Blogger templates

2014-08-19

Ээж Хайрхан


Ээж хайрхан маань энэ шүү дээ. Говь-Алтай аймгийн Цогт, Цээл сумдын нутагт орших ээж хайрхан уул нь Монгол Улсын тусгай хамгаалалттай, Байгалийн дурсгалт газар юм.

Өмнө нь Ээж хайрхан гэж зөндөө л сонсож байсан боловч нүдээр үзэж байгаагүй бөгөөд энэ зун очиж үзээд үнэхээр гайхлаа. Уул гэхээр л хөрс шороон уул бодогдохоос биш тэр чигтээ хадан уул байх юм гэж санасангүй л явав. Ээж хайрхан бол тэр чигтээ хадан уул байлаа.

Хэзээ, яаж тогтож үүссэн юм бүү мэд, хаанаасаа авчраад тавьчихсан юм гэмээр маш том хадан уул нь маш сонин тогтоцтой, яаж бий болсон юм гэмээр элдэв янзын дүрс, хонхор, хотгортой. Тийм л учраас Монгол орны аялал жуулчлалын бас нэгэн чухал, үзэсгэлэнт газарт ордог биз ээ. 

Жич: Энэ нийтлэл дэх зурагнуудыг баруун зүгийн их аянд оролцож, их үйлийг дэмнэж, түшиж оролцсон "Францаас ирсэн хүү" Төгсөө, түүний ээж Чука эгч нарын зургаас авав. Та нартаа гялайлаа. 

Аан бас Ээж хайрханы тухай нэгэнт бичсэнийх гүүглдээд үзсэн чинь сонирхолтой зурагнууд байхаар нь нэг альбом болгоод оруулж байна. Нүдээр үзсэн зүйлээ тайлбарлаад бичих шал өөр юм байна аа. 

Манай багийнхан Ээж Хайрханы Алдарт 9 тогоог үзэх гэж ээ дээ мөн их замыг туулав. Уулын нэг хэсгийг хэд ч тойров. Сүүлдээ 9 тогоо хүрэх 3 замыг нээж харанхуйд ч олоод очихоор сайн нүдэлж авсан даа хэхэ.

Ер нь бол хүмүүс Ээж Хайрханд ирэхдээ Алдарт 9 тогоог харах гэж зорьж ирдэг юм байна. Харин Буурлууд хэлэхдээ энэ 9 тогооноос гадна бидний үзэж харах ёстой хэд хэдэн зүйлсийн нэрсийг хэлж өгч бид тэднийг нь хайн жаал явсан юм. 9 тогооноос бусдыг нь хялбар олсон. 

9 тогоог хайж ийш тийш явж байгаад би 2 янгир олж харав. Чулуу тар няр хийн дуугарахуйд тэр зүг харвал маш эгц, цавчим хадан дээр, хадныхаа бор өнгөнөөс ялгарахааргүй 2 жижиг янгир маш аяархан зөөлхнөөр явж байх нь хөдөлгөөнөөрөө танигдав. 

Янгир гэдэг амьтан тийм хатуу туурайгаар яаж тэр эгц хадан дундуур явдаг юм бол доо. Ядаж байхад бид нар шиг резинэн ултай гутал байдаг биш, яаж явдагийг нь бодоод олохгүй юм. 

2 жижиг янгир тэр эгц хад өөд 2,3 алхаад л амсхийх ажээ. Үе үе гишгэлтээр нь хад чулуу ховхрон унана. Тэр 2 янгирын зургийг манайхан авсан байх ёстой. Зураг нь ирвэл энэ цомогтоо нэмж сонирхуулна аа.

Үргэлжлүүлэн 9 тогоог хайсаар.... Нэгэнт энэ хайрхан дээр ирсэнийх хэмээгээд хайрханы өөд өгсөн хамгийн өндөр хэсгээр нь гав ганцаараа жаал явлаа. Салхи хүчтэйхэн үлээвэл хийсээд тээр доошоо чулуу шиг өнхрөөд өгөхөөр тийм л эгц хад, чулуудаар явсаар 9 тогоогоо оллоо.

За тэгээд энэ 9 тогоо болоод Ээж хайрханы тухай бичсэн нэгэн сонирхолтой зураг, нийтлэл байгааг энд оруулчихъя.


