Blogger templates

2015-05-11

Францад засал хийсэн сэтгэгдэл


Монгол хүний бие, сэтгэл маш бат бөх байдаг юм байна гэдгийг харь гүрэн дэх хазгай тэнгэрийн олон үрсэд Онгодууд засал хийх үеэр тод мэдэрлээ. Энэ тухай бичиглэсү. 

Хүн гэдэг амьтан махан бие, сэтгэл, сүнс гурваас бүрдэх агаад энэ 3-ыг тэгшилж байж засал болдог гэдэг. Орчин үеийн анагаах ухаан махан бие болоод сэтгэл биеийг анагааж дийллээ гэхэд сүнсний заслыг хийдэггүй. Сүнс гэж бодитоор байдаггүй, энэ бол шашны ойлголт гэж үздэг учраас тэгдэг биз ээ. Гэтэл сүнс бодитоор оршин байдгийн нотолгоо нь олон мянган жилийн турш хүмүүсийн оюун санаанд байсаар ирсэн сүнсний тухай ойлголт, шашин, зан үйлүүд юм. Хэрэв сүнс гэж огт байдаггүй л байсан юм бол энэ бүхний тухай ойлголт яагаад өдий болтол устаж арилаагүй байсаар байдаг юм бол? Яагаад нас барсан нэгнээ оршуулдаг юм бэ?  Шашингүй үзэл номлодог байсан цаг үеүдэд хүртэл далдын ертөнцөд итгэх итгэл бишрэл нууц хэлбэрээр оршсоор иржээ....

Хөхрөх Дэлхий хөрвөх цаг дөхөж, байгал дэлхийн тэнцвэр алдагдан, улирлуудын байр солигдож эхэлсэн энэ цөвүүн цаг үед, өвөл нь ороогүй цас хавар орсоор байсан тэр л нэг өдрүүдээр ажлаасаа тарж ирээд амарч байтал нэг зурвас ирэв...

Холбогдох боломж байна уу гэсэн үг байхуйд амар мэнд ч мэдэлгүй асууж байхыг бодоход ажил хэрэг түргэн шуурхай ярих гэсэн хүн байна гэж ойлгоод холбогдоход: Монгол бөө хайж яваа нэгэн эмэгтэй байв. Франц улсад олон улсын бөөгийн чуулганд Монгол бөөг оролцуулах гээд хайж явна гээд нөхцөл шаардлагаа танилцуулахад нь бидэнд боломжийн байсан тул оролцохоор шийдэв.

04 сарын 18-ны өдөр эх нутгаасаа хөдлөв. Хүмүүсийн инээдийг барж, эд яг солиотой гэж хэлүүлж магадгүй ч энэ нэгэн тохиолыг заавал дурсмаар санагдав. Туркийн нислэгийн компанийн тийзтэй бидний авч явах ачааны нийт хэмжээ 40кг-аас хэтрэхгүй байх ёстой. Харин бөөгийн хуяг хувцас ямар хүнд байдаг билээ, бөөн төмөр, элдэв арьс үс, хүнд дээл гутал, зэр зэмсэг гээд их жин татна. Дээрээс нь гурвалжин, дугуй гээд л хэлбэр дүрстэй хэнгэргүүдтэй. Бид ачаандаа их санаа зовж байв.



Нисэх буудал дээр очоод ачаагаа жинлэхэд санаснаас бага татав. 25кг болоход нь яагаад ийм бага байна, бид дэмий санаа зовж гэж бодоод гайхтал  үйлэнд мордсон олон онгодууд бидний ачаанаас өргөлцсөнийг сүүлд мэдээд их гайхав. Нүдэнд харагдахгүй, хий биетэй байж яаж ачаанаас татдаг юм бол? Тэгсэн үйлэнд нэгдэж мордсон олон онгодууд ачаа жинлэх болмогц бүгд нэгэн зэрэг ачаа өргөсөн байх юм. Яаж өргөснийг нь нүдээр хараагүй ч авч очсон ачаа маань хамаагүй бага жин татсан юм. 30 гаруй хэл л болно доо гэж жинлэж тооцсон ачаа маань 25 байв хэхэ. Онгодууд хий биетэй ч гэсэн олуулаа нэгдвэл бодит биетэй зүйлд нөлөөлж чаддагийн нэг жишээ. Буцаад ирэхэд харин өргөхгүй шүү гэсэн чинь ачаа маань 43 хэл татсан даа.... Яасан их хүндрээ вэ л гэж гайхсан. 

Франц сайхан орон байсан. Тэр чигтээ ногоон байгалтай, өндөр өндөр мододтой, уур амьсгал нь тэгш сайхан. Салхитай бол салхитай, нартай бол нартай, бороотой бол бороотой.


Зорьсон газраа ирж үйл хийхдээ өдөржин засал хийнэ гэж төсөөлөөгүй явав. Монгол бөөгийн ёслол, гал тахих ёс, зан үйл, бөөлөөн зэргээ хийхээс гадна бид 4 өдрийн турш өглөөнөөс үдэш хүртэл хүний хөлд дарагдаж эх орондоо байхдаа хийж үзээгүй заслуудаа би хувьдаа тэнд хийж үзэв.




Харь хүмүүсийн сэтгэл зүрх ийм эмзэг байдаг юм уу? Эсвэл эмзэг нэгэнтэй нь тэнд таарсан юм уу бүү мэд, Онгодод золгосон хүмүүсийн ихэнх нь эмзэг цэгийг нь олоод хатгахад л тэсэрч мэдэх сэтгэлтэй, хайрыг бүрэн мэдрээгүй юм уу эсвэл сэтгэл зүрх нь хоосон болчихсон, зарим нь бүр бугшчихсан, өөрөө өөртөө эзэн болоод, өөрийн махан бодьдоо эзэн суугаад, бодол сэтгэлээ захирч чадахгүй болсон хүмүүс байв.  

Хүмүүс бид хүссэн зүйлээ бодож сэтгэж, хүссэнээ хийж, амьдарч, амьдралдаа сэтгэл хангалуун өөрийнхөөрөө байвал нэг сайхан байдаг даа. Үүнийг бид Бор гэртээ Богд, Хар гэртээ Хаан гэж зүйрлэдэг. Эсвэл хүний эрхээр жаргаснаас өөрийн эрхээр зов гэдэг дээ. Тэгвэл Онгодтой золгосон хүмүүст байсан нэг нийтлэг зүйл нь: Өөрийнхөөрөө алдаж оноод амьдарч чадахаа болиод, хий ертөнц болон тухайн нийгмийнхээ тогтолцоонд захирагдаж, хөтлөгдөөд хөдөлж чадахаа байсан хүн сүгүүд аятай байсныг нуух юун. Хатуудаж магадгүй, гэхдээ л олонх нь миний амьдрал миний гарт байх бус амьдралаа өөр нэгэн далдын гарт атгуулчихсан, тэд нь өөрсдийнх нь амьдралыг залаалаад байгааг ч ойлгохгүй болчихсон хүмүүс байв. Бүгд биш ч нийтлэг нь шүү дээ. 

Тэр дунд сайхан сэтгэлтэй, зөв зорилготой, амьдралынхаа төлөө тэмцдэг, зүтгэдэг, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс мөн хөх толбо гарвал угсаатай хүмүүс ч бас байсан. 

Нэгэн эмэгтэй Онгодод золгохдоо: Би Монгол гэрт амьдрах дуртай, Монголд дуртай, Монгол гэрийн талаар ном бичиж байсан. Би Энэ Францад Монгол гэрт амьдрах гэтэл эндэхийн хууль дүрэм зөвшөөрөхгүй юм, үүнийг бүтээж өгөхөд туслаач гэж хандав. Хайхамшиг бус уу? Харь гүрэнд нэгэн үр Монгол өв соёлыг түгээгээд, тээгээд явж байх энэ хүний үйлийг Онгодууд дэмжихийн дээдээр дэмжсэн дээ. 


Онгодод золгосон олон хүний дотор жамын гажуудал болсон хүмүүс, Лус савдагийн хорлол болсон хүмүүс, эрчмээ алдаад зүдэрч яваа хүмүүс, эхнэр нөхрөөсөө салсан сарнисан хүмүүс, ажил төрөл нь өөдлөхөө больсон хүмүүс, өөрийгөө хайж яваа хүмүүс, Бөө болох гэж буй хүмүүс, бөөд дуртай хүмүүс, илдэг барьдаг эдгээдэг анагаадаг хүмүүс, аа бас огт итгэхгүй атлаа сонжиж сонирхож яваа хүмүүс, бас бөөд итгэдэггүй, надад баталгаа хэлж өгөөч гэсэн хүмүүс, гар хөл нь татсан хүмүүс, амьдаараа тийрэн болоод тийрэнд идэгдчихсэн хүмүүс, зүүд нойр нь эвгүйтээд унтаж чадахаа больсон хүмүүс г.м төрөл бүрийн асуудалтай хүмүүс байв. 

10 хэлээр ярьдаг нэгэн эмэгтэй Онгодод золгов. Тэрээр маш олон асуудал, бэрхшээл тоочсон, амьдрал, ахуй, хувийн асуудлууд, зүүд нойр, шөнө унтаж чадахаа байсан г.м маш олон зүйлийн зовлон тоочиж тэр бүрийг Онгод нэг бүрчлэн сонсож, хэлэх сургаалаа хэлж, хийх үйлээ хийж, бие, сэтгэл, сүнс 3-ийг тэгшлэх үйлийг гүйцээсээр. Маргааш нь тэр охин ирж уулзаад: Таны Өвөг Дээдэс, Таны онгодын халуун дулаан эрчим одоо хүртэл надад мэдрэгдсээр байна, би анх удаагаа амгалан тайван нойрсож, сэтгэл санаа сайхан байна. Би Монголд заавал очно гэсээр нэрийн хуудас, талархлаа хэлээд явсан юм. Монголд ирсэний дараа мэйл бичээд: Монгол бөө нартай илүү удаан байж, таньж мэдэхийг хүссэнээ хэлээд Монголд ирэхээр болсон юм. Тэр хүн энэ 6 сард ирнэ.


Өөр нэгэн эмэгтэй бусдын хар муу зовлон, өвчин, муу эрчим бүрийг өөр дээрээ татагч гэдэгт өөртөө итгэдэг, юмнаас үргэлж цочимтгой, харц нь тогтддоггүй бүсгүй байв. Засал хийлгэсний дараа инээмсэглэл тодорч, амар амгаланг мэдэрсэн байлаа. Хүн бүхэнд мэдрэмж бий. Зарим хүнд төрөлхөөсөө бусдыг мэдрэх, далд ертөнц, байгал дэлхийтэйгээ харилцах зөн мэдрэмж нь арай илүүтэй бөгөөд тэр мэдрэмж өөрийг нь зовоох, хүсээгүй зүйлийг нь харуулах, аажмаар сэтгэл санаа, бие махбодид нөлөөлөх, энэ нь тухайн хүнд хямрал болох тохиолдол бий. Энэ мэдрэмжээ зөв хөглөж, зөвөөр удирдан залж, сэтгэл санаагаа тогтвортой, бие махбодио эрүүл, ухаан санаагаа саруул байлгаж, ил далд ертөнцийг тэнцвэрийг хадгалан байх ёстой юм. Ингэж чадаагүй хүн илүү ачаа өөртөө тээж сэтгэл санаа гунигтай, дундуур явдаг. Тийм л нэг үрийг тэгшилж өгсөний маргааш гаригт өнөөх хүн ирээд, талархлаа илэрхийлж Онгодуудад маань бэлэг өгөв. Монголд засал ном хийж үзээгүй, мөн бэлэг авч ч үзээгүй Онгод маань харийн гүрэнд хамаг байдаг заслаа хийж, бас анхны бэлгээ авсан гэхээр сонин санагдаж байна. Засал гэдэг бол хүний бие, сэтгэл, сүнс 3-ыг тэгшлэхийг л хэлнэ. Аль нэг нь дутуу бол бүрэн засал болохгүй гэдгийг л ухаарав.



Онгодууд засал хийх бүртээ хөнгөн засалтангуудад эрчим биеийг нь цэвэрлэж өгөх, эрчмийн урсгал, хүрдийг нь засаж өгөх, сэтгэл санааг нь тайтгаруулах, сургаал үг хэлэх мөн итгэл найдвар, ерөөлийг хэлэх бөгөөд хүнд засалтангуудад манжиг зангидаж эргээд тэр засал нь хүрсэн эсэхийг тодлохоор холбогдох мэдээллүүдийг нь авч эргээд уулзахыг захиж байв. Өөрөөр хэлбэл үйлээ халтуурддаггүй, заавал гүйцээж байх, үр дүнг нь харж баталгаажуулахыг хүсч байв. Хэрэв эргээд Францад очвол уулзах хүмүүс олон л болсон байх.



3 дахь өдрийн засал өндөрлөхөд Зайран гэдэг цолыг Улаач нэгэн хүртэв. Олон хүн зассандаа бус харин Онгодууд тэнд заслаас гадна чухал үйл дүүргэсэн учир улаач нэгэнд энэхүү цолыг хүртээлээ гэж ухав. Монголд ирсэний хойно энэ цол ямар их үнээр ирсэнийг мэдээд үхээд боссон хүн шиг мэдрэмж төрсөн юм.



