Blogger templates

2018-07-25

Галын домог


Хүний үүслийн тухай өчнөөн янзын үлгэр домог, шинжлэх ухааны судалгаа, баримт сэлт, кино ший арвин бизээ. Харин энд хүн хэрхэн үүссэн тухай, галыг хэрхэн олсон тухай Монгол домгийг Онгодуудын айлдсанаар сонирхуулъя.

Өдгөөгөөс 9 буман жилийн тэртээ хүмүүн амьтны айгаас ялгарч эхэлжээ. Хижи гөрөөс ижил төрлөө барьж идсэнээс цээрлэл хүртэн ган зуд, гачигдал зовлон, тахлын учигт үгүйрэх шахахад Дэлхий ээж ивээж хижи гөрөөсийг оюунт болгож хөглөн Өхий Буурал Ээжийг төрүүлжээ. (27Онгодын буултыг тэмдэглэсэн тэмдэглэл, 151-р тал)

Тэр цагаас хижи гөрөөс гэхээ больж Мангдайн биеийг олсон Манхан цагаан уулын Өхий Буурал Ээж хэмээн бөөгийн дуудлагад алдарших болжээ. Өхий Буурал ээжийн 3 хөвүүн болох Чонон Хөвүүн, Бодон хөвүүн, Буган хөвүүн гурав тахлыг зайлуулагчийн шидийг олж, галыг номхотгосон домогтой. Ийнхүү Монголчууд хүмүүн анх галыг гаршуулж, галын онгон сүнстэй харилцах болсноос үүссэн гэж үздэг. Амьтны айгаас ялгаатай нь хүмүүн оюунт ажгуу. Оюуныг илтгэх нь Хий, Чийг, тоос гурвын тэнцэтгэлийг олж галыг асааж буйгаар илтгэнэ.

Галын домогт өгүүлснээр Чонон, Буган, Бодон 3 хөвүүн эхийнхээ захиасаар Манхан цагаан уулан дээр гарч, галт голын чигт тахлыг дарах ерөндөгийг олох аялалд явжээ. Өвөл зун ээлжилж гэтэлсээр галт голыг олоход Тэнгэрээс аянга бууж нэгэнтээ модыг ниргэж гэнэ. Гурван хөвүүн тэрхүү галыг амьтан гэж сэтгэн чулуу нүүлгэж үзэж гэнэ. Гэвч үргэсэнгүй. Бодон хөвүүн ойртож үзээд атгатал атгаасыг нь шатаачихаж гэнэ. Чонон хөвүүн ойртож очоод чичтэл хөдөлсөнгүй гэнэ. Буган хөвүүн ойртож үзээд амьтай юм байна гэж хашгирав.

Ингээд тэрхүү эдийг гайхан тойрч алхахад дахинтай хур буув. Хурын дусал галыг унтраахад гал уур болон дээш замхрахад гурван хөвүүн нэгэн модны цучлыг биеэр нөмөрлөн хамгаалж гэнэ. Гэвч удалгүй цучил шатаж дуусах аядав. Чонон хөвүүн даруй нэгэн модон мөчир аван дээр нэмэрлэхэд гал түүгээр хооллож гэнэ. Буган хөвүүн дахин нэгэн цучил авчрахад арвин гал гарч гэнэ. Үүнийг хооллоод байвал аж төрөөд байх юм байна гэж Бодон хөвүүн хашгирчээ.

Ингээд гурван хөвүүн хэрхэн зөөхөө бодож гэнэ. Буган хөвүүн улаан дөлтгүй, хөх галтгүй хэсгээс нь атгаж үзэхэд сэрүүн байж гэнэ. Нэгэн цучлыг өндийлгөн аваад хэдэн алхамтай аваачихад ассан хэвээр байв гэнэ. Дахин хэдэн цучил аваад тавихад дүрэлзэн асав. Чонон хөвүүн хооллож бас алхуулсаар аваачиж болно гэж хашгирчээ. Тэд буцахдаа бүр ч олон өвөл зуныг давав. Хичээнгүйлсээр хичээнгүйлсээр эжийд үзүүлвээс эжий тэрхүү галыг үзээд их баясав. Тахалт махыг шаралхийн хярвас гарган ариулав. Идвээс шидийн мэт амттай байв. Мөнхүү тахлаар өвдсөнгүй гэв.

Өвөл зуныг давж байтал нэгэнтээ үр галыг манаж байхдаа унтан унтраачихав гэнэ. Тэд дахин яаж галыг олнов гэж хашгиралдав гэнэ. Өхий ээж өндөр Тэнгэртээ мордсон тул хэрхэхийг хэлэх хүмүүн байсангүй гэнэ. Иймээс өтөл болсон Бодон өвгөн, Чонон өвгөн, Буган өвгөн галт голын зүг явж гэнэ. Очиж үзтэл гал байсангүй. Бодон өвгөн уурсан чулуу хага цохьтол оч үсэрч гэнэ. Чонон өвгөн ажаад галын үр гэж хашгирчээ. Буган өвгөн Бодон өвгөнийг дахинтай чулуу хага цохь гэжээ. Өөр чулуу аваад цохьтол оч үсэрсэнгүй. Бодон өвгөн гайхан урьтын чулууг аваад цохьтол оч үсрэв. Энэ гал хадгалсан чулуу байна гэж хашгирчээ. Ижил нэгэн чулууг аваад хавсартал оч үсэрчээ.

Чонон, Бодон өвгөн олонтой гариг гал манасан учир хуурай өвс галыг амархан тэтгэдгийг таньсан ажгуу. Иймээс хуурай өвс олж ирж сөөлжөөд Бодон өвгөн чулуу хавсран оч үсэргээд гал гаргахыг ихэнтэй оролдов. Гэвч бүтсэнгүй. Алив би нэгэнтээ үзье гэж илүү хүчирхэгээр Чонон өвгөн хавсартал үл асав. Буган өвгөн чигтээ үсэргээчээ гээд чулууг нэгэнтээ аваад хуурай өвс рүү очийг үсэргэвээс цог буужээ. Үлээтгээд үлээтгээд гал гаргажээ. Ийн гурван өвгөн гал хадгалсан чулууг олж гэнэ.

За ийм нэгэн домог байна. Хүүхэлдэйн кино хийж хүмүүст түгээвэл маш гоё. Гол нь энэ домог, энэ логик бол маш үндэслэлтэй. Хүн төрөлхтөн галыг олсноор л жинхэн хүн болох эх тавигдсан гэвэл маргах хүн үгүй биз ээ. Хамгийн гол нь энд өгүүлэгдэх хэд хэдэн санаа маш чухал.

1. Хүн лав сармагчнаас үүсээгүй юм байна. Ямар ч байсан Монгол хүн лав биш. Учир нь Хижи гөрөөс хэмээх өөр амьтан байж. Тэр нь ижил төрлөө идэж цээрлэл хүртэн, тахал зовлонд нэрвэгдээд үхэхийн даваан дээр байгалийн шалгарлаар тэсч үлдэн тархи оюун нь хөгжжээ. Хүүхэд байхад сургуульд бид нарыг бичнээс үүссэн гээд заадаг байж билээ. Ч.Дарвины хувьслын онол Монгол өвгүдийн сургаальтай зөрж байна. Дарвины судалгааг ч үгүйсгэгчид маш их. Маргаанд цэг үгүй. Гэсэн ч хамгийн чухал нь бидэнд өөрийн гэсэн судар ном, түүх байна. Түүнийг нь батлах нотлох арга талын нотолгоог бид өөрсдөө олж судлах нь чухал юм.
2. Чоно, Буга, Бодон 3 хөвүүн бол эртний овог аймгууд, тэр цагийн хүний төлөөлөл ажээ. Эндээс цаашлаад олон зуун мянган жилийн дараа Чонос, Хонгирад, Ихирэс зэрэг Монголчуудын язгуур олон гарвалууд үүсэн бий болжээ.

3. Өнөөгийн Монгол улсын Дорнод аймагт Яхь нуур гэж бий. Түүнд цутгадаг нэгэн гол бий бөгөөд түүнийг ГАЛТ ГОЛ хэмээдэг. Хамгийн гол нь Яхь нуурт юу байдаг гээч? Тэнд цахиур буюу гал гаргадаг чулуу бий. Нэлээд хэдэн жилийн өмнө тэр нуурын тэнд очиж цахиур чулууны хэлтэрхий олж авчирсан минь одоо ч надад бий. Магад Алтайд нутаглаж байсан хэсэг хүмүүс зүүн зүгт Яхь нууранд хүрч Галт голын тэндээс Аянганд ниргүүлсэн модыг олж галыг олоод эргэн ирж басхүү буцаж очиж цахиырг олсон урт аян, үйл явдал домогт ийн мөнхөрсөн биз ээ.

Ингээд бодохоор Домог гэдэг бол болж өнгөрсөн үйл явдлыг хүмүүст сануулахын тулд, мартуулахгүйн тулд ерөнхийлөн базаж, логик дэс дараалалтай, утга уянгатайгаар өвлүүлж үлдээсэн түүх аж.

Зургийн тайлбар: Монголын Урчуудын Эвлэл Уран бүтээлч Р.Төртулга, Амгалан дэлхий бүтээл. Цахиур чулуугаар урлав.

No comments:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц