Blogger templates

2013-11-21

Сэв, Аз, Эрдэм


Сэв

Биеийн сэв, Бодлын сэв гэж бий.

Бодол бурууд хөтлөгдвөөс бодлын сэв үүснэ
Бодлын сэв угжирваас биеийн сэв болох болой
Биеийн сэвээ гээхгүй удваас
Бодол буцаад сэвтэнэ

Энэ 2 сэв нэг нь нөгөөгөө нөхцөлдүүлж байна.

Бодлын сэв хэмээх нь

Бурууд дурлаж Урууд татагдан
Бусдад атаархаж бурууг бодох аваас
Биеэ эс захирч билэг оюунаа гээх аваас
Дураа татаж дуршлаа захирч эс чадваас
Хар мууг сэтгэж Хардах сэтгэлээ эс дарваас
Бодлын сэв үүсэх болой.
Бодлын сэв нь бас хүний эрчмийг барах буюу.

Биеийн сэв нь

Хүний махан биеийг бүрхэж байдаг
Хүрдэн эрдэнийг гэмтээх ажгуу
Эрч хэм алдагдаж
Илч хэм барагдаж
Махан бодийн гэрлэн хүрээ гэмтсэнийг
Биеийн сэв хэмээж болмой.

Сэвээ гээх аргууд болвоос:

Бодлын сэвийг гээхдээ

Бодох бодлоо цэгнэж
Буруу зөвийг дэнсэлж
Үнэн учгийг нь тунгааж
Үр тусыг нь бодно
Бурууг давраахгүй
Зөвийг дарахгүй
Оюун бодлоо тэнцүүлж
Огших сэтгэлээ захирч сурваас
Оюун бодолд сэв тогтох нь үгүй
Түүнийг хялбар гээж болох буюу.

Биеийн сэвийг гээхдээ
Энэ биеийн эрчмийг тэтгэж
Эл бодь биеэ хөдөлгөж
Эрчлэн эргэлдүүлж
Дэвхцэн бүжиж
Их хэмээр шахах буюу.

Агаар цэврийг шилж
Хээр хангайд гарч
Биеэ сэгсэрч
Хөрсөндөө хөрвөөвөөс
Багахан сэвийг торохгүй гээж болно.

Сэвийг 9 учгаар тайлж, тайлбарлаж 9 учгаар засаж залруулж болохыг тунгаатугай.
Өөрсдөө бодоход болно.


Аз

Зүгээр суугаад хүлээх нэгнийг Аз олохгүй
Зүтгэл гаргаж хичээх нэгнийг Аз өөрөө олно
Эзэн хичээвээс Заяа хичээнэ гэдэгтэй ижил бус уу.


Эрдэм

Эрдэм хэмээхийг
Үгийн учгаар тунгааваас
Эр Дэм болох буюу

Эр гэдэг нь Эрэх, Хайх гэсэн үг бол
Дэм гэдэг нь дэмнэнэ туслана гэсэн үг
Дэмч хэмээн сударт өгүүлдэг билээ

Эрсэн, Хайсан зүйлээ
Эргээд түмэндээ түгээхийг
Олсон мэдсэн бүхнээ
Олз болгон хүртэхийг

Хураасан цуглуулсан бүхэн
Хур болон шингэхийг
Суралцсан мэдсэн бүхэн
Сурц болон үлдэхийг

Ойлгосон мэдсэн бүхэн
Оюунд хадагдан үлдэхийг
Ур болгон гаргаж
Дүй болгон эвлүүлж
Чадвар болгон төлөвшүүлж
Хэрэглэж, үрийг үзэхийг хэлнэ.

Ур дүй болгон шингээж
Урлахуй болгон хөгжүүлж
Өөртээ эзэмшүүлж
Өрөөлд түгээхийг хэлнэ.

Эрсэн зүйлээ
Дэм болгон хэрэглэж чадваас
Эр Дэм болох бус уу

Эр Дэм хэмээхийг 9 учгаар тайлж тайлбарлаж болно.








No comments:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц