Нэг ёсондоо хүн бүр л шахуу өглөө босмогцоо хил даван, нийтийн нутаг дэвсгэрээс шинэ өдрийг эхэлдэг гэж болно. Дээрх олны гэх мөн чанар хамгийн тод илэрдэг газар бол нийтийн тээвэр. Түүгээр зорчих гэдэг буудал дээр хүлээхээс эхэлнэ. Автобусны буудлаа эрж хайн, будилж төөрөхгүйн тулд хотын төвөөс холдох тусам хэмнэлтэт хэв маягт шилждэгийг нь санахад илүүдэхгүй. Бүр тодруулбал ажлын гадна суудал, саравч, чиглэл заасан самбараас бүрдэж байсан автобусны зогсоол энэ хүрэхдээ шар өнгийн шавар түц болтлоо цомхотгуулдаг юм билээ. Тиймээс ажил руу ирж, очих гэдэг буудлаасаа авахуулаад багагүй бэрхшээлтэй. Автобус ирэх зүг, бугуйн цаг хоёр руу ээлжлэн харж зогсоход цөөнгүй хугацаа зарцуулна. Гэхдээ ингэж хий дэмий өнгөрөөсөн цагийг жолоочийн ур чадвар нөхөөд өгчихнө. Яагаад гэхээр, түгжрэл багатай иймэрхүү замаар нийтийн тээвэр үү, үсэргээ, сунгаанд давхиж байгаа хурдны морь уу гэж эргэлзэхээр шороо тоос манаруулсан өндөр хаазтай явдаг заншил бий. Замын түгжээнд зогсох цагаа тэд бас л тооцоолчихсон нь авууштай. Гэвч үүний тулд зорчигч бид бууж, суухдаа түргэн шаламгай байх хэрэгтэй. Эс тэгвэл хаалганд хавчуулах, багталгүй хоцрох гээд олон сонголттой шийтгэл хүлээж байгаа. За тэгээд автобус руу орох богинохон хугацаанд өчнөөн юм болж өнгөрнө. Хамгийн наад зах нь хулгайд өртөх хамгийн өндөр эрсдэлтэй үе нь энэ яах аргагүй мөн. Чоно борооноор, муу хүн чөлөөнөөр гэдэг дээ. Унаанд суух гэж бужигнаж байх зуур л нэгжчихнэ шүү дээ. Олон хавар нэгэндээ гэж, хааяа зарим нь баригдана аа. Гэхдээ тэд огт айж, эмээж, ичиж, гэмшсэн шинжгүй. “Чиний юмыг хулгайлах гэж байхад надад яагаад саад болж байгаа юм бэ?” гэсэн маягтай ширвэн харж, хохирогчийг хээв нэг цохиод авч байхыг би хоёр нүдээрээ харсан. Харамсалтай нь улаан цагаандаа гарсан ийм нөхдүүдэд бэлэн орлого оруулахгүйн тулд гар цүнх, түрийвч, утас гээд авч яваа бүхнээ тас атгаад л зорчих хэрэгтэй юм байна гэдгээс өөр арга олж чадсангүй.
Нэг муу виза л байна гэж кондукторууд жолоочдоо хов зөөдөг.
Суудал бүү хэл бариулаасаа олон хүнтэй наалдан шахалдаж нэг дор явах ч жинхэнэ тэвчээр шалгана даа. Автобусанд орсноос эхлээд бүх удирдлагыг кондуктор гартаа авна. Оюутны виза болон бусад үнэгүй зорчих эрхийн үнэмлэх тэднийг багагүй бухимдуулна. Бүр заримдаа зорчиж яваа оюутанг “ Нэг муу виза л байна” гэж кондукторууд жолоочдоо ховлох ч бий. Тасалбараа авахгүй, аль эсвэл урагшаа хойшоо явж өгөхгүй байгаа хүмүүсийг хувцас хунар, үс гэзэг гээд өмссөн зүүснээр нь цоллон дуудаж, бүр заримыг нь олон нийтийн дунд онигоонд хийгээд ч амжина. “ Алив тэр ногоон цамцтай, шамбийсан шар юм билетээ ав даа. Хүн рүү хараад байх хэрэггүй. Чи, чи өөрөө...” гэж ирээд л улсын ажлыг үнэн сэтгэлээсээ хийдэг цөөхөн хүмүүсийн нэг бол эд нар л байгаа юм даа. Гэхдээ ажил үүргээ ийнхүү онц сайн гүйцэтгэснийхээ төлөө гавьяа шагнал хүртэхийн оронд хэрүүлч, ааштай авиртайгаас эхлээд есөн шидийн муу үгээр хэлүүлнэ. Сонин юм шүү. Ер нь анзаараад байхад олон хүнтэй автобусанд хэрүүл шуугиан гарах нь илүү юм байсан. Тэгэхээр энэ хүмүүсийн ажлын ачаалал, маш олон хүнтэй зэрэг харьцдаг мэргэжлийн онцлогийг нь бид зөвөөр ойлгон хүлээн авч чаддаггүйгээс энэ зохисгүй харилцаа үүддэг болж таарч байна. Бас гэхдээ зорчигчийн хэлсэн ганц үгийг ч өлгөн авч, ёстой нэг хобби нь энэ үү гэмээр үргэлжлүүлдэг нь ч өмөөрөх зүйл биш. Хэн хэн нь хаа хаанаа бодож, буулт хийж байвал автобусны уур амьсгал арай л дээрдэх байх даа.
Ийм олуулаа, тийм жижигхэн автобустайгаа түгжээнд зогсоно гэдэг халуун зунаар эсгийд ороолгуулахаас ч хэцүү. Яг жинхэнэ уур амьсгал бол энэ үеийн автобусан доторх агаар л юм даа. Нэг ёсондоо уушгины чадал чансааг шалгах томоохон сорил шинжилгээ гэсэн үг. Дээд хэсгээр байх жижиг цонхнууд агаарын солилцоо явуулахад хаанаа ч хүрэхгүй. Эргэх тойрох, тоормослох зэрэгт цонхонд наалдах шахам шахцалдан, олуулаа явахад агаарын дутагдалд орж мэдэхээр юм билээ. Бас цонхны хавиар жижиг, жижиг шавьжнууд туулайчлаад амжина. Ёстой нэг муухан саунд нийтээрээ хамт орлоо л гэсэн үг. Ийм халуун бүгчим орчинд яваа хүмүүсийн хөлс урсаж, элдвийн үнэр ханхлах нь наад захын хэрэг. Дээрээс нь нэмээд жолоочийн үе үе баагиулах тамхины утаа автобусны агаарын найрлагын нэлээдгүй хувийг тодорхойлно. Суудал дээр сууж явсан настангуудын заримынх нь амьсгал нь давчдаад хэцүүхэн байдалтай зам хороож байгаа харагддаг. Ганц буудал ч гэсэн хөлөө амраахыг тэнд хэн хүнгүй хүсдэг байх. Ямар сайндаа л суудлууд нь хөлсөнд нойт даасан байгааг тоож байгаа шинжгүй, бүр хоорондоо булаалдан суух вэ дээ. Үүний оронд зогсоогоороо явахад харин ашиг тус бий шүү. Автобусны явалтан дунд өглөөний дасгал зэргийг хүссэн ч хүсээгүй ч хийх болно. Бариулаас барьсан чигээрээ урагшаа нэг, хойшоо нэг нийтээрээ ганхаж, бүр заримдаа цонхны шилэнд наалдах шахам ч явах үе гардаг л юм билээ. Бариул, суудлын ариун цэврийн талаар бодолцохгүй бол нэг л биш дэг ээ.
Иймэрхүү байдалтай явсаар, урт удаан аяллынхаа эцэст бууна гэдэг мөн ч сайхан даа. Гутал, өмд, үс толгой ямар болох нь хэн хүнд ойлгомжтой биз. Шөнөдөө эрүүл агаарт хонох ийм л үнээр надад олдож байгаа юм даа. Буудал дээрээс эхлээд нервтэж, бүгчимдэж явсан боловч буугаад ажил руугаа орох замдаа хотынхоо агаарыг хэчнээн цэвэрхэн болохыг анзаарч эхэлсэн. Тэгээд ч би таксигаар явсан бол гэрээсээ ажил хүртэлх 12 км 540 метрийн 6270 төгрөг төлөх болж байгаа юм. Ингэхээр би ажилдаа ирэхэд зориулан наашаа цаашаа гэж шахцалдан, хорхойтой цонхонд наалдан байж 43 минут өнгөрөөснийхөө төлөө 5870 төгрөг хэмнэсэн болж таарч байна. За тэгэхээр орой ч гэсэн автобусандаа суудаг хэрэг ээ. Нэг их олуулаа биш, түгжээнд оролгүйхэн шиг харьчихвал ч...
О.Шүрэнцэцэг
эх сурвалж: http://www.internews.mn/node/236
No comments:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.