Blogger templates

2017-07-29

Парисын метронд суухад төрсөн бодол


Парисын метронд суух гээд хүлээж байхдаа орчин тойрноо нэг тухтай харж авав. Бас ч гэж фэйс энэ тэр орж нутгийн мэдээ сонсов. 

Эх нутаг маань энэ жил хааяагүй гандуу байгаа сураг дуулдлаа. Ямартай ч Ар, Өвөр хангайн нутгуудаар яваад ирэхэд олон газар гол горхины урсац татарч зарим газраа дусал ус үгүй болжээ. Хүний нийхэмд олон үйл явдал өрнөж амьдрал завгүй үргэлжилсээр байгаа хэдий ч амьдран буй орчин, эх дэлхийгээ нэг анзаарах хэрэгтэй болжээ.Бидэнд байгаа үнэт зүйлсийн нэг нь эх орон шүү дээ.

Хүний нутагт явахдаа миний эх орон Монгол гүрэн бол онгон дагшин байгалтай, нүүдэлчин соёл уламжлалтай хэмээн бахархаж машин, гар утас үйлдвэрлэж дэлхийд өрсөлдөж чадаагүй ч газар нутаг, өв уламжлал, байгалаараа аль ч газраас дутахгүй хэмээн цээж тэнэгэр явдаг байв аа. Ай бас хүний газар гүний нутагт байх өндөр байшин барилгууд, зам талбай, цэвэр цэмцгэр гудамж талбайг хараад манайх хэзээ ийм зохион байгуулалттай, өндөр хөгжилтэй болно оо гэж бодогдох үе олон байжээ. Олон зуун сая хүмүүс хууль журмаа дээдлэн аятай тавтай орчин бүрдүүлэн амьдарч чадаж байна. Метрод суугаад явж байхад цаг нартай уралдан хөдөлмөрлөх энэ олон хүний харцанд нь гал үгүй, цаанаа нэг гунигтай харагдана. Энэ олон хүмүүс ийм л хууль цаазаар амьдрахгүй бол болохгүй мэт. 

Хэрэв энэ хүмүүс ажилгүй, мөнгөгүй болвол тэдэнд ямар сонголт байгаа бол? Нийгмээсээ гадуурхагдаж оршин амьдрах аргагүй болж хог дээр үсрэх юм шиг санагдаад байв. Зөв бурууг бүү мэд. Харин Монголд бол ажилгүй, мөнгөгүй болсон ч бай нутгаа зүглээд, уулын модонд очоод, халуун хошуут малаа түшээд амьдрахад засаг захиргаанаас хамааралгүйгээр амьдарч болох давуу талтай. Мөнгө шаардахгүйгээр амьдарч чадна. Бүх юм мөнгөнд шилжсэн цагт харин хэцүү болох болов уу. Ингээд бодохоор Хөгжил гэдэг ний даяараа сэтгэл хангалуун амьдарч байж л утгаараа бүрдэх гээд байна.

Гэтэл бидний давуу тал болох газар нутаг маань энэ жил гантай байхыг хараад сэтгэл санаа тавгүй болов. Харийн гүрнээр айлчилж яваад эх нутагтаа ирэхэд гантай жил тосов. Малчин ардууд маань л хамгийн хэцүү байх шиг харагдлаа. Ирэх жил дээрдэх байхаа гэж найдаж байна. Гэхдээ хүүхэд байхад ингэж халуун болж, ингэж ган нүүрлэж байсныг лав санахгүй юм.3 жилийн өмнө дүүрэн ус байсан газар энэ жил сайр нь гараад ирж. Нүдэн дээр юмс өөрчлөгдөөд байхаар тайван байхын арга алга. 

Орон хангайдаа эзэн байх ёстой улсууд нь эзэн шигээ байгаасай. Энэ олон бөө нар уг нь нутаг нутагтаа эзэн сууж, тахилга тайлга гэдгээ хийж, орон нутаг бүрээ аргадаж, тэгш сайхан байлгаж чадвал гол үүрэг нь тэр шүү дээ. Гол горхио ширгээхгүй хамгаалж, усны ундаргаа цэвэр ариун байлгаж, ард олноо ч соён гэгээрүүлж, хийх ёстой зан үйлээ ч хийж нутаг нугаа сахин хамгаалж байвал аятай. Олон ч хүн гадна дотноос ирдэг болж. Гахайн толгой шатааж хараал хийж ган гачиг болж байна ч гэж ярих. Уул уурхайг хэт давраасны уршиг ч гэж харах хүмүүс олон. Аль аль нь шалтгаан болж байгаа. Гэсэн ч алив юмс хэмжээндээ байвал хэвийн, хэтийдээд ирэхээрээ хор хохирол болдгийг мэдэж сэргийлж байхыг ухаармаар байна. Төрсөн нутгаа нэг эргэнэ байгаа....

No comments:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц