Blogger templates

2013-11-28

Хүмүүн ямар үйлтэй төрдөг вэ?


Хүмүүн ямар үйлтэй төрдөг вэ?

Хөрстөд мэндлэх хүмүүн бүр үйлтэй байдаг.
Эхээс мэндлэхдээ нэгэн сүнсийг тээж
Энэ замбативд даалгавартай ирдэг
Зорилгогүй ирээд зоргоороо буцах нь үгүй.

Хорвоод мэндлэх үрсээс
Өмнөх насны үрээ гүйцээгүй бол
Түүнээ гүйцээхээр төрөх нэгэн байхад
Оноогдсон үүргээ хийх цаг нь болоод
Заяагдсан үрсүүд бас бий

Тэнгэрээс зарлигтай төрдөг нэгэн байхад
Тэнэгээсээ болоод төрөх нь ч бас бий
Төрөл дээшлээд төрөх нэгэн байхад
Төрлөө гутаагаад төрөх нэг нь бас байна.

Хар цагаан нь холилдож
Сайн муу нь сүлэлдсэн
Өнгөт энэ хорвоод хүмүүн нь
Өөрийн хүслээр мэндэлдэггүй юм.

Дуртай нь хүмүүний заяаг олдоггүй
Дургүй нь хүмүүний заяанаас оддоггүй
Хүслээ гээд олдог заяа биш
Хүсэхгүй гээд орхидог тавилан бус

Ахар ухаанаар сэтгэвээс
Аав ээжээс хүмүүн заяаж байна
Эцэг эхийн хүслээс
Энэ заяа хамаарч байна
Ахиулаад бодвол хүмүүн заяа
Өвөг Дээдсийн угсаанаас
Өвлөгдөж заяагдаж байна.

Аав ээж нь үгүй бол
Алаг үр хаанаас мэндлэхэв
Өвөг Дээдэс нь үгүй бол
Үндэс мөчир нь хаанаас ургахав
Угсаа гарвал үгүй бол
Удам судар гэж хаана байхав
Үрсийнхээ сүнсийг нь заяахгүй бол
Өвгөд Дээдсүүд юу болохов

Хүмүүн ийнхүү мэндэлдэг бол
Хүмүүний үйл нь бас заяадаг ажээ.
Үйлтэй болоод хүмүүн мэндэлдэг учир
Үйл нь бас заяагдсан байдаг

Хүмүүн нь оногдсон үйлээ хийж
Заяасан замаараа явж
Хүмүүн болсныхоо хэргийг
Хамгийн Дээдээр нь харуулах ёстой.

Хүмүүн заяа гээч заримд нь
Хүсээд хүсээд олддоггүй эрхэм заяа
Замбын үрсийн хэлээр
Үзүүр дээр тогтсон үр мэт ховор заяа

Заримд нь харин залхмаар заяа
Тэвчээр үгүй нэгэнд хүсэмгүй заяа
Тэвчил үгүй өөрийгөө егүүтгэдэг заяа
Угтаа бол боломж олгодог хүмүүн заяа юм
Ухаан муутайд нь харин хэтийдсэн заяа болжээ

Амь амьдралын алтан заяа юмсан
Сүнсний ертөнцийн эрхэм заяа юмсан
Хүмүүн бодийг олсон азтай заяа юмсан
Хүсээд олдохгүй ховор заяа юмсан.

Ийнхүү хүмүүн болсоноо таньж мэдээд
Үйлээ тандан мэдэхийг хичээнэ
Өөрийн үйлээ таньж мэдэхийн тулд
Өөрийгөө эхлээд чагнах ёстой

Харах, Ажиглах, Бодох бол
Хамгийн эхний 3 алхам
Үйлээ тандан мэдэхээ бодохоос эхэл

Өөрийгөө харахаас эхэл
Өөрийгөө ажиглахаас эхэл
Өөрөөсөө учгийг хайхаас эхэл
Өр зүрхээ чагнахаас эхэл
Харах нь ажиглахаас ондоо учир
Ажиглах гэдгээ бодож тунгаа.

1 comment:

  1. Танин мэдэж бодох хэрэгтэй болж байна даа

    ReplyDelete

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц