Гэрлийн Өргөөний судлаач Нарандулам
Тэнгэр үзэл гэж юу вэ
Монголчуудын уугуул шүтлэг бол бөө мөргөл билээ. Бөө мөргөлийн үүсэл хөгжлийг эрдэмтэн судлаачид хүй нэгдлийн байгуулал, эцгийн эрхт ёс ,эсхүл эхийн эрхт ёсны үед үүссэн гэж үзэж ирэв. Гэвч Австралийн агуйгаас 40 мянган жилийн тэртээд бөө мөргөл оршиж байсныг нотлох агуйн зураг илрээд байна.Үүнээс үзвэл бөө мөргөлийн үүсэл хөгжлийг түм түмэн жилийн тэртээгээс үүсэлтэй гэж үзэхэд эргэлзэх зүйлгүй болж байна. Монголчуудын бөө мөргөл нь Тэнгэр үзэлд тулгуурлаж ирсний дээр бөө мөргөлийн ачаар ертөнц түүний хууль зүй тогтлыг танин мэдэж, тэнгэр газар, онгон дагшин байгаль уул ус, ертөнцийн бүхий л юмс үзэгдлийг амьтай гэж үзэн шүтэн биширч,аргадан тахиж,тэнгэр онгодуудтайгаа харилцаж ,байгалийн хууль зүй тогтлыг даган хатуу ширүүн байгалтайгаа зохицон нүүдэллэн амьдарч иржээ.
Тэнгэр бол ертөнц дахины ер бусын их хүчийг агуулсан байгаль, нийгмийн юмс үзэгдлийн эх үндэс гэж үздэг байжээ. Монголчууд “Мөнх Тэнгэр минь,хамгийн дээд Мөнх Тэнгэр минь, … хөдөлхийн дээд хөх Мөнх тэнгэр минь, хөдлөх бүгдийг заяасан Тэнгэр минь” гэх нь бөө мөргөлийн Тэнгэрийн үзэл санаа үнэхээр танин мэдэхүйн чанадад хүрч чадсаныг харуулдаг. Энэ тухай ”Үнэнийг үнэн болгон заяасан тэнгэр гэдэг нь туйлын гагц Үнэнийг буюу Туйлын оюун санааг илэрхийлсэн ажээ. Хамаг бүгдийг заяасан тэнгэр гэдэг нь бүхнийг бүтээгч гэсэн санааг агуулна.”/1 /гэжээ.
Италийн жуулчин Плано Карпини энэ тухай бичихдээ, “тэд ертөнцийн үзэгдэх ба үл үзэгдэх юмсыг бүтээгч орчлонгийн жаргал зовлонг үүсгэгч цорын ганц тэнгэрт сүсэглэн бишрэх.” бөгөөд тэд нар сар болон ус газар дэлхийд сүсэглэн мөргөж хоол цайныхаа дээжийг өргөдөг болой. /2/ “Монголчууд Мөнх тэнгэрийн тухай бүхнийг мэдэж чадах дээд тэнгэрийг онцгой товойлгон гаргаж байв.Түүнчлэн наран, саран,од гариг ,уулын эзэн, усны савдаг ,өвөг дээдсийн сүнс зэргийг ихээхэн чухал онгон болгожээ.”/3/
Өгөөдэй хааны үед 1230 оны үед монголоор аялж явсан хятадын Пэн да яа, Сюй тин зэрэг хятад түшмэдийн “Хар татааруудын тухай товч тэмдэглэл” зохиолд монголчуудыг яриандаа Мөнх тэнгэрийн хүчин дор, хааны ивээл дор …мөн Тэнгэр өршөө гэж ямар нэг юм хийхдээ хэлдэг гэжээ. /4/ “Мөнх дээд Хан тэнгэр нь жирийн хөх тэнгэр буюу агаар мандал биш ,наран саран од гаригс ч арай биш,тэд бүгдээс дээгүүр тэд бүгдийг эзэмдэн захирсан,гагцхүү хамгийн их зайран бөөд хааяа онгон сахиусын дүрээр илрэн үзэгдэж санаа зорилгоо мэдүүлдэг ямар нэгэн далдын аврага сүг хүчин мэт сэтгэгдэж байсан болтой.” Гэжээ /5/
Монголчуудын сүсэг бишрэлд Мөнх Тэнгэрийн дараа газар дэлхий ордог. Тэнгэрийг наран саран од гаригсын хамт шүтдэг байсны нэгэн адил газар дэлхийг уул ус хад чулуу, ургамал амьтныг тус бүрд нь дангаар нь шүтдэг байжээ/6/ гэж нэрт түүхч Н.Ишжамц гуай бичжээ.
Өвөр монголын эрдэмтэн Тү.Өлзий “Тэнгэр гэдэг үг бол ертөнцийн юмс үзэгдлийн тухай хамгийн хураангуй мөртлөө дэлгэрүүлэхүй ухагдахуун гэжээ. Тэнгэр гэдэг ухагдахуун нь хамгийн дээд гүн ухааны хураангуй ай сав болж илэрчээ.Эртний монголчууд нэг л тэнгэрээ язгуур ухагдахуун болгож 3 тэнгэр,9 тэнгэр 99 тэнгэр хэмээн хийдэм бэлгэдэн шидээн болгож шүтсэн түүхэн явцтай билээ. Монголчууд эцэг тэнгэр ,эх тэнгэр түүнээс гадна 99 тэнгэр байдаг гэж бөө мөргөл,тэнгэр шүтлэгт авч үздэг. Хичнээн ч олон янзын тэнгэрийн ойлголт байлаа ч тэр нь эцсийн эцэст Эцэг тэнгэрт л харьяалагдана гэж үзжээ”./7/
Доктор Л.Дашням “Тэнгэр бол аугаа оршихуй,аугаа их хүч,үлэмжийн их нөлөөлөгч өөрчлөгч юм. Тэндээс л ер бусын дохиолол түгж, тэр нь хүмүүний хүртээл болдог гэжээ. Мөнх Тэнгэр бол …үнэнийг өгүүлэгч хувь заяаг тодорхойлогч,өөрийн эрхшээлт оршихуй болж таарч байгаа бөгөөд үүний тухай баримт Нууц Товчоонд арвин бий гэжээ”/8/
Судлаач эрдэмтэн Д.Бум очир “Энэ ертөнцийн бүх юмсыг бүтээгч нь Мөнх тэнгэр юм. Өөрөөр хэлбэл орчлон ертөнц дээр хөдөлж хөрвөөдөг бүх зүйлийн дээд,хамгийн дээд шүтээн нь Мөнх тэнгэр гэж үздэг байх юм”/9/.