Европ тив их сүнстэй гэж дуулж байсан. Тэр дундаас Франц улс бол сүнсний эх орон гэмээр, эртний уран барилга, хуучны балгасууд ихтэй, сүм дугана, шилтгээн олонтой газар байв. Тухайлбал: Бидний очсон газар бол урьд өмнө шорон байж байгаад хүний мах, цус, ясан овоолго дээр боссон балгасуудтай, эртний Шилтгээн, сүм дуганатай газар байсан. 


Тэр газар очиход харын хүч бид бүгдэд нөлөөлж байв. Шалтгаангүй уур хүрэх, бухимдал төрөх, учраа олохгүй байх юм л болвол түр тар хийчих гээд тэсэрч дэлбэрэхэд ойрхон болсон мэт мэдрэмжүүд. Энэ бол хар сүнс хүнд нөлөөлж байгаа л хэрэг. 

Хар сүнс гэдэг урьд өмнө хүн байгаад махан бие нь хөрстөд унахад сүнсэн бие нь Эрлэгт очиж шүүгдээгүй, Тэнгэрт очиж дэгдээгүй хүний замба дээр амьд хүмүүстэй зэрэгцэн оршдог тэр л нэгэн хий биетэн. Тэд махан биетэй хүмүүсийн эрчмийг сорж амьдардаг. Онгодууд бол Нар, Сарнаас, Байгалаас, Тэнгэрээс эрчим хэмээ авч явдаг бол Хар сүнснүүд дэгдэе гээд дээшээ хөөрч чадахгүй биетэй учир газарт амьдардаг махан биетэй хүмүүсийн эрчмээр хооллох нь гарцаагүй. Тийм л сүнснүүд хэт олон болсон учир тэдгээр сүнсийг байх ёстой газар руу нь аваачих гэж бидний үйл зоригдсон. Хүн төрөлхтөн үүсэн бий болоод, амьдрал бий болж, амьдарч үхэж, төрсөн тэр цагаас хойш оршиж ирсэн сүнснүүд бидний дунд бий гэвэл тэр үнэхээр гоц байж таарна. Ялангуяа тэр сүнснүүд хүмүүсийн итгэлээр хүчжиж, сарниж алга болохооргүй хүчийг олоод хэдэн зуун, хэдэн мянганыг туулсан бол түүнийг эгэл нэгэн бүү хэл Онгод, Тэнгэр ч оршихуйг нь тодорхойлж байранд нь аваачихад хэцүү. Тэдний тоо олон болох хэрээр тэд хүмүүсийн оюун санааг удирдаж, хөл гараа болгоод хүссэн бүхнээ гүйцэлдүүлэх шидтэй. Түүний эсрэг Монгол бөө байна. Хар хүч газар авах бүр тэдний хүсэл шунал дэлхийг захирна. Миний мэдэрснээр энэ тив энэ дэлхий бүхэлдээ энэ хар хүчний хүсэл, шуналаар хөдөлж, олон мянган хүн тэдний гар хөл, бие болсоор иржээ. Энэ хүчний эсрэг тэмцэнэ гэдэг бол 1 хүний хийх ажил хэрхэвч биш. 1 бөөгийн ажил хэрхэвч биш.


Харь гүрэнд өнгөрүүлсэн 12 өдөр хамаг Монголдоо олон жил амьдрахдаа хийж үзээгүйг үзүүлж, мэдэрч үзээгүйг мэдрүүлж, ухаарч амжаагүйг ухааруулжээ. Бөөгийн амьдрал хатуу гэдгийг зах зухаас нь мэдэрч үзсэн нь энэ биз. Одоо л нэг ойлголоо, болсон гэвэл худлаа биз. Бидний мэдэхгүй зүйл их бий.....

Дайны утаа үнэрлэчихээд дайныг мэдчихдэг хэрэг биш. Дайтаж үзчихээд дайныг ойлгочихдог ч биш. Бидний бүрэн таньж мэдээгүй олон зүйлс байдаг бөгөөд тэднийг таньж мэдтэлээ бид бүдэчсээр л байх болов уу. Яаж хохирол багатай байх вэ гэдэг дээр толгойгоо ажиллуулж, ухаанаа хөглөж баймаар юм. Залхуурал гэдэг бол өөрийгөө идэгч өмөн үү гэлцдэг. Тэгвэл улаач хүн залхуурна гэдэг бол өөрийгөө амьдраараа тамлаж байгаа хэрэг мөн. Ядаж л бид юу мэдэхгүй яваагаа мэдэхийн төлөө чармайх хэрэгтэй мэт. Ирээдүйд учирч болох зовлонгийн хугастай ч тэнцэхгүй шаналал зүдгүүр өнөөдөр бидэнд тохиосон ч юм билүү? Бурхан хүнд дааж чадах ачааг нь л өгдөг гэдэг ч дааж чадах ачаа нь хэр хүнд гэдгийг бид мэдэх билүү? Бид өөрийгөө ч мэдэхгүй, бусдыг ч мэдэхгүй, орчлон хорвоогийн учрыг бүрэн таниагүй байна... Иймд юунд ч бардалгүй даруухан байж, суралцаж мэдэхийн төлөө тэмүүлж амьдрахыг ухаарлаа болгоё.

Хамгийг хэцүүг, хүндийг үүрсэн БууЭрЭл Дээдсүүд, Үйлэнд хамтдаа мордсон андууд, үг хэл, сэтгэл, зорилгоо нэгтгэж чадсан түшиг нэгтэнгүүддээ талархаж байна. Энэхүү үйлэнд Гэрлийн Өргөөнөөс 4 улаач мордсон ч өргөөний олон улаачийн Онгод, Тэнгэрүүд үйлэнд дэмнэн хамтдаа мордсон билээ. Эрийн сайнд, эмийн сайнд, бөөгийн сайнд бус Онгод Тэнгэрийн хүчинд, олон анд нөхдийн хүчинд,Эрхэт Тэнгэрийн ивээлээр их үйлийг үйлдэхдээ улаачийн амьны гарзгүй ирсэн.

Тэнгэрийн их үйлэнд дэм болж зарим хуягтангаас ч илүү хүчээ өргөсөн олон хэлээр ярьдаг Түшээ нартаа талархал илэрхийлье. Тэнгэрийн санааг газарт гүйцэлдүүлэхэд хөтөч болж өгсөн Чимэгмаа эгчид талархал илэрхийлье. Алдарт Луврын музейг тайлбарлах эрхтэй 2 Монгол хүн байдагийн нэг нь Чимэгмаа эгч байв. Онгод Тэнгэрийн хэлийг хүмүүний зүрх сэтгэлд хүртэл хөрвүүлж ойлгуулж хэлнэ гэдэг бол чадвар юм. Улаач нар хэдий сүртэй, Онгодууд чадал ихтэй байлаа ч замбативд ажиллаж байгаа бид нарт хэлмэрч үгүй бол энэ үйл бүтэхгүй байсан нь чин үнэн юм. Маш том үйл ч жижиг юман дээр тээглэх нь бий. Гэхдээ тээглэж л байгаа бол тэр үйл жижиг биш юм. Хэлмэрчийн ажил, Түшээгийн ажлыг маш сайн хийж өгсөн Марсейлийн Өргөөний гишүүддээ талархлаа. Бид хамтдаа их үйл хийсэн шүү. Энэ бол эхлэл. Маш том үйлэнд оролцсоноо хожим бүгд ойлгоно. Тэнгэрт тэмдэглэгдэх үйл шүү!!!



Зүгээр нэг хуяг өмсөж хэц дэлдээд ирэх бол хэн ч хийнэ биз ээ. Инээж, хөхөрч, тэврэлдэж, гадны соёлыг гайхан биширч, идэж ууж, баясаж цэнгэх бол энэ замбын дүр биз ээ. Харин бөө бид зөвхөн ил ертөнцийн хүмүүс биш, далд ертөнцөөс хамааралт хүмүүс билээ. Зорилготой үйлэнд мордож, зовлонтой ажил хийдэг, алд бие нь ганцхан өөрийнх нь биш, ахуй үйл нь өөрийн дурынх биш хүмүүс билээ. Энэ заяагаа бөө үрсүүд ухаарцгаах болтухай. Тэнгэр Монгол Газар.

2015.05.11. Тэнгэр Хүү зайран.






2 comments:

  1. Та нараараа бахархаж байна. Үрсээ өөсийн биеэр хамгаалсан өндөр дээд БууЭрЭлуудын тухай сонсоод өөрийн эрхгүй ихийг бодлоо. ТМГ


    ReplyDelete
  2. Buh ulaach nar unzhaasai. Negiig bodoosoi

    ReplyDelete

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц