Blogger templates

2011-06-11

Боржигон Хархүү: БӨӨ МӨРГӨЛИЙН БҮДҮҮЛЭГ БА БУДДИЗМИЙН ДЭВШИЛ

БӨӨ МӨРГӨЛИЙН БҮДҮҮЛЭГ БА БУДДИЗМИЙН ДЭВШИЛ

Саган цэцний “Эрдэнийн товч”-д “Богд хамгийг мэдэгч, Алтан хаан хоёр эхлэн, тойн эгэл, хаад харлгууд хотлоор зөвшөөрөн, урьд Монгол улс хүн үхвээс, чинээ чинээгээр тэмээ морин алж, хойлго хэмээн хамт булах бөлгөө. Эдүгээ түүнийг тэвчиж, чинээ чинээгээр номын зүг зоритугай”/ Саган цэцний “Эрдэнийн товч”ӨМ 1981 он Хуудас-445/хэмээн Бөө мөргөлийг дарж буддизмийг дэлгэрүүлэх гол үндэслэлээ болгожээ. Түүнээс хойш бөө мөргөл балмад зэрлэг хойлго хийдэг гэх муу сэтэр зүүх болсон. Энэ мэт гал дээр тос нэмсээр социализмын үеийн түүхийн ном зохиолд хойлго хийдэг байсан бөө мөргөлийг хүчээр дарж, “дэвшилт буддизм”-аар солих түүхэн шаардлага гарсан мэт Карл Марксын Диалектик материализм/Марксын онолд тулгуурлан байгуулсан социализмын ялагдал нь түүний онолын алдааг харуулсан гэж үздэг/-аар махчлан тайлсан ба орчин үед энэхүү өрөөсгөл дүгнэлтийг хянаж үзэлгүй сохроор хуулж, үр хүүхдээ үндэс муутай юм заах болсон юм. Тэгэхлээр энд “бүдүүлэг” ба “дэвшил”-ийн талаар цөөн зүйл хэлж, түүний дараа “хойлго” бол Монголын уламжлал биш, харин буддистуудын дархан соёл болох тухай дэлгэрэнгүй өгүүлэх болно. Бас хойлгоос долоон доор харгис хэрцгий, бузар муухай зүйл байдаг талаар зах зухаас нь дурдах болно.


1.Бөө мөргөл бол үндэсний соёл уламжлал, бүр овгийн байгууллын үеэсээ Монголын олон төрт улсыг дамжин боловсрогдож, хүчээр дарах болтол буюу XVI-р зууны сүүл хүртэл Монголын нийгэмд өөрийн үүрэг ролио гүйцэтгэн өвлөгдөж ирсэн тул нийгмийн хөгжлөөс хоцрогдсон гэдгийг хүлээн зөвшөөрөх бололцоогүй юм. Харин олон тал дээр Монголын нийгэмд нэн тохиромжтой байсан түүхэн баримт жишээ буй билээ. Жишээ нь: Бөө мөргөлтэй байсан үед цэргийн хүчээр Хятадаас давуу байсан, харин буддизмд ормогцоо Манжид эзлэгдэн тусгаар тогтнолоо алдсан байдаг. 
2.Үндэстний уламжлал бол тус үндэстэндээ хамгийн илүү тохиромжтой байдаг. Учир нь олон мянган жилийн шалгалтыг даван боловсронгуй болсон байдаг. Үндэсний уламжлалыг гадаадын шилдэг соёл, алт эсвэл цаг үеийн өнгө аясыг дагуулсан сайжруулан шинэчилж болдог ба тийм ч байх учиртай. Гэтэл Буддизмийг Монголд дэлгэрүүлсэн шиг зуун хувь үндэстний соёлоо устгах ёсгүй юм, ийм тохиолдолд үндэстэн мөхдөг байна. Учир нь үндэсний уламжлал бол тус үндэстний амин сүнс нь бөгөөд бусдаас ялгарах онцлог нь байдаг. Монголын түүхэд энэ мэт эмгэнэлт үйл явдал олон удаа тохиолдож өнгөрчээ. Тухайлбал: Сяньби, Хятан, Юань, Улс төрийн бутралын үеийн Монгол гэх мэт үндэстний доройтож мөхсөн олон удаагийн гашуу сургамж буй. 
3.XVI зууны сүүлчээр Монголын нийгэмд буддизмийн дэлгэрсэн нь дэвшилт зүйл биш байв. Учир нь Буддизм нь МЭӨVI зуунд үүсэж буй болсон шашин. Бөө мөргөл нь Буддизмаас өмнө овгийн байгууллын үед байсан боловч, Тэнгэризм бол Хүннү гүрний үед боловсрогдон төрийн үзэл суртал болж байсан, харин Мөнхтэнгэризм бол бүр залуу шашин, Их Монгол улсын үед буй болжээ. Тэгэхлээр цаг хугацааны хувьд буддизм нь Монголын уламжлалт шашин шүтлэгээс хамаагүй хуучин болох нь тогтоогдож байдаг. Нөгөө талаас Алтан хан Шарын шашныг Монголын нийгэмд нэвтрүүлсэн нь шинэлэг зүйл огт биш байжээ. Учир нь XVI зуунаас өмнө Буддын шашин нүүдэлчдийн дунд олон удаа дэлгэрч мөхөөж, мөхөн янз бүрийн түүхэн жүжиг тоглож байсан олиг болсон зүйл байсан юм. Түмд аймгийн/Тухайн үед одоогийн Өвөр Монголын Хөх хот орчмоор нутаглаж байсан Монгол аймаг, хамгийн их хятадчлагдсан газрын нэг/ Алтан хан Шарын шашинтай анх танилцан, Содномжамцийг Монголд урьж шашинд орсон явдлаа бараг л Христофор Колумб Америк тивийг нээсэн шиг сүржигнэн “Арван буянт номын цагаан түүх”-д дуулиантай бичсэн байдаг юм. Түүх судраа уншиж судалдаггүй, юм үзэж нүд тайлаагүй зарим хаад ноёдын тарсан балгаар улс үндэстэн мөхөж сөнөж, зовж зүдэж буйн бас нэгэн жишээ энэ билээ.
4.Монголд Шарын шашин цэцэглэн хөгжиж сүм байгуулан лам болж, Төвд ном орчуулан Утай, Гүмбэн, Лхаст алд мөргөлөөр явж байх зуур баруун Европт Аж үйлдвэрийн хувьсгал өрнөж байсан алтан үе байлаа. Буддын сургаалд эд мөнгө цуглуулах, худалдаа наймаа хийхийг хүртэл муу зүйл хэмээн хориглож байсан нь аж үйлдвэрийн хөгжил хувьслыг байтугай амьжиргаагаа сайжруулахад ч саад тушаа болж байв. Аж үйлдвэржсэн нийгэм нь нүүдлийн мал аж ахуйгаас дэвшилтэй хэмээн үздэг нийгэм-соёлын хувьслын онол/Sociocultural evolution/ гэж байдаг ба тус онолоор авч үзвэл эд мөнгө цуглуулах, худалдаа наймаа хийхийг хорьсон нь нийгмийн хөгжлийн эсрэг үйлдэл болох юм. Аж үйлдвэрийн хувьсгал гэхээр Монголын нөхцөл бололцооноос хэтэрсэн, зөвхөн өрнийн ертөнцөд хийгдэх ёстой зүйл байсан мэт ойлгож үл болно. Тухайлбал: Аж үйлдвэрийн хувьсгал нь Английн хонины аж ахуйгаас эхлэлтэй байжээ. “Маань тоолохоор малаа усал” гэдэг үг байдаг ба Монголчуудад ч гэсэн мал аж ахуйгаа хөгжүүлж хөгжилтэй улс орон болох алтан боломж тухайн үед ч гэсэн байж өнгөрсөн юм. Аж үйлдвэрийн хувьсгалын үед баруун Европын хүн ам эрс өссөн гэдэг тоо баримт байдаг. Харин Буддизмтай ханилсан Монголчуудын хүн ам түүний эсрэг байсан юм. Мөн энэ үед баруун Европт Соён гэгээрлийн философи дэлгэрч, шинжлэх ухааны ололт амжилт гарч байхад Монголчууд 2000 гаруй жилээр хоцрогдсон Буддын Таван ухаанд хүч чадлаа сорьж байв. Энэ мэт буддизм ноёлсон нийгэм нь дэвшилт нийгэм байсан уу гэдийг адил цаг хугацааны баруун Европтой харьцуулан үзэхэд нэн тодорхой харагддаг байна. 
5.Байгалийн шалгарал /natural selection/, шударга өрсөлдөөн явагдаж тэр дотроос буддизм нь үлдэж бөө мөргөл нь хаягдсан бол бөөг нийгмийн хөгжлөөс хоцорч дэвшилт буддизмаар орлогдсон гэж үзэж болох юм. Гэтэл энд тийм зүйл огт болоогүй, хүч хэрэглэн өөрийн үндэсний шашин соёлоо устган харийн буддизмийг албаар тулган хүлээлгэсэн байдаг. Жишээ нь: Монголчуудын өвөг дээдсээсээ үе улиран шүтэж ирсэн онгод шүтээнийг хүчээр шатаан, буддын хөрөг зургийг хүчээр өлгүүлжээ. Түүний дээр удаа дараа батлагдан гарсан “Хутагтай цэцэн Хун тайжийн цааз”,“ Дөчин дөрөв хоёрын цааз”, “Үйсэн дээр бичсэн цааз эрхэмжийн бичиг”, “Халх журам” зэрэг хууль цаазуудаа буддизмийн үнэмлэхүй эрхийг хамгаалан, бөөг хязгаарлах заалтуудыг оруулсан, эрх зүйн үндэстэй болгон олон удаа бөө удган нарыг цуглуулан амьдаар нь шатаж алж байжээ.  “Эрдэнэ тунамал нэрт судар оршвой”-д:
“Гайхамшигт номын Алтан хан эхлэн хотол бүгдээр сүсэг бишрэл үүсгэж бүрэн,
Гадаад онгод цалигтангуудын эндүүрснийг түймэрдээд
Гань мунхаг бөө удганыг доройтуулан устгаж
Гавьяат дээд номын төрийг хивийн зангиа мэт болгож
Өөрийн алтан ургаас баяд тайжийн хөвгүүдийг тэргүүлэн
Үлэмж арван хоёр түмдээс зуу найман тойн банди болгон дагуулж
Үнэмлэхүй чин сэтгэлээр шашинд бат орсон учирт
Улам бас дөчин түмэн Монгол далай палмыг бишрэн тус тусаар орвой”/“Эрдэнэ тунамал нэрт судар оршвой” Өвөр Монголын нийгмийн шинжлэх ухааны номын сан, Гар бичмэл, тал 121-122/
7.Биологийн амьтны нэг гол зорилго бол ген буюу удмын сангаа үлдэх явдал. Хүн нь биологийн амьтан болохын тулд өөрийн бие, гэр бүл, нийгэм, улс үндэстнийхээ оршин тогтнолын төлөө зүтгэж байдгийн цаад учир, мөн чанар үүнд оршино. Үүнээс үзвэл лам нарын эхнэр авахыг хориглодог ба хөвгүүдийн дийлэнхийг лам болгосон тухай үеийн Монголын нийгэм нь оршин тогтнох хамгийн наад захын биологийн хуулийг зөрчсөн гэж үзэж болох юм. Монгол ардын зүйр цэцэн үгэнд “гэдрэгээ илэх гэзэггүй лам, гэнэт үхэхдээ үргүй лам” хэмээн онож хэлсэн байдаг. Монголын түүхэнд ийм үе 400 орчим жил үргэлжилсэн юм. Үр дүн нь 20-р зууны эхний үеийн Монгол орон. Ойрын үеийн хор уршиг нь өнөөдрийн хоцрогдол, ядуурал, зовлон зүдүүр. Алсын хор гэм нь бас хараан илрээгүй байсаар. Хэт цөөн хүн амтай Монголчууд улс орноо бүтээн байгуулах боловсон хүчин дутагдаж, өргөн уудам нутаг дэвсгэр, өнөр их эд баялгаа эзэмшин захирах Монгол хүнгүй болж, Монголчууд нь гадаадад таран бутарч, түүний оронд харь хүн нутгийг нь эзэмшин үндэстэн мөхөх эмгэнэлт түүх эрчтэй нүүрлэн ирж буй нь огт нууц биш болоод байгаа билээ. Энэ бол монголчууд биологийн хуулийг сөрөн 400 орчим жил Буддизмаар явсантай шууд холбоотой түүхэн үр дүн юм. Буддизмыг улс орноосоо хөөсөн буюу хязгаарлан дарж чадсан Энэтхэг, Хятад, Японы хүн ам өсөж, хэзээ ч Монгол мэт удмын сан устах буюу үндэстэн мөхөх аюулгүй болсон байдаг. Энд Шашин шүтлэгээс өөр бүх зүйл нь Монголтой төстэй зэрэгцэн оршиж буй Казахстан улсаар жишээ татаж үзвэл нэн тодорхой болно. Казахстаны үндэсний статистикийн хороо/Agency of the Republic of Kazakhstan on statistics/-ын 2011 оны 4 сарын 1 мэдээгээр тус улс 16 сая 497 мянган хүн/Казак үндэстэн нь 10 сая гаруй/-тэй болж дэлхийд 62-т жагсаагдсан бол Монголын үндэсний статистикийн хорооны 2011 оны 5 сарын 1 мэдээгээр Монгол нь 2 сая 804 мянган хүн/Монгол үндэстэн нь 85% гэж барагцаалан тооцвол 2 сая 383 мянга орчим/ бүртгүүлж дэлхийд 137-р оржээ. Казак үндэстэн нь Монгол үндэстэн/энд Монгол улсаас бусад улс үндэстний эзэмшилд байгаа Монголчуудыг эс тооцов/-нээс 4.2 орчим дахин хүн амтай байна. Мэдээж Шарын шашин дэлгэрэхээс өмнө Монголчууд нь Казакаас хүн ам ихтэй хүчирхэг байсан нь маргашгүй үнэн. Гэтэл Монголчууд нь шарын шашинд орсноор Исламын шашинтай Казакаас хүн амаар 4.2 дахинаар багасаж хүч чадал нь доройтсон болохыг дээрх тоо жишээ харуулж буй юм. Казахстан нь зөвхөн хүн амаар ч биш, эдийн засгийн үзүүлэлтээрээ ч гэсэн Монголоос хамаагүй дээгүүр байгаа юм. Жишээ нь Дэлхийн валютын сангийн 2010 оны мэдээгээр Казахстаны ҮНБ/GDP nominal/ нь дэлхийд 52-т жагсаагдсан бол Монголчууд 137-д оржээ. 
8.Ертөнцийг бүтээгч субстанс тэнгэрийг шүтэж байсан үндэстэн өөрийн бүтээсэн зураг баримлыг бурхан хэмээн шүтэх нь сэтгэлгээний хувьд дэвшил биш харин том ухралт юм. Будда гэдэг нь “гэтэлж гэгээрсэн хүн” гэсэн утгатай. Буддагаас эхлээд буддын олон бурхад нь шашны зүтгэлтэн нар байдаг. Тийм учраас Энэтхэг бурхан нь Энэтхэг царайтай, Төвд нь Төвд хийцтэй, Монгол нь Монгол зүстэй байдаг. Жишээ нь Занабазар өөрийн дурласан нэг нүцгэн хүүхнийг харьж сууж байж Дарь эх гэдэг хөнөө гаргасан Монгол дүртэй эмэгтэй бурхныг бүтээжээ. Энэ тухай Ардын уран зохиолч С.Эрдэнийн “Занабазар”/1989 он/ гэдэг зохиолд уран сайхны аргаар дүрслэн бичсэн юм. Ертөнцийг үзэх үзлийн хувьд буддизм нь “Дөрвөн үнэн”-ийг үндэс болгон амьдралыг зовлон хэмээн үздэг бол бөө мөргөлд эсрэг байдаг юм. Бөө мөргөлд там диваажингийн ойлголт байдаггүй, зөвхөн энэ насны амьдралаа эрхэмлэн үзэж аз жаргалтай байлгахын төлөө байдаг. Буддизмд эмэгтэйчүүдийн байр суурь маш доор байдаг бол бөө мөргөлд хүндтэй байр суурийг эзэлдэг. Буддизм бол суурин соёл иргэншлийн шашин, нүүдлийн соёлд үл тохирох онцлог шинжтэй. Нүүдэлчид хэрвээ буддизмийг шүтвэл туйлширч, улс орноо бүхэлд нь сүм хийд болгох аюултай байдаг. Ийм гунигт түүх Монголчуудын түүхэнд олон удаа тохиолдож байсан гэх мэт бөө ба буддизмийг харьцуулан олон зүйлийг бичиж болох юм.
9.Хэрвээ үнэхээр бөө мөргөлд алдаа дутагдал оршиж байсан бол бөө мөргөлийг бүхэлд нь биш, зөвхөн олж харсан тэр муу зуршил буюу энд өгүүлж буй хойлго гэгчийг л цаазлах ёстой байсан. Хойлго гэдэг нэрийн доор бөө мөргөлийг бүхэлд нь цаазалсан явдлын цаана буддистуудийн явцуу эрх ашиг үйлчилж байсан юм. Энд Буддизмыг шүүмжилж байгаа нь харийн соёлыг сохроор гадуурхаж байгаа зүйл бус, Монголын түүхэнд сөрөг нөлөөтэй байсан нь олон зуун жил, олон удаа батлагдсан тул ийн өгүүлж байгаа билээ. Энэ утгаараа зүй ёсны Шовинизм/Chauvinism/ гэж ойлгож болох юм.

Нэг, Монголчууд хүнээр хойлго хийсэн гэдэг баттай баримт алгаДээр өгүүлсэн мэт “Эрдэнийн товч”-д тэмээ мориор хойлго хийдэг гэжээ. Гэтэл орчин үед бүр гуйвуулж хүнээр хойлго хийдэг байсан мэтээр бичиж байгаа нь маш том ташаарал юм. 2007 онд Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг Дуурлиг нарс хэмээн газраас олдсон Хүннүгийн үеийн язгууртны булшинд 12 адуу, 10 гаруй хонь, ямаа дагалдуулан оршуулсан байв. Энэ булшийг Монголын үндэсний түүхийн музей, ШУА-ийн Археологийн хүрээлэн, БНСУ-ын Үндэсний музейн хамтарсан "Мон-Сол" төслийн археологийн шинжилгээний анги илрүүлсэн байв. VII зууны Түрэгийн үеийн язгууртны бунхнаас гарсан хойлго нь мод шавраар хийсэн дүрсүүд байсан. Ийм олдвор саяхан Төв аймгийн Заамар сумын нутгаас олджээ. Эртний Монголчуудын археологийн олдвор ба сурвалж зохиолуудын тэмдэглэлд хүнээр хойлго хийж байсан гэдэг баттай баримт олдоогүй юм. Ата Малик Жувейн/Ala-al-Dn‘Aa-Malik Juwain 1226-1283/-гийн “Ертөнцийг Байлдан дагуулагчийн түүх” -д Өгэдэй хаан суух үед Монголын язгууртан нар өдөр болгон шинэ хувцас сольж өмсөн 40 өдөр өдөр шөнөгүй найрлан хуралдаж, наргин зөвшилдөж, Өгэдэйн нэрийг 3 удаа дэвшүүлэхэд тэрээр 3 удаа татгалзсан ба эцэстээ тэрээр хаан суужээ. Өгэдэй хаан болоод Чингис хаанд 3 өдөр тахилга тайлга үйлдүүлсэн ба энэ ёслолоор Чингис хаанд язгуур гарал сайтай гоо сайхан 40 онгон охиныг өргөсөн гэж тэмдэглэсэн байдаг. Түүний дараа тэрээр төр засгийн ажилдаа орсон ба хамгийн түрүүнд Чингис хааны их засаг хуулийг өөрчилж болохгүй гэсэн зарлиг гаргасан гэжээ. Эндээс дүгнэж үзвэл: 
1.Чингис хаан нь тэнгэрт халиад удаж байсан тул үүнийг хойлго гэж үзэх үндэсгүй юм. Хэрвээ үнэхээр тийм явдал болсон бол цусан тахилга гэж үзүүштэй.
2.Чингис хааны их засаг хуулийг өөрчлөхгүй, хатуу барьж байх явдал бол Өгэдэй хааны гол зарчим байсан. Гэтэл их засаг хуульд хойлго хийх заалт байгаагүй юм. 
3.Их Монгол улс нь хуралдайгаар гол асуудлаа хэлэлцэн шийддэг байсан тул тухайн үед тодорхой хэмжээнд ардчилалтай байсан гэж ойлгодог. Ийм нөхцөлд төр барьж байсан ноёд язгууртан нар өөрсдийн охидоороо хойлго хийх шийдвэр гаргана гэдэг бол Монголчуудын хувьд байж болшгүй зүйл юм. 
4.Өгэдэй хаан нь өршөөлтэй учраас түүнийг хаан болгосон гэж олон сурвалжид тэмдэглэсэн байдаг. Мөн тус сурвалжид Өгэдэй нь хаан болоод Чингис хааны үеэс хурааж цуглуулсан улсын хөмрөг, эрдэнийн санг нээж зөвхөн маргааш ганц өдөр хэрэглэж хүрэх өчүүхэн бага хэсгийг өөртөө үлдээн бусдыг нь цөм язгууртан ноёдоос боол шивэгчин хүртэл бүх хүмүүст хишиг болгон түгээжээ. Түүнээс гадна иргэдийг өршөөж энэрэх олон зарлиг гарган, бодлого хэрэгжүүлсэн байв. Зөвхөн тус зохиол/“Ертөнцийг Байлдан дагуулагчийн түүх”/-д л гэхэд иргэдийг хайрлаж халамжлан ядуусыг дэмжиж тэтгэсэн 50 орчим болсон явдлыг жагсаан бичсэн байдаг. 
5.Буддизм дэлгэрсэн Энэтхэг, Төвд ба Күнзийн суртлаар явагч Хятад зэрэг улс оронд эмэгтэй хүний байр суурь маш дор байж, Хятадад хаан нь үхвэл хатад татварыг хойлго хийх, Энэтхэгт эр нь үхвэл эхнэрийг хойлго хийх явдал Азийн энэ хоёр оронд өргөн дэлгэр байж ирсэн. Харин Күнз ба Буддизмийн нөлөөнд ороогүй байсан Монголын нийгэмд эмэгтэй хүний байр ямхад өндөр байсаар ирсэн зэрэг олон зүйлийг судалж үзвэл Өгэдэй нь улс орныхоо өнгө зүс болсон охид хүүхнүүдээрээ хойлго хийсэн гэдэг бол үнэмшихэд тун бэрхтэй явдал юм. Магадгүй Чингис хааны тахилгад зориулан баяд ноёдын гоёж гангалсан гоо сайхан охидоор бүжиглүүлж дуулуулж байсан байж болох юм. Одоо хүртэл уламжлагдаж ирсэн Өвөр Монголын Ордос дэх Чингис хааны онгон буюу Ерөнхийн шүтээн найман цагаан гэрийн тайллагад 12 дуу дуулах ёс байдаг. 
Бас Ил эзэнт гүрний түүхч Вассаф/1299-1323/ бас Хүлэг хаан/1217-1265/-ыг халих үед охидоор хойлго хийсэн гэж тэмдэглэжээ. Гэтэл Вассафыг түүх бичиж байх үед Хүлэг хаан халиад олон арван жил болчихсон байсан тул тэрээр өөрийн нүдээр хараагүй, зөвхөн ам дамжсан яриа буюу өөрийн төсөөлөлд тулгуурлан бичсэн байхыг үгүйсгэх аргагүй юм. Учир нь түүний ном нь уран зохиолын аргаар хэтрүүлэл ихтэй бичигджээ. Түүнээс гадна Вассаф нь номоо бичихдээ Жувейн номыг гол сурвалж болгосон байдаг. Тийм болохоор Их Монгол улсыг үндэслэгч Чингис хаанд хүүхэн өргөж байсан тул Ил эзэнт гүрнийг үндэслэгч Хүлэг хаанд хойлго хийсэн хэмээн таамгаар сүр бардуулан бичсэн байж болох тал ч буй билээ. 
Түүнээс гадна Е Зи Чи/Ye Zi Qi 1327-1390/-гийн “Сао Мү Зи” /Cao Mu Zi/ гэдэг зохиолд Чингис хааныг оршуулаад Түмэн агтаар гишгүүлж, ул мөрийг нь балласан ба бас ботго алж ингэн тэмээгээр нь цээжлүүлсэн гэх мэт үлгэр домог шиг олон хүн янз бүрээр тааж бичсэн зүйлүүд байдаг. Хэрвээ нуух байсан бол цээжлүүлэх шаардлага байхгүй биз, мэдээж тэмээ мөнхрөхгүй нь тодорхой тул тэмээ үхвэл тэр газрыг хэн олох буй гэгчээр бодит байдалд нийцэхгүй зүйлийг бичсэн нь тодорхой харагдана. 
Өөр бас Марко Поло /1257-1324/ 1298 оны орчим шоронд сууж байхдаа нэгэн тасалгаанд хамт хоригдож байсан итали гаралтай Рустачинод хэлж бичүүлсэн "Орчлонгийн элдэв сонин"/”Divisement dou monde”/ гэдэг жуучлалын тэмдэглэлдээ “Мөнх хаан/1209-1259/-ыг оршуулахаар Алтай уул уруу авч явах зам зуур тааралдсан 2000 орчим хүнийг цөм алсан” гэж бас тэмдэглэсэн байдаг. Мэдээж энэ нь хэрвээ үнэн түүх байсан бол хүмүүнлэг бус харгис хэрцгий үйл болох нь тодорхой юм. Гэвч үүнийг хойлго гэж хэлж болохгүй билээ.
Түүнээс хойш гадаадын бичээч судлаач нар  бичиж туурвисан ном зохиол болгондоо Их Монгол улсын үед хойлго хийж байсан хэмээн оруулж улмаар нийгэмд энэхүү буруу ташаа ойлголт хэвшсэн тогтсон юм. 
Гэтэл хамгийн гол нь Монгол хэлээр бичигдсэн сурвалж зохиолд энэ тухай мэдээ ороогүй байдаг ба төрийн түүхээ өдөр сараар данслан бичиж ирсэн Хятадын түүхийн Монголтой холбогдох хэсэгт ч огт дурдаагүй байдаг юм. Угаас Монголчуудыг гоочлон бичих дуртай Хятад бичээч нар хэрвээ Монголд үнэхээр хойлго байсан бол ёстой бахаа ханатлаа сүржигнэн бичих учиртай байсан юм. 
Буддизмд орохоос өмнө зохиосон “Алтан ханы цааз”-д зөвхөн “хүүр онгоны морийг суллаж авах, өөр газар тавих” зэргийг хориглох заалт байдаг. Энд бас хүнээр хойлго хийхтэй холбоотой зохицуулалт ороогүй байгаа нь тухайн нийгэмд уг асуудал байгаагүй буюу байсан ч хуулиар зохицуулах хэмжээний нийгмийн хурц асуудал болоогүй байсны илэрхийлэл юм.

Хоёр, Эсэн тайшийн нөлөөгөөр Мин Ин Зунг хойллогыг цаазалсан ньХарин тухайн үед хөрш зэргэлдээ Хятад улсад хүнээр хойлго хийх заншил ид цэцэглэн хөгжиж, оргил үедээ байсан юм. Хятадын эртний ясан бичигт Шанг улс/МЭӨXVII-XI зуун/-ын нэг ван нас барахад нь 2656 хүнээр хойлго хийсэн гэж тэмдэглэсэн байдаг. Түүнээс хойш Хятадын Хан улс/МЭӨ202-МЭ220 он/-ыг дуустал энэ заншил албан ёсоор уламжлагдаж байсан ба түүнээс хойш огт тасралгүй мэр сэр үргэлжилсээр иржээ. Тэгж явсаар Хятадын Мин улсын үед хүчтэй сэргэсэн байна. Монголчуудыг Бээжингээс хөөж гаргасан Мин улсын анхны хаан Жү Юань Жанг үхэхэд ордны хүүхэн, хатад татвар 46 эмэгтэйгээр хойлго хийжээ. Түүнээс хойш Мин улсын хаан үхэх болгон хойлго хийж байсан ба хамгийн олон нь Мин Жү Ди хааныг үхэхэд 16 татвар, хатад ба хэдэн зуун ордны хүүхнийг нөхцөөсөн гэх мэт маш их газар авч байсан юм. Гэвч 1464 онд Хятадын хаан Жү Чи Жэн/Ming Ying Zong Zhu Qi Zhen 1427-1464/ зарлиг гарган уг ёсыг цаазалсан ба үүнд нь Монголчууд нөлөөлсөн байж болох юм. Учир нь 1449 онд Жү Чи Жэн хаан 50 түмэн цэрэг дайчлан Монголыг мөхөөнө хэмээн ам гарч довтолж ирэхэд нь Эсэн тайш тосон байлдаж Хятад цэргийг хяртал дарж эзэн хааныг нь олзолсон үйл явдал болжээ. Гэтэл Хятадууд Монголд алдсан хаанаа буцааж авна гэлгүй, энэ завшаанаар төрсөн дүү Жү Чи Ю/Ming Dai Zong 1428-1457/ нь хаан сууж амжээ. Монголчууд нь Хятадтай дайн хийхээс илүү найрамдалт харилцаа байгуулан чөлөөт худалдаа хийх сонирхолтой байсан тул Жү Чи Жэн хааныг алах байтугай хал зовлон ч үзүүлэлгүй харж хамгаалж байгаад буцааж өгчээ. Эсэн тайш “Эзэн Хааныг хэрхэх тухай зөвлөн сонсохул олонх нь цаазлахыг шаардав. Гагцхүү Эсэнгийн дүү Баттөмөр ноён эс зөвшөөрөн хэлрүүн: <Мин Улсын хаан өнөөдөр тэнгэрээс ирсэн мэт бидний гарт орлоо. Цэрэг дайны галд жад сэлмэнд эндээгүй байхад бид түүнийг хорлож яаж болох буй. Ин Зун Хаанаа авахаар иртүгэй хэмээн мэдэгдвэл зохимуй. Тэдэн зөвшөөрөхөд хүрвэл бид Ин Зун хааныг Бээжинд хүргээд хоёр этгээдээрээ эвсэж, улмаар дэлхий дахиныг амар төвшин болгомуй> гэв. Дүү бээн саналыг Эсэн тайш зөвшөөрч Эзэн Хааныг Баянтөмөрт тушаан өгч болзошгүй аюул заналаас сэргийлэн асарч сайтар хамгаалан харуулдсугай хэмээн зарлиг буулгав” /Д.Бирадамба “Ойдадын түүхэн зурвас” УБ 2002 он /хэмээжээ. Тийнхүү хааныг буцааж өгөх болохоор Хятадын тал идэвх муутай байсан тул сүүлд нь аргагүй хүчээр тулгаж өгнө. Хаан нь хариад ирэхээр дүү нь баярлаагүй бөгөөд ял тулган гэрийн хорионд оруулсан ба 1457 онд Жү Чи Жэн хаан сууриа хүчээр эгүүлэн авч Жү Чи Югийн үхлээр дууссан юм. Тийнхүү хойлгийг цаазалсан нь хоёр гол шалтгаан буй:
Нэгд, тухайн үед Мин улсын хүч суларсан ба хаан нь Монголд олзлогдон нэр хүнд нь унасан үе байсан тул ялаа гавьяа болгож нэр хүндээ сэргээх зорилгоор хойлгийг цаазалсан.
Хоёрт, дайсан хэмээн дархаар очсон монголчууд нь гэдрэгээ амийг нь өршөөж, нутагт нь буцаан хаан ширээнд нь эргүүлэн суулгах гэж чин сэтгэлээсээ зүтгэсэн байхад, өөрөө дүүгээ алж төрийн эрх булааж авсан ба бас үхэхдээ гэм жимгүй олон охид хүүхнүүдийг тарчилган алах нь зохимжгүй мэт санагдсан биз. Гуравт, Магадгүй Монголд байх үед нь Эсэн тайш түүнд буцаж очоод хаан суувал хойлго хийхээ боль гэж сануулсан ч байж болох юм. Ямар ч байсан Монголд олзлогдон ирээд их хүмүүжил хүртээд харьсан Хятад хаан бол энэ Ин Зунг хэмээх Жү Чи Жэн юм. Түүний хойно Манж нар Хятад ёсоор хойлго хийж байсан ба 1673 онд хориглосон байдаг. Тэгэхлээр хойлго гэдэг нь “бүдүүлэг бөө мөргөл”-тэй Монголчуудын ёс биш харин Күнз, Лаоз, Буддаг зэрэгцүүлэн шүтэж ирсэн дорнын суурин соёл иргэншилтэй Хан үндэстний уламжлалт ёс заншил байсан нь маргашгүй зүйл юм. Магадгүй хөрш зэргэлдээ улс оронд ийм зүйл болж байхад зарим ухамсар муутай ноёд баяд нар энэ доод ёсыг дуурайж байсан байж болохыг үгүйсгэхгүй ч гэсэн, Монгол Хятад хоёр үндэстэн бие биеэсээ маш бага суралцсан ард түмэн гэдгийг бас санахад илүүдэхгүй биз. Монгол ёс заншил, амьдрах хэв маягийг Хятадууд зэрлэг бүдүүлэгт тооцон, харин Хятад соёл уламжлалыг монголчууд доорд боолын зүйл хэмээн үзэж, харилцан бие биеэ үгүйсгэж, дайсагнаж ирсэн түүхтэй. Тэгэхлээр хойлго нь бөө мөргөлийг цаазлах гол шалтгаан биш, харин буддизмийг дэлгэрүүлэхийн төлөө бөөгөөс хайсан нэг жижиг шалтаг гэж үзэж болох юм. Өнөөдөр 21-р зууны нийгэмд бөө мөргөл дахин сэргэж байгаа нь тэрээр нийгмийн хөгжлөөс хаягдсан биш, өөрчлөгдөн шинэчлэгдэж орчин үеийн нийгэмд хүртэл дасан зохицох чадвартайг харуулж буй хэрэг билээ.

Гурав, Монголын удам Моголын хаан хойлгийг цаазалсан ньБуддизм үүсэж дэлгэрсэн Энэтхэг орны оршуулганд хойлгтой харьцуулшгүй хоцрогдсон Сати/Sati/ гэдэг зан үйл оршсоор ирсэн юм. Сати нь эр нөхөр нь үхвэл эхнэрийг нь дагалдуулан оршуулах ёс болно. Энэ ёсыг гүйцэтгэхдээ голдуу амьдаар нь шатаадаг байв. Хамаг Монголын Барлас овгийн Бавур/1483-1531/ хааны Энэтхэгт байгуулсан Могол эзэнт гүрэн/1526-1858 он/-ний үед Сатиг бүдүүлэг ёс хэмээн цаазалж байсан ба Английн колонийн үед дахин сэргэсэн байдаг. 1810-аад онд 16 нас хүрээгүй, жирэмсэн, эсвэл бага насны хүүхэдтэй эмэгтэйг сати хийж болохгүй гэсэн тогтоол гаргасан нь гэдрэгээ бүр сати олширсон сөрөг дүр дагавар гарчээ. Учир нь заалтад ороогүй бэлэвсэн эхнэрт сати хийхийг хуулиар зөвшөөрсөн явдал хэмээн ойлгожээ. Түүний дараа 1829, 1830 онд тусбүр хууль гарч бүх талаар цаазалсан ба 20-р зууны эхэн болоход ерөнхийдөө энэхүү бүдүүлэг ёс үндэс тасарсан юм. 
Дөрөв, Хүн үхвээс, чинээ чинээгээр тэмээ морин алж, хойлго хэмээн хамт булдаг нь Монгол ёс биш харин цэвэр Төвд уламжлал байсан болох нь“Хуучин тан улсын бичиг”-гийн “Төвдийн намтар”-т: “Төвдийн хаан нас барвал хүнээр хойлго хийнэ. Хувцас эд зүйл ба унаж байсан морь зэргийг хамт булаж оршуулна”. “Бэй Ши- Хөрш улсын намтар”/Bei Shi Fu Guo Zhuan/-т: “нас барснаас хойш нэг жилийн дараа хэдэн арваар нь адуу алж их тайлга хийдэг” гэсэн байдаг. Өмнөд Сүн улсын Жэнг Чао/Zheng Qiao1104-1162 он/-гийн “Түнг Зи”/Zheng Qiao “Tong Zhi” 1161 он/ гэдэг зохиолд бас “Хүн үхвэл үхэр мориор хойлго хийдэг” гэж тэмдэглэжээ. “Дүн Хүанг сурвалж бичиг”/Dunhuang manuscripts 1900 онд Дүн Хүанг уулан агуйгаас 50 мянган ширхэг 359-1196 оны сурвалж материалуудыг олж илрүүлсэн/-гийн PT1042 тоот материалд Төвдүүд сарлаг, морь, хониор хойлго хийдэг байсныг маш тодорхой тэмдэглэсэн байдаг ба Төвдийн Трисонг Децен/Khri-srong-lde-btsan 742-797/ хаан 7 хүнтэй аймгийн холбоо байгуулан андгайлсан үгэндээ “Исээ чи хоёр сэтгэлгүй үнэнч явбал, чамайг үхэхэд хүндэтгэн оршуулж, зуун адуугаар хойлго хийх болно” хэмээн өгүүлж байсныг тэмдэглэсэн байдаг. 
Орчин үед хүнээр хойлго хийхээ больсон ч гэсэн оршуулах ёс заншил нь бүдүүлэг гэхээс илүү хүнлэг бус байдлаар явж иржээ. Төвдүүд бунхлах, галаар, усаар, шороогоор гэх мэт олон төрлөөр оршуулдаг боловч хамгийн түгээмэл нь шувууны оршуулга болно. Энэ нь их эртний уламжлалтай ба одоо хүртэл уламжлагдаж байгаа арга. Энэ тухай миний бие урд нь олон удаа сонсож байсан тул жирийн л байдаг зүйл мэт санаж явсан юм. Харин судалгааны ажил хийх явцдаа интэрнэтээс зургийг олж үзээд чухам шоконд орж билээ. “Мянга сонсохоор нэг үз” гэдэг үнэн аж. Үхсэн хүнээ уул хад буюу хотын захад авч очоод хүзүүнээс нь чагтлан гадаснаас тэлж уяад, доош нь харуулан хутгаар сийчин, сэгээр хооллогч өлөн тас шувуунд тоншуулан, үлдсэн араг ясыг нь сүхээр жижиглэн бас нөгөө шувуундаа хаяж өгдөг юм байна. Хүн хэмээх төрлийг олж төрсөн дээд юун ухаантай, сэтгэл зүрхтэй хэн ч байсан өөрсдийг нь үхэхээр мал гаргаж байх мэт эвдэн шувуу тэжээж байхыг хархаар жигшин зэвүүцэх ой гутах сэтгэгдэл төрнө. Ийм оршуулгын газар Лхас хотод 1000 гаруй байдаг гэх. Үхсэн хүнээр шувуу тэжээх асуудал нь гадаад дотоодын соёл боловсролтой хүмүүсийн анхааралд байнга өртөн шүүмж хүртэж ирсэн тул Төвдийн өөртөө засах орны засгийн газраас 2006 онд тогтоол гарган Шувуун оршуулгын зураг авч, бичлэг хийх, хэвлэн нийтлэх зэргийг хориглон, уг доод зуршлыг олны нүдний далд үргэлжлүүлэн хийж байхыг зөвшөөрөн дэмжжээ. Мөн өнгөрөх жилийн газар хөлдөхөд дарагдаж нас барсан олон Төвд хүмүүсийг галаар оршуулах зан үйлийг лам нар гүйцэтгэсэн зургийг бас интэрнэтээс үзэж болно. Энэ нь шувууны оршуулгаасаа нэг их дээрдсэн зүйлгүй, эр эм хөгшин залуугүй бүгдийг шалдлан үхсэн малын зовлого овоолж байх шиг дээр дээр нь хаяж байгаад олны нүдэн дээр илээр шатаасан юм.  
Тав, Хүний ясаар хөгжмийн зэмсэг хийж ирсэн ламын ёс
Энд цааш нь Монгол бөө мөргөлийг бүдүүлэг хэмээн цаазлуулсан “соёлтой буддизм”-ын талаар цөөн зүйл нэмж бичье. Жишээ нь лам нарын хэрэглэдэг хөгжмийн зэмсгийг хүний яс, арьсаар хийдэг байна. Жишээ нь: Ганлин/rkang-gling/ буюу “чөмгөн лимбэ” бол нийтэд ил болсон хамгийн тод жишээ юм. “Хүний чөмөгний яс буюу зэсээр хийсэн луу буюу матрын толгойн сийлбэртэй, 50–60 см урт, хурал номын зан үйлд үлээж хэрэглэх бишгүүр. Бас 18 насны эмэгтэй хүний чөмгөн ясаар хийдэг. Уг чөмгөн бүрээний салаа булцуун дээр ажинай морины хамрын нүхийг дуурайлган хоёр нүх гаргаж, үлээхэд түүгээр сайн морины янцгаах мэт дуун гарч, тэрхүү мориор Сухаавадийн оронд очих ёстойг билэгдсэн домогтой” /О.Сүхбаатар “Монгол хэлний харь үгийн толь” УБ 1997 он/ хэмээн тайлбар тольд өгүүлсэн байдаг. Рене Небески-Войковиц “16 настай эмэгтэй хүүхдийн зүүн талын цөмгөн ясаар хийсэн ганлин нь хамгийн сайн, үнэтэй байдаг” /Nebesky-Wojkowitz, René de, Oracles and Demons of Tibet: The Cult and Iconography of the Tibetan Protective Deities, Habilitation; Vienna, 1955. Хятад хэлний орчуулга- “Төвдийн тэнгэр бурхад ба чөтгөр шуламс” Төвдийн ардын хэвлэлийн хороо 1993 он/хэмээжээ. Хувьсгал ирэх үе буюу 20-р зууны эхэнд Монголд 700 гаруй сүм хийд/Өвөр Монгол, Баруун Монгол, Дээд Монголыг тооцвол бүр хэдэн мянган сүм хийд болно/ байсан тул чухам хэчнээн олон залуу сайхан охид лам нарын энэ гэмт хэргийн золиос болж байсныг төсөөлөн бодож болох юм. Хэрвээ одоо байсан бол зөвхөн энэхүү зохион байгуулалтай эрхтэн хулгайлах гэмт хэргээр нь бүх сүм хийдийг хааж лам нарт эрүүгийн хэрэг үүсгэх хангалттай үйлдэл болох юм. Гавал дамар гэж бас буй, шал буюу хоёр талын бүрээсийг нь хүний арьсаар бүрж, гавлын ясаар хийдэг. Бас лам нар гавлын ясаар аяга тагш хийж алт мөнгөөр чимж хэрэглэдэг. Ламын цам харайх бүжигт мутрын тэмдэг хэмээн гавлын ясанд цус дүүргэн амьдралын хүч нэмэн, хүчтэнийг сөхрөөн дарахын билэгдэл хэмээн тайлж ирсэн байх юм. 
“Зууны мэдээ” сонины 2007 оны 6 сарын дугаарт “Энэтхэгийн зүүн хэсгээс хүний яс, гавлаар дүүрэн асар том агуулахыг илрүүлжээ. Цагдаа нар үүнийг хөрш Бутан руу хууль бусаар гаргаж худалдахаар зориулагдсан хэмээн үзэж байна. Хэд хэдэн хүнийг эл хэрэгт сэжиглэн баривчилжээ. Баривчлагдсан хүмүүсийг байцаахад, Бутаны буддист сүм хийдэд хүний ясыг шашны ёслолд ашиглах нь их байдаг тул ийм наймаа хийж байсан гэжээ. Дунд чөмөгний ясыг бүрээ хийхэд, гавлын ясыг аяга хийхэд ашигладаг байна. Энэтхэгийн Бодгаяа хотын Махабодхи хийдийн лам, Түвдийн буддизмийн сургуулийн үйл, ёслолд хүний ясыг ашигладаг хэмээн ярьжээ. Нэг ясыг маш удаан хэрэглэдэг тул хууль бус наймаачид хүний дунд чөмөг, гавлыг Бутанаас өөр орнуудад гаргаж бизнес хийдэг байх хэмээн нэмж хэллээ” гэсэн мэдээ нийтлэгдсэн байдаг нь буддистууд одоо хүртэл хүний эрхтнийг ашиглаж байгааг харуулсан юм. Монгол улсын хөдөлмөрийн баатар, соёлын гавьяат зүтгэлтэн Лодонгийн Түдэвийн “Оройгүй сүм” гэдэг зохиолд лам нарын гэмт үйлдлүүдийг уран зохиолын аргаар маш тодорхой бичсэн байдаг нь үндэслэлтэй зүйл болохоос гадна бодит амьдрал дээр түүнээс ч илүү харгис хэрцгий явдлууд гарч байжээ. XIV Далай ламыг Төвдийн шашин төрийг хослон барьж байсан 1940, 50-аад оны үед Төвдөд хүний бие эрхтнийг эрэмдэг зэрэмдэг болгодог хууль хэвээр үйлчилж байсан ба Төвд чөлөөлөгдсөний дараа нүдээ ухуулж, гараа тайруулсан цөөн бус хохирогч нар шүүхэд хандсан тохиолдол гарч байсан юм.
Зургаа, Харааж хүн алдаг ба хараахад бас хүн алдаг байх ньЛамын хараалын талаар товч авч үзье. Лам хараал хийхдээ голдуу 3 төрлийн тахил өргөдөг ба энэ тахилд орох зүйл нь олон төрлийн бузар муухай зүйлээс бүрэлдсэн байх ба хүний бие эрхтнээс гавлын яс, мах, цус, тархи, хүний тосоор хийсэн лаа ба бусад эрхтэн орохоос гадна цусан төрөл дундаас гарсан хүүхдийн зүрх хэрэгтэй байдаг бөгөөд мөн ийм хүүхдийн арьсан дээр тахилын бүх зүйлээ дэлгэж байрлуулдаг тухай Рене Небески-Войковицийн номд буй/Nebesky-Wojkowitz, René de, Oracles and Demons of Tibet: The Cult and Iconography of the Tibetan Protective Deities, Habilitation; Vienna, 1955. Хятад хэлний орчуулга- “Төвдийн тэнгэр бурхад ба чөтгөр шуламс” Төвдийн ардын хэвлэлийн хороо 1993 он Хуудас-476/. 
Рене Небески-Войковицийн бичсэнийг үндэслэвэл Төвдөд голдуу жирийн иргэдийн хараал, лам, чойжин/tib: chos skyong “номын сахиулсан, ном тэтгэгч”; 1. шарын шашинтнаас төвд монголын бөө мөргөлтний ашиг сонирхолд зохицуулан зохиосон ламын шашны бөө, 2. хилэнт догшин байдлаар дүрсэлсэн шарын шашны бурхад, итгэлийг сахигч ч гэдэг. Монголоор догшид ч гэнэ; чойжин буух (шарын бөө бөөлөх); найман чойжин (Ширэндэв, Махгал, Бясман, Ям, Бэгз, Сийтаа-бярман, Хаянхярваа, Ямандага) О.Сүхбаатар “Монгол хэлний харь үгийн толь” УБ 1997 он/, гүрэмч/Шарын шашны ёсонд ад зэтгэр, аюул зовлон, өвчин эмгэгийг зайлуулах гэж хом уншлага хийх зан үйлийг гүрэм гэх ба тус зан үйлийг хийгч хүнийг гүрэмч гэх. О.Сүхбаатар “Монгол хэлний харь үгийн толь” УБ 1997 он/ нарын хараал, төр сүм хийдийн хараал гэж гурав ангилан үзэж болох юм. Заавал лам, чойжин, гүрэмч гэхгүй, жирийн Төвд хүмүүс ч гэсэн байнга хэрэглэдэг бөгөөд хийхэд хялбар хараалын 3 арга байдаг ажээ. Лам нарын хараалд ашиглах гол зэвсэг нь үхрийн эврээр хийсэн тунраа/thun rwa/ юм. Энэ тухай “Шашны зан үйл гүйцэтгэхэд гүрэмчийн хэрэглэг, үхрийн хар эврээр хийсэн, үзүүрт нь хар хадаг уясан, муу ад зэтгэрийн тарни урих зэмсэг. Үлээж муу ёрын ууль шувууны дуу, нохой хуцаг чимээ гаргадаг. Хамаг зэтгэрийг дарагч Очирваанийн гадас ч гэдэг. Урих тунраа, хариулах тунраа, алах тунраа гэж гурван зүйл бий” /О.Сүхбаатар “Монгол хэлний харь үгийн толь” УБ 1997 он/ хэмээн тайлбар тольд байдаг. Энд бичиж буй асуудалтай холбоотой нь тунрааг дүүргэх эд зүйл гэвэл яанхан хүүхний сарын цусаар бичсэн хараалын тарни, биеэ хорлож үхэхэд хэрэглэсэн эд юмс, төрөхийн хүндрэлээс үхсэн эхнэрийн яс, арьс, үс, бэлэвсэн эмийн дотуур хувцасны тасархай, хүний цус гэх мэт бусад олон зүйлийг хийж бөглөнө. Түүний дараа бурхдаа урин дуудахдаа бас адаг доод иргэний гавлын яс, хүнд зодуулж үхсэн хүний тухайн газрын шороо зэрэг зүйл ордог. Бас хонь үхрийн цус, тахиа бол бүр сайн, урд нь үргэлж хүний цусаар хөллүүлж байжээ. Тэгээд бүрий болохоор нөгөө тунраа хорлох гэсэн айлын гэр дотор буюу хүрээ хашаа, ойролцоо газар нь байршуулах буюу булаж тавина. Энэ хараал нь гурван сарын дараагаас эхлэн үйлчилж, үхэж үрэгдэх зэрэг янз бүрийн гай гамшиг тасрахаа больдог гэх. 
Дайсантай байлдах, төрийн эрх авах, шашин хоорондын мөргөлдөөн, сүм хийдийн зөрчил зэрэг том үйл явдалд төрийн оролцоотой хараал хийдэг байв. Төвдийн Кашиг/bkaʼ-shag-1725 онд Зүүн гарын Монголчууд Төвдөөс хөөгдөж гарснаас хойш Манжийн колонийн бодлогоор 1751 онд Төвдөд байгуулагдсан засаг/-ийн засгийн газар Самье хийд/bsam yas- Төвдийн түүхэн дээр хамгийн анх байгуулагдсан сүм хийдийн нэг/-тэй хамтран “Дөрвөн тивийн btsan mdos” /btsan-тэнгэр бурхан, mdos- Дой/ гэдэг хараал хийжээ. Энэ дойг хийхэд элдэв янзын бузар муухай зүйлүүд орохоос гадна язгууртан хүний гавлын яс буюу араг яс, адгийн муу боолын гавлын яс, зодоон хийж үхсэн эрүүл чийрэг залуу хүний шинэ цус, биеэ үнэлэгч хүүхний үтрээ, хүн алж өнгөрсөн зэвсэг, өвчнөөр үхсэн хүний чих, хамар, сормуус, уруул, хэл, зүрх, гоц халдварт өвчнөөр үхсэн хүний гавал буюу чөмөг, зуу найман булшны шороо зэргийг сүм хийд өөрөө бэлдэх ба Төвдийн ханы сангийн үр тариа, давуу, торго зэргийг кашигийн засгийн газраас нийлүүлдэг байна. Бас бие үнэлэгч хүүхний сарын цус, найман настай хүүхдийн гавал, булчин, цус, яс ба бусад зүйлийг хараалгаж буй хүний дүрээр хийсэн балингийн хамт дой хийж бэлдэж орхино. Тэгээд дээд зандаа бүхий нэг ламыг урьж тус ёсыг гүйцэтгүүлэх ба тэр лам бүтэн долоо хоног хараалын номоо унших бөгөөд энэ хооронд Самье хийдийн лам нар ч зүгээр суухгүй өдөр шөнөгүй тусгай ном тарни, хараал жатгаа уншин, янз бүрийн зан үйл хийн хөл хөдөлгөөн ихтэй байдаг аж. Дараа өдөр нь дайсан байх зүгт аваачин шатааж бүх зүйл дуусах ба түүнээс хойш хараал тусах өдрийг хүлээж суух л үлдэнэ.
XIII Далай лам Балбын цэрэг түрэмгийлэх үед “Дөрвөн тивийн тэнгэрийн дой”-ыг Миндролинг хийд/smin grol gling/-ийн хамбаар нэг удаа хийлгүүлжээ. Дойн дараа газар хөдөлсөн ба Балба цэргийн дарга үхсэн тул хараал хүрсэн хэмээн Балбууд түрэмгийллээ зогсоосон гэж Төвдүүд ярьдаг. Харин 1950 онд хятадын цэргийн эсрэг энэхүү хараалаа дахин хийсэн боловч тус бололгүй Төвдүүд эзлэгдсэн тухай Рене Небески-Войковицийн номд тэмдэглэжээ/Nebesky-Wojkowitz, René de, Oracles and Demons of Tibet: The Cult and Iconography of the Tibetan Protective Deities, Habilitation; Vienna, 1955. Хятад хэлний орчуулга- “Төвдийн тэнгэр бурхад ба чөтгөр шуламс” Лхас хот Төвдийн ардын хэвлэлийн хороо 1993 он Хуудас-584/. 
Төрийн хошой шагналт Ч.Лодойдамбагийн “Тунгалаг тамир”-д “Цамбын бодлоор бол ардын засгийн бодлогыг олонд гутааж, түүний хүчин чадлыг доройтуулахын тул хүн үнэмшмээргүй юмыг ч ярихаас буцахгүй ажээ. Орос чихэр бол орос эхнэрийн мөөмний сүү гэж хүрээний лам нар ярьж эхлэхэд ийм тэнэг ярианд хэн итгэх вэ гэж бодож байсан. Гэтэл хүмүүс худалдаж авах нь үлэмж хорогдсоныг би нүдээр үзсэн. Том худал хэлэхэд арай ч тийм том худал хэлэхгүй байх гэж итгэх ёс байдаг бололтой гэж Цамбын хэлснийг хамба, гэвш зэрэг хэд хэдэн хvн ихэд дэмжин зөвшөөрөв. Бас ардын засгийг унагаахын учир гүрэм хийх, золиг гаргаж хараал хийх, Жигжидийн сор залах зэрэг олон төрлийн хурал, ном хурахаар тогтов” хэмээн лам нар бас ардын засгийн эсрэг хараал хийж байсныг уран зохиолын аргаар бичсэн байдаг.
“Богд хаантны зарлиг заавраар олон янзын ном гүрэм уншиж, сор залж байсны дотор 1920 оны 9 сарын 3-наас эхлэн шашин төрийн тухай Эрдэм Итгэмжит сүмийн газар “житга бөндөг” гэдэг сор залах их гүрмийг олон лам нараар 7 хоног бүтээн уншуулж, соруудыг залж, хуучин үхэр бууг цаасан сумаар цэнэглэн буудуулсан”/ Чөлөөт нэвтэрхий толь “Википедиа”- Богд хаан/ гэжээ. Лам хүн байж архинд их орсон, садар самуунаараа нэрт гарсан энэ Төвд хаанд хийж чадах өөр ажил байгаагүй нь  тодорхой, “житга бөндөг” гэдэг хараал нь тус болоогүй ч цаасан бууны дуунд Хятад цэргүүд айн үймэлдэж байжээ. Харин тус оны эцсээр герман гаралтай Оросын армийн дэслэгч генерал Барон Унгерн фон Штернберг /1886-1921/-ийн хүчинд Хятад цэргийг үлдэн хөөж, Жавзандамбагийг хаан ширээнд нь буцаан суулгажээ. Түүний гавъяаг үнэлж Монгол улсыг мандуулагч их баатар жанжин гэдэг цол шагнасан байдаг.
"Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль цаазын бичиг”-д хүний амыг хөнөөх зорилгоор хараал хийсэн ламыг цаазаар авах тухай заалт орсон байдаг нь Шарын шашны ноёрхлын үед хараал хийх явдал туйлдаа тулж төрөөс хуулиар зохицуулахаас өөр аргагүй болсныг харуулж байгаа юм.
Энэ мэт лам нар хараал хийж хүн алах гэж оролддог байхаас гадна хараал хийхийн төлөө бас хүн алдаг болох нь дээрх жишээнээс харагдана. Лам нар нэг удаа томоохон хараал хийхийн төлөө:
1.найман настай хүүхдийн гавал, булчин, цус, яс
2.цусан төрөл дундаас гарсан хүүхдийн зүрх, арьс
3.язгууртан хүний гавлын яс буюу араг яс
4.адгийн муу боолын гавлын яс
5.зодоон хийж үхсэн эрүүл чийрэг залуу хүний шинэ цус
6.биеэ үнэлэгч хүүхний үтрээ
7.хүн алж өнгөрсөн зэвсэг
8.өвчнөөр үхсэн хүний чих, хамар, сормуус, уруул, хэл, зүрх
9.гоц халдварт өвчнөөр үхсэн хүний гавал буюу чөмөг
10.биеэ хорлож үхэхэд хэрэглэсэн эд юмс
11.төрөхийн хүндрэлээс үхсэн эхнэрийн яс, арьс, үс
12.бэлэвсэн эмийн дотуур хувцасны тасархай
13.хүний шинэ цус
14.хүнд зодуулж үхсэн хүний тухайн газрын шороо
15.хүний бие эрхтнээс гавлын яс, мах, цус, тархи
16.хүний тосоор хийсэн лаа гэх мэтийн хүний бие эрхтэн ордгийн дотор яс, тос, хувцасны тасархай, газрын шороо зэргийг бол хараалын хийх болзошгүй хэмээн урдаас бэлдсэн нөөцтэй байж болох юм. Гэтэл бусад олон зүйл нь амархан муудаж хурааж хадгалж болохгүй учир тухай бүр аллага хийж байж шинэ соргогоор нь авах ёстой болох нь тодорхой байна. Хэрвээ янхан хүүхэн олдохгүй бол лам хүүхнийг янхан болгож дараа алж үтрээг нь авах болж таарна. Ер янхан хүүхний сарын цус бол дийлэнх хараалд ордог өргөн хэрэглээний зүйл бололтой байдаг. Ингэхэд янхалах явдлыг лам нар сургасан байж болох юм. Монголд ч гэсэн сүм хийдийн газар хамгийн анх биеэ үнэлэгч буй болсон гэж ярьдаг. Бас айл хэсэж авгай хүүхэн эргүүлдэг бадирчин лам гэдэг тусгай давхаргаа хүртэл байсан юм. Найман настай хүүхэд хараал хийх болгон үхээд байхгүй, цус ойртсон хүүхэд олдохгүй, аль эсвэл үхэхгүй байгаад байж болно, мэдээж энэ бүгдийг лам нар зохион байгуулалтай цэвэрхэн зохицуулна.  
Тэгэхлээр ийм их өртөг гаргаж хийсэн хараал хүрдэг үү гэсэн асуудал гарч ирнэ. Хараалаа үнэхээр хүргэхийн тулд лам нар бас хоёр аргийг нэмж хэрэглэдэг байна. Үнэхээр үр дүнтэй тул лам нар тус аргаа тас нууцална.
Нэг нь, өшөөтэй хүн нь нас барах буюу муу зүйл тохиолдох үед лам нар хараал хийсэн гэдэг цуурхал тараах арга. Мэдээж хүн мөнхрөхгүй бөгөөд насан турш сайн сайхан явна гэдэг баталгаа ч алга байдаг тул энэ тохиолыг лам нар маш овжин ашигладаг байна. Жишээ нь 1976 онд Хятадын дарга Маог 83 хүрч өвчнөөр үхэхэд нь XIV Далай лам хараал хийсэн гэдэг цуу тарсан байдаг.
Нөгөө нэг арга нь, хараал хийсэн хүнээс өөрсдөө очин хөнөөж хохирол учруулан хийсэн хараал нь хүрсэн болгож харагдуулах явдал. Нэгэн жишээ татъя: Төвдийн Дэрсид Санжаажамц нь Ойрадын Гүүшийн удам Пунсаг далай ханы хоёр хүүг эвдрэлцүүлэн Ванжилыг алуулаад, Лхвазанг хорлох гэсэн боловч, бүтэлгүйтэн зугтаж яваад өөрөө алуулдаг. Лхавзан төвдийн хан болоод Ойрадын хаан Цэвээнравдантай худ ураг бололцон эе эвээ сэргэсэн байв. Энэ байдалд дургүйцсэн Санжаажамцын талын төвд лам нар Лхавзан ханы хүү бөгөөд Цэвээнравдангийн хүргэн Галданзанданыг дагалдан Ойрадад очин, хоёр Монголыг эвдэн хагалах хараалын арга хэрэглэнэ. Цэвээнравдан нь Лхавзан ханаас бэлгэнд ирүүлсэн хилэн хар морийг цагаан сарын шинийн нэгэнд унах үед нь зориуд үргээн хааныг унагаан бэртээж урьд нь бэлдэж хийсэн хараалын хар тарнийг эмээлийн бүүрэг дороос гарган ирж, Лхавзан ханы үйлдсэн хэрэг хэмээн Цэвээнравдан хаанд итгүүлдэг. Эндээс хэрэг мандан Цэвээнравдан хүргээнээ шарж алаад Лхаст цэрэглэн Монголчуудын цусыг урсган Лхавзанг дарна. Харин Төвдүүд дахиад Манжаас тусламж хүсэн Цэвээнравданг төвдөөс үлдэн хөөсөн гэдэг түүх байдаг.

Долоо, Амьд хүнийг шатааж алдаг ламын ёсОроолон, шуламс гэж орчин үеийн шинжлэх ухаанаар ч, хар амьдрал дээр ч байхгүй зүйл. Нэгд, лам нар хараал хийх материал/янхан хүүхний сарын юм ба үтрээ/-аа бэлдэх гэж, хүүхнүүдийг янханд сургадаг байж болох юм. Хоёрд, нэг сумаар хоёр туулай харвах буюу лам нар өөрийн бие махбодын хэрэгцээгээ хангах асуудал ч давхар шийдэгддэг. Мэдээж лам нарын тоглоом, зугаа цэнгэл болсон хүүхнүүдийн бие сэтгэлд өөрчлөлт орохгүй гэж үгүй бөгөөд нөгөө там нүгэл, чөтгөр шулмаар айлгаж өөрчлөлт оруулах аргадаа ч лам нар гаргууд мэргэжсэн байдаг. Тэгээд хүүхэн нь сэтгэл санааны өөрчлөлт ормогц босоо ороолон, шуламс шүглэсэн нэр зүүлгэж цааш харуулан хараал хийх эрхтэн авах ажилдаа сүр дуулиантай ордог байна. Үүнтэй холбоотой Жинсрэг гэдэг зан үйл буй. Жинсрэг/sbyin-sreg/ нь “Буг чөтгөр, ад тийрэнг ухсан нүхэнд унаган халуун тос цутган дээрээс нь үхрийн нойтон ширээр таглан эр бяртай найман хүн дарж сөнөөдөг шашны зан үйл. Бас ад шуламс шүглэсэн гэж хүнийг амьдаар нь шатааж доошоо нарийссан нүхэнд мод сараалжлан өрөөд тос асган шатааж алах зан үйл”/ О.Сүхбаатар “Монгол хэлний харь үгийн толь” УБ 1997 Х-103/ хэмээн тайлбарласан ба бүр жинсрэгчин гэдэг жинсрэг цутгадаг хүнийг нэрлэсэн тушаал, мэргэжил ч буй болжээ. Мэргэжил тушаал болтлоо нийгэмд хэвшиж байснаас энэ зан үйл маш их хийгдэж байсныг ойлгож болох юм.
Ер нь буддын шашинд хүн алж болохыг зөвшөөрсөн 10 шалтаг байдаг гэх. Түүний дотор буддизмыг эсэргүүцсэн, лам нарт дургүйцсэн хүнийг шууд хөнөөж болдог байна. Үүний тод жишээ бол Монголын бөө удган нарыг бөөн бөөнөөр нь шатаасан явдал билээ. 
Найм, Аллага хүчирхийллийн үлгэр дуурайлБуддизмын бурхад нь өөрөө хүчирхийллийн шинж, бэлэг тэмдгийг агуулсан байдаг. Жишээ нь арван хангалын нэг Жигжид/санс: Yamantaka, төвд: Шинжэ шэд, мон: Аюулган үйлдэгч/ гэдэг бурхан нь хүний ясаар чих, бугуй, шилбээ чимэн, биедээ цус тусалсан гавлын ясан эрх зүүж, Доржсолонма хэмээх цэнхэр өнгөт /баруун гартаа гавал барьсан/ шалдан хүүхэнтэй босоо байрлалаар нууж хаах зүйлгүй бүх зүйл нь ил гарсан байдалтай бэлгийн харилцаа үүсгэж байгаагаар бүтээгдсэн бурхан юм. Гол шүтэж байдаг бурхан нь ийм байхаар лам нарын хүн алж арьс, цус, ясыг нь авч, хүүхэн хүчиндэн яр тэмбүү тарааж бие үнэлэх сурталд сургаж байхаас өөр ч яах билээ. Лам нар садарлах байтугай сэтгэлдээ ч бодож болохгүй гэсэн хатуу сахилгатай байдаг гэх. Тэгсэн мөртлөө Занабазар мэтийн бурхан бүтээгч нар нь нүцгэн хүүхний дүрээр баримал хийчхээд түүнийгээ хараад юу бодож бясалгал хийж суудгийг нь төсөөлөхөд бэрх. Буддистуудийн өөрсдийнх тайлбараар бол Наймдугаар богд гэдэг нь Буддагийн 500 шавийн нэг болж Энэтхэгт төрөөд түүний хойно Төвдөд 15 дүр хувилан, 1635 оноос Монголд Жавзандамба хэмээх дүр болж 8 төрөл сольсон байх юм. Гэтэл VIII Богдын садар самуун байсан нь маргашгүй зүйл. Чухам 2500 гаруй жилийн турш төрөл сольсон “амьд бурхан” нь буддын наад захын 10 хар нүглийг тэвчиж чадахгүй байхаар буддизмийн сахил санваар, номлол сургаал нь худал хуурмаг гэж ойлгохоос өөр аргагүйд хүрнэ.  Зөвхөн Жавзандамбагийн асуудал ч биш, VI Далай лам нь бас сахил алдан эхнэр хүүхэн хөөж, шүлэг дуулал бичин явж Далай лам гэдэг цолоо сэвтээж байсан нэгэн байв. Лам бурхан хоёр нь ийм байсан цагт дээр тооцсон аллага хүчирхийлэл эцэс болно гэж итгэхэд бэрх ба үгүй ядаж буддистууд зөв ёс суртахуунтай болно гэх найдлага тун бага байгаа юм. 
Тэгвэл орчин үед байдал өөр болсон уу гэвэл бас тийм биш, мөн л “сурсан дуугаа дуулж, хуучин замаараа явж” байгаа бололтой. Энд нэгэн жишээ оруулъя: Японд 1987 онд Аум Синрикё гэдэг шаши байгуулагджээ. Аум Синрикё нь Энэтхэгийн Ёга, Буддизмийн эртний уламжлал, Дээд суудалтан, Төвдийн нууц хөлгөн зэргээс эх үндэстэй ерөнхийдөө Буддизмийн шинэ салбар гэж үзэж болохоор шашны шинэ сект байв. Үүсгэн байгуулагч нь Асахара Шёко/Мацүмото Чизү-о/ аж. 1987, 1988 онуудад XIV Далай лам түүнтэй уулзан, дотносож байсан ба Асахара Шёко нь Далай ламын үйл ажиллагааг дэмжин 1 дүнчүүр иений хандив өгч, Далай лам хариуд нь “Японд жинхэнэ буддизмийг дэлгэрүүлэх болтугай” хэмээн зоригжуулж Аум Синрикё нь буддизмийн нэг урсгал болохыг тодорхойлсон бичиг хийж өгчээ. Асахара Шёко нь энэ бичгийг нь ашиглан 1989 онд шашны байгууллагын албан ёсны гэрчилгээ авчээ. Тухайн үедээ Асахара Шёко нь их нэрд гарч, бүр агаарт хөөрч чаддаг буддизмийн амьд бурхан төрсөн мэт ойлголт нийгэмд газар аваад байлаа. Тэрээр Фүжи ууланд байрлан засаг төр нүгэл хилэнц, ард иргэдийн гаслан зовлонг арилгахаар шамбалын дайнд бэлдэж, Оросоос зэвсэг оруулан, хувиараа химийн лаборатори хүртэл байгуулж амжсан байв. Гэтэл 1995 онд тус шашны бүлэглэлийн удирдагч нарыг Японы цагдаагийн газар саатуулан баривчилж, Асахара Шёког багтаасан тус бүлэглэлийн арван хэдэн гишүүнд ялын дээд хэмжээ өгчээ. Учир нь Асахара Шёко нь өөрийн шашны ноёрхлоо тогтоохын төлөө олон удаа аллага хүчирхийлэл үйлдэж, 30 орчим хүний амь насыг хөнөөсөн нь тодорхой болсон ба олныг цочроосон хамгийн том гэмт хэрэг нь 1995 оны 3 сарын 20 өдөр Токиогийн метронд Сарин хэмээх хорт хий цацан 13 хүнийг үхүүлэн, 6300 хүнийг хордуулсан терроризм байсан юм. Аум Синрикёгийн хохирогч нар Далай ламыг тус бүлэглэлээс мөнгө авч дэмжлэг үзүүлдэг байсан тул хариуцлага хүлээх ёстой, ядаж Асахара Шёкогийн залилангаар авсан хандивын мөнгийг нь хохирогч нарт нь буцаа гэсэн санал шүүмж гарч байсан ч Далай ламын зүгээс 1 дүнчүүр иений хандивыг нь авангуут байдал биш болсныг ойлгоод харилцаагаа 100 хувь тасалсан хэмээн гүрийж хэргээс мултран бурхан царайлж явсан тухай мэдээ тухай үеийн хэвлэл мэлээлэл дээр гарч байв. “Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо” гэдэг биз. Эндээс шинэ ба хуучин буддистуудийн нүүр царай, мөн чанарыг нь ойлгож болохоор байна.

Лавлалт болгосон ном зохиол:1.Саган цэцэн “Эрдэнийн товч” ӨМ 1981 он
2.“Арван буянт номын цагаан түүх” /Ш.Чоймаа, Монголын түүхэн сурвалж бичгийн цуврал, Боть 2/ УБ 2006 он
3.Х.Пэрлээ “Халхын шинэ олдсон цааз-эрхэмжийн бичиг” УБ 1973 он
4.Korotayev, Andrey (2004). World Religions and Social Evolution of the Old World Oikumene Civilizations: A Cross-cultural Perspective (First ed.). Lewiston, New York: Edwin Mellen Press.
5.Abbott Payson Usher “An introduction to the industrial history of England” Published 1920 by Houghton Mifflin company in Boston
6.Чарльз Дарвин ”зүйлийн үүсэл” 1990 он Ива Нами хэвлэлийн газар /Япон хэлний орчуулга/
7.“Ойрд цааз”
8.“Халх журам” УБ 1963 он
9.“Эрдэнэ тунамал нэрт судар оршвой” Өвөр Монголын нийгмийн шинжлэх ухааны номын сан Гар бичмэл
10.Ш.Дулмаа “Монгол ардын зүйр цэцэн үгс” УБ 2006 он
11.Казахстаны үндэсний статистикийн хорооны интэрнэт мэдээлэл
12.Монголын үндэсний статистикийн хорооны интэрнэт мэдээлэл
13.Дэлхийн валютын сангийн интэрнэт мэдээлэл
14.С.Эрдэнийн “Занабазар” УБ 1989 он
15.Богд Зонхов “Бодь мөрийн зэрэг” УБ 2006 он
16.“Ганжуур” Өвөр Монголын номын санд хадгалагдаж буй 1720 оны Бээжин хэвлэл
17.“Данжуур” Өвөр Монголын номын санд хадгалагдаж буй 1749 оны Бээжин хэвлэл
18.Д.Цэвээндорж “Монголын археологи” УБ 2003 он
19.Ата Малик Жувейн “Ертөнцийг Байлдан дагуулагчийн түүх” 1980 он ӨМ /Хятад хэлний орчуулга/
20.Хунда Минобү “Вассаф” / “Азийн түүхэн товчоо” Хай Вун хэвлэлийн газар 1984 он/
21.Е Зи Чи “Сао Мү Зи” Жүн Хуа бичгийн товчоо 1959 он
22.Марко Поло "Орчлонгийн элдэв сонин" 2002 он Ива Нами хэвлэлийн газар /Япон хэлний орчуулга/
23.“Алтан ханы цааз” / “Монгол үндэстний гүн ухаан ба нийгмийн үзэл санааны түүхийн материалын сонгомол” II ӨМ 1989 он/
24.Жао Чэнг “Ясан бичиг ба Шанг улсын соёл” Шэн Ян 2000 он
25.“Юань улсын түүх” / “Шинээр найруулсан 25 түүх” Шанхай 1997 он /
26.“Мин улсын түүх” / “Шинээр найруулсан 25 түүх” Шанхай 1997 он /
27.“Хуучин Тан улсын түүх” / “Шинээр найруулсан 25 түүх” Шанхай 1997 он /
28.Д.Бирадамба “Ойдадын түүхэн зурвас” УБ 2002 он
29.Монгол улсын түүх III боть, ШУА Түүхийн Хүрээлэн, Улаанбаатар 2003
30.“Бэй Ши- Хөрш улсын намтар”/Bei Shi Fu Guo Zhuan/
31.Өмнөд Сүн улсын Жэнг Чао/Zheng Qiao1104-1162 он/-гийн “Түнг Зи”/Zheng Qiao “Tong Zhi” 1161 он/
32.“Дүн Хүанг сурвалж бичиг”/Dunhuang manuscripts 1900 онд Дүн Хүанг уулан агуйгаас 50 мянган ширхэг 359-1196 оны сурвалж материалуудыг олж илрүүлсэн/
33.“Зууны мэдээ” сонины 2007 оны 6 сарын дугаар
34.Л.Түдэв “Оройгүй сүм” 1985 он
35.О.Сүхбаатар “Монгол хэлний харь үгийн толь” УБ 1997
36.Nebesky-Wojkowitz, René de, Oracles and Demons of Tibet: The Cult and Iconography of the Tibetan Protective Deities, Habilitation; Vienna, 1955. Хятад хэлний орчуулга- “Төвдийн тэнгэр бурхад ба чөтгөр шуламс” Төвдийн ардын хэвлэлийн хороо 1993 он
37.Erik D. Curren “Buddha's Not Smiling” : Uncovering Corruption at the Heart of Tibetan Buddhism Today  Alaya Press (March 10, 2006)
38.Melvyn C. Goldstein “The Struggle for Modern Tibet”: The Autobiography of Tashi Tsering  M E Sharpe Inc 1997
39."Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль цаазын бичиг” /З.Лонжид/ УБ 1995 он
40.Чөлөөт нэвтэрхий толь “Википедиа”
41.Ичихаши Фүмия “Аум эзэнт гүрний үнэн дүрх” Шин Чию хэвлэх газар 2000 он 

Зохиогч: Боржигон Хархүү

2 comments:

  1. Үнэхээр сайхан бичсэн байна. Үнэндээ төвдийн шашин соёл ялзарсан гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Соёл иргэншил ялзарахаараа мөхдөг бөгөөд ийнхүү Түвдийн соёл иргэншил мөхөж байна. Будда сургаалиа айлдсанаас хойш 2500 жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд түүний сургааль өнөө хүртэл асар их гажуудсан юм. Учир нь үе үеийн хаад сүмийн мяндагтангууд ард түмнийг боолчлох, номхон хүлцэнгүй байлгах зорилгоор ашиглаж өөрсдийн эрх ашигт нийцүүлэн асар их гуйвуулж түүний үнэн сургаалыг бараг үгүй хийсэн нь харагддаг. Одоогийн буддын шашин бол цэвэр буддагийн философи биш нэгэн эрдэмтэн хэлэхдээ Хэрвээ будда өөрийнх философийг ийм болсоныг харсан бол тэр үнэхээр харамсан гашуудах байсан биз гэж хэлсэн байдаг. Жинхэнэ буддын сургааль бол шашин биш харин зөв амьдрах аугаа философи юм гэвч түүхийн асар их нугачаанд шашин болж гажуудан шашны хэмээх лам хуврагуудын бузар санаагаар өриун мөн чанараа хэдийнээ алдсан байна. Түвдийн ч юм уу эсвэл монголд байгаа буддын гэх сургааль номлолоос бид жинхэнэ үнэн буддын сургаалийг олж чадахгүй бид жинхэнэ буддын сургаалийг эртний энэтхэгийн ведийн сургаалиас хайвал илүү үнэн чанарыг нь ойлгож магадгүй. Ер нь шашин гэдэг бол туйлшрал гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүмүүст шашин биш зөв амьдрахад нь хэрэгтэй философи, үзэл санаа хэрэгтэй юм.

    ReplyDelete
  2. Яг зөв. Энэ нийтлэлийг би бичээгүй. Гэхдээ Буддагийн сургаалийг түүнийг залгамжлагчид үеийн үед гуйвуулсаар ирсэн, улс төрийн зэвсэг болгож ашигласаар ирсэн. Монголд байгаа Буддизм түүний нэгэн урсгал гэгддэг шарын шашин бол Монголчуудыг мөхөлд хүргэсэн шашин. Түүнийг шүтсэнээрээ Монголчууд доройтож л байсануу гэхээсээ дээрдэж байсан түүх байхгүй. Дээр хэлсэнчлэн Буддын шашин Монголд дэлгэрэхээс өмнө Эсэн тайш гэхэд л 40 түмэн цэрэгтэй /400 000/ байхад 1911 оны үед Монголын цэрэг 2000 хүрэхгүй байсан гэхээр яаж доройтсон нь тодорхой. Бас ислам, христийн шашин ч ялгаагүй түүнийг бий болгосон хүмүүсийн сургаалийг гуйвуулж асар их өөрчилсөн байдаг. Хамгийн чухал нь хүмүүс мэдлэгтэй байх ёстой, мэдэхгүй зүйлээ сохроор шүтэн бишрэнэ гэдэг эрсдэлтэй. Мэдэхгүй зүйлийнхээ талаар үгүйсгэх бас батлаж ярих нь утгагүй. Тиймээс мэдээлэл мэдлэгтэй байх нь хамгийн чухал. Хүн бүр өөрийн оюунаа тэлж, Монголын түүхээ судлан, Монгол арга ухаана судлах хэрэгтэй. Монгол амьдрах ухаанаа судлах хэрэгтэй.

    ReplyDelete

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц