Салгалан байж автобусанд орж ирэхэд
Санаа тавьж туслах хүн байсангүй
Үрчийж хорчийсон нүүрэнд нь
Өнгөрсөн амьдралын зовлон бичигджээ
Өмсөж зүүсэн хувцас гутал нь
Өөрөөс нь ч дор элэгдэж хуучирчээ
Бээрсэн гараа хөөрхий тэр өвөө дулаацуулахаар
Бээлийгээ тайлаад үрчиж байлаа
Бээвийсэн тэр өвөөг хараад үнэндээ би өрөвдөв
Бэтгэрсэн сэтгэл минь хөндөгдөж өвөөгөө би дурслаа
Өндөрт өргөөд асарч сувилах
Үр хүүхэд, ач зээтэй болов уу энэ өвөө
Өөрөөс нь өөр мод цуглуулаад
Өвлийн хүйтэнд өглөөгөөр явах хүн байгаа болов уу
Ямар үйл хийсэн гэж өвгөд буурлууд
Ясаа ч амраалгүй өөрийгөө зовоон явна вэ
Үйлийн үр нь ямар ч бай
Үр хүүхэд нь хуваалцах ёстой бус уу
Өвгөд буурлуудаа бид ингэж асардаг болсон уу
Өнөө хүмүүнлэг, иргэний нийгэм гэдэг энэ үү
Настан буурлууддаа бид ингэж санаа тавьдаг уу
Найртай сайхан жаргуулах ёстой бус уу
Хөрстөд хийх үйлээ гүйцсэн л баймаар даа
Хөөрхий тэр өвөө юунд ингэж явна вэ
Ач зээгээ тойруулаад
Алаг үрсээрээ хүрээлүүлээд
Хүндлэл хайраар өлгийдүүлээд
Хөөр баяртай жаргаж суух ёстой биш үү
Өвгөд буурлууд үл хүндлэгдэж
Үг сургаал нь үнэ цэнэгүйдэж
Аав ээжээ үрс нь асрахаа больж
Алт мөнгийг тэргүүнд шүтэх
Хар нийгэм гэдэг энэ үү
Харалган болсон нь бидний Монголчууд уу
Ээж ааваа хүндлэх нь
Эгнэгт сахих ёс биш үү
Эцэг өвгөдөө шүтэх нь
Эртнээс Монголын уламжлал биш үү
Шүтээн гэдэг чиний өвөг дээдэс чинь л биш үү
Шүүгээн дээр байгаа шавар баримал юм уу эсвэл
Тэнгэр гэдэг чинь тэртээд орших өвгөдүүд чинь биш үү
Тэр дээр харагдах хөхрөгч огторгуй юмуу эсвэл
Ийм байтал өвгөдөө бид мартах гэж үү
Ичих нүүр, зовох чанар бидэнд үлдэв үү
Амьдад нь жаргааж чадахгүй байж
Алга болсных нь дараа яаж хайрлах гээ вээ
Өвгөн байхад нь асраагүй нэгэн
Өнгөрсөн хойно нь яахин туслах бол
Бодож бүгдээрээ тунгаацгаая
Болчимгүй алдаагаа залруулъя
Ухаан мулгуу үрс нь ийм байхад
Уужуу тэнэгэр өвгөдүүд чинь хайрласаар л байна
Тэнгэрийн орноосоо ирчихээд
Тэмүүлж ухааруулахаар хичээж байна
Хальтирахад чинь түших гэж
Хамаг бүхнээ зориулж байна
Ойчиход нь тулаад авах гэж
Орой үдэшгүй манаж байна
Айхад нь зоригжуулах гэж
Алдахад нь засах гэж
Аврал эрэхэд нь сонсох гэж
Амралт, чөлөөгүй дагаж байна
Өөдгүй нэгнээс өмгөөлж явна
Өвчин зовлонгоос зайлуулж явна
Харагдахгүй хар сүнснээс дайжуулж явна
Хамаг биеийг тань асарч явна.
Бууж суусан ч дагасаар л явна
Бурууг үйлдсэн ч манасаар үлдэнэ
Хулганы нүхэнд орсон үрээ ч хамгаална
Хар муу сүнстэй хайр найргүй байлдана
Тийрэн шүглэсэн газар ч очно
Тэвчиж үрээ дагаж л явна.
Ийм байхад мунхаг бид
Ач тусыг нь хэр мэдэх вэ?
Айлдвар сургаалийг нь хэр санадаг вэ?
Өнгөрөхөд нь буян хэр хийв
Өндөр дээрээс хардгийг нь хэр мэдэв
Бие нь алга болсон ч сэтгэл нь буйг мартав уу
Бэдэрч Тэнгэр дээрээс чамайг хардагийг нь мэдэх үү
Өөрийнх нь оршуулга явагдаж байхад
Өндөр дээрээс харж байдгийг мэдэх үү
Үрс балчир нь гашуудаж байхад
Үргэлж хажууд чинь байна гэж шивнэдгийг мэдэх үү
Алга болчихвол л байхгүй гэж бодно уу
Алтан дэлхийд ганц л амьдарчээ гэж эндүүрэв үү
Одоо бүгд дууссан гэж боддог уу
Орчлон дэлхийд ганцхан ертөнц байдаг гэж
Одо болтол төөрөлдсөөр явна уу
Огоорч ойлголгүй гүрийсээр байна уу
Чамд харагдахгүй ч чамтай зэрэгцээд
Нүдэнд үзэгдэхгүй ч нүгэл буяныг дэнслээд
Хайгаад олдохгүй ч хажууд чинь хараад
Дэлхийд хаана ч зугтсан дээрээс чинь тольдоод
Ивээл хайраа түгээх үү? Эргэж бид төрөх үү
Эсвэл үрсээ шийтгэх үү? Ингэж бид амьдруулах уу гээд
Дээрээс харж байдаг ертөнц бий
Дэргэдээс сахиж байдаг дагуул бий
Хажууд харж байдаг харуул бий
Харин бидэнд харагдахгүй далд Ертөнц энэ байдаг.
Өвгөд чинь ингэдэгт итгэхгүй байна уу
Үзэхгүй л бол үнэмшихгүй гэхнүү
Тэгвэл одоо сонсож бай
Тэвчээр гаргаад чагнаж бай
Хамгаас хайртай бүхэн чинь
Хайраа илгээж буучихаад
Чиний л мэдэх бүхнийг
Чихэнд чинь шивнээд байвал яах вэ
Аав та хоёрын чинь мэдэх үнэнийг
Аймшиггүйгээр зарлаад байвал яах вэ
Сэмхэн шивнэсэн үгсийг чинь
Сэтгэлдээ хадгалж байсан дурсамжийг чинь
Сэргээж яриад эргэж дурсаад
Сэр сэр хийтэл өгүүлээд байвал яах вэ
Өвгөд дээдэс чинь үгүй болоогүй өөдөө болсон юм
Өөрийн биеэ орхиж Тэнгэрт одсон юм
Эмгэд буурлууд чинь бас алга болоогүй
Эргэж төрөх гээд илгээгдсэн юм Тэнгэр рүү
Энэ бүхэн үнэн юм
Эгнэгт хэрэгжих нь жам юм
Оюун санаа нь мөнх юм
Ой санамж нь хэвээрээ юм.
Өвөөгөө хайрлан жаргааж
Эмээгээ энхрийлэн асарч
Өндөр дээдсээ санан
Өөрийн биеэ хичээхтүн
Далд ертөнц оршдогийг мэдэж
Дайчин сүнс байдгийг ойлго
Өвөө эмээ чинь байгааг сана
Өөр Ертөнцөд амьдарч байгааг мэд
Өөрөө бас тэнд очихоо сана
Өрөөлд бас тэрийг ойлгуул
Өвгөдөө сонсохгүй бол
Өөрсдөө бид хэн ч биш
Тэнгэрээс ивээгдэхээ больвол
Тэр жинхэнэ сүйрэл
Тэнгэр Монгол Газаргүй бол
Тэр жинхэнэ гамшиг
Сүнсийг ойлгохгүйгээр Хөх Монгол мандахгүй
Сүүдэр арилахгүй бол бол гэрэл тусахгүй
Хар сүнсийг устгахгүй бол Монгол өөдлөхгүй
Хаан дээдсээ сонсохгүй бол бид мандахгүй
Учир юуг тунгааж ухаан бодолдоо санаж явна уу.
Уужим сэтгэлээр хандаж зүрх сэтгэлээ сонсоно уу
Тэнгэр Монгол Газар
No comments:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.