Blogger templates

2014-09-09

1995 оны архив


Энэ бичлэгээ үзээд, энэ дууг сонсохоор өсөж төрсөн нутаг бодогдоод өвөө эмээ минь санагдаад байдаг юм. Хуучны дурсамж сэргээдэг сайхан аялгуу шүү. Мэдээ орох цагт минь л хажууд байж харж асардаг байсан хайрт өвөөгөө, эмээгээ их санаж байна даа. Үнэн үгээрээ ухааруулж өсгөсөн тэд маань одоо Тэнгэрийн орондоо амар амгалан заларч байгаа. 


Нүд нээгдэх цагаас хөвч хангай, хөдөө тал, хонь мал харж өссөн маань л санагддаг юм. Хүн болж мэдээ орох үед л хөл нүцгэн хөдөө байсан. Эмнэлгийн орон дээр байж, ээжийнхээ мөөмийг хөхөж, тэднийхээ гар дээр өсөж байсанаа нэг их санадаггүй, харин зүлгэн дээр нүцгэн гүйж, шилбүүр уначихаад дэгдэж байсан цаг, өвөө эмээ дээрээ байсан тэр үе л санаанд ордог.

Аав ээж сумын төвд байдаг, хааяахан нэг ирэхдээ Оросоос авчирсан өнгө өнгийн харандаа, ганц нэг чихэр бохь авчирдаг нь ховрын ховор зүйл. Тэр харандаануудаа маш их гамнаж, бусдаас харамладаг байж билээ. Машин тэрэг гэж байхгүй. Үхэр тэргээр нүүдэг байсан цаг. Айл саахалтаар хааяахан нэг УАЗ 69 ирмэгц хүн малгүй цөмөөр сонирхоно. Хотын сонин сонсоно гээд хүүхэд хөгшидгүй л тэр айлд багширдаг байсан сан.

Миний санахын гурил их ховор. Маш гамнаж хэрэглэдэг бөгөөд оройд нэг л удаа хоол хийх бөгөөд дандаа шөлтэй хоол хийж төрсөн өдрөөр л нэг цуйван иднэ. 90-ээд оны үеэр хөдөө өсөхөд нэг тийм л байлаа. Тэр үеийн янзага билүү нэг печенийг идэхдээ их л гамнаж эргэн тойруулан мэрж иддэг байв хэхэ. Мэрэхгүй идвэл 2,3 хазаад л дуусчихна, мэрээд л идвэл удаан амттайхан иднэ хэхэ. Гэхдээ байнга биш, хотоос хүн ирвэл л тийм боломж олдоно. Одоо цагийнх шиг боов боорцог иднэ гэж байхгүй. Төрсөн өдрөөр л нэг гамбир хайрвал Дээдийн заяа. Харин Өглөө, орой сүү ууж, өдөр тараг идэж, ааруул, ээзгий мэрж, өвлийн турш 5-6 гүзээ хөлдөөсөн цагаан тосыг элсэн чихэртэй холиод л иддэг байсан. Оройдоо л нэг махан хоол хийнэ.Өөр идэж уудаг юм юу байлаа даа. Хонь мал барагтай бол гаргахгүй, хааяадаа харин тарваганы мах иднэ. Заримдаа орон доогуур нуусан ангийн мах, бугын мах үмхэнэ. Одоо бодоход хамаагүй эрүүл хоол хүнс хэрэглэж, бие чийрэг, ухаан саруул өсөж торнисон байж дээ. 

Энэ бичлэг 95 онд хийгдсэн бичлэг. Намайг ч хараад танихгүй л дээ, нэг жижигхэн хар нөхөр гүйж яваа харагдвал тэр би хэхэ. Хүмүүст л гэж хэлэхэд амьдралынхаа жаргалтай, дурсгалтай үеийн зураг бичлэгээ заавал хадгалж үлдэж байгаарай. Одоо биш юмаа гэхэд 5, 10 жилийн дараа үнэхээр нандин дурсгал болно. Өөрт чинь биш юмаа гэхэд үр хүүхдэд тань үлдэж хоцроно. Мөн өөрийнхөө төдийгүй, аав ээжийнхээ, өвөө эмээгийнхээ, үр хүүхдийнхээ, хайртай бүхнийхээ бичлэгийг хийж үр ач нартаа харуулах зүйлийг үлдээж байсан нь дээр юм байна гэдгийг энэ бичлэгээ үзээд л маш сайн ухаарч байна.

1995 онд манай ээжийн ах зориуд цаг гаргаж энэ бичлэгийг хийсэн юм байна. Тухайн үеийн дуу, дүрсний боломжоор, хальсны бичлэг хийсэн нь энэ. Тэр бичлэгийнхээ багаахан хэсгээс блогтоо тавьж бага насныхаа сайхан үеэ эргэн дурслаа. Өвгөдийн маань сургаалийн үгсийг шингээсэн хэсэг энд бий. Тухайлбал: 

Өвөөгийн маань аав Ламжав хэмээх Уран дархан хүн байсан бөгөөд тухайн үедээ цас зөөхөд зориулан араа, туруу бүхий модон автомашин  хийж байсан гэдэг. Тэрээр амуу будаагаар арслан сийлээд түүн дотроо бөөс хийн хөдөлгөж байсан гэсэн хэхэ. Түүний дүү нь Аюурзана хэмээх анчин гөрөөчин хүн байжээ. Энэ хүний тухай манай өвөөгийн төрсөн дүү Даншаагийн хуучилсныг та бүхэнд сонируулъя: 

Өвөөгийн маань дүү Даншаа маань нэгэнт бичлэг хийлгэж байгаагийнх гээд боломжийг ашиглан зориуд энэ сургамжит түүхийг өгүүлсэн нь энэ бичлэг дээрх үг үйлдэл, нүдний харцнаас нь харахад гарцаагүй байна. Тэр үед ямар хүссэн бүхэн нь утсаа гаргаад дүрсээ бичдэг цаг байсан биш дээ. 

Даншаа:

.... Хүн нас ахиад ирэхээр урьд урьдныхаа юмыг их бодох юмаа. Манай аав их уран хүн байсан. Дүү нь бас их сайн анчин байлаа. Сайн анчин байхдаа манай тэр авга ах Аюурзана гэдэг хүн бол Хатанбаатар Магсаржавын цэрэгт явж байсан хүн юмаа. Тэгэхдээ бол хурдан буу үүрч, адуу маллаж, дарга нартаа боодог хийж өгч байсан гэнэ лээ. Хурдан бууг бол сайн мэдэх хүн байгаа юм л даа.  Дан цахиур буугаар гөрөөлдөг, цахиур буугаа л их магтдаг. Тэгж байсан тэр жил нэг хүн япон винтов авчирч өгч түүгээр гөрөөл гэж л дээ. 

Тэгээд гөрөөллөө. Бид нар явж яваад нэг чоно үргээлгэнд гарлаа. Хөндлөн нэг буудаад хэтрээд явахаар нь хойноос чагтлаад буудчихсан, нээх хөгшин чоно.  Дараа нь нэг 2 буга алаад ирлээ... Ирсэний маргааш өглөө нөгөө Жамба гуай орж ирээд, тэгсэн манай Ажим гуай тэгж байна аа:

"Энэ ёстой муу буу" Ёстой тусгүй гэж. (Винтов бууг хэлж байна) Тэгсэн байгаа улсууд цугаар магтах юм л даа. Тэгсэн Ажим гуай: Над дээр үргээлгэн дээр яахав 4 буга ирлээ. 2-ыг нь буудчихлаа, тэгсэн чинь дахиад нэгийг буудах гэсэн нүдний захад 2 буга тэлчигнэж байх юмаа. Үгүй ээ харин яг алах гэж байхгүй юу, тэгээд болилоо л доо. гүй энэ ер нь амьтныг дуусгах буу, их тусгүй буу гэж байсан гэдэг.  

Тэр ер нь үнэн юмаа. Одооны залуучууд гөрөөлөхөөрөө бушуу л олныг алахыг боддог.... Тэгж байтал манай дүүтэй тарваганд явж байгаад манай дүү 1 мөндөл буудаж л дээ. Тэгээд яахав нөгөө мөндөлөө орхичихоод ирж. Тэгэхнээ Ажим: Гүй ээ чи юу буудав.
Дүү: 1 тарвага буудлаа. Нэг мөндөл байна. Яав тэрийгээ? Яах юу байхав муу мөндөл орхичихлоо гэж. Тэгсэн ажим: Чи тэрнийг ав, Хангайн юмыг доромжилж байгаа юм шиг. Нэгэнт алсанаас хойш. Үгүй бол алахгүй байхгүй юу гэж.

Тэр бол үнэндээ тийм юм. Хэрэгцээтэйгээ л хэрэглэмээр, хэтэрхий олныг алмааргүй. Ер нь багачууд мэдмээр байгаа юм....

Өвгөд маань 24 жилийн өмнө ийнхүү хуучилж байжээ. Өнөөдөр тэд алга. Гэхдээ тэдний бичлэгээс би тэдний яриаг сонсоод тэр үед юугаа ч ухаарахгүй хуруугаа үмхээд гүйж байсан өөрийгөө ч олж харлаа басхүү өвгөд буурлуудын хуучлахыг ч сонсоод сайхан. Зураг, бичлэг гэдэг үнэхээр чухал юм байна. 

1995 оноос өмнө хийсэн гоё гоё хуучны бичлэгүүд байвал хуваалцаарай. :)

No comments:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц