Blogger templates

2015-08-30

Бөөгийн аяллын сонин сайхнаас


Энэ зун хэсэг нөхдийн хамт эх сайхан Монгол орноороо аялаж, харийн гийчдэд онгон зэрлэг нутаг орноо танилцуулан явахад тохиосон нэгэн үйлээ хуучлаю уу.

8 сарын дунд үе гэхэд энэ зун маш их халсан, хаа сайгүй гандуу, наадмын дараанаас орсон хур буцаад татарсан маягтай байв. Бидний очсон Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт зуншлага харьцангуй сайхан байсан ч 7 сард очсоноос илүү гандуу, өвс нөгөө хатсан байдалтай, 30 хэм гарсан халуун байваа.

Бид Харь гүрнээс Монгол бөөгийн зан үйлийг сонирхох, Онгодуудтай золгож засал хийлгүүлэх мөн Монгол орны онгон дагшин байгалд аялаж эрч хүч, сайхан энерги авах гэж ирсэн гийчдийн хамт аяны жолоо нийлүүлээд явж байлаа.

Аяллын дунд хавьцаа нэгэн уулын аманд 4 хонохоор болов. Орон хангайгаа аргадах тахих Монгол бөөгийн зан үйл, ёсыг таниулан, учран золгох үрсүүдтэй учран золгосоор 3 дахь өдрийн оройхонд үлдсэн үйлээ дүүргээд мордохдоо Онгодууд: "Хөх Монгол гүрнийг минь зориод ирсэн та бүхэнд Байхал дэлхийн гайхамшигт үзэгдлийг харуулъя. Хан Хурмаст хураа хайрлаж цас цагаанаар хангайг цайруулна" гэх утгат үгийг хэлээд мордов.

8 сарын 16нд ид халуу шатаж цэв цэлмэг, үүлгүй Тэнгэртэй байхад хур бороо дуудах нь сайхан ч цас оруулна гэдэг арай л хачин жигтэй санагдав. Оройхон хэрд бороо асгарч эхлэв. Бид хээрийн аяллынхаа хаалтын ёслолоо хийж түүдэг галын дэргэд Хурмаст Тэнгэрийн Хур Хишгийг хүртээд дээлээ нэвтэртэл дуулж хуурдан, найрлаад унтахаар явцгаалаа. Бороо шөнөжингөө оров.

Маргааш өглөө нь сэрээд майхан дотроо хэвтэнгээ бодов. За цас орсон болов уу? Яасан бол? Цас орсон бол хүмүүс шуугилдах л ёстой доо, гадаа нам гүм байх чинь ээ гээд л бодоод хэвтэж байв. Өнөөдөр цас ороогүй бол маргааш орох юм байна гэх ухааны юм бодоод байж байтал: Өө янзтай! гэх хүмүүсийн дуу хадав.

Гараад харсан уул хангай тэр чигтээ нэвсийтэл цасанд даруулсан байв. Өчигдөрхөн халуу шатаж байсан Хангай тэр чигтээ цасан нөмрөгөөр хучигдаж, бороо цас холилдон зөөлөн хаялсаар өглөөг бидэнд үзүүлэв. 

Үйлийн өмнө

Үйлийн дараа

Бид 8 улаач 30 гаруй хүмүүсийн хамт аялаж явсан бөгөөд 3 гариг үйлэндээ зүтгэж, Өвгөдөө Дээдэлж, Хангайгаа сүншиглэсний хариу болж ирсэн хишиг тэр байв.

Хэлж байгаад оруулсан цас, харав уу та нар гээд харийн жуулчиддаа хэлэхэд: "Та нар цас оруулаад бид даарч хонолоо" гэж өөдөөс тэд хөгжилдөв. Тэндээс хөдлөөд сүлжээтэй газар ороод интернэтэд холбогдоход Солонготын даваа битүү цастай байгаа зураг байв. Тэндээс дуудсан цас аймаг дамнан орж Завхан хүрсэн нь тэр байлаа. 

За ямартай ч Хөө хуягаа хөвсийлгөөд, Хэц хэнгэрэг дэлдээд, хүмүүст Худал үнэнээрээ дуудуулаад явдаг Бөө нэртэн хүмүүс хангай дэлхийдээ хэрэгтэй зүйл хийж чаддаг юм шүү гэдгийг бидний хэдэн улаач жишээгээр харуулсандаа баяртай байлаа. Ийм тохиолдол цөөнгүй ч баримтжуулан хадгалж аваад хүмүүст түгээсэн нь ховор байх тул энэ нэгийг өөрийн хуудсандаа баримтжуулан үлдээв.

 


Ер нь ямар ч бөөд байгал дэлхийтэйгээ харилцах, тэднийг аргадах зан үйл байдаг. Байгал дэлхийгээ сүншиглэдэггүй бөө гэж үгүй. Энд нэгхэн жишээ авсан ч өөр олон жишээг өөрийн биеэр ч өрөөл бусдын үйлээс ч харж явлаа. Ган тайлах, хатаж ширгэсэн гол мөрөн, нуур цайдмыг эргээж сэргээх, хангай дэлхийг ерөөж хишиг арвижуулах г.м бөөд хийгддэг олон зан үйлүүд нь нүдэн дээрээ хэнгэрэг дэлдэж байгаа мэт л харагдавч цаанаа нарийн учиртай, байгал дэлхийн жам ёсны хуулийг таньж мэдсэн өвгөдийн их арга, өв ухаан байдаг гэдгийг ухаарсаар.

Хэн нэг ид шидтэн шидэт дохиур ганц дохиод л бороо хур оруулдаг бус харин байгалийн хэмд бөөгийн хэмээр нөлөөлөн орчлон хорвоод байх жам ёсны хуулийг таньсаны үндсэн дээр жинхэнэ шинжлэх ухаанч аргаар, ямар нэг төхөөрөмж хэрэглэлгүй байгалтайгаа харилцдаг нь бидний өвөг Дээдэс байжээ. 

Намайг дөнгөж улаач болоод, Хэц дэлдээд явж байхад хүмүүс надаас: Бөө болоод амьдралд ямар хэрэгтэй вэ? Одоо тэгээд тэр бөмбөрөө нүдээд л сууж байх уу? Өөр юу хийх вэ? Ямар ач холбогдолтой тустай вэ? гээд л материаллаг талаас нь хардаг, хэдэн төгрөгний орлоготой, амьдралд ямар тустай болохыг л харж асуудаг байж билээ. Өөрөөр хэлбэл: Өө хөөрхий, чи чинь уг нь дээд боловсролтой биз дээ, бөөгөөс өөр хийх ажил олдоогүй юм байх даа гэсэн сэтгэхүй нийхэмд зонхилж байгаа нь тэр.

Тэгвэл "Бөө" гэдэг хүсвэл олддог, түлхвэл явчихдаг ажил биш, хийх ёстой гээд үүрэг хүлээсэн бол үйлээ үүрч давахаас өөр замгүй, нэг бодлын хатуу ч ойлгож харвал их хувь заяа болохын дээр нийхэм болоод байхалд тустай, байх ёстой жам ёсны мэргэшил юм. Ажил мэргэшилдээ сайн, муу байх хүмүүн олонтой харилцахдаа ёс суртахууны хэм хэмжээ нь хувь хүнээсээ хамаараад харилцан адилгүй өөр байдаг нь бөөд байх жам бус угаас хүний хорвоод байдаг жам юм. 

Тиймээс сайнтай муутай, худалтай үнэнтэй нь байж л таараа. Гагцхүү үйлийн үр дүн, үнэн сургаал, гэгээрэл гэдгээр л хэмжиж зөв бурууг тунгаавал зохилтой. Бөө, Улаач хүмүүсийг заримдаа өмөөрмөөр, заримдаа зүхмээр санагддаг.

Хөөрхий үнэн худал, буруу зөв нь мэдэгдэхгүй, хүн амьтны нүдэнд хачин жигтэйгээрээ харагдан үзэгдэн байж, элдэв янзын төмөр, даавуу болсон хувцас өмсөж, хэнгэрэг нүдэж орилж, дэвхцэж явдаг, бөөн зардал чирэгдэл болж уул хангайгаар тэнэж явдаг энэ хүмүүсийн үйлийн үр дүн нь цаг хугацаанд байдаг. Одоо ирэх үйлийн үр дүн нэг байхад хожуу ирэх үйл бас л байдаг. Гэтэл нүдэнд үзэгдэж гарт баригдах бүхэнд итгэх болсон хүмүүсийн дунд тэд жигтэй харагдах нь аргагүй юм. 

Гэтэл хуяг нөмөрч, хэц дэлдээд л бөө болчихлоо гэж бодоод өөрийгөө таньж амжаагүй, Өвгөдөө мэдэж таниагүй, үйлээ тандаж гүйцээгүй байхдаа боллоо хэмээн сэтгэх нэгнийг харах үнэхээр зүхмээр. Учир нь тийм сэтгэхүйгээс өөрийн нэр байтугай бөөгийн нэрийг сэвтүүлэх алдаа арвин гарна. Алдаж эндэж аливааг суртлаа хүн олон л замыг туулна. Харин өөрийгөө боллоо гэж бодож өндөрт өргөж эхлэх тэр л цагт сурах зам нь төгсгөл болдог шиг санагддаг. 

Тийм хүнээс өөрийнх нь авир л улам гарахаас бус үйлийн бахдам сайхан гарахгүй. Өөрийн авирыг Өвгөдийнх болгосон, өөрийн үйлийг Бөөгийн үйл болгосон тийм хүмүүс Бөө гэх энэ нэр, энэ заяаг унагааж л таарна. Түүнээс хараал жатга хийгээд, шид чадлыг гайхуулаад түүгээрээ тэмцэлдэх бөөгийн эрин арай л эхлээгүй байна. Хүмүүсээс мөнгө төгрөг нэхдэг, дарамталдаг, сүрдүүлдэг тийм хуягтай хүмүүс байх аваас тэр бол Бөөгийн бус өөрийнх нь авир зан, өөрийнх нь ааш гэдгийг ялгаж салгах хэрэгтэй. Бөө бүү хэл энэ орчлонгийн бүх ажил мэргэжил, үйл дээр ёс суртахуун, зан авирын олон янзын хэмжүүр угаасаа бий.


1 comment:

  1. Маш гоё, ямар сайхан юм бэ...Жинхэнэ бөө, удган гэж байдаг гэж үргэлж итгэж явдаг. Гэвч хэдэн жилийн өмнө нэг удган гэсэн хүн дээр мөнгө төгрөг, торго сэлт, нэхсэн болгоныг нь авч очин нэг удаа бөөлүүлж үзээд, чи итгэл бишрэл муу байна гэж загнуулан, надад яагаад итгэл төрж өгөхгүй байгааг ойлголгүй өнгөрч билээ. Тэгсэн ч мундаг бөө нар юу хийж чаддаг байсныг бөө судлаач хүнээс сонсож байсны хувьд жинхэнэ бөө байдаг гэж бодсоор ирсэн юм. Та нар эх орон газар дэлхийгээ бусниулан сэндийчиж зөвхөн өөрт ашиг олохын төлөө улайран байгаа нөхдүүдийг зогсоож чадах үнэн хүчин гэж итгэдэг шүү. Та бүхэнд амжилт хүсье!

    ReplyDelete

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц