Онгод гэдэг бол урьд өмнө нь энэ дэлхийд амьдарч байсан бодит түүхэн хүмүүс. Бидний нүдэнд л харагддаггүй болохоос биш яг л харагдахгүй байгаа хүн гэж ойлгож болно. Онгодоор дамжуулан тухай цаг үеийн тухай, түүхийн үнэнийг мэдэж болдог. Алтан ургийн улаач нарын алдарт онгодуудтай хүүрнэлдсэн сонин хачин, тэдний айлдвар сургаалаас цувралаар хүргэж байна.
Эзэн Чингис Хааны үеэс 2 үе хожуу цагт амьдарч байсан нэгэн бууралд золгож бөө мөргөл, Тэнгэр үзлийн талаар хөөрөлдсөн юм. Онгодууд цэцэн цэлмэгийн туйл байдаг бөгөөд хүнтэй хэлцэхдээ шүлэглээд явчих нь элбэг. Тиймээс түүнийг яг тэр шүлэглэсэн хэвээр тогтоож авна гэдэг тун хүнд. Үнэхээр ой ухаан сайтай хүн л тэгж шүлэглэж найрагласныг тогтоож болох эсвэл маш хурдан таталган бичдэг хүн л бичиж авч амжих.
Миний хувьд буурлын ийнхүү шүлэглэснийг тогтоох чадал мөхөс тул яриаг нь хурааж, бичиж авч болохсон болов уу хэмээн асуухад түшээ нь бууралд дамжуулав. Буурал: би орчин цагийн техниктэй холбогдож алдар суугаа гутаахгүй, үгүй гэв. Тэгээд аргагүйн эрхэнд толгойдоо найдах боллоо.Яг хэлснийг нь бичиж авч чадаагүй тул утгаар нь хөөж ойлгосноо сийрүүлэв. Болгоохтун.
Монголчууд бууран доройтсон хамгийн том шалтгаан бол Харийн шашин байсан. Монголчууд Тэнгэр үзлээсээ салж Харийн шашныг дагаснаар бууран доройтох эхлэл тавигдсан юм. Бөө мөргөл бол Тэнгэр шүтэх үзэл. Тэнгэр, уул, ус, байгаль дэлхийгээ шүтэн тэдэнтэй зохицож амьдрах ухаан.
Бөө мөргөл бол шашин биш. Шашин гэдэг бол хүний зохиосон зүйл. Аливаа шашин өөрийнхөө сургаалийг номлодог номлогчтой, түүнийг нь даган биширдэг дагагчидтай байдаг. Шашин бол хүмүүсийг мунхруулахын тулд хүн гэдэг амьтан өөрөө санаанаасаа зохиож төсөөлөн ургуулан бий болгосон оюун санааны бүтээл. Харин бөө мөргөл аливааг санаанаасаа зохион номлож сургадаггүй, зөвхөн өвгөдийн айлтгал, сургааль, ҮНЭН гэдгийг таниулан мэдүүлж үрсээ засч залж явдаг. Бөө мөргөлийн шүтээн болох Тэнгэр, уул, ус, газар, дэлхийг хэн ч зохиогоогүй бөгөөд өөрөө үүдэн бий болсон зүйл.
Шарын шашин Бөө мөргөлийг дарах үед Хорь Буриадууд шарын шашинд эвсэн нэгдэж дагаар орсон. Тэгснээр бөө мөргөлийн ёс жаяг шарын шашинтай ихэд хутгалдаж шарын шашны ёс заншлууд нэвтэрсэн. Зул хүжээр зулгуйдаж зусар үгээр бялбайлгасан. Шавар бурхан шүтэж харийн шашинтай хутгалдсан.
Харин олон жилийн дараа Бөө мөргөл дахин сэргэн мандаж олон хүн уг барихад хүрэхэд түүнийг босгох хүмүүс нь зөвхөн Буриадууд байсан юм. Тиймээс Халх, Дархад болон бусад ястангууд ганц шарын шашинтай хутгалдан дэг жаягаа алдан, өөрчлөгдсөн буриад ёсоор замчлуулан боссон. Энэ бол буруу.
Бөөгийн хуяг хувцас бүр өөр өөр байдаг. Гэтэл угаа барьж байгаа улаач бүрт ижилхэн хуяг өмсгөн Тэнгэрийн дэр нэг дор бөөндөн олон 100 хүнийг босгож байгаа нь ихээхэн буруу.
Бөөгийн ёс жаяг хатуу, Уг бариулж босгоно гэдэг бол чухал асуудал бөгөөд буруу босгох, хагас дутуу босгох, бүрэн гүйцэд хийлгүй дутуу гуцуу хийвэл улаач биежиж чадахгүй бөгөөд түүний угийг босгосон бөө тэнгэрийн өмнө хариуцлагад унадаг. Уг босгоно гэдэг бол угаа авч байгаа болон босгож өгч байгаа хүмүүсийн аль альны хариуцлагын асуудал юм. Гэтэл одоо цагийн энэ бөө нар нэг дор хэдэн зуугаар нь босгож байгаа буруу үйлийнхээ үр, шийтгэлийг дааж чадах уу? Тэд яавч чадахгүй.
Монгол дээл хэзээ ч босоо захтай байгаагүй. Тэр бол манж ёс, мөн хэзээ ч товчтой байгаагүй, тэр бол бас л манж ёс, мөн Монгол хүний гарыг мухарлах гэж Манжууд дээлэнд нударга зохиосон. Монгол дээл бол нэг л утас татахад тайлагдах амар хялбар ид шидийн шинжтэй байсан. Гэтэл одоо өөр болжээ. Харийнхны явуулгаар санаатай өөрчилсөн байна.
Бөө бүрийн дэг жаяг ёс өөр өөр байдаг. Заавал бүх хуяг ижил байдаг юм биш, Заавал бүх хуяг суга нь битүү эсвэл задгай байх ёстой юм биш, бүгд өөр өөр байдаг. Суга нь задгай хуяг байдаг бөгөөд онгод нь сугаар орж зулайгаар гардаг ёс бий. Тиймээс бөө хүнийг суганд хүрч болохгүй. Ийм байтал заавал зулайгаар орох ёстой, суга битүү байх ёстой гэж яригсад бол зөвхөн өөрийн жаяг ёсыг тулгаж буй хэрэг. Гэтэл бөөд өөр өөрийн гэсэн жаяг ёс бий.
Мөн Хэнгэрэг, хэц, дүнгэр гэсэн ойлголт байна. 4,5,8 талтай, бас хэдэн ч булцруутай гэнэ, гурвалжин бөөрөнхий, том жижиг, зузаан нимгэн янз бүр байна. Тойвуур л гэнэ, дохиур л гэнэ, бас өөр өөрөөр нэрлэгдэнэ. Бүгдийг нэг ижил болгох хэрэггүй. Өөр өөр ёс заншилтай өөр өөр байдаг.
Одоо цагийн бөө удгад өөр хоорондоо хэмхэлдэн хуяг хувцас ийм тийм байдаг, суга битүү, задгай байдаг хэмээн аар саархан зүйл дээр маргалдан мэтгэлдэлгүй эв нэгдэлтэй байж Тэнгэр үзлийг түмэнд ойлгуулах хэрэгтэй. Энэ олон тийрэн хөллөж буруу ихийг үйлдэн бөөгийн нэр хүндийг унагагч улаач бөө нарыг эмхэлж цэгцлэх хэрэгтэй.
Харийн шашныг дарахгүйгээр Тэнгэр үзлийг ойлгуулах арга үгүй. Түүнийг заавал даран Тэнгэр үзлийг, бөө мөргөлийг хамгийн түрүүнд тавих хэрэгтэй. Эзэн Чингис Хааны үед Тэнгэр үзлийг гол болгож бусад шашныг хумин базаж хамтаар зэрэгцэн оршиж байсан.
Онгод буурлууд бид энэ хөрстөд залрахдаа бурууг засаж зөвийг ухааруулахаар ирсэн.
Бид номлодоггүй, харин айлддаг. Хувраг бол хувалз, Лам бол лай ланчиг, бурхан бол будаг шавар, шүү дээ.
Эндээс уншигч та бүхэн нэгийг ойлгох буй заа. Хүн бүр өөр өөр байдагтай адил онгод буурлууд ч бас өөр өөр араншинтай. Лам хүн онгод болоод заларч болдог байхад ламыг үгүйсгэх онгод ч бас байдаг. Энэ нийтлэлийг ламыг үгүйсгэх гэж бичсэнгүй. Харин харийн шашин Монголчуудыг доройтуулсан гэдгийг илүү ойлгуулахын тулд өгүүлэв.
Бөөстөй бөө минь битгий элэрсэн баларсан юм ярь, Монголчууд бид Буддын шашнаа шүтээд болж л байна гэж нэгэн хүн миний блог дээр бичиж байсан. Монголчууд Буддагаа шүтээд болж байгаа юм бол эргэн тойрноо нэг харчихаад дараа нь Төвд улсыг нэг харчихна биз. Төвдийг жишээ болгосноос хойш энэ тал дээр илүү тайлбар хийх хэрэг үгүй биз.
Монголд бий болсон Буддын шашин бол Монголын онцлогтой Ламын шашин байсан. Үнэндээ Монгол бөө нар л цагийн эрхээр зүсээ хувирган дүрээ нууж хэнгэргээ хэцээр, өмсгөл хуягаа орхимжоор, эдлэл хэрэглэлээ эрхээр сольсон гэдэг. Яваандаа чадалтай тэнгэрийн үрс ховордон худал үгээр хулхидаж, зусар үгээр зулгуйдан, зул хүжээр бялбайлгадаг, хоосон толгойтой, хомхой сэтгэлтэй, ном мэддэггүй, ноорхой лам нараар Монгол дүүрсэн нь харамсалтай. Одоо ч энэ байдлын ул мөр Улаанбаатараар нэг байна.
Эндээс ухахад ой мод урттай богинотой, олон хүн сайнтай муутай гэдэг шиг лам нарын дунд номтой мэргэн нь байна, ноорхой цоорхой тархитай нь байна, бөө нарын дунд агуу гайхалтай нь байна, албин тийрэнгүүд нь ч бас байна. Гэхдээ Тэнгэр Газар шиг ялгаатай зүйлсийг хооронд нь харьцуулах нь тийм зохимжтой биш. Сайн ламын 3 хоног тасралтгүй уншсан ном чадалтай бөөгийн 3 нулимахтай тэнцүү гэдэг нь яриангүй үнэн юм. Хонх дамраар хорвоог аргаддаг хөг өнгөрч Тэнгэрийн цаг иржээ.
Бөө бүрийн буулт өөр бүжин туулайн харайлт өөр гэдгийг сайтар санаж явах хэрэгтэй болжээ.
Дуулин
манай өвөө утсыг ховын үйл гэнэ хэхэ..
ReplyDeleteBUUR TOLGOI ERGECHIHLEE KKK TA NAR MUNKH NARAN EEJIIN SURGAALIIG DUULSAN UUU? ENENII TALAAR YU GJ TAILBARLAH WE?
ReplyDeleteМөнх Наран ээжийн сургаалийн тухай миний байр суурийг та дараах линкээс хараарай. http://duulin.blogspot.com/2011/12/blog-post.html
ReplyDelete