Гаампыг дууриаж сүртэй гарчиг өгсөн ухаантай, та муусайнууд үйл үг гэж бодсон байх л даа. Угтаа ОХ, ОЗ гэсэн товчилсон нэр юм. Факультетийн ОЗ, МУИС–ын ОХ, ШУТИС–ын ОХ. Олон ОХ–ууд дундаас хамгийн том хоёр нь НАМОХ, МОХ. ОХ–ууд нь томроод ЗХ болно. Бидний сайн мэддэгүүд нь НАМЗХ, МЗХ, АЗХ.
Их дээд сургууль бүхэнд оюутны зөвлөл, оюутны холбоо гэж буй. Том сургуулийн оюутны холбоонд хөөрхөн мөнгө эргэлдэнэ. МУИС–ын ОХ гэхэд л жилдээ 60–70 сая төгрөгийг ректороор мутарлуулдаг. Генсек, тэргүүн гэх мэт местэн дээр байгаа оюутан хөөрхөн мөнгө шомбодчихно. Гэхдээ МОХ–ын тэргүүний хусдаг мөнгөний хажууд зугаа төдий л дөө. ОХ–оосоо эхлээд л мөнгө “шомбодоод” сурчихсан залуус илүү том том холбоод руу зүтгэнэ. Өөр ажил хийх хүсэл ч үгүй, мөнгө эрх мэдлийн амтанд шунасан улс. Аргагүй ээ, өнөө цагт улс төр эсвэл уул уурхай хөөсөн хүмүүс л сайхан амьдарч байна. Ганган Лэксус унаж яваа засаг даргаа харсан олон залуус хэзээ нэгэн цагт түүн шиг болохыг мөрөөднө. “Жирийн нэг” оюутан, залуучуудын холбооны тэргүүн нь том хар жийптэй байхад, өчнөөн жил ажилласан инженер хүн жижиг япон тэрэгтэй. Ингээд л авилгалчдыг хараан зүхдэг мөртлөө өөрсдөө авилгалч, хулгайч болохыг мөрөөдсөн, гоё лексус жийп унахыг мөрөөдсөн олон мянган залуусын арми мэндэлнэ.
Гол нь яаж улс төр лүү орох вэ? Гарц нь тодорхой, улс төрийн намууд, тэдгээрийн дэргэдэх залуучуудын байгууллагууд. Бас томоохон залуучууд оюутны байгууллагууд. Ихэнхи нь гэхдээ хамгийн найдвартайг нь харж МАН–руу зүтгэдэг. Энэ хэтэрхий нээлттэй, задгай байдал нь эргээд МАН–ыг өөрийг нь хорлох вий. Тэтгэвэрийнхээ хэдээс илүүчлэн намдаа хандив өргөдөг олон ахмадууд бий, тэд юу ч нэхдэггүй, тэд чин сэтгэлээсээ намдаа хайртай. Цагийн аясаар намын үнэнч фанатууд эхнээсээ бурхан болцгоож, зарим нь итгэл алдарсаар буй. Шинэ залуусын хувьд өөрийн намыг хайртай хөлбөмбөгийн баг шигээ үнэнчээр дэмжих нь ховор. Намынхаа төлөө зүтгэсэн олон мянган залууст май гээд өгчих мест үлдэхгүй бол гомдогдсод нь яах бол? Тэр байтугай тулхтай, тэр байтугай улс төрийн хашир акуулууд “гомдсон” “гологдсон” сэтгэлийн хөөрөлд автаж санаанд оромгүй зүйл хийж чаддагийг бид харлаа. Хорин хэдтэй, гучин хэдтэй гомдсон залуус харин яах бол?