Монголчууд мөн галыг тэнгэр дэх наран саран,од гаригтай адил төсөөтөй шинж чанар нэгтэй зуйл гэж онц хүндэтгэн бишрэхийн дээр үнэхээр элдэв өвчний хорхой,бузар буртгийг арилган устгаж юмыг ариутган цэвэрлэх чадал бүхий зүйл гэж мэдсэн байна. /10/
Монголчуудын Тэнгэр үзэл түүхийн урт удаан хөгжлийн явцад бүрэлдэн тогтож тэнгэрийн сургаалд монголчууд гэгээрч эзэн Богдын үед Мөнх Тэнгэрийн сургаал номлол хүчээ авч, цогц сургаал болтлоо хөгжиж иржээ гэж хэлж болно.
Хүннү нар хаанаа Тэнгэрээс заяатай Шанью Модун гэх зэргээр өргөмжилж байжээ.Энэ үзэл санаа эртний нүүдэлчин улс түмний тэнгэрийн үзлийн салшгуй нэгэн хэсэг болж Хүннүгээс эхлээд Чингисийн монголчуудыг хүртэл тасралтгуй уламжлагдсаар ирсэн байна. Ийм ч учраас монголчууд хүчирхэг төрт улс болох Хүннү гүрэн болон дараа үеийн эртний улсуудыг байгуулж улмаар Их Эзэн Богдын үед хамгийн хүчирхэг дэлхийг хамарсан том эзэнт гүрнийг байгуулжээ.
Гэвч дэлхийчлэгдсэн Монголын эзэнт гүрнийг байгуулж ирсэн тэр нууцыг эрдэмтэн мэргэд тайлахыг оролдож ирсэн боловч үнэн нууцыг нь одоо болтол хараахан тайлж чадаагуй байна. Энэ тухай Жак Уотерфорд номондоо Бөө судлаач эрдэмтэн О.Пурэв агсан ”Чингис хаан бол түүхэнд хамгийн хүчтэй бөө байсан гэж үздэг бөгөөд эх бичиг тэр бүх нууцыг билэгдлийн аргаар эмхэтгэн цуглуулсан болохоор тэр их эрх мэдэлд хүрсэн” гэж уздэг байв. Энэ бүгдийг тайлж чадвал дэлхий ертөнцийг байлдан дагуулж,удирдан жолоодох бөөгийн заавар байх болно/11/гэжээ.
Монголын хүчирхэг болсон түүх нь Их эзэн Богд Чингис хаантай салшгуй холбоотой гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой билээ. Монголчууд Мөнх Тэнгэрийг шүтэн биширч тахин шүтэж тэнгэрийн оюун ухааны нууцад бөө мөргөлөөр нэвтрэн орж танин мэдэхүйн хирээр улам бур хүчирхэгжиж ирсэн нь дамжиггүй.Ийнхүү монголчууд айх аюулгүй амгалан тайван амьдрах эх үндэс болсон хүчирхэг төр улсаа байгуулж Их Эзэн Богдын үед тэнгэр шүтлэг дэлхийчлэгдсэн шүтлэг болтлоо хөгжсөн гэж эрдэмтэн мэргэд үзэж байгаатай санал нийлж байна. Ийнхүү талын нүүдэлчин монголчуудын дотроос гайхамшигт эрдэм чадалтай суут удирдагч цоорон гарч ирэх тэнгэрийн зурхайтай байсныг МНТ зэрэг түүхэн бичиг баримтууд нотолсоор байдаг.
13- р зуун бол өвөр хоорондоо арсалдан тэмцэлдсэн, тонуул дээрэм, алт мөнгөний шунал туйлдаа хурсэн аюумшигт хар зуун байжээ. Хар зууныг тохинуулж үнэн шударгыг тогтоон түмэн олныг амирлуулах чадвартай тийм үндэстэн бол тэнгэрийн тамгатай хөх ардууд болох монголчууд, тэдний гайхамшигт удирдагч нь Эзэн Богд байсан нь ойлгомжтой билээ. Эзэн Богд хаан бол Мөнх Тэнгэрийн оюун ухаанд төгс боловсорсон цоо мэргэн удирдагч байсан гэдэг нь тодорхой. Чингис хаан өөрийн өвөг дээдсийнхээ эрдэм чадлыг өөрийн хичээл зүтгэлээр өвлөн авч Мөнх тэнгэрийн оюун ухаанд төгс боловсорсон төдийгүй зовлон бэрхшээлээс үл айн өөрийн нөр их хичээл зүтгэлээр тэнгэрийн ивээлд орж Мөнх тэнгэрийн элчээр сонгогдсон гэдэг нь ойлгомжтой байна.
Ийнхүү нүүдэлчин монголчууд тэнгэрээс тамгатай хөх ардууд болж даян дэлхийд хүчирхэгжин “Мөнх тэнгэрийн хүчин дор наран мандахаас шингэх хүртэлх бүх ертөнц эв баясалд нэгдэхийн цагт бидний зорилго илт болно. Та нар Мөнх Тэнгэрийн зарлигийг сонсон ойлговч нэвтэрхийлэн мэдэж итгэхийг таалахгүй,манай газар хол, манай уулс бат,манай далай их хэмээн үзэж үүнд эрэмшин бидний эсрэг хөдөлбөөс бэрхийг хялбар,холыг ойр болгосон Мөнх Тэнгэр маань бидний юу мэдэх,юу чадахыг удирдан залах болноо” гэж Франкийн Людовик Ванд илгээсэн захидалдаа дурьдаж байжээ.Бидний мэдтүгэй гэсэн үг бол Мөнх тэнгэрийн зарлиг мөн болой. Ийнхүү та нарын бидэнтэй дайтах,найрамдахын алин болохыг бид мэдсүгэй гэж/12/ Мөнх Хааны хэлсэн үгнээс харахад ойлгомжтой.
Ийм л учраас бусдаас хүчтэй байж Хаадын Хаан болсон их эзэн Богдын морин дэл дээр дэлхийг тохинуулсан хичээл зүтгэлээр бүтээсэн бүхний их нууцыг 800 жилийн туршид үл ойлгон өнөөг хүрч нэг бол хараар будаж ,эсхүл гайхшран магтаж мянганы хүнээр хүртэл өргөмжилсэн боловч, үнэн нууцыг нь тайлах гэж оролдсоор түүхийн үнэнд тулж очсоныг монголын ба гадаадын эрдэмтэн мэргэдийн судалгаа харуулж байна.Энэ тухай оросын эрдэмтэн Л.Н Гумилев “ Монгол хаадын хувийн зан чанар эрмэлзлээр…13-р зууны аймшигтай сүйтгэлтэй дайн гарсан бус.Тэгж ярих нь наанадаж ард түмнийг гүтгэсэн хэрэг болно.Бидний хүсэл зоригоос гадуур оршиж байдаг тэр “үйлийн эрх”түүхийг хөдөлгөдөг бөгөөд энэхүү “үйлийн эрхээс” түүхийн зүй ёсны үйл явц бүрэлддэг юм/13/ гэжээ .
Үүнээс авч үзвэл Монголчууд зөвхөн өөрсдийн дур хүслээр энэхүү байлдан дагуулалтыг хийгээгүй гэдэг нь ойлгомжтой бөгөөд дэлхийчлэгдсэн амар амгалан төр улсыг байгуулах явдал гол зорилго байсан гэдэг нь ойлгомжтой юм.Тэр үүргээ биелүүлж хаа сайгүй олон жижиг улсууд хоорондоо үргэлжийн дайн тулаан хийж ард иргэд нь зовж байсан хар зууныг төвшитгөн, дэлхийгээ хар энергээс аварч, даян дэлхийн улс орнуудыг амаржуулж дэлхийчлэгдсэн том гүрнүүдийг байгуулсныг Жак Уотерфорд “Чингис хааны морьт цэргүүд 13- р зууныг туулахдаа тив дэлхийн хил хязгааруудыг өөрчлөн шинэчилсэн юм. Тэр хад чулууг бус улс үндэстнүүдийг бүтээн бий болгож байлаа.Чингис хаан олон жилийн туршид хаант улсуудыг нэгтгэн том хүчирхэг гүрнийг байгуулсан юм. Дорнот Европт Монголчууд славяны арав гаруй вант улс ,хотуудыг орост нийлүүлсэн.Зүүн азид зүүн талаараа манжуур дахь зүрчидийн нутаг,баруун талаараа Түвд болон говьтой залган тангуд улсыг,зүүн Туркестан Уйгарын нутагтай Сүн улсын үлдэгдлийг нэгтгэн гурван үеийн туршид хятад улсыг нэгтгэн байгуулсан юм.Монголчуудын тогтоосон хил хязгаарыг орчин цагт бараг хэвээр нь хадгалж хоцорсон Солонгос Энэтхэг улсууд үүссэн гэж бичжээ./14/Ийнхүү эдүгээ цагийн олон том гүрнүүд үүсэх эх үүсвэрийг тавьжээ.
Энэхүү хар зууны тухай нэрт жуулчин Марк Поло бичихдээ “яагаад гэвэл христос лалын бүх улсад айдас хүрэм эзэрхэг ёс,эмх замбараагүй байдал оршиж,амьд явна гэхэд хөрөнгө бүрэн, нэр төр бүтэн байнаа гэх баталгаа байхгүй ер нь аж төрөхөд маш хүнд байлаа. Их хааны улсад бол хууль,эмх журмыг чандлан сахиж байдаг тул гэмт хэрэг хийчихгүй л бол туйлын амар тайван сууж болно” гэжээ /15/.
Монголчуудын байлдан дагууллыг Л.Н. Гумилев өрнө дорны түүхчид хараар будаж хар домог болгон гүтгэж байсныг няцаасан юм. Л.Н Гумилев агсаны хэлээд байгаа тэр “үйлийн эрх” гээд байгаа нь монголчуудын хэнээс ч үл хамаарах газар дэлхийд үүрэх сүнсний үйл тавилан, зурхайг нь хэлсэн гэж ойлгож болох юм.
Буриадын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн доктор Ш.Цыденжапов “...Чингис хаан бол өөрийн үндэстний оюун санааны эцэг болж гол бөөгийн үүргийг гүйцэтгэж байв .Мөн түүний өвөг дээдэс нь бөө нар байсныг ч төрсөн төөрөг тавиланг ч үзэж аугаа их хаан болох тавилантайг нь тодорхойлж байсан” гэжээ /16/.
Залуу судлаач Мөнх Тэнгэрийн академийг үндэслэгч доктор Г.Гэрэлбаатар өөрийн судалгаандаа Эзэн Богд хааныг Мөнх Тэнгэрийн монотеист шашныг үндэслэгч гэж үздэг байна.
Мөнх тэнгэрийн үзэл санаа сургааль 13-р зуунд хүчээ авч , бусад улс орон ард түмнүүдийн шашныг хүндэтгэн тэдэнтэй тэрсэлдэж, шашны дайн сөргөөлдөөн хийж байсангүй харин ч эв найртай оршин байхын үлгэр жишээг монголын эзэнт гүрний түүх харуулдаг .Шашны талаар баримтлах энэхүү үзэл баримтлал нь олон шашны дайн сөргөлдөөн үргэлжилсээр буй өнөө цагт ч чухал ач холбогдолтой хэвээр байна. Дэлхийн өндөр хөгжилтэй гэгдэх улс орнууд ч шашны сөргөлдөөний асуудлыг шийдвэрлэж чадалгүй өнөөг хүрч шашныг улс төр, үзэл суртлын сөргөлдөөндөө ашигласаар байна.Энэ бүхнийг шийдвэрлэж 5 өнгийн 43 улс орны зуу зуун сая ард түмнийг нэгэн дээвэр дор нэгтгэн амиржуулсан Тэнгэр үзэл үнэхээр гайхамшигтай. Эдүгээ соёлт ертөнц гэгдэгч улс гүрнүүд Эзэн Богдоос сурах зүйлс асар их ажгуу.Энэ бүхэн Тэнгэр шүтлэг гэдэг ямар агуу тэнгэрлэг дээд үзэл санаа байж вэ гэдгийг нотлон харуулж байна.
Гэтэл өнөөдөр 2.7 сая хүн амтай Монгол гэдэг жижиг улс тогоон дотроо өтөж, хэл амаа олохоо больж ард түмнийхээ сэтгэлийг ч амирлуулж чадахгүй байгаа нь тэнгэр үзлээсээ салсны хар гай юм. Хүчирхэг явсан монголчуудыг тэнгэр үзлээс нь салгасан харийн колоничлогчдын улс төр, үзэл суртлын нөлөөгөөр сүүлийн 400 гаруй жил монголчууд Тэнгэрээ хаалган тэнгэрээсээ төрийн хэмжээнд салж холдсон боловч монголчуудын зүрх сэтгэл, зан заншлаас нь салгаж чадалгүй өнөөг хүрчээ.Эртний эмгээс үүссэн бөө мөргөл,тэнгэр үзлийн ёс заншил болох Тэнгэрээ шүтэж залбирч, сүү цайныхаа дээжийг өргөх, уул усаа тахих ёс заншлыг ямар ч улс төр, үзэл суртал оргүй арчин хаяж чаддаггүйг монголчуудын амьдрал харуулж байна. Монголчуудын яс мах цусанд нь шингэсэн өвөг дээдсийн удамшил тэнгэрийн тамга болох хөх толбыг ямар ч хүчин устгаж үл чадах ажээ.
Оюун билэгт оршихуйн эрдэмд төгс боловсорсон өвөг дээдэс минь бөө мөргөлийн хүчээр ийнхүү билэг болох тэнгэрээс оюун санаагаа авч, эх дэлхийгээсээ ахуйгаа бүрдүүлж арга билгийг хослуулан тэнгэр газартайгаа арга билгийн ёсоор зохицон нэгдэж оршихуйн гайхамшгийг бүтээжээ. Монголчууд Мөнх тэнгэрийг хамгийн дээд оюун ухаан гэдгийг ухааран ойлгож, хүлээн авч, харилцаж Мөнх тэнгэрийн цогц сургаалийг бүрдүүлж дагаж мөрдөж иржээ .Нэг үгээр хэлбэл Мөнх тэнгэрийн гүн ухаанд буюу сургаальд нь боловсорч,тэнгэртэйгээ нэгдэж , орчлон ертөнцийн зөв амьдран оршихуйн зүй тогтлыг нээж түүнийг даган мөрдөж хүчирхэг төр улсаа байгуулж үндэстэн угсаатнаа хүчирхэг болгож дэлхийчлэн амьдарч чадсаныг түүх гэрчилнэ.
Монголын нэрт эрдэмтэн Эйнштейний шагналт шинжлэх ухааны гавьят зутгэлтэн доктор профессор О.Лхагва“...Монгол туургатны өвөрмөц танихуйн өрнөлөөр цэгцрэн хөгжсөн эрдэм ухаан бол Мөнх Тэнгэр билээ. Нүүдэлчдийн өвөрмөц танихуй хийгээд соёл нь Мөнх тэнгэр цогц эрдмийг бүрдүүлжээ.Мөнх тэнгэр эрдмийн өндөрлөг дээр их талд эзэнт гүрнүүд удаа дараа үүсэн мандсан нь үнэн буюу туршлага мөн.Чингис хааны оройн дээд эрдэм ухаан бол Мөнх тэнгэр байсныг хэн хүнгүй л мэднэ. Мөнх тэнгэр нь орчлон байгаль ухаарахуйн амь нэгсэхүйд суурилан тэрлэсэн өвөрмөц эрдэм ухаан. Энэхэн ялдамд байгаль эхээс хол хөндий дан нийгэм,шашин суртлын үүднээс эл эрдэмд ханддаг дэндүү хөнгөн хуудмаг харалган үзлийг халах цаг нэгэнт болсныг хэлмээр байна. /17/
Шинжлэх ухаан болон дорнын гүн ухаан тэргүүн шугамд ид ойртон зарим цагт шүргэлцэж байгаа. Мөнх тэнгэр эрдмийг орчлонгийн ил ба далд оршихуйн шүтэн багцрах тавилан зүйд нийцүүлэн өргөтгөн шинэтгэж хөгжүүлэх цаг тулж ирлээ. Энэ бол монголчууд бидний даруй судалж шийдвэл зохих Чингис хаан судлалын тулгамдаж буй асуудал мөн. Монголчууд бидэнд эх байгаль өвөг дээдсээс уламжилсан заяаны зөн мэдрэхүй зан үйлийн ил ба далд өв сан хадгалаатай бий. Тиймээс их талын эсгий туургатны эрдэм Мөнх тэнгэрийг дэлгэрүүлэн тайлах хөгжүүлэх тавилан бидэнд заяажээ./18/гэж бичжээ. Ийнхүү дэлхийд данстай их эрдэмтэн О. Лхагва Тэнгэр үзлийг квант физик синергетикийн онолын үүднээс судлаж эрдэм ухааны бүтээл туурвилаа хийсээр байна.
13- р зууны монголчуудын шүтлэгийн зарим чухал зүйл Ордос дахь Чингисийн шарил хэмээх Алтан дэвтэр бичигт нилээд хэмжээгээр тусч үлджээ. С.Д.Дылыков “Эзэн Хороо” өгүүлэлдээ Алтан дэвтрийг тодорхойлж хуучин тооллын жил бүрийн 3 сарын 21 нд Чингисийн сүлдийг тахих Их тайлга дээр уншдаг бөө мөргөлийн маягийн судар болох бөгөөд тэнгэр газар наран саран Чингисийн сүлдийг урин дуудаж тахих зан үйлийн зүйл голчилж оржээ.Мөнх Хөх тэнгэрт 99 гүүний сүүгээр 81 цацал өргөдөг” гэжээ /19/
Чингис хаан бөө мөргөлийг монголын төрийн албан ёсны мөргөл болгов.Тэнгэр ба хаан хоёрыг төрийн эрх мэдлийн хоёр үндсэн эх сурвалж мөн гэж үзсэн нь тодорхой.Хаан нь гагцхүү тэнгэрийн хүчинд шүтэн гагцхүү тэнгэрийн хүчээр төрийн үйл хэргээ явуулж гагцхүү тэнгэрийн таалал,зоригийг хэрэгжүүлнэ./20/
Ийнхүү монголчуудын бөө тэнгэр шүтлэг Эзэн Богдын үеэс хүчээ авсан нь Монголчууд Мөнх тэнгэрийн ивээлд орж Чингис Хаан тэнгэрийн элчээр сонгогдон тэнгэрийн зарлигаар явж тэнгэрийн санааг гүйцэлдүүлж, хар нийгмийн эрин зууныг гай зовлонгоос авран үнэн шударгыг тогтоож, монголчууд төдийгүй хүн төрөлхтнийг амаржуулан энх тайвныг тогтоох тэнгэрийн элчийн үүргээ хатамжин биелүүлсэнтэй холбоотой гэж үзэж болно . Эзэн Богдын үеэс Тэнгэр хэмээх ойлголт улам бүр гүнзгийрэн хөгжиж ертөнц дахины хувь заяаг шийдвэрлэх ер бусын ид шидэт Тэнгэр хэмээх дээд хүчний тухай бүхэл бүтэн сургаал номлол буй болжээ гэж хэлж болно. Монгол хаад ийнхүү тэнгэр доорхи бүхнийг нэгтэх нэг үгээр хэлбэл дэлхийчлэх бодлого явуулж түүнийгээ тэнгэрийн зарлиг хэмээн амьдралд хэрэгжүүлэн Ази Европийн ихэнх хэсгийг хамарсан”РАХ Мongolia” буюу ”Монголын энх амгалан “гэдгийг тогтоосон юм.
Дэлхийн эзэнт гүрнийг байгуулах тухай Монголчуудын тэрхүү үзэл баримтлал ёсоор бол дэлхий дахиныг захирах онцгой эрхийг Чингис хаанд мөнх тэнгэр олгосон байна.Монгол хаадын төрийн тамганд Мөнх Тэнгэрийн хүчин дор,Их монгол улсын далай хааны зарлиг” Ил булга иргэн дор хүрбэсү Биширтүгэй аюутугай гэжээ”/ 21/ Энэ тухай оросын эрдэмтэн Л.Н.Гумилев “хар домог “зохиолдоо “тэнгэрээс татар нарт хүч заяаж,манай орныг ялах хишиг хүртээснийг армян ,гүржийн мэргэн ноёд мэдээд номхрон захирагджээ.” гэж Армяны олон христосчуудын саналыг илтгэн Григор Акнерцийн дурдсаныг иш татжээ. /22/
Мөнх хаанаас Францын Луй ханд илгээсэн захидалдаа “мөнх тэнгэрийн зарлиг”тэнгэрт ганц Мөнх тэнгэр, газарт ганц эзэн Чингис хаан,тэнгэрийн хөвгүүн.. гэж дурдаад, хэрвээ биднийг дагахыг хүсвээс элч нараа илгээж зохилдох,дайтах эсэхээ мэдэгдэхтүн! Мөнх тэнгэрийн хүчин дор наран ургахуй газраас наран шингэхүй хүртэлх бүх улс орон амаржин зохилдох цагт биднийг чухам юу хийхийг мэдтүгэй. Хэрвээ та нар Мөнх тэнгэрийн зарлигт үл итгэн бидний эсрэг цэргүүдээ довтолговоос юу хийхээ бид мэдсүгэй.Бэрх бөгөөд хялбар хол бөгөөс ойр болгодог ганц Мөнх тэнгэр мэдтүгэй,, хэмээжээ /23/
Энэ бүхнээс үзвэл Эзэн богд хаан өөрийн дур зоригоор дэлхийг эзлэх гэж улс гүрнийг дайлсан бус харин тэнгэрийн зарлигаар хийжээ гэдэг нь тодорхой байна.Үүнийг монголын хаадаас Европын зэрэг улс орнуудад илгээсэн зарлиг захидал бичгүүд нотлон харуулдаг.
Л.Н Гумилев Монгол хаадын хувийн зан чанар эрмэлзлээр 13-р зууны аймшигтай сүйтгэлтэй дайн гарсан бусаа.Тэгэж ярих нь наанадаад ард түмнийг гүтгэсэн хэрэг болно.Бидний хүсэл зоригоос гадуур оршиж байдаг тэр”үйлийн эрх” түүхийг хөдөлгөдөг бөгөөд ,үйлийн эрхээс,түүхийн зүй ёсны үйл явц бүрэлддэг гэжээ/24/ Үүнээс үзвэл монголын байлдан дагуулал гэгч тэнгэрийн санаа байсныг алдарт эрдэмтэн төвөггүй ойлгожээ.
Монголд тэнгэр шүтлэг нь 13-р зуунаас хойш буурал ба задралын үедээ орсон гэж гэж бөө судлаач нэрт эрдэмтэн Ч.Далай О.Пүрэв нар үздэг нь үндэслэлтэй юм. Аливаа шашин шүтлэг бол улс үндэстэн ард түмнүүдийн ертөнцийг үзэх үзэл, тухайн үндэстний оюун санаа болон соёлтой салшгүй холбоотой үүсч буй болсон нийгмийн ухамсрын хэлбэр байдаг. Монголчуудын ертөнцийг үзэх үзэл нь бөө мөргөлөөс үүсч ардын аман зохиол үлгэр туульсад тусгалаа олж ердийн ухамсрын түвшнээс халин гарч нийгмийн ухамсрын олон хэлбэрт шилжин нийгэмдээ үйлчлэн оршин иржээ. Монголын нүүдлийн соёл иргэншилтэй хамт үүсч буй болсон бөө мөргөл нь өөрийн гэсэн гүн ухаан ёс заншлыг агуулсан эртний монголчуудын ертөнцийг үзэх үзлийн цогц хэлбэр болж байв.
Бөө мөргөл нь онгон шүтэх,газар усыг шүтэх,гал болон амьтдыг шүтэх зэргээс улмаар халин гарч Тэнгэр хэмээх ойлголтонд байгалийн харагдаж үзэгдэх болон үл үзэгдэх бүх юмсыг хамруулан шүтэх болжээ.Бөө мөргөлд Мөнх тэнгэр болон олон арван тэнгэр, сүнс,онгодуудтай нөхөрлөн харилцдаг хүнийг бөө,зайран удган гэж нэрлэх болжээ.Монголчууд ийнхүү мөнх тэнгэр шүтлэгтэй улс үндэстэн байж өргөн уудам газар нутаг дээрээ нүүдэллэн хүчирхэг төр улсаа байгуулж зуу зуундаа амьдарч хүчирхэг явсан түүх нь манжийн колоничлолын үе хүртэл үргэлжилсэн байдаг..
Буддын шашин монгол оронд эрт дээр цагаас Хүннү Сянби нарын дунд ч хожим хойно ч олигтой дэлгэрч чадалгүй явсаар 16-р зууны сүүл үеэс шарын шашны хэлбэрээр дэлгэрч эхэлсэн нь харь гүрний улс төр,үзэл суртлын бодлоготой шууд холбоотой байсныг түүх гэрчилнэ. Шарын шашныг төрийн шашин болгох гэсэн үйл явц шулуун дардан байсангүй. Монголчуудын уугуул шүтлэг болох бөө мөргөлийн эсэргүүцэлтэй тулгарч төрөөс нэг ёсны бөө мөргөлд дайн зарлаж ,хатуу хууль гарган бөө шүтэхийг хориглож бөө нарыг олноор нь алж устгах шатаах зэрэг хүчирхийллийн аргыг хэрэглэж дарсан байдаг.
Монголд шарын шашин дэлгэрүүлэх үйлсийг манжийн турэмгийлэгчид зүйл бүрээр хөхүүлэн дэмжиж монголыг манжаас хараат феодлын төр засгийг тогтоон барих монголчуудыг оюун санааны хувьд боолчлоход ашиглаж ирсэн нь түүхэн үнэн юм. Манж нар Галданбошигт тэргүүтэй Зүүн гарын хаант Улсыг нухчин дарж эх орончдыг хэрцгийлэн хэдэн зуу мянгаар нь устгасныг түүх гэрчилнэ.Манж Чин улсын дарангуйллын бодлогын үрээр хүрээ хийд лам нарыг олшруулах явдлыг элдвээр хөхүүлэн дэмжиж эрэгтэйчүүдийн 40 гаруй хувийг хүрээ хийдэд шавилан суулгаснаар монголын хүн ам 20-р зууны эхэн гэхэд хагас сая гаруй болж монголчууд мөхөж буй улс үндэстний тоонд орох болсон байна.
20-р зууны эхэн үед лам нар хөрөнгөжин баяжин, шалиг завхай амьдарч байсан нь шарын шашны ялзрал доройтлыг харуулдаг.Тэр үеийн монголын нэрт сэтгэгч В.Инжинаш монголчуудыг бурхны шашнаар мунхруулж номхон хүлцэнгүй болгох хүн амыг цөөрүүлэх гэсэн Манж чин улсын бодлогыг илчлэн “..шашныг нэн эрхлэх ч буруу,цэрэг төрийн албыг ч цалгардуулан нэн энхжих ч бас буруу энэ хоёр хоёулаа сөнөхийн шалтгаан болдог” гэжээ /25/
Б. Инжинааш Монгол үндэстнийхээ сэргэн мандсаныг бурхан шашинд ороогүй үетэй, монгол үндэстнийхээ доройтон буурсаныг шарын шашин дэлгэрсэн үетэй холбон үзэж, чухамдаа дэлхийн тэргүүний хөгжилтэй улс үндэстнээс хоцрон сүүлдсэний нэг шалтгаан шарын шашин мөн гэж үзэж байв. Б.Инжинааш олон тооны сэргэлэн цовоо хүүхэд багачуудыг лам болгож зөвхөн түвд ном уншуулж монгол бичиг үсэг сургах явдлыг цээрлэж байсныг эрс эсэргүүцэн буруушааж, залуучуудын сурч мэдэхийн замыг хаасан нь туйлын буруу,монголчууд түвд номоор онол ухааныг ухна хэмээгч өдрийн од шөнийн солонго мэт цөөн” гэж бичиж байв.
20-р зууны нэрт эрдэмтэн Ч.Дандаа /Ч.Дэмчиг дорж/ Шарын шашныг хязгаарлан гагцхүү бурхны сургаал л байвал болов гэдгийг буруушаан бусад олон янзын сургаал соёлыг үл ойшоон үзэхгүй байж болохгүй гэж байв.Ц.Дандаа ийнхүү ”Манай хүмүүс зөвхөн шарын шашныг эрхэмлэн шинэчлэгдэхийг эс хүсвээс сөнөж мөхөхөд хүрнэ “ гэжээ/26/Монгол орон ийнхүү шарын шашин дэлгэрсэн 400 гаруй жилд орчин цагийн соёл боловсролоос асар их хоцрогдсон орон болжээ.
Ийм ч учраас өвөг дээдэс маань үндэснийхээ тусгаар тогтнолын төлөө 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалаар манжийн түрэмгийлэгчдийг хөөн зайлуулжээ.Монгол улс тусгаар тогтнолоо олсон авч 1915 онд Орос ,Монгол, Хятад гурван улсын гэрээгээр Монголын тусгаар тогтнолыг хязгаарлаж, тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсын бүрэн эрхт байдал Хиагтын гурван Улсын гэрээгээр цуцлагдан хязгаарлагдаж Хөрөнгөтний Дундат иргэн Улсын хэмжээт эзэрхийллийн дор Гадаад Монголын Автономит улс болсон юм. Монголын ард түмэн дахин эрх чөлөөнийхөө төлөө босч 1921 оны ардын хувьсгалыг ялалтанд хүргэж, улмаар БНМАУ-ыг 1924 онд тунхагласан билээ.
Зөвлөлт Орос Улс Коминтерний нөлөөгөөр шашингүйн үзлийг тунхаглах болж монголчуудын оюун санаанаас шарын шашныг таягдан хаяж ,олон зуун мянган лам нар, алтан ургийнхан,хуучны сэхээтэн, цэргийн эрхтнүүдийг хэлмэгдүүлжээ.Шарын шашныг коммунизмын үзэл санаагаар сольж 70 жилийн нүүрийг үзэв.Ийнхүү монголчууд харийн колоничлол,шашин улс төрийн нөлөөнд хавчигдан хэлмэгдсэний дээр социализмын үед ч монгол үндэстний уугуул шүтлэг бөө мөргөлийг хоцрогдсон бүдүүлэг хүй нэгдлийн гэж үзэж байв.
Гэвч үүгээр дууссангүй 1990 оноос ардчилал дэлгэрч шүтэх бишрэх эрх чөлөөг тунхаглаж шарын шашин дахин сэргэж,манжийн үед жалгын нэг байсан сүм хийдийг сэргээн босгож хөрөнгө мөнгийг хайрлахгүй цацаж 200 гаруй сүм хийд олон мянган лам нартай болжээ.Шарын шашин сэргэж “..лам болж ташаа захтай дээл өмсөж орхимж нөмрөн эрх хүзүүндээ зүүсэн банди нарын дотор архины шим,нүглийг үзсэн хүмүүс цөөнгүй байдаг.Хүрээ хийдийн зах зухыг урд бага зэрэг үзэж ном заалгаж байгаад хар болж,ан агнаж байсан зарим хүмүүс ч лам нэр зүүж эдүгээ эдийн шуналд автагдаж олз олох зорилгоор бурхан шашныг ашиглаж байдаг хүмүүс ч байдаг бололтой гэж академич агсан Б.Ширэндэв гуай бичиж байв./27/
1990 оноос хойш шарын шашин хүчтэй дэлгэрсэн боловч монголчуудын ёс суртахуун урд өмнөхөөс илүү доройтож гэмт хэрэг зөрчил ихсэж, буян нүглээ ялгахаа больж, хулгай дээрэм ,архидалт ,янхандалт газар авч эдийн засгийн болон төрийн өмчийг шамшигдуулах тендер төсөл нэрээр татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийх, авилга хээл хахууль, алт эрдэнэс ухаж, газар шороогоо ухан харь гүрэнтэй нийлж өнгө мөнгөний хойноос хөөцөлдөж, байгаль орчноо хохироох үзэгдэл хэрээс хэтэрч түүнийг дэмжсэн үзэл суртал улс төрийн бодлого ноёрхжээ.Энэ бүхнээс авч үзэхэд манайд зонхилох шашны байр суурь эзэлдэг шарын шашны нэр нөлөө хир байгааг харахад ойлгомжтой.Харин ч газар шорооны ажилд нь очиж ус лусыг аргадаж явдаг болжээ. Эдүгээ манай оронд хоёр зуу гаруй буддын ,хэдэн арван христийн сум, лалын болон бахай, язу тарнийн сүм хийдүүдтэй болжээ.
Монгол улс олон нам эвсэл холбоодод хуваагдаж сонгуулийн үед хоорондоо хэрэлдэн сонгуулийг гул болгож ,сүүлдээ зэвсэг хүртэл хэрэглэж, хүний аминд ч хүрэх болов. Хэдэн мянган ТББ тай болж үзэл суртал, улс төрийн хувьд монголчууд нэгдмэл чанараа алдаж шуудайд хийсэн үхрийн эвэр мэт болж олон үзэл суртал, улс төрийн урсгалтай болж салж бутран эв нэгдэлгүй болж хэрүүл уруул ,хэл ам нүүрлэсэн улс болов.
Хэдийгээр бид социализм коммунизм гэдэг харь үзлийн золиос болж үндэсний үзэл соёл ёс заншлаасаа холдсон боловч Төрийн Тусгаар тогтнолоо олж, ард иргэд нь орчин цагийн соёл боловсролтой болж , сургууль соёл ,шинжлэх ухаан техник ,үндэсний аж үйлдвэртэй орчин цагийн улс болж, хүн ам нь хагас саяас 2,7 саяд хүрч сэргэн мандаж ирсэн ололтыг хараар будах нь хэнд ашигтайг бодож үзэхэд илүүдэхгүй. Бид түүхийн аль ч үеийг дүгнэн цэгнэхдээ Монгол улсын тусгаар тогтнол,үндэсний эрх ашиг, хүн ардынх нь аж амьдрал, хөгжил дэвшилтэй ь холбож үзэх нь зүйтэй юм.Гэтэл Монгол Улс төрийн тусгаар тогтнолоо олж сэргэн мандсан 70 жилийн түүхийг арчин хаяж, ардчиллыг хэт дөвийлгөх гэсэн оролдон өнгөрсөн түүхээ харлуулах оролдлого гарсаар байгааг харь гүрний улс төр үзэл суртлын бодлого гэж хэлэхэд хилсдэхгүй.
1990 оны Ардчилсан хувьсгалаар нийт ард түмний төлөө байгуулж байсан социалист дэглэмийг нурааж, чөлөөт зах зээлийн үзэл санаа, амин хувиа хичээх арчаагүй үзэл ноёрхож, хүний эрх гэгчээр бамбайлан олон шашин дэлгэрч, дур зоргоороо дургиж, ардчилал бус анархизм дэлгэрэв.Монголд өнөөдөр ардчилал хэнд үйлчилж, намууд хэний төлөө тэмцэлдэж байгаа нь ойлгомжтой байна. Монгол гэсэн нэгэн улсыг хэдэн арван намд хувааж эв нэгдэлтэй хүчирхэг улс болох чадварыг нь алдагдуулжээ.Өнөөгийн монголчуудын оюун санаа ийнхүү олон шашин,соёлын нөлөөнд хүчтэй автагдаж харийг зохиомлоор дууриах,өнгө мөнгөний хойноос хэт шунан хөөцөлдөж, үндэсний олигархи цөөн тооны баячуудтай ч болж, тэд засгийн эрхэнд мөнгөөр гарч ирдэг болов.
Ийнхүү монголчууд үзэл суртал, улс төрийн хямралд орж , авилга хээл хахуулд автагдаж, монгол оронд үндсэн хуулинд заасан шудрага ёс, тэгш эрх, үнэн,шудрага ёс гэгч хоосон цаас болж, монголын ард түмний бум түмэн жилээр уламжлагдан ирсэн оюун ухаан, эрдэм мэдлэгийг дээдэлдэг ёс заншил, оюун ухаан ,ёс суртахууны үнэт зүйлс алдагдаж, үндэсний соёл, зан заншил мартагдан өнгө төдий болжээ. Өнөөдөр бид эцэг өвгөдөөс уламжлан ирсэн Тэнгэр шүтлэгээ хаяж гээсний харгайгаар байгаль орчинтойгоо зүй бусаар харьцаж хүн малын амьдрах орчин бохирдож,байгал экологийн сүйрэл нүүрлэж, хүн амын 40 шахам хувь нь ядуурч дэлхийн ядуу ,буурай хөгжилтэй орны нэг болжээ.
Монголчууд бидэнд оршин амьдрах эх нутаг, цэвэр цэнгэг агаар, ус, таван хошуу мал сүрэг, тайван амгалан амьдрах амьдралын баталгаа чухал байна.Ард түмний сайн сайхан амьдрал өнөөдөр эх орон ,газар шороогоо хайрлахаас эхэлнэ гэж хэлж болно. Гэвч зөн билэгт монголын ард түмэн энэ бүхнийг зөн билгээрээ сэрэн мэдэрч монголоо гэх соёлоо дээдлэх эх оронч үзэл санаа монголчуудын оюун санааг эзэмдсээр байна.Эцэг өвгөдөөс уламжилсан шүтлэг бишрэл үндэсний соёлоо дээдэлж явсан үедээ монголчууд хүчтэй байсан нь түүхэн үнэн билээ.
Монголчууд оройдоо дээдлэж ирсэн Үнэн Шудрага ёс Мөнх тэнгэрийн эрдэм ухаан уланд гишгэгдэж , ард түмний төр засагтаа итгэх итгэл алдарчээ.Их Эзэн Богд хаан мину бидний өвөг дээдсийн хамт үнэн шударгууг монголд төдийгүй дэлхийд тогтоож чадсаныг дэлхийн түүх бэлхнээ харуулдаг. Өнөөдөр дээд тэнгэрт байгаа өвөг дээдсийн сүнс онгод амирлахаа больж монгол улс үр хойчистоо сэтгэл нь зовж үр ач нартаа залран буух болжээ.
Ийнхүү харийнхан тэнгэр үзлийг маань шарын шашнаар хааж, олон зуун жил өнгөрсөн боловч монголчуудын өвөг дээдсийн удамшуулсан хөх толбо яс мах цусанд нь шингэснийг эдүгээ төрөн гарч байгаа бөө улаачид харуулж байна. Үүнийг залуу судлаач Д.Бум- Очир галзуурал биш гэж бичсэн байдаг. Ийнхүү бөө удгад олноор төрж, өндөр дээд онгод өвөг дээдсийн сүнс залран бууж буй нь эрин цагийн тэнгэрийн дуудлагатай салшгүй холбоотой бөгөөд Монгол улс болон хүн төрөлхтөн эх дэлхий сүйрлийн ирмэгт байгааг сануулж байна.
Гэвч бас л дайны хажуугаар дажин гэгчээр овжин зальтай хуурамч бөө удгад өвөг дээдсийн өв, гайхамшигт шүтлэг бөө мөргөлөө гутааж, өнгө мөнгөний хойноос хөөцөлдөн бизнесийн арга хэрэгсэл болгон баяжиж, мөнгөжих хар сэтгэлдээ ашиглах явдал ч дэлгэрч үндэстнийхээ ариун шүтээнийг гутаан нэр хүндийг нь унагаж байгаа бусармаг явдал эцэслэх цаг ирэх буйзаа.
Сүүлийн 20 жилд ардчилал зах зээлийн замаар орлоо гэж баярлан бахдах боловч буруу замаар будаа тээж монголчуудын эв нэгдэл задарч,олон толгойтой могойн үлгэрээр орж эх нутаг, тусгаар тогтнол алдагдахад хүрч, монголын ард түмэн оюун санаа, үзэл суртал, ёс суртахууны доройтолд орж, экологийн сүйрэл нүүрлэснийг ухамсарлан ойлгох болжээ.
Иймд Мөнх Хөх Тэнгэр, Эх дэлхий газар шороо цэнгэг агаар, уул ус, гол мөрөн байгалаа амьтай гэж шүтэн биширч ирсэн тэнгэр шүтлэгээ сэргээх нь хүн төрөлхтөнд гариг эрхэс, байгаль экологийн сүйрэл нөмөрсөн өнөө үед юу юунаас илүү амин чухал асуудал болж байна. .Эх дэлхийн цэвэр усны сав ундрага болох монгол орныг байгал экологийн сүйрлээс аврахгүйгээр дэлхийг аврах боломжгүй юм гэдгийг өвөг дээдэс, Аянгат удган минь сануулсаар байна.
Түүхээс авч үзэхэд монголчууд Тэнгэрээ шүтэж үндэсний соёл зан заншлаа дээдэлж явсан үедээ хүчтэй байсан нь түүхэн үнэн билээ.Ухаант мэргэн өвөг дээдсийнхээ үгийг сонсож монголын соёл өв уламжлалаа дээдлэн амьдрах нь монголчуудын язгуур эрх ашиг мөн. Цагийн аясаар жам ёсоороо эргэн ирж буй язгуурын Монгол Тэнгэр Шүтлэг монгол орноо ,эх дэлхийгээ аврах цорын ганц арга зам болж байгааг ухаарах цаг ирлээ. Энэ бол тэнгэрийн дуудлага ,эх дэлхийн дуудлага, өвөг дээдсийн минь дуудлага гэдгийг хөх толбот тэнгэр заяат монгол хүн бүр сэрэн мэдэж , эх орноо экологийн болон нийгэмийн сүйрлээс аврах нь чухлыг ойлгох цаг болжээ.
Монгол түмэн, монгол туургатны оройн дээд шүтээн болсон Их Эзэн Богд Чингис Хаан мину онгодоороо эх болсон Монгол улс, хөх ардууддаа, шинэ мянганыг эхлүүлэх гайхамшигт Аянгат удгандаа заларч айлдвар сургаалиудаа тунхаглаж байна. Мөнх хөх тэнгэр Монголыг дахин ивээлдээ авч, шинэ мянганыг тохинуулах,Монгол орон, Эх дэлхийгээ аврах Тэнгэрийн элчээр Их Эзэн Богд мину дахин сонгогдож Монгол Улс сэргэн мандах түүхийг эхлүүлж байна. Тэнгэрийн цаг ирлээ.
Мөнх хөх тэнгэр ивээх болтугай .Аюутугай Дагатугай Биширтугэй
Ашигласан ном зохиол
1. Эртний шүтлэг.Монголын соёлын түүх.тэргүүн боть УБ 1999 он 279,280-р тал
2. Жиованни дел Плано карпини.Монголчуудын түүх ильом де Рубрук Дорно этгээдэд зорчсон минь УБ 1988 он16-р тал
3. Н.Ишжамц Монголд нэгдсэн төр байгуулагдаж феодализм бүрэлдэн тогтсон нь УБ 1974 111-Р тал
4. Пэн да я И Сюи Тин ,,Краткие сведения о черных татарах,,Журнал проблемы востоковедения,, номер 1960 143-р тал
5. Н. Ишжамц Монголд нэгдсэн төр байгуулагдаж феодализм бүрэлдэн тогтсон нь УБ 1974 112”р тал
6.мөн тэнд 113 р талд
7.ТҮ.Өлзий бөөгийн тэнгэрийн бүтээвэр сэтгэц Тэнгэрлэг бөө.сэтгүүл 2011 он 9 дугаарт
8.Л.Дашням Тэнгэризм ба монголчууд 2011 Улаанбаатар хот 2011 он 140 -р тал.
9.Д.Бумочир Тэнгэрлэг бөө.сэтгүүл 2011 он 2 сар
10. Н.Ишжамц Монголд нэгдсэн төр байгуулагдаж феодализм бүрэлдэн тогтсон нь 1974 121-р талд
11. Жак Уотерфорд Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан 2011 УБ 30-р тал
12. Гильом де Рубрук Дорно этгээдэд зорчсон минь.УБ 1988 он 213-р талд
13. Л.Н.Гумилев А.И Куркчи Хар домог 1992 он 88-р тал
14. Жак Уотерфорд Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис Хаан 2011 УБ 18 –талд
15. Л.Н.Гумилев А.И Куркчи Хар домог 1992 он 81-р тал.
16. Ш.П.Цыденжапов Чингис Хан Улан Уде 1990 71-р талд
17. О.Лхагва Хумхи ертөнцийн квант жам УБ -2011 он 210-р тал
18.О.Лхагва мөн тэнд 211 –р талд
19.СД.Дылыков Эджен хороо Филология и история монгольских народов М..1958 с. 229 \
20. Ш.Бира Монголын тэнгэрийн үзэл ба тэнгэрчлэл. Тэнгэризм ба монголчууд УБ 2011он 65-р талд
sain bna bicheed bgaarai ! amjilt xusii !
ReplyDeletezaluuchuudad xandaxad: xux munx tengeriin talaar,buugiin talaar medexgui bol exleed nom soningoos internetiin site-s unshij medeelel awaarai,daraa n setgegdlee bich !!! uchir n am aldwal barij boldoggui bilee l.
sain baitsgaanuu nz n ta nariin ene hiij baigaa zuiliig demjij bna.buh бөө nariin tuhai gargaj bichij baigaarai тэнгэрүүд нь хүчтэй,улаач нар нь эвтэй байгаасай gej bodj yawdag yum.hundetgesen ULAACH.
ReplyDeleteChuhal niitlel bn. Demjij bn. Amjilt husii
ReplyDeleteuneheer buteelcheer hudulmur gargaj niitelsen niitlel bolj amhilt husii
ReplyDelete