Д. Сүхбаатарын хойчийн эрхэмүүдэд захисан захиас
Хойч ирээдүйн эрхэм дүү нарын гэгээн лагшин тунгалаг, эрхэлсэн ажлыг зохицолдуулан гүйцэлдүүлэх нь алдаагүй нягт сайныг асуух юун билээ. Молхи миний бие өдгөө харийн түрэмгийнүүдийг үлдэн хөөхөд нэгэн чиг санаагаар зүтгэж өөрийн өчүүхэн хүчийг ардын дунд нэмэрлэсэнээр эл үйлс маань нэгэнт тусыг олж тусгаар Монгол улсаа байгуулан гэрэлт Богд багш хутагтаа ширээнээ залсаар төдий л их удаагүй байна. Та бүхэндээ сургамжлан захихын тулд, өргөн гол гатлуулж өндөр уулсыг давуулан халагдан улирах он цагийг дамнуулан энэхүү захидал мэтсийг хичээнгүйлэн сонсгож гарт тань бариулж байна. Гэгээн богдын айлдсанаар нэгэнт захидал мэтс нь үеэ гээж (цахим) шуудан бий болсон байх ба, хэрэв ийм бөгөөс утасны үзүүр (дэлгэцийн араас) мэндийг тань мэдэж амрыг эрье.
Юун түрүүн эрхэм дүү нар үе үеийн түүхийн үргэлжлэл хойч үе мөний тул, удмыг дамжин энэ биеэр дээр хөх тэнгэр доор бараан дэлхийд зөвхөн Монгол хэмээх улсыг эх орноо гэж мэндэлснээ мартаж үл болно. Нэгэн үес Манжийн дарангуйлалаас ангижирсан боловчиг хятадын гамин цэрэг хүч түрэмгийдэн орж монголын автономит засгийн эрхийг эзэрхийлэн мэдэж, түмэн ард айл өрхийг харгислан зовоох нь тэсэхүйеэ бэрх болсонд газар бүр зэвсэг барин тусгаар улс байгуулсугай хэмээн хөдөлж тэмцэлдэн бүхийд уг хэрэг нааштай болох үес, оргодол барон Унгерн олон ардын учир мэдэхгүй бүдүүлгийг далимдуулан буруу зөв, урьд хойдыг ялгахгүй хөнгөмсөг хүмүүстэй сүлбэлдэн их үгийг хэлж харгис хятадаас ангижруулна хэмээн алж талж тонож дээрэмдсэн нь тоолж баршгүй.
Ийнхүү нэгэн дор, дотоодын бурангуй хар шар феодал, хятадын гамин, оргодол барон Унгерны цэргүүдтэй тэмцэлдэн байхууд тусламжийг гуйн очсон бидний зоригдолыг хүлээн авч шинээр тогтсон зөвлөлийн орос улс туслахаар ирж, эдүгээ өвөг дээдсийн минь сүр сүлд биднийгээ ивээн, алд биеийг үл хайрлан хөлс цусаа дуслуулан байж байгуулан өгсөн улс маань энэ цагт үүнээс өөр замгүйгээр зөв хэмээн Зөвлөлийн орос улстай андлан нөхөрлөж ардын засагтай нийхэм журмыг байгуулахаар нэгэнт сэтгэл шулуудлаа. Байдал төлөвийг нүдээр үзэж чадах чинээгээр ухан мэдсэн билээ, гэвч хойч өдөр юуч боллоо гэхэд үлдэх ариун алдар яавч тусгаар хэвээр хадгалагдах нь лавтай. Хэдийвээр хөгжлийн өөр зам байх авч, өөрөөр явбаас тусыг үл олох ба тусгаарыг алдаж үүнээс дор болох учраас ийнхүү олноор шийдсэн болно. Мэргэн дүү нар хожим нэгэнт цаг нь ирэх үед улсын байдлыг өөрчлөн байгуулахыг мэдсүгэй.
Нэгэнт иймийн тул эрхэм хойчийнхон минь тусгаар улсыг өвлөн авбаас зүй нь манай монгол үндэстний сонгосон зам, туулан өнгөрөх түүхийн сайн мууг эрхбиш тунгаан үзэж ингэсэн тэгсэн хэмээн улиглан муучлахыг гэгээнээр толилон тэвчээсэй гэж гуйя. Өчүүхэн миний бие мэдэц төсөөлөл эрдэм чадал гүехэн мөчид боловчиг, түмэн ард ба төрийн даалгавраар улс төрийн үйлд гэрийг гээж биеийг зүтгэн хэрэглэгдэх тул, төрийн ивээл олны хувь зохиолд шүтэж ардын эрхтэй засгийг байгуулан түмэн ардын эрх чөлөө, эрдэм боловсрол, энх түвшиний улирлыг улмаар хөгжүүлэхэд нэгээхэн бээр сэрэмжийг үл алдан хэргийг шийтгэн байна.
Гэвч гадаадад дайсангүй, дотоодод самуунгүй энх төвшнөөр суун атал хааяа зарим ухвар мөчид хүмүүс улсын ёс, засгийн зорилгыг сэхээрэн мэдээгүйн харгайгаар эрх чөлөө хэмээхийг зоргоор балмадлан явж болох буюу аль газар ба албан тушаалтан эрх баригчдын зэрэг хүмүүсийн заавар тушаалыг хэрэгсэхгүй болж болно гэх зэрэг буруу ташаа ухан, гэгээрэн боловсроогүй харанхуй бүдүүлэг ард түмнийг хатган өдөөж үймүүлэн түйвүүлж ертөнцөд хүн болон төрсөн өөрийн болон бусдын хөөрхий амь биеийг дэмий талаар ял зэмд унгааж буй тул, хожим та бүхний нэгэнт сэхээрэн өөрчлөн байгуулсан улсад тань ардчилал эрх чөлөө хэмээхийг энэ мэт үзэн самууруузай хэмээн захихийн ялдам, ингэв тэгэв хэмээн улиглан тэмцэлдэж хууль ёсыг гажуулдуулахад хүргэх аваас ер уучлан хэлтрүүлэхгүйгээр цаг тухайд сурвалжлан мэдээд цээрлүүлэн шийтгэвээс зохино.
Ардын засгийн бодлого ямар байх аваас түмэн олны аж байдал, эрх чөлөө, эрдэм боловсрол тийм байх нь илэрхий тул улаан тархиндаа мэргэнээр толилох бизээ. Гагцхүү үлдэх өвлөх зүйл болвоос эх орны минь газар шороо, өв уламжлал байх бишүү. Иймийн тул зөвхөн түмэн олны хувь тавиланд даатган хаялгүйгээр засаг төрийн мэргэн бодлогоор цагын байдал хэргийн учирт нийцүүлэн түмэн ард айл өрх бүрийн эрх, хойч ирээдүйн монгол үндэстний мандан бадрах энх түвшинг эрэлхийлэн цаггүй санаа тавьж сайнаар шийтэгсүгэй. Эв санал нэгдвэл орчлонгийн түмэн бодисыг гийгүүлэн авч хүчтэнийг хураан чадна. Эдүгээ миний биед гэнэт халуун өвчин тохиолдон аль элдвээр эмчлэн сувилуулавч тусыг үл олон эдгэрэх төлөвгүй энэ өвчинөөс хэрхэвч гэтлэхгүй үхэх цаг болов. Дахин дахин хянаж санаандаа агуулцгааж гадна дотны зальхай самууныг сайтар сэргийлж явсугай. Бүү умартаарай. 1923 оны 2-р сар.
Жанжин Д.Сүхбаатарын баримт бичгийн түүвэр
эх сурвалж: http://horidoimergen.blog.gogo.mn/read/entry132662
No comments:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.