Ээж Хайрхан уул. Тээр зүүн доод буланд харагдаж байгаа цэнхэр цамцтай хүн нь би, наана нь манай машин харагдаж байна. :)



Ээж Хайрхан Уулын байгалийн дурсгалт газарт хүрэхийн тулд наана нь заган ой туулах хэрэг гарна. Бидний хэдэн цуваа бүрий болохуйд очоод сүүлийн хэдэн хөсөг үндсэн цуваанаас тасарч замдаа төөрөв. Тиймийн учир 3 хөсгөөрөө заган ойн дунд 1 хонов оо.


Говьд харанхуй шөнө төөрсөн бол тэр дороо л унтаад өглөө болохыг хүлээхээс илүү зөв шийдвэр байдаггүй ажээ. Станцаараа үндсэн цуваатайгаа холбогдоод байгаа боловч хаана байгааг нь очиж мэддэггүй.

Биднийг тосохоор 1 машин гарсан ч тэрэнтэйгээ станцаар ярьсаар бас л олсонгүй. За би гэрлээрээ дохиотхоё харж байна уу гэхээр нь эргэн тойрноо харвал энд тэндгүй л гэрэл гялалзана.

За та нар Хайрханыхаа аль талд нь явна вэ, баруун зүүн эргээрэй гэхээр нь хэд эргэлдээд л Хайрхан маань хаа байгаагаа ч мэдэхээ болино. 

Ямар сайндаа л нэг хөсөг маань Бид нар яг 7 бурхан одны доор байна, та нар хаана нь байна вэ гэж асуусан хаха. 7 бурхан одны эсрэг талд ч гэл үү? Ямартай ч их хөгтэй юм болсоор заган ойн дунд хоноглох болов.

Тэгсэн өвгөн жолооч ах: За даа заган ойн дунд ч элдэв амьтан, шавьж нар их бий дээ гэнгүүт л майхнаа буулгах гэж байсан манай хэд гялс буцаад л машиндаа орж билээ.

Өглөө боссон чинь тосохоор ирсэн машинаасаа 200м хүрэхгүй зайд хоноглоцгоосон байсан даа. Ийм л хөгтэй явдал болов.


Аяны багийнхан маань ажилдаа гарч байгаа нь. Тэр дээр байгаа цэнхэр хувцастай нөхөр тоо авч байна ккк.


 Гүрвэл хад











Нөгөө Алдарт 9 тогооны хэсгээс харагдаж байна. 9 тогоог доороос нь эхлүүлээд 1-9 хүртэл дугаарладаг юм байна. Эрт үедээ лав тэгдэг байж. 

9 дээд эжийн тогоо юм гэсэн дээ. 9 дэх тогоо нь Тэнгэр эжийн тогоо гэсэн. Энэ тогооны тухай ярьвал их зүйлийг Буурлууд айлдсан. Тэр тухай сударт гарах биз ээ. 

Ямартай ч нэг нь нөгөө рүүгээ дамжаад ус ордог 9-үүлээ дүүрэн устай, тогоо шиг дугуй тогтоцтой хадан дээр тогсон ногоон өнгийн хүхэрлэг устай байгал дэлхийн нэгэн гайхалтай тогтоц. Тогоо бүрийн ус нь өөр амттай гэсэн. Хамгийн дээд талын буюу 9 дэх тогооны уснаас амсаж үзэхэд нэлээд хүхэрлэг байсан. 

Түүний доодох 8,7 дахь тогоонуудад хүн очиход их бэрхтэй юм билээ. Харин 1-6 дахь тогоо бол хүмүүс ядах юмгүй яваад хүрчихээр.




Буурлуудын зааварчилгаагаар 9 тогоо тус бүрээс ус авчирч, угаалга үйлдэн басхүү Хатан заяаг тэгшлэх заслын үйлэнд хэрэглэхээр зэх гэснийг ёсоор болгохоор нэгэн баг үдшийн бүрэнхий болох үеэр өдөр очсон 9 тогоо руугаа очиж бас нэгэн баг хүмүүс заг түүхээр мордов.
Манай тогооны багийнхан 2 хуваагдаж нэг хэсэг нь хамгийн очиход хэцүү 7,8,9 дэх тогоо руу хөдөлж үлдсэн хэсэг нь бусад тогоо руугаа явав. 

5-уулаа мордсон манай хэсгийнхэн 3 нь замдаа будилж хоцроод 2 нь харин тогоондоо хүрч тогоо тус бүрээс 3 савыг дүүргэж авав. Надад лав 5л савтай ус 3ыг мөрлөөд таг харанхуй шөнөөр хальтираад уначихмаар хадан хясаанаас бууж ирэхэд хэцүү байсныг нуугаад яахав. Тэнгэр Бурхан л ивээсэн байх.
Өдрийн халуун наранд авирахад залхуу хүрч төвөгшөөмөөр хол замд биднийг явуулж судлуулж, биеэр туулуулсан Буурлуудын ачаар шөнийн харанхуйд тэнд очихдоо бид бэртэж гэмтэлгүйгээр даалгавраа амжилттай биелүүлээд эсэн мэнд эргэн ирсэн. Гэхдээ л осолтой байсан.

8 дахь тогооноос усаа дүүргээд буцаад авирах гэсэн хадан дээрээс хальтраад харлаад байгаа тогоо руу орчих гээд болдоггүй. Жаахан л гишгэгдэл алдвал өнөө тогоо руу өнхрөөд орчих гээд сандаргасан гэж жигтэйхэн. 

Өдөр сонссон түүхийг бодохоор үнэхээр болгоомжилмоор байлаа. Тэр тогоонууд гүнээрээ янз бүр бөгөөд хамгийн гүн нь 21 алд гэсэн. Саяхан тэнд нэг хүн живж үхсэн гэнэ ээ.

Саваагүйтэж яваад тогоонд ороод живээд үхсэн явдал биднийг очихын өмнөхөн тохиосон байна. Тийм нөхцөл байдалд тийм харанхуй шөнө 15 л ус мөрлөөд аюул осолгүй ирэхэд Тэнгэр биднийг харж үзсэн биз ээ. Харин манай үлдсэн багаас Шовгор маань ганцаараа шахуу 1-7 хүртэлх тогооны усыг цуглуулсан байв. Бас харанхуйд гэрэлгүй явсан байгаа юм даа. Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны журам хаа байна? кккк






За эндээс эхлээд гүүглээс авсан зураг тайлбарыг хүргэж байна. Энэ бол Ээж Хайрхан Уулын алсаас харагдах дүр зураг байна. Хүмүүс хэвтэж буй эмэгтэйтэй ижилхэн гэдэг.



Энэ нутгийн зон олны голлох шүтээн, хол ойрын зочин гийчдийн нүдийг хужирлаж, мэлмийг баясгадаг хамгийн гол үзвэр бол Ээж хайрхан уулын алдарт есөн тогоо юм. 

Эдгээр 9 тогоо нь ээж уулын зүүн өвөр хойноосоо урагш цувраа байдалтай 9 тусдаа байрлах хадан хүнх юм. Тогоо бүр устай байх бөгөөд ус ихтэй жил нэгээс нөгөөд дамжин урсаж байдаг. 

Дээрээсээ 1-4 хүртэлх тогоо хэмжээгээрээ бусдаас жижиг бөгөөд диаметр нь 1-3 м орчим. Хоорондоо 40-50 см өндөр чулуун босгоор нэг нь нөгөөтэйгөө холбогдоно. 4 дэх тогоо нь усгүй болж дотор нь лаг шавар дүүрсэн байх бөгөөд хөрсжин Зэгс, хулс ургах болсон. 5- 8 дугаар тогоонууд харьцангуй том хэмжээтэй бөгөөд 5-6 метр орчим диаметртэй. Жилийн аль ч улиралд байнга дүүрэн устай байх бөгөөд гүн нь 2-8 хүртэл метр. 9 дэх тогоо бусдаасаа 7-8 метр орчим зайтай орших бөгөөд ус ихтэй жил түүнээс цааш хальсан ус задгайран жижиг булаг үүсгэн хад даган урсдаг.

Жич: Энэ тайлбараар бол тогоонуудыг дээрээс нь эхлэн 1-9 хүртэл дугаарласан байна. Харин эрт цагтаа бол доороос нь эхлэн 1-9 хүртэл дугаарладаг байсан бөгөөд тус бүртээ нэртэй юм билээ. Мөн биднийг очих үед 9 тогоо 9-үүлээ дүүрэн устай байсан бөгөөд замаг ч бас их байсан.


Эдгээр тогоонууд цөм ижил гарал үүсэлтэй бөгөөд түүний байрлал, орчны гадаргын бичил хэлбэрийг ажиглахад яах аргагүй боржин чулууны ан цавыг дагаж үүсчээ.


Доороосоо 2 дахь тогооны төгсгөл хэсэгт хадан дэвсэг дээр тогтсон хөрсөн бүрхэвчинд ургасан томоохон томоохон бургас байдаг. Энэ бургасыг нутгийн ард түмэн эрт үеээс шүтэн хүндлэн дээдэлж, хадаг яндар өлгөн сүслэн залбирч ирсэн.

9 тогооны орчим байгаль сонирхогч, аялагчдын сонирхон үздэг бас нэг зүйл бол “гахайн толгой” хад юм.



Агуйн эргэн тойрны байдал. Энэ агуйд хүн амьдарч байсан сонирхолтой түүх бий. Нутгийн хүмүүс ламын агуйд ээж уулын лам ижий лам амьдарч байсан хэмээн домоглон ярьдаг. 
Түүхийн ухааны доктор Д. Очирбат гуай удаан хугацааны турш сурвалжилсаны эцэст Хоовог сайрын торгууд гаралтай Равдан гэгч хүн 1923 оноос эхлэн нэлээн хэдэн жил амьдарч байсныг тогтоожээ. Равдан Маажинсан ууланд орогнож байсан Жа багшийн хамсааны хүн байсан бөгөөд түүнийг хорлогдсоны дараа энэ ууланд ирж нутгийн иргэн Түдэвийн Цэгмидтэй ханилан сууж байгаад 1928 онд нас баржээ. 

Энэ утгаараа бол Ээж хайрхан нь байгалийн төдийгүй түүхийн дурсгалт газар ажээ.

Жич: Энд нэг үгээ шургуулахгүй бол болохгүй нь. Энэ агуйгаар шагайж үзэхэд хадаг яндар, элдэв хог новшиндоо дарагдсан хүн үзэхийн аргагүй юм байв. Ийм сайхан Байгал эжийгээ шүтэн биширч хайрлан дээдэлж байгаа юм бол хүмүүс бид шүтсэн шиг шүтэж хайрласан шиг хайрлах ёстой биз дээ. Гэтэл хамаг хогоо овоолж шүтдэг ёс хаана байна вэ?

Шүтдэг биширдэг бүхнээ бузарлаад байхаар яаж өөдтэй байх билээ? Түүний оронд байгалаар нь байлгаад хөндөхгүй байлгавал сайн сан. Тэр агуйг хараад тийм л сэтгэгдэл төрсөн. Шүтэж, Дээдэлж, хайрладаг зүйлсээ бид хамгийн цэвэрхэн, хамгийн нандин байлгадаг биз дээ. Тэгвэл байгал дэлхийдээ ч гэсэн тэгэх л ёстой.

Ламын агуйн зүүн талын гүрвэл хад.


Бүсгүйчүүлийн үр хүүхэд, эр нөхөр гуйдаг хад ...


 Тэврэлдэн суугаа хос залуус ...



Түлээний амбаар ...
Жич: Байгал дэлхийн гайхалтай тогтоцыг нэг муу амбаартай зүйрлээд байх нь ч хаашаа юм бэ? Гэхдээ яг юу гэж нэрлэдгийг нь мэдэхгүй юм. Гүүгл дээрх тайлбар хийсэн хүн нь ингэж хийсэн байна. 

Ер нь Ээж Хайрхан бүрэн судлая гэвэл долоо хоногоор тэнд байрлаж майханаа хажууд нь барьчихаад тухтайхан судалвал янз бүрийн нэр өгчихмөөр хад чулуу хэдэн мянгаараа. Энэ ч тийм хэлбэртэй юм тэрийг хардаа, энийг хардаа гэж ийш тийш гайхан шогширсоор таардаг тийм л газар байна лээ.


Театрын суудал.

Жич: Эрт цагтаа мэдээж хэрэг Театрын суудал гэдэггүй л байсан байх. Гэхдээ өнөө цагаас харвал яах аргагүй л үзвэрийн суудал мэт үнэхээрийн сонин тогтоц.

Манай Удгадууд хуягтайгаа ийш мацаж энэ дээр гарч бөөлсөн дөө.


Ембүү хад. Энэ хаданд мөргөж залбирах, тойрох, зургийг нь жаазандаа хадгалвал баяжина хэмээнэ.



Далайн яст мэлхий ...



Найрын ширээ хад


Бамбарууш хад ...


Хүүхэн хэл хад. ... Цаана нь тагтаа хад ...



Янзага хад ...


Сталин .... энэ хэвтэн буй сахалтай нөхөр зөвхөн шөнө харагдана...

Жич: Ямар нөхөр нь энэ хад чулуунд гадаад нэр өгсөн юм бүү мэд. Сүүлийн зургуудыг тайлбарын хамт Гүүглээс авав.  http://top.mn/3j2e

Гэрлийн Өргөөний Улаачдын Баруун зүгийн их тахилга эх орныхоо хилийн бүсээр нар зөв тойрон эхэлж Ээж Хайрханаас эхлэв. Энд хийгдсэн бөөгийн тахилга үйлүүд сударт гарах бөгөөд үр дүнгээрээ харагдаж, ойлгогдох тул энд нуршаад илүү биз ээ. 

Ямартай ч эх орныхоо Дархан хилийг бүрэн бүтэн байлгах, эр, эм заяа тэгшхэн байх , эх дэлхий минь амар амгалан байх, эрчим хэм нь тэгшхэн, байгалийн жамаараа байхын төлөө бид бөөлдөг. Өөрсдийнхөө төлөө биш өргөн дэлхий, байгал эхийнхээ төлөө, ундарга ус нь ариун байхын төлөө, урсах гол нь бүтэн байхын төлөө, газар шороо нь хөндөлгүй байхын төлөө, гай зовлонгоос хол байхын төлөө бөөлдөг.

Гэхдээ Улаачид бас эх дэлхийгээсээ эрчим хүч, чадлыг ихээхэн олдог. Хангай газраар явж, хөвч тайгаар дэгдэж, агаараар хоол усаар унд хийж явсаар чадал хүчийг ихээхэн олдог нь маргаангүй үнэн билээ. Эртний түүхт дурсгалт газруудаар явж их түүхийг нь эрэн хайж судалж, тандаж мэдэж, тайлж ойлгодог билээ.

Өвөг Дээдсүүд минь хэлэхдээ Тахилга бол Таньж мэдэж тайлж мэдэхийн төлөө байдаг. Ухаж мэдэж, Ухаарч ойлгохын төлөө байдаг гэдэг. Бид газар нутаг, уул усаа таньж мэдэж, түүхийг нь сонсож, үнэн учрыг нь ухаж ойлгодог.

Энэ газар энэ уул байгаа нь, энэ чулуу байгаа нь, энэ гол горхи, урсах мөрөн голууд байгаа нь энэ дэлхийд ямар үүрэгтэй, эх Монголд ямар үүрэгтэй, хэрэв энэ нь үгүй болвол энэ газар дээрх амьдрал ямар болох аюултай тухай, элэг бүтэн хүнээс элгийг нь авчихвал хүн ямар болдогтой ижилхэн зүйлийн ухаарлыг бид ойлгож явдаг. 

Нэгэн газар ургадаг 3 ургамал ч бие биенээ тэтгэж байж нэгэн цогц болж байгал дэлхий тэгшхэн байдаг. Аль нэг нь үгүй болвол тэнцвэр алдагддагттай ижил энэ сүндэрлэх олон хайрхад, урсах олон гол мөрөн бүгдээр байж эх дэлхий минь бүрэн бүтэн амар амгалан оршин тогтноно. Аль нэгнийх нь тусгаар тогтнолд аюул занал учирваас эх дэлхийн тэнцвэр, эрчим хэм алдагдаж гажуудлууд үүсч түүнийг нь хотол даяараа амсдаг нь жам билээ. Жамын үнэнийг таньж мэдэж ойлгохын төлөө тахилга хийдэг гэж би боддог.

Тахилга хийх 5 зорилго байлаа гэж бодоход Дээдсүүд үүнээс 2-нтоо учгийг нь Улаачдаа тайлж айлддаг. Бусад учгийг нь Дээдсүүд өөртөө хадгалж үйлээ өөрсдөө гүйцээдэг шиг санагддаг. Туулах зам их, дуулах сонин арвин, хураах мэдлэг далай мэт байна. 




1 comment:

  1. Gaixaltai yumaa ! Setgel gargaj ayan zamiin sonin saixniig oruulsan oort tani bayarlalaa !

    ReplyDelete

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц