Blogger templates

2013-11-17

Угны тухай


Угны тухай

Уг гэж юу вэ? Товчоор хэлэхэд Бөө болох ёстой хүнийг угтай хүн гээд ойлгочихвол амар. Уг нь нарийн ярьвал угтай уггүй гэж ярьдаг нь утгын хувьд буруу гэж би боддог. "Уг" гэж ярьвал хүн бүр л угтай, удамтай, ааваас үүсэж ээжээс мэндэлсэн нь тодорхой. Хуруу шилнээс төрөөгүй л бол. Аав ээж нь бас аавтай ээжтэй тэд нь бас аавтай ээжтэй гээд л яваад байвал хүн бүр өөрийн гэсэн удам судартай, эцэг өвгөдтэй билээ.

Харин угтай гэж бидний хэлж заншсан ойлголт нь Удамд нь онгод болсон Өвөг Дээдэс байгааг хэлэх бөгөөд тэр нь Улаачдаа хэзээ нэг цагт залрахыг хэлж байгаа хэрэг юм. Бид яахав буруу ярьж зөв ойлгодог гэдгээр Угтай юу уггүй юу гээд л яриад сурчихаж. 

Би угтай байна уу намайг хараад шалгаад өгөөч эсхүл намайг угтай гэлээ, давхар танайхаар шалгуулах гэсэн юм хэмээн олон хүн Гэрлийн Өргөөнд ханддаг байсан.

Гэрлийн Өргөө гэдэг нь 2011 онд фэйсбүүкт үүсгэн байгуулагдаж байсан Тэнгэр үзлийн чиглэлээр ажилладаг фэйсбүүкийн бүлхэм юм. 2011 онд Чингисийн Монгол гэсэн нэрээр анх энэ групыг байгуулж байх үед "Бөө" гээд нэртэй 200 орчим гишүүнтэй 1 групээс өөр бөөгийн тухай мэдээ мэдээллээ солилцдог байнгын ажиллагаатай бүлэг фэйсбүүкт байдаггүй байв. Одоо бол бум түм болжээ...

Бөөгийн талаарх хүмүүсийн мэдлэг мэдээлэл хомс эсвэл судлаж мэдэхийг нэг их хүсдэггүйгээс болоод ч тэр үү алдаж оносон хүмүүс олон байдаг. Надад яг жинхэнээсээ онгод байна уу, би угтай юу уггүй юу гэдгээ мэдэхийн тулд жил тойрсон ч хүн байна 5 минутын дотор ч мэдсэн хүн байдаг.

Тийм л олон хүмүүс Гэрлийн Өргөөнд хандаж тэр бүрт нь мундаг хүмүүсээр шалгуулж хариу хэлэх ба бас давхар олон хүнээр шалгуулж баталгаажуулахыг зөвлөдөг байв. Тэгж явахад алдаж эндсэн тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Учир нь угтай уггүй гэдгийг тийм амар тодорхойлж болдоггүй гэдгийг 3 жил бөө судалсан туршлага маань хэлнэ. Онгодын ертөнц гэдэг тааж мэдэшгүй тааварлашгүй явдлаар дүүрэн байдаг.

Уггүй онгодгүй гэж байсан хүн гэнэт угтай болох уг нь тодрох өөрөөр хэлбэл цаг нь ирээд угтай болох эсвэл угтай ч гэсэн тэр нь мэлмийдэгч хүмүүст харагдах, харагдахгүй байх, эсвэл бүр удмынх нь улаач ажлаа хийж чадахгүй болоод өөр нэгэн үр дээр Удам нь гэнэт буухаар шахамдуулж түүнээс болж гэнэт "угтай" болох гээд л олон олон явдал тохиолдож болно.

Яагаад гэнэт өнөөдөр ийм юм бичихэд хүрэв гэхээр: Би магадгүй 100-аас илүү хүний угтай уггүй эсэхийг хүнээр шалгуулан Тийм, Үгүй гэж хариу өгч байсан байх. 100 лавтайяа илүү гарна. Бүр хүснэгт гаргаад овог, нэр, угтай эсэх, хэнээс асуусан, хэзээ хариу өгсөн, он сар өдөр гээд бүртгэл хөтөлдөг байсан юм хэхэ. Сүүлдээ тэр бүртгэл хөтлөх зав ч үгүй болсон. Тэр бүртгэл дээр лав 50 гаруй хүний нэр байсан гээд бодохоор сүүлд асуусан бүртгэгдээгүй хүмүүсийг оруулвал 100 байтугай хол илүү гарна.

Тэр бүх хүмүүст хариуг нь өгөхдөө Та заавал өөр хүмүүсээс асууж баталгаажуулаарай, дор хаяж 5 хүн, бүр багадаа 3 хүнээс асууж үзээрэй хэмээн зөвлөдөг байсан. Гэтэл зарим нэг хүн нь БИ угтай байгаасай хэмээн хүсэхэд нь ҮГүй гэсэн хариулт заримд нь битгий л угтай байгаасай гэхэд нь ТИЙМ гэсэн хариулт ирж өөрийн хүслээс зөрөлдөхөд нь Өргөөнөөс хөндийрсөн зайгаа авсан явдал бий. Тийм нэгэн тохиолдол өнөөдөр гэнэт бодогдоод үүнийг бичиглэв.

Хамгийн гол нь та бид угтай уггүйгээ хүнээс асуух гэж байгаа бол өөрийнхөө удам судрын нандин асуудал, чухал зүйлээ асуух гэж байгаа гэдгээ ухамсарлаж хариуцлагатай хандан зөвхөн онлайнаар асуугаад зогсох бус биечлэн уулзаж харилцаж, олон олон хүнээс асууж тодолж, баталгаажуулж, судалж мэдэж амьдралын чухал асуудалдаа хариуцлагатай хандах хэрэгтэй гэдгийг хэлэх гэсэн юм.

10 жил төгсөөд Их Сургуульд орох босго дээр аав ээжүүд хүүхдүүддээ аймаар хариуцлагатай ханддаг даа. Яг түүн шигээ л санаа тавих хэрэгтэй.

Уг, Удам судар, Өвөг Дээдэс, Бөө гэдэг ч тийм амар ажил лав биш. Аав Ээж, Өвөө Эмээ, Өвөг Дээдсүүдээ юу гэж боддог, хэр хүндэлдэг, яаж чухалчилдаг вэ гэдгийг харах нэг шалгуур байдаг.

Өнөөдөр нэг хүн нэг Бөөгөөс: чи бөө болоод амьдралд ямар хэрэгтэй байна? гэж асуув. 

Тэгсэн нөгөө бөө ингэж хариулав: Би бөө болоогүй байсан бол бусад бөө болох гэж зовж зүдэрч, үхэл хагацал өвчин шаналлыг үзсэн хүмүүс шиг л ҮХЭЛ ХАГАЦЛЫН наагуур явж байж дордож, доройтож байж бөө болох байсан байх даа. Заавал тиймдээ хүрч болох хэрэг юу байх вэ?Цаанаасаа бол гээд надаас хамаарахгүйгээр шийдчихсэн юмыг би яахав дээ, болчихсон юм. Аав ээжээ хүн сонгож төрдөггүйтэй адил гэв.

Миний ажигласнаар Тэр асууж байгаа хүнд Бөө гэдэг бол удам судар өвөө эмээ буудаг гэж тайлбарлаад ч нэмэргүй, угаасаа ойлгох ч үгүй нь харагдаж байв. Энийг ойлгохгүй юм чинь Гэгээрэл энэ тэр гэж яриад бүр ч утгагүй. Тэгэхээр нэг дээрх шиг л тайлбар хэлэхээс өөр яах вэ дээ.
Өөрөөр хэлбэл олонх хүний хувьд өнөөгийн нийгэм маань өнгө мөнгөний нийгэм, амь амьдралаа залгуулж хоолтой хоолгүй хонох, эсвэл сайн сайхан амьдрах, хүнээс дутахгүй хүний гар харахгүй амьдарч л байвал болоо гэх сэтгэлгээнээс болоод Бөө болох нь хүртэл мөнгөний нүдээр харагдаж, ашиг сонирхлын өнцгөөс үзэгдэх болжээ. Үүнд буруу байхгүй л байх л даа. Хэн хүнгүй өнөөдөр "би амьдрахын төлөө явж байна" гэдэг үгийг амны уншлагаа болгосон. Бид ийм л орчинд амьдарч байна, ийм байхад "Бөө" ингэж ойлгогдохоос яахав дээ. Арга байхгүй ээ.

