Blogger templates

2013-03-31

Фэйсбүүкийн бөөгийн групүүдэд Уриалга хүргүүлэх нь





Өглөө бослоо. Фэйсбүүк рүүгээ орлоо. Сүрдмээр сүрдмээр нэртэй, сүртэй гоё зурагтай Тэнгэр үзэлд хамаатай, Бөө мөргөлтой холбоотой фэйсбүүк аккаунтууд, хүмүүс, хуудсууд бас груп өдөр ирэх бүр нэмэгдсээр байх юм.

Нэг зураг байна. Хэдэн бөө өөрсдийн зургаа авахуулаад л тавьжээ. Гэтэл дор нь байгаа комментууд бүгд зөвхөн сөрөг талыг нь харж шүүмжлэнэ. Яагаад бүгдээрээ ижил майхавчтай байгаа юм бэ? ..... Яагаад тэр нь бүс зүүсийн? Онгод хэзээ ч бүсгүй байдаг эсхүл яагаад ийм олон амьтны арьс зүүсийн? муусайн алуурчид би бол хэзээ ч амьтны амь тасалдаггүй гэгээн хүн! эсхүл сэхээтний өмсгөл үү, ямар тансаг юм бэ Fashion TV-д очиж оролц, загварын үзүүлбэр үзүүл! гэж шаардах ажээ. 

Өмсгөл зүүлтэн дээр цэцээ булаалдах эдгээр сайчууд харин өөр юман дээр таг дуугүй болно. Судар ном, гэгээрэл, сургаал айлтгал, түүх ёс, уламжлал гэхээр л таг болоод явчихна, эсвэл юу ч хараагүй юм шиг хажуугаар нь өнгөрөнгүүтээ хараал хэлчих, хэрүүл үүсгэчих, хачир нэмж давслаад хаана шуугиан үүсгэж сенсаац болгож, эв нэгдлийг бутаргаж, эртний шүтлэгийг доромжлох боломж байна тэр бүхнийг алдана аа гэж байхгүй. 

Бүгд Тэнгэр үзлийг шүтэх атлаа өөр хоорондоо үргэлж тэрсэлдэн тэрний хуяг буруу байна, энэний хэц буруу, тэрний өмсгөл хэзээ ч тийм байхгүй, халх жаяг гэж энэ, буриад нь тэр, энэ зөв, энэ буруу эсхүл би Тэнгэр буулгадаг чи албин буулгадаг гэх мэтээр үргэлж хар бурууг санан хар муухайг л харан гэрэлтэй гэгээтэй өнгөтэй өөдтэйг нь орхино. 

Фэйсбүүк дээр 2 жилийн өмнөхөн л бөөгийн груп бараг л байдаггүй байсан. Одоо байгаа Тэнгэр үзлийг номлодог, бөө мөргөлийг дэлгэрүүлдэг групүүд бүгд хоорондоо ч хэрэлдээстэй, дотроо ч арсалдаастай байх аж. /Админууд анхаарна буй за/ 

Харин Тэнгэр үзлээ ойлгож өвөг дээдсээ танин мэдэх хүсэл эрмэлзэлтэй зон олон хар бурууг номлож хараал хэрүүл урсгасан групүүд, ухвар мөчид бодолтой, унхиа дорой атлаа Тэнгэр мэт нэрийг зүүж Онгод мэт алиалагч нарыг олноор харж итгэл сэтгэл нь барагдаж эв нэгдлийг эрэлхийлж зөв үйлийг хайж чигч үнэнийг хаанаас олохоо мэдэхээ байжээ. 

Иймийн учир зон олонд хандаж зөвлөгөө өгөхөөр үүнийг бичиглэж сууна. 

Хараалтай газар хар муу энерги бий. Хэрүүлтэй газар хэрэгтэй үг ховор буй. Хэрүүл хийж, хараал урсгаж, бусдыг буруу зөвөөр нь шүүж, хэт мэдэмхийрэх БӨӨГИЙН НЭР ЗҮҮСЭН хүмүүс, хуудсуудыг хэзээ ч бүү өөгшүүл. Хэзээ ч бүү үнэмш. Хэн нэгнийг үгүйсгэж, хэн нэгнийг шүүмжилж, үгүйсгэж, гутааж буй хэнд ч бүү үнэмш!!! Учир нь Бөөг Тэнгэр шүүдэг болохооос бие биенээ өөрсдөө шүүдэггүй юм. Бөө хүмүүн Тэнгэрийн албат байдаг учир тэднийг Тэнгэрээс өөр хэн ч буруу зөвөөр нь ялгаж, Жаяг ёс, хийх үйлийг нь зааварладаггүй. Тэнгэрийн цаазаар амьдарч Төрт ёсондоо захирагдаж, Түмэн олондоо тусалж явах үүрэгтэнгүүд бол Бөө нар билээ. Тэд Тэнгэрийн албат нар!!! 

Бөөгийн талаарх зөвлөгөө мэдээлэл хайсан, судалсан хүмүүс бүгдээр хараалаас зайлсхийж яв, хэрүүлээс холдож яв. Аливааг харин ажиж явахтун. Бөө хүмүүний үйлийг Тэнгэр шүүх ч ард олон бас харж дүгнэдэг билээ. Хэрэлдэж байвал холдоод явчих, хараагаад байвал хаяад л явчих. Харин алсаас ажаад л дүгнэчих!!! Хэн нэгнийг үгүйсгээд, хэлэх үгийг нь шүүмжлээд, нэр төрийг нь гутаагаад үйл бүхнийг мушгиад үг бүрийг нь гуйвуулаад Гэгээн сайхныг нь бус хар мууг л яриад байвал үг өгүүлэгч тэр этгээд хэн бэ гэдгийг харин хялбар таньчихна даа. Энэ хамгийн хялбар арга байх болно :) Хов жив яригсдаас холдоод явчих. Хов яриад байгаа хүмүүсээс нүүрээ буруулж суръя. Хүн юм бол тэд бас ичиг л дээ. 

Хэн нь хэн бэ гэдгийг хэлэх үг нь харуулна, хийх үйл нь үзүүлнэ. Тавхан үгэнд танигдаад байнаа гээд Монгол Ардын Дуу хүртэл бий шүү дээ хэхэ. 

Цаашид Фэйсбүүк сүлжээн дэх групүүдийн тоо, Фэйсбүүх дэх Тэнгэр үзлийг номлодог олон олон хүмүүс өдөр ирэх бүр нэмэгдсээр байх биз. Тэнгэр шүтлэг дэлгэрч байгааг нь бодоход сайшаалтай ч сайны хажуугаар саар байдаг шиг Буруу хэлтнүүд, Бузар амтнууд бас л олширсоор байх нь мэдээж. Буруу бодолтон орших орогнох зай үгүй, хар сэтгэлтэн хаяа дэрлэх боломжгүй, Муу сүнсэнд эзэгнүүлэх хар муу сэтгэлгүй л байж чадах аваас бүгд болоод л явчихна гэж боддог. Ийм нөхцлийг бид бүгд хамтаараа л бий болгож чадна. 

Иймийн учир л Бөө мөргөлийг ойлгож эхэлж буй, өвөг дээдсээ танин, өндөр дээдүүдээ хайрлан, эртний шүтлэгээ дээдэлж эхэлсэн эгэл олон ардууд минь Хараал хэлж хэрүүл үүсгэдэг буруу хэлтнүүд бузар амтнуудаас хол байя аа гэдгийг л уриалахаар өөрийн бодлыг бичлээ. Өглөө босоод фэйсбүүк рүү орохоор л онлайн дахь бөөгийн ертөнц маань үнэхээр байж боломгүй хар муухай үгсээр л дүүрсэн байх юм. Гэрэлтэй байцгаая. Гэгээн байцгаая. Хар мууг нь л хараад байвал хэзээ ч өөдлөхгүй. Өнгө гэрлийг нь тэнцүүлж, хар цагааныг эелдүүлж алив буруу үйлийг зөөллөж засаж, хар үйлийг хараар бус цагаанаар нь дарж, цагаан үйлийг нь дэмнэж, хараалын муу үйлийг нь хаяж гээж явъя. :) 

Мөн Тэнгэр үзлийг дэлгэрүүлж, түгээдэг Бөөгийн групп, хуудсууд ажиллуулдаг Админуудад хандаж уриалга гаргаж байна. Өөрсдийн хариуцдаг бөөгийн групп хуудсандаа хэрүүл хараалыг бүү өөгшүүлээчээ. Эгэл олон ард чинь залхаж байна. Эв найрамдал хэрэгтэй байна. Хараал урсгаж явдаг хүмүүсийг Орогнох оройн зай үгүй орчих орчил үгүй болгож бид чадна. 

Миний хувьд Гэрлийн Өргөө групыг 2011 онд нээж одоог хүртэл админыг нь хийсээр явна. Ингэхдээ хэлэлцээн мэтгэлцээнийг л хийж үйлдэж явснаас хэрүүл хараалыг Груптээ өөгшүүлж байсангүй. Хараал хэлэгсдийг газар дээр нь BAN хийж хасаж, хөөж явуулдаг. Бас Чингисийн Монгол Хуудсыг ажиллуулдаг. Хараал хэлсэн, бусдыг гутаан доромжилсон хүмүүсийг тэр дор нь л BAN хийдэг. Харин хэлсэн үг, комментыг нь баримт болгон хадгалж үлдээдэг. Хараал хэрүүлийг таслан зогсоосноор шүүмлжлэлийг хаягдуулж байгаа хэрэг биш. Шүүмжлэл биднийг хурцалж хэлэх үгэндээ хянамгай хийх үйлдээ хариуцлагатай байхад тусалдаг. Шүүмжлэл бидний ажлыг үргэлж урагшлуулж дэвшүүлдэг болохоос бус уруудуулж доройтуулдаггүй. Тиймээс бүх групүүд шүүмлэлийг хүлээж авч, ажил хэрэгтээ тусгаж, асуултанд хариулж, амьдралд хэрэгжүүлж сурцгаая. Хүний үгийг сонсон хүндэлж явцгаахыг уриалъя. 

Харин хараал хэлдэг, хэрүүл хийдэг хүмүүсийг таних нийтлэг шинж нь: Өлөн нохос мэт өөлөх юу гарна тэр бүхэн рүү дайрна.....\Мэддэгээ булаацалдаж мэддэггүйгээ хорлоно.... Уншигчид цээжилж аваарай. Тийм хүмүүсийн нэрсийг энэ удаад цохож дурдахаа болиё. Хар дансанд тэмдэглэсэн учир нэрээ солиод ч нэмэр үгүйг бас дуулгая. 

Тэнгэр үзэл дэлгэрч Тэнгэрлэг Монголчууд мандах болтугай.

No comments:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц