Өвөг дээдэс минь Эх орон болж тэднийхээ ариун бие цогцсоос бүрдсэн нутгийг л бид эх орон гэж нэрлэмүү. Энэ уудам газар шороон дээр Чингис хаан алхалж мөнх тэнгэрийг нь ширтэж Онон мөрний уснаас амсаж, бас Мандухай сэцэн хатан хүлэг мориндоо дөрөөлж, хээр талынхаа тоосыг босгон давхиж Занабазар хойчийн түмэн үеийнхээ төлөө бясалгал үйлдэж Дөрвөн уулаа хайрлан шүтэж Цогт тайж өвс ногоон дунуур явж Равжаа гүн шөнөөр толгодын нь оройд сууж, Чингүнжав хөвч шугуйн дунд гөрөөлж явсан.
Амьдарч, гэмцэж, бодож, шаналж явсан бүхэн нь Монголынхоо төлөө гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр өөр өөр зуунд, өөр цагт амьдарсан тэднийг нэгтгэж, үлэмжийн их үйлс бүтээлгэсэн юм. Эх орон минь зөвхөн газар шороо, гол мөрөн бус түүх домог уй гашуу, ялалт, эмгэнэл. Равжаагийн бүтээсэн шүлгүүд. Шаравын зураг. Дамдинсүрэнгийн “Хэнтийн өндөр ууланд” аялгуу намар намрын тариа, тэр их ургацыг хураасан олон түмний хөлс хөдөлмөр, малчны цагаан гэр, жил жилийн төлийн дуу, хаврын салхи юм.
Үр хүүхэд минь хар нялхаасаа эх орноо бие сэтгэлдээ тээж сургууль, ээж, багш нараа мөр зэрэгцэн суух бяцхан андаа бас сурах бичиг, суудаг ширээ сандал, ангийнхаа цонх, цонхоор харагдах улиас, улиасны мөчир бүхэн, мөчир дээр нь суух бяцхан болжморыг. хүртэл Эх орон гэж ойлгосон цагт л бидний оюун санааны амьдрал эхлэх буюу.
Эртний их сүмийн туурь, энэ сум хийдийг яагаад нураасан, хэрвээ алтан ганжир нь үүрийн туяа өглөөний наранд гялалзаж, сүр жавхлант 700 гаруй сүм хийд, монгол нутаг даяар сүндэрлэж мөргөл өргөлийн дуун эгшиглэж байсан бол… гэсэн бяцхан гуниг, боргоцой жаахан үрсийн минь цээжийг эзэмдэж, төрөлх нутгийнх нь уулсад бугын дуу цуурайтаж ахуй цаг дор бид гоо сайхныг цээжний гүндээ мэдэрнэм.
Монгол орныхоо төлөө харийн дайсантай тулалдаж, эцсийн мөч ирэхэд дайсандаа амьдаар баригдахгүй гэж элгэн дороо гранат тэсэлсэн Даваадорж, Тэгшээ нарын баатарлаг зориг, Халхын голоор Эх орон руу минь довтолсон дайсны эрлэг нь болж, алаг морьтойгоо хүн ардын зүрх сэтгэлд мөнхөрсөн Дандар.
Норовбанзадын дуулсан уртын дууны уран нугалаа, өвлийн шөнөөр эмгэн ээжийн ярьсан үлгэр, бударсан цасан дундуур хөтлөлцөн алхах охид хөвгүүд цөм Эх орон юм. Морио усалдаг булаг шанд, бутанд хярсан туулай, ялаа шумуул, цагаан дэрс, Явуухулангийн хайр, Чойномын хилэн, Цэдэндоржийн санаашрал, ээжийн минь мөргөл залбирал ч Эх орон юм.
“Өвөг дээдсээсээ бид Эх орноо хүлээж авсан, үр ачдаа хүлээлгэж өгнө!…” арван естэйдөө бичсэн энэхүү шүлэг минь цээжний гүнд үүрэндээ хоргодсон шувуу лугаа адил торниж, өдгөө зүрх бүхэн рүү ниснэм. Аяа, Эх орно минь та баатруудын өлгий буюу. Шуурган их тулалдааны дундаас Зэв, Сүбээдэй, Зэлмийн дуулга
нь гялалзаж, алтан наран адил бамбай нь үзэгдэн, үе үеийн баатрууд болох Цогт тайж, Мандухай, Чингүнжав, Сүхбаатар, Амарын дүр торх сүүмэлзэн үзэгдэхэд өр зүрхэнд цог хийморь бадарнам.
Юуны төлөө тэд минь амь үрэгдсэн билээ?!…. “Цогт тайж үхэвч, Монгол улс үлднээ…” гэсэн гайхамшигт үгс, үхлийн нь эцсийн агшнаа яруу найрагч-баатар түүний амнаас гарахад монгол хүний нулимс яахин эс урсана?… Баатрууд явж, монгол улс үлджээ. Тэд монголоо үлдээгээд, өөрсдөө явжээ. Мянга мянган жил
ийнхүү монголынхоо төлөө үхэж чадсан баатруудын чин зориг, оюун билэг, амь насан дээр Эх орон минь тогтнож, цэнхэр уулс минь бидэндээ хүрч ирсэн юм.
Эрин зуун бүрээс хэн нэгэн суу билэгтэн тодорч, XҮII зууны жинхэнэ монгол хүн нь Занабазар, XIX зууны гайхамшиг нь Равжаа болном. Тухайн зууных нь хүмүүс монголын оюуны ертөнцийн бахархал болсон Занабазар, Равжаа нарт шингэн үлджээ гэж бодоход Равжаагийн шүлгээс амьдарч Шагсан цаг үеийнх нь бүхий л зүрхний лугшилт сонстном.
Аугаа их Чингүнжавын үхэл бол жинхэнэ ялалт байлаа. Италийн Жордано Бруно үзэл бодлоосоо няцсанд орвол үхсэн нь дээр гэж үзээд, түүдэг гал дээр
шатсан. Тэрээр дүрэлзэн бадарсан гал бодохдоо хүн төрөлхтний ялалт, хүний сэтгэлийн ялагдашгүйн
дэлхий дахины нэгэн алхам байлаа.
Эрнест Хемингуэй:
“Хүнийг алж болно, ялж чадахгүй” гэжээ. Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө эрслэн боссон Чингүнжавын үхэл бол хүн төрөлхтний түүхэнд хэзээ ч мартагдашгүй үйл явдал юм. Оюунт хүний зүрх сэтгэлд багтамгүй аймшигт тамлалтыг тэр даван гарч, хүний ялагдашгүйн ид хавыг харуулсан юм. Манж нар түүнийг эх орноо өмгөөлөн боссоных нь хариуд харь нутагт аваачиж, зоосны нүхээр сүвлэж алсан ч,
Чингүнжавыг бид зуун зууны турш өчүүхэн ч мартсангүй.
Улайссан төмөр зоосыг арьс махан дээр нь тавьж, зоосны нүхээр шатаж хиншүү ханхалсан мах нь гарч ирэхэд огтлон хясаар үхүүлсэн үзэшгүй муухай тамлалыг давж, үнэн ялахад итгэсээр үхсэн Чингүнжав мину! Түүнийг минь яаж үхсэнийг гагцхүү мөнх тэнгэр л гэрчилнэ дээ!
Эх орон, элгэн нутгаасаа хол, санаж сарвайх нэг ч хүн дэргэд нь үгүй цагт ирсэн аймшигт үхэл нь, зоригт эрийг нугалж чадаагүй ээ! Чингүнжавын үхлийг үеийн үед санаж, үргэлж залбиран явах нь бидний ариун үүрэг ээ! Уншигч та ганц хором ч бол хуруугаа лааны дөлөн дээр барьж зогсох гээд үз дээ!… Чингүнжавыг тарчлаасан зоосыг өөрийнхөө биен дээр тавилаа гэж төсөөлөн бод доо! Хүнийг тарчлаан зовоох сэтгэшгүй бузар аргыг сэдсэнээрээ Манж нар оюуны үлэмж доройтолд орж, хүн биш араатан шинжээ илчилсэн бол, тийм аймшигт цаазыг тэсэн давж, Эх орноо худалдалгүй үхсэнээрээ Чингүнжав монголын ард түмний эр зориг, тэвчээр, үзэл санааны туг болсон юм.
Түүний үхэл нь Бруногийн гавъяатай эн тэнцэх бөгөөд, хүний ялагдашгүйн дуулал юм. Занабазарын бүтээл туурвил, Чингүнжавын үхлээр бидний монголчууд хүн төрөлхтний оюун санааны хамгийн дээд төвшинд хүрснийг нотолсон юм. Хэдийгээр Чингүнжав нь Өндөр гэгээн шиг урлагийн суут бүтээл туурвиагүй ч түүний чин сэтгэл, чин зориг нь түүний үхэл, түүний ялалт нь хүний оюун санааны оргил туурвил, бидний зүрх сэтгэлийг эгнэгт хөндөх үйл явдал юм.
Ийм л хүмүүс амьдарч, тэмцэж явсны үрээр Монгол минь үр ачдаа хүрч ирсэн юм. Бидний өвөг дээдэс бол Чингис, Занабазар, Чингүнжав, Равжаа, Мянгат гэж бодоход зүрх сэтгэлд өөрийн эрхгүй омгорхол төрнөм. Тэд монгол улсыг бүтээлцэж, Монгол улсыг урлагийн бүтээл шиг туурвисан юм.
Эх орон минь Цаст Алтай, сүрлэг Хэнтий, униарт Хангай, шаргал говь, цэнхэр тал төдийгүй, Чингис, Занабазар, Чингүнжав, Равжаа, Мянгат, Мандухай, Сүхбаатар хэмээх ойлголтод сүрднэм. Тэдний бидний оюуны амьдралын салшгүй хэсэг болж, зүрх сэтгэл минь оршиж байна.
Иймээс ч би, улс орныхоо хувь заяаг бус, амиа бодсон хүмүүст “өвөг дээдэс чинь та нарыг хаа нэгтээгээс харж байгаа шүү” гэж хэлсэн юм. “Эрт орой хэзээ нэгэн цагт ертөнц дахины тооцоо ирнэ” гэсэн мөр шүлэгт минь буй. Нүгэл бүү үйлд, үр хүүхэд минь! Энэ бол Чингүнжав, Занабазар, Равжаагаа доромжилсон хэрэг болно.
Тэд олон зууны өмнө бидний төлөө амьдарч, үхэж чадсан учир, өнөө бид Эх орныхоо газар шороон дээр сэтгэл бардам алхах эрхтэй байгаа юм. Алс тэртээх 1921, 1930 онд ч бидний өмнөөс л буудуулж байсан. Бидэнд амьдрах эрх олгоод өөрсдөө одсон алтан сайхан өвгөд минь!
Бодоо, Данзан, Амар, Лосол нар минь! Тэдэн шиг мянга мянган хүмүүс минь монголоо бидэнд үлдээжээ. Үе үеийнхний бүтээл туурвил болсон Эх орныхоо хөрс шороон дээр алхахдаа, эцэг дээдсээрээ бахархахгүй, тэднийхээ үйл хэрэгт үнэнч зүтгэхгүй бол хүн болж төрсний учир юу билээ.
Монгол улсын тусгаар тогтнолын төлөө мятаршгүй тэмцэгч Манлай ван Дамдинсүрэн гамингийн шоронд насан эцэслэхдээ “дайсанд муугаа үзүүлэхгүй, босоогоороо үхнэ” гээд хана түшиж таалал төгссөн агшинг санагтун!
Итгэл алдрах бүрдээ би Монголын гайхамшигт баатруудыг санадаг юм. Тэндээс бэрхийг давах хүч
тэнхээ авдаг юм. Аль эрт орчлонгоос одсон хэрнээ, хэдэн зууны дараа ч амьдарч буй бидэнд тэмцэх, бүтээх урам хайрладаг өвөг дээдэс минь -Эх орон мину! “Өвөг дээдсээсээ бид Эх орноо хүлээж авсан Үр ачдаа хүлээлгэж өгнө!
Туг, сүлд, тусгаар тогтнол
Тулгын гурван чулуу
Тулсан голомтоо
Өвөг дээдсээсээ бид хүлээж авсан.
Үр ачдаа хүлээлгэж өгнө!
Алтай, Хангай, Говь талаа чулуу бүхэнтэй нь
Өвс ногоо шорооных нь ширхэг бүхэнтэй
Алтан нар, мөнгөн сарыг тоолохын аргагүй од мичидтэй нь
Хөвсгөл, Увс, Буйрыг усных нь дусал загас бүхэнтэй нь
Өвөг дээдсээсээ бид хүлээж авсан.
Үр ачдаа хүлээлгэж өгнө!
Гал, ус, газар шороогоо
Гардаж авсны учир бид
Ганц бус, түм түмэн амиараа дүйж хамгаалсан
Галдан бошигт, ван Мaгсaржав
Илдээ далайж, босоогоороо нөгчсөн эрс
Идэрхэн насандаа монголоо аварсан Сүх
Ахиж олдохгүй эх орныхоо эс ширхэг бүхэнд
Алтан амь, хүсэл хайраа шингээсэн!
Эх орон, хойч үеийнхээ төлөө
Энэ бие, өвөг дээдсийн тангарагийг давтнам…”
Аль эрт бичсэн дээрх шүлгээ нэхэн санаж, Нижигнэх тулалдаан дунд соёмбот тугаа өргөсөөр насан эцэслэсэн Цогт хунтайжийг бодоход үеэс