Одоо МАН–д явагдаад буй задрал маягийн үзэгдэл нь улс төрийн гэхээсээ физикийн хууль юм уу даа. Юм хэтэрхий томрохоороо заавал сарнидаг. Дээрээс нь НАМЗХ, НАМОХ хөөсөн залуусын ихэнхи нь ямар нэг бялуу горьдож л зүтгэж буй болохоос улс төр ойлгодогтоо биш, улс төрд дуртайдаа биш. Ядаж 1990 оноос хойш хайрт нам нь хэдэн суудлаар, хэдэн удаа ялж байсныг нь НАМЗХ –ын олон мянган гишүүдээс хэд нь мэддэг бол. Зүүн төвийн үзэл баримтлал битгий хэл ер нь “үзэл бодол” гэдэг юмтай нь хэд бол? Дарга юу гэнэ түүнийг нь үг дуугүй биелүүлэх ёстой. Даргын зөв буруугийн тухай эргэцүүлэх нь даанч хэрэггүй зүйл. Залуу өөрөө дарга болсон хойноо дараагийн үеийнхнээ бас л утсан хүүхэлдэй байхыг хүсэх биз. Энэ нь МАН–ынхны гайхуулдаг уламжлал шинэчлэл, үе солигдох зарчим. Харахад улс төрийн институт шиг мөртлөө зарчим нь цэргийн бүлэглэл шиг л. Наснууд нь залуужаад л байдаг, зарчим нь коммунист хэвээрэй. МАН–ын генсекийн үгийг НАМЗХ–ын Оюука ягштал биелүүлнэ, НАМЗХ–ын Оюукаагийн үгийг НАМОХ–ын генсек нь ягштал биелүүлнэ. Удирдлагуудын олонхи өөрийг нь шүүмжлэх чадвартай залуусыг биш, өөрт нь үнэнчээр харанхуй зүтгэх хэн нэгнийг илүүд үзнэ. Яг л Мао, Сталин нар шиг – “нам” төвтэй биш, “би” төвтэй. Үлгэр жишээ нь Н.Энхбаяр, түүний нөхөд. Тэдэнд нам нь ч хамаагүй, Монгол нь ч хамаагүй зөвхөн “би” нь л хамаатай. Жинхэнэ намынхаа төлөө сэтгэлтэй хүмүүс нь хир олон болоо?
Одоо АН–г жаахан сонирхъё. Гүү тэгээд гээд угаас сонирхох юмгүй намыг яалтай билээ. Ерөнхийдөө л МАН–ын жижигрүүлсэн хувилбар болчихсон. Хажуудаа бас л залуучуудын байгууллагатай, Тэмүүжин, Гантөмөр гишүүний байгуулсан бас нэг клубтэй. Холбоо гэсэн албархуу нэрний оронд клуб гэвэл арай нэр цэвэр юм. Ядаж л клубын дарга гэж байхгүй, ашгийн төлөө биш сонирхлоороо цугласан хүмүүсийг клуб гэдэг. Даанч АН–ын энэ хоёр байгууллага нь нийлээд нийлээд зөвхөн НАМОХ–ын хөрөнгө хүчийг гүйцэхгүй биз. АН сайхандаа ч биш, магад тэд эрх барьсан бол бас л том том залуучуудын байгууллагыг үүсгэнэ. АН энэ удаагийн сонгуульд ялчихвал хоолгүй үлдсэн олон ч НАМЗХ–ын залуус тийшээ гүйнэ дээ. МАН сонгуульд ялагдсан цагт л асар олон эргүү тэнэг амьтадаасаа МАН, НАМЗХ, НАМОХ нь салах биз.
Хэтэрхий олон, хэтэрхий нүсэр бүтэц, хэтэрхий хайран залуус хийж бүтээж хөдөлмөрлөх насан дээрээ хоосон амбиц хөөж, хэрэгтэй хэрэггүй уулзалч чуулганаар амьдрах нь харамсалтай. Энэ олон залуучуудын холбоодын эцсийн зорилго нь ямар нэг байдлаар улс төртэй холбогдох болчихож. Улс төр гэдэг уг нь өөрийн дүрэмтэй, тун сонирхолтой, сайхан эд шүү дээ. Манайд л улс төрч гэхээрээ баян, хулгайч, том хар жийп, үнэтэй хаустай хүн гэж төсөөлөгдөөд, ардын уурыг бараад байгаа юм. Цэвэр улс төрийн зорилготой НАМЗХ, НАМОХ, АЗХ болон өөрсдийгөө “улс төрийн биш” хэмээдэг МЗХ, МОХ нь хувийн амбиц хөөсөн бэртэгчингүүд биш, үзэл бодол, хүсэл тэмүүллээр цугласан олон залуусын цуглуулга байвал сайхансан.
Хөгжилтэй орнуудад улсын мөнгө шаах гэж биш, улсын асуудлыг шийдэх гэж улс төрд ордог байх. Хөгжилтэй орнуудад амбиц хөөх гэж биш нийгмийн олон асуудлыг шийдэх гэж холбоонд элсдэг байх. Нэг оюутан маань харамсангуй хэлж байна, “Багшаа манай ангийнхан долоо хоногт 2 архиддаг байсан. 70 өгдөг болсоноос хойш 3 архиддаг боллоо” гэж. МУИС нь ийм байхад бусад нь яах вэ? Оюутнуудын сэтгэхүй нийтээрээ улам бүүр асуудалтай болсоор байхад өнөөх асар олон оюутны холбоод юу хийж байна? Долоон буудал, Баянхошууны олон ч залуус өдрийн 20 –ын цалин голох мөртлөө 21 –ын төлөө өдөржин очерлож, худгийн буланд зуу тойруулж зогсдог болтлоо оюуны хоосролд орчихсон. Энэ асуудал биш гэж үү? Тэр тусмаа залуучуудын байгууллагын санаа тавих асуудал биш гэж үү?
Энэ лхагва гаригт нэг сайхан уулзалт төрийн ордонд зохиогдох гэнэ. Ерөнхийдөө бол АЗХ, НАМЗХ, НАМОХ–оос бусад нь нэгдэж. Энэ гурав угаас намын дэргэдэх институтууд учир хийх улс төр зөндөө л байлгүй. Харин сонгууль яваад байхад яаж зүгээр суухав гэсэндээ өнөөдүүл нь нэг ажил сэдсэн бололтой. Өөрсдийгөө мэдээж улс төржөөгүй гэж тайлбарлана. Намайг ингэж бичсэнийг хараад “битгий улс төржүүл” гэж уурлана. Гэхдээ товч тайлбарыг нь харъя. “...Их, дээд сургуулийн сургалтын чанарыг сайжруулах, залуу хүмүүст хөгжих боломжийг нээлттэй олгох, орон сууцны асуудлаа шийдэхэд дэмжлэг үзүүлэх, сурагчдын нийтийн тээврийн хөнгөлөлт, жижиг дунд бизнесийн орчныг сайжруулах зэрэг саналыг оруулсан бөгөөд үүнийгээ УИХ-д өрсөлдөж буй намуудын мөрийн хөтөлбөрт оруулах хүсэлт гарган, саналаа хүргүүллээ...парламентэд залуусыг дэмжих лобби бүлэг байгуулна...” хэмээсэн байх юм. Болиод өг л дөө, сонгуулийн үеэр бүх намууд наадахаас чинь арван зуу дахин гоё амлалт өгнө гэдгийг бүгдээрээ л мэдэж байж ийм реклам хийгээд яахнав дээ. Оюутнуудын жинхэнэ асуудлууд, залуусын жинхэнэ асуудлууд Монголоор дэндүү дүүүүүрэн байна. Ер нь маш товчхондоо бүх холбоод зүгээр л РЕКЛАМ–ны ажил л хийдэг болж. Өөрсдийгөө рекламддаг, магад улс төрийн карьерийн төлөө.
Эцэст нь, НАМЗХ, НАМОХ–ын олон найзууд маань янз бүрийн үзэл бодолтой ч ЯГ бүгдээрээ, хавтгайгаараа Элбэгдоржийг үзэн ядах нь их сонин харагддаг ш д. Элбэгдорж сонгуульд 50 хувийн санал авсаныг тооцоод логикоор харахад ядаж зарим нь дотроо дэмждэг л баймаар. Магадгүй дарга нь Элбэгдоржийг үзэн яд гэдэг байх, магадгүй дарга нь Элбэгдоржийг үзэн ядаж буй эсэхийг нь шалгадаг байх. Асуудал Элбэгдорждоо биш, Элбэгдорж гэлтгүй Энхбаярыг ч НАМЗХ, НАМОХ–ын залуус НИЙТЭЭРЭЭ зүхдэг. Уг нь Энхбаярыг бүгд эхэндээ хайрладаг л байсансан. Зүгээр л хааяа инээд хүрээд байх юм. Фээсбүүк, твиттер дээрээ цутгачихсан юм шиг адилхан постууд оруулахыг нь яана, бүүр яаааг нэг цаг хугацааны мөчлөгт. Гэхдээ магад хорин хэдтэй, мань мэтийн үеийн бацаануудад үхсэн ацаараа үзэл бодол байх билээ. Дарга үнэн л хэлсэн байж таараа, итгэхгүй бол АН–руугаа зайлахгүй юу.
Төгсгөлд, ер нь дээр дурдсан олон холбоод, залуучуудын байгууллагын олон ч залуустай танилцаж, найз болсон доо. Гэхдээ найз байлаа гээд муулж болдоггүй дүрэм байхгүй, хувийн бодлоо дэлгэсэн нь энэ шүү. Таануус минь өдий багаасаа яааасан ч аймхай, яаааасан ч амбицтай, гол нь яаааасан ч худлаа шаадаг болчихсон юм дээ.
zorigtoi bichij shuu / eldev yam bichihees aij bergedeg nanad bol tashuur uguhuur zorimog bichleg baina
ReplyDelete