Аа харин энэ "Бөө" гэдэг үг маань өөрөө их ариун нандин, их том нэр байдаг юм байна уг нь. Гэтэл бид Угаа авч онгодоо залсан хүн бүрийг БӨӨ гэж нэрлэдэг болоод, Бөө гэж ойлгодог болсноор Бөө гэдэг зүгээр л энгийн нэр үг болжээ. Доор Бөө Гэгээн Тархины судрын хэсгээс хуулж тавив. Уншсан нэг нь ухаарна буй за.

........................
Бөө гэж юу гэсэн үг болох? Бүх шашны анхдагч, хугацааны хувьд христ, будда нараас өмнөх үе, бөө орчин цагаар юу гэсэн үг вэ? 

Өнөө цагт та бүхний 
Бөө хэмээн нэрлэснийг 
Өнөө цагийн хэлээр нь 
Тайлбарлахыг хичээе дээ үрс минь 

Бөө хүмүүн нь 
Өвгөдийн их эрдэм мэдлэгээс нь 
Алд биедээ шидийг хурааж 
Байгаль эх дэлхийгээсээ 
Эрчим юугаа хураасан 
Шид болон эл бие нь 
Эгэлгүй их хүчийг хураасан 
Байгаль эх дэлхийн 
Орон зай Цаг хугацаа 
Хур бороо Салхи шуурга 
Эл бүгдийг Эзэмдэн захиран чадах 
Тэр л хүмүүнийг Бөө хэмээн айлддаг байжээ. 

Өнөө цагт Эрдэм мэдлэг чадал нь төгсрөөгүй 
Хүчээ хурааж дийлээгүй 
Эл бие нь байгальтайгаа 
Нэгдэж цэгцэрч чадаагүй 
Тийм л байж бөө гэдэг цолыг 
Хаа хамаагүй хэрэглэж 
Хаа сайгүй гутаан доромжилж байна 

Тиймээс үүнийг Бөө хэмээх 
Энэ ариун нандин, эл ариун нандин 
Их ид шидийг та бүхэн 
Хураасан гэдгээ ойлгож чадаад 
дийлж явж чадах аваас 
Эл нэрний ард гаран 
Эл нэрний ард өвөг дээдийн 
Бөө гэгээн тархинд хүрч чадсан аваас 
Эл нэрийг зүүж явтугай. 

Хур бороо, Хуй салхи 
Газар дэлхийн ойн сав шимийг 
Дэгдээж, тэнцүүлэн 
Үйлдэх үйлээ хийж чадах аваас 
бөө гэх нэрийг зүүж болно. 

Ард олон, ний даяар нь 
Хэмд нь оруулан 
Өвөг дээдсийн сургаал юуг 
Айлдан дээдэлж чадах аваас 
Өөрийн оюун билэг 
Өөрийн оюун мэлмийг нээж дийлээд 
Тайлан уухайлж чадсан аваас
Бөө болсон хэмээн үзсүгэй 

Тэрнээс наана өөрийн балчир биеийг 
Оюун ухаан нь төгсрөөгүй 
Хижи төрлөөсөө гараагүй 
Эрдэм мэдлэг нь төгсрөөгүй 
Эдэнд шунаж, Шидэнд шүтэж 
Ард олныг айлган байж 
Өөрийгөө Бөө хэмээн зарласан бол 
Тэр хүмүүс нь Бөө бус бөлгөө 
Тэр хүмүүн нь Хижийн ертөнцийн хижи ертөнцдөө 
Гай гэмэнд хутгагч Ний Гэмийн эх нь болох 
Ард түмний их гайг Тэтгэгч болж хувирна 

Тиймээс эрдэм шидээ хураатал 
Өөрийгөө Бөө хэмээн зарлахыг хориглосугай. 

хэмээжээ.

No comments:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц