Blogger templates

2016-09-06

Аяллын тэмдэглэл


Эх сайхан Монгол орноороо олон андын хамт олз омог дүүрэн сайхан аялаад ирлээ. 1400 гаруй зураг буулгажээ. Олон ч адал явдалтай учран туулж давж, сургамж ухаарал авч, мэдлэг тэлсэн, туршлага хураасан нэгэн аян байв. Аяллын талаарх зурагт тэмдэглэлээ блогтоо оруулж байна

Энэхүү газар нь Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг. Энэ уулын амыг бид Бороотын ам гэж нэрлэхээр болсон. Яагаад гэвэл ганц тэр аманд л бороо, мөндөр орж 50-хан метрийн зайд хашааны наагуур Солонго татаж байв. :) 3 өдөр дараалан Солонго татсан даа. Уугуул нэрийг нь мэдсэн ч хэлэмгүй санагдаад байдаг юм. Ухвар мөчид бодолт хүмүүн буртаглах вий гэхээс эмээхдээ тэр.


Түүдэг галын тухайд

 


Зурагнуудаа хараад байсан чинь галын зургийг манай хэд авчихаж. Бороотын аманд бид нэг орой Галын Бөөлөөн хийв. Зассан түүдэг маань энэ юм. Ер нь түүдэг галыг яаж ч босгосон болно л доо. Хүн хүний дур. Гэхдээ миний хувьд Гэрлийн Өргөөнийхөө олон андуудтай хамт олон тахилга тайлгад явж басхүү Онгодоос зэмлэл хүртэж, сурсан нэг зүйл минь энэ түүдэг байсан учир яг хэлсэнийх нь дагуу хийх гээд байдаг дадалтай болчихож. Тэр нь их учиртай.

Бөөгийн зан үйлд бол ихэвчлэн Түүдэг гал нь Хүнээс өндөр, Хүнээс бүдүүн байх учиртай. Олон төрлийн мод буюу Нарс, Хус, Шинэс, Бургас г.м 9 хүртэлх төрлийн модоор бэлтгэж зассан түүдгийг Жубур гэнэ. Мод бүхэн шатахдаа янз бүрийн эрчим хэмийг ялгаруулдаг. Түүгээр сайн сүнснүүд буюу Онгод Тэнгэрүүд эрчим, хэм авч тэнхээждэг. Улаачийн өөрийн сүнс ч мөн эндээс хэм авдаг.

Түүдгийг бэлтгэхдээ гол тулгуур шургаагуудаа босгож оройг нь холбож уяад доторх хөндийд нь модыг жижиглэн хугачиж хэвтээ байдлаар битүү өрдөг. Завсар зай үлдээхгүй сайн чигжиж өгөх тусам түүдэг удаан асаж, бүрэн түлшлэгддэг юм билээ.Түүдгээ бэлтгэж дуусаад асаахдаа дээд хэсгээс нь эхэлж асаах бөгөөд энэ маягаар босгосон түүдэгт дахин мод нэмэх, янзлах, хүний гар хүрэх шаардлагагүйгээр өөрөө бүрэн шатаж, бүрэн түлшлэгдэж дуусдаг.

Манайхан бол Микрондоо модыг гамгүй ачсан даа ккк. За энэ ч овоо олон өдрийн мод болчихлоо гээд баясаж байтал ганц түүдэгт бүгдийг нь зориулаад үнс болгосон. Гэхдээ яахав бид бүгдээрээ Ууланд очоод унасан мод, гишүү түүж ой цэвэрлэнгээ сайхан галын үйл хийгээд сүнсэн биеийнхээ эрчмийг нэг тэтгээд авсан. Гал тахих Бөөгийн зан үйл буюу Галын тахилга гэж нэрлэдэг энэ үйлийн тухай дэлгэрүүлвэл их зүйл болох байх. Гэрлийн Өргөөнөөс гаргасан судрууд, хийгдсэн тахилга үйлүүдээр суралцсан зүйлүүд маань багагүй ч суралцах зүйл нь Тэнгэрийн хаяа, Далайн хязгаар шиг л уужим, арвин байна даа.


Жич: Нүүдэлчин ардууд бол ойд унасан мод, гишүүдийг түүж цэвэрлэн түлшилдэг бөгөөд Ургаа мод тасддаггүй. Нэгэн мод ургах гэж, нас биенд хүрч, бүдүүн мод болон ургатлаа хичнээн зуун жилийг элээдэг. Гэтэл түүнийг хоромхон хугацаанд тасдаж тайрах нь эдлээд барамгүй үйлийн үр их нүгэл юм. Үүнийг хүмүүс ухаараасай гэж бодож байна. 

Монгол Үндэсний хоол ШАРСАН МАХ буюу Хорхог


Аяллын зургууд дотор маань Хорхог хэмээх хоолны зураг бас овоо байр суурь эзэлж байна шүү ккк.

Өнгөрсөн жил Монголд аялаж явсан нэгэн харь гийчин цагаан хоолтон байж л дээ. Тэгээд Монголд ирж Хорхог идээд махан хоолтон болсон хаха. Энэ тухайгаа тэрбээр: Энэ хоолыг идсэн өдөр миний цагаан хоолтны амьдралын сүүлийн өдөр байв.... "Янз бүрийн бордоогоор бордуулж, хашаанд хашигдаж, эрх чөлөөгөө хасуулсан малын мах болоод тал нутагт тааваараа бэлчиж, хаа дуртай газраа очиж дуртай өвс ногоогоо идээд дураар явдаг мал 2-ын амт чанар тэс өөр юм" гэж бичиж билээ.

Тэгсэн энэ жилийн нэг аялагч маань амтлах, үнэртэх мэдрэмжээ бага багаар алдаж явсан нэгэн байсан бөгөөд Монголд ирээд тэр бүх мэдрэмжүүд нь сэргэж, хорхогны мах идээд ходоод нь баясаж амтлах мэдрэхүй нь сэргэлээ гээд ярьж байв. Тэгэхээр Монгол малын мах, Монгол малчин ахуй, Нүүдлийн ахуй бол үнэхээр хэрэгтэй соёл мөн биз. Зөвхөн хоолон дээр жишээ авахад шүү дээ. Цаашлаад Монголчууд сүү хэмээх ганцхан шингэнээр маш олон төрлийн цагаан идээ бүтээгдэхүүнийг уламжлалт Монгол аргаар гэртээ бэлтгэж ахуйгаа залгуулж, малынхаа арьс ширийг нь элдэж боловсруулж хувцас хунараа хийж өмсдөг, хэнээс ч хараат бус амьдарлтай байсан. Одоо ч малчин айлууд тэгж л байгаа. Гагцхүү цаг үедээ нийцүүлээд Уламжлал, Орчин үе хоёрыг аятайхан холбоод аль альныг нь гээгдүүлэлгүй явах нь чухал юм шиг.

Б.Ренчин гуайгаас гадаадын нэг эрдэмтэн: Монголчууд та нар яагаад хоолондоо ногоо хийдэггүй, дан мах идээд байдаг юм бэ? гэж асуухад нь их эрдэмтэн: Бид 500 гаруй төрлийн өвс, ургамал, ногоог, 5 хошуу малаараа боловсруулан хүнсэлдэг хэмээн хариулсан гэдэг. Үнэхээр л тийм шүү. Махан биет хүмүүн бол хоол хүнсээр тэжээгдэж, эрчмээ авдаг. Хооллолт бол Эрүүл байхуйн үндэс. Ард түмэн Эрүүл байх бол Төрийн бодлого байх ёстой. Тэгвэл Нүүдлийн мал аж ахуй, Мал, Бэлчээрийг төрийн бодлогоор хамгаалж уламжлалыг алдагдуулалгүй, Шинэчлэлтэй хослуулсан ч хэт хутгаж, мөн чанарыг нь алдагдуулалгүй авч явах ёстой болов уу гэж сэтгэл чилээх юм. Энэ талаар мэддэг зүйл хомс. Тиймээс мэдлэгээ тэлж, Малчин ардаас суралцаж, басхүү хоол хүнсний орчин үеийн мэргэжилтэнгүүдээс асуух зүйл ч их байх юм.











Ялаа зөгий хоёрт дарлуулсан нь



Ялаа Зөгий 2-т дарлуулсан түүхээ бичих үү яах уу гэж жаахан бодлоо. Аялах дуртай, хөдөө гадаа их явдаг хүмүүст хэрэгтэй болов уу гэж бодлоо.

Хэдхэн хоногийн өмнө арваад хоног Ар Өвөр хангайгаар аялсан аян маань дуусахын даваан дээр Өгийн Нуурын хавьцаа би бээр нүдэндээ өт цацуулваа хөөрхий. Яасан гэсэн чинь машинаасаа буутал нэг ялаа шунгинаж ирээд л нүд рүү орчих шиг болов. Яадаг муу хог вэ гээд л нухаад гаргах гэж үзтэл тороод гарах шинж алга. Цэвэр ус аваад нүд рүүгээ хийгээд угаахад нэмэр алга. За энэ ер нь өт цацчихав уу яав гэж хардаад хамт явсан хүндээ үзүүлтэл: Өө золиг, өт цацчихаж гэв.

Золиг гэж яг машинаас буухын өмнө надад Борц бол Бөөгийн 9 зэвсгийн нэг, тэр дундаа хамгийн аймшигтай зэвсэг, түүнийг нунтаглаж тусгайлан бэлтгээд хүний нүд рүү цацах юм бол Нүд өтдөг юм. Хамгийн хэрцгий зэвсэг хэмээн Гэрлийн Өргөөнөөс гаргасан 27 судар дээр өгүүлснийг бодоод Өт цацна гэдэг язганаад аймаар байх даа гэсэн шүү ухааны юм бодож суусанаа санав. Хаха, Болох зүйл урьчдилан надад бодогдов уу, аль эсвэл бодлоороо ялаа дуудчихав уу бүү мэд хаха.

Өөрөө нүдэндээ өт цацуулна чинээ бодсонгүй ээ хөөрхий. Тэгээд яахав ийхэв болоод асуутал Хөтөч маань нүд цэвэрлэх ус аваад ирье гээд харайж одов. Харин би даруй арга хэмжээ авахгүй бол болохгүй, яадаг ийдэг билээ гээд бодол ээрч сандарч байтал цуг явсан ах маань Долоолгоод үзэх үү гэв.Тэгээд долоосонд нэмэр алга. Амьтан болохоор арваганаад цаашаа улам шигдээд байна гэв. Яадаг муу туучийнууд вэ? Яах вэ би? Хүн амьтан байна уу. Энэ кэмпийн хүмүүс мэдэж байгаа дээ гэтэл, харин нэг кэмпийн залуу: Хамрын тамхи цацчихвал үхээд гараад ирдэг юм гэв. Даруйхан хамрын тамхинаасаа авч байгаад нүд рүүгээ бага багаар хийв. Тэгсэн харин овоо онгойх шинжтэй. Зөөлөн тамхи байсан уу яасан сүрхий хорсож өвтгөсөнгүй, жаахан аргаад л өнөө тороод байсан ярзайсан цагаан өтнүүд үхээд нулимсаар гадагшилваа. Бас болоогүй ээ дахин 2 удаа хамрын тамхи хийж байж, нүдээ эргэлдүүлж байж өтнүүдээ гаргасан хэхэ. Өт бас их зэвүүн. Яг нүдний харыг тойроод арваганаад яваад байсан гэж байгаа юм даа... яаяа.

Хээр хөдөө явахад Хөөрөг гээч эдэнд агуулах хамрын тамхи ийнхүү нэг аминд орсон доо. Хэрэв хамрын тамхи байгаагүй бол Улаан тамхи бүр болохгүйдээ тулвал байгаа тамхиа норгож байгаад шүүсийг нь хийх байсан байна лээ. За тэгээд бүр болохгүй бол хялгас гогцоолдож байгаад мэс ажилбар хийх аятай л нэг нэгээр нь түүдэг гэж Жолооч маань хэлж өгөв. Хөдөө явахад их юм сурах юм. Хаширсан би тэр оройжингоо нүдний шилтэй явав.

Аа харин зөгийнд дээрэлхүүлсэн түүх бол богинохоон. Мань зөгий дүнгэнэж ирээд л гараа хөдөлгөөд юм ярьж байсан хуруун дээр минь суув уу үгүй юу алхаар цохьчихоод явсан юм шиг өвддөг байна. Хазуулчихлаа гээд л муухай орилоод босоод гүйв. Хартал харин томоо гээчийн цоорхой, долоовор хуруун дээр гарсан байдаг юм. Тэгсэн урсгал голын усанд гараа булхуулвал хорыг нь авчихдаг гэж Тай Соно багшийн хэлж байсан гэж Хөтөч маань зөвлөгөө өгөв. Бушуухан гол очиж хэлсний дагуу хорыг гадагшлуулав. Урсгал сөрж 108 булхуулав. Харин маргааш нь өвчин ор мөргүй болсон байна лээ. Иймэрхүү жижиг сажиг мэт боловч амьдралд, хээр хөдөөд, аминд орох зөвлөгөөнүүдийг махан биеэрээ туулж мэдрээд л ирлээ.

Ялаа, Зөгийн хоёрт дээрэлхүүлснээ яасан ч мартахааргүй аялал болсон доо... Өөр их юм болсоон... 


Tag: Нүдэнд өт цацуулахад авар арга хэмжээ, Нүдэндээ өт цацуулвал яах вэ? Өт цацахь зөгийнд хатгуулах 

Аяллын бусад зургуудаас




Энэ хүн эхнэртэйгээ хамт Дэлхийн олон газраар аялсан бөгөөд очсон газар бүрийнхээ нэрийг машин дээрээ бичсэн байв. Сонирхолтой л юм билээ.  




Хангай Нурууны Шивээт улаан хэмээх байгалийн хосгүй үзэсгэлэнтэй, 4 талаараа битүү ой мод, хад цохиогоор хүрээлэгдсэн энэ сайхан газарт Өндөр Гэгээн Занабазар бүтээлийн хийдээ байгуулж байжээ.

Тэрбээр энэхүү газарт сууж байхдаа хүний оюун ухааны сор сод болсон олон сайхан бүтээлүүд туурвисны бөгөөд Тусгаар тогтнолын бэлгэдэл, одоогийн Монгол улсын төрийн сүлд болсон Соёмбо тэмдэг мөн Соёмбо үсгийг зохиож байжээ.

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг, хүмүүс Төвхөн хийд гэдгээр нь сайн мэднэ. 



Ийм нэгэн солонго



Ийм нэгэн үүл



Ийм нэгэн нар.

Наран Эжий Өгийн нуурын дээрээс тольдохуйд 

Нуурын уснаа булхах нь хамаг ядаргааг арчих мэт.





Зарим нь амьдралдаа анх удаа Нар ингэж хүрээлэхийг харж буй юм гэнэ ээ. Тэр өдрийн Нарны хүрээ их том, мөн хүрээ нь олон өнгөөр солонгорч байсан.

Энэ хүрээд өндөрлөе. 

1 comment:

  1. Medeegui zuilee medej avlaa sonirholtoi bailaa bayrlalaa :)

    ReplyDelete

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц