэн түүнийг харж хамгаалах үүрэгтэй тэнгэр дагалдаж байдаг гэж үзнэ. Мөн айл гэрийг ч ялгаагүй ивээж байдаг онгод бий гэдэгт итгэдэг. Эдгээрийг харсан тэнгэр, гэрийн онгон гэж нэрлэдэг. Жирийн ард иргэдийн харсан тэнгэр төдий л хүчтэй биш байхад хаад ихэсийн харсан тэнгэр асар сүр хүчтэй байна. Жишээ нь: Жамуха, Тэмүжинд хандаж би гагцхүү чиний харсан тэнгэрээс чинь аюуж байна гэж өгүүлдэг. Тэмүжин ч өөрийн тэрхүү тэнгэртэй гүн бат итгэдэг нь тайчуудаас зугтан ууланд нуугдан улмаар ойгоос гарах үед тохиолдсон саадуудыг тэнгэр ятгаж байна гэж үзэх бөгөөд эцэст нь харсан тэнгэрийнхээ сануулгыг үл тоон ойгоос гарч дайсанд баригддаг. 

Бөө удган нарыг ямар онгод тэнгэр дуудан шүтэж буйгаар нь лус хөлөглөсөн ба онгод хөлөглөсөн гэж хоёр ангилна. Лус хөлөглөсөн бөө нь илүү хүчтэй бөгөөд уул, усны эзэн савдаг лустай харилцдаг бол онгод хөлөглөсөн бөө удган нар ихэвчлэн өвөг дээдсийнхээ сүнсийг тэнгэр болгосон байдаг. Тиймээс ч эрт, дундад үеийн Монголчууд хаад ихэсийг таалал төгсөхөд тэнгэр болов, тэнгэрт гарав гэх зэргээр хүндэтгэнэ өгүүлдэг төдийгүй үр хойчис нь жилийн тодорхой өдөрт тэдэнд зориулан тайлга, тахилга хийдэг. Мөн эдгээр лус савдаг, онгод зэргийг аль алийг нь ч дуудаж чаддаг бөө удган ч байна. Улмаар бөөлөх байдлыг нь хуяглаж бөөлөх, явган бөөлөх гэж хуваадаг. Хуяглаж бөөлөх нь бөөгийн хувцас хэрэглэлтэйгээр бөөлөх ба онгод, тэнгэрээ алс холоос дуудан авчирч биедээ хагас буюу бүтэн байдлаар оруулдаг. Харин явган бөөлөх нь хувцас хэрэглэл өмсөхгүй ихэвчлэн аман хуур хэрэглэн айл гэрт бөөлөх ба онгод нь ч алс холоос ирэхгүй голдуу дэргэд нь хамт байдаг бөө удган нар ийнхүү бөөлдөг.

Дараагийн дугаартаа бид шинэ цагийн бөө, удган нар болон бөө мөргөлд буй бусад шашин шүтлэгийн ул мөрийн тухай өгүүлэх болно. 

А. Энхбат Анкара. 2010. 11. 09

No comments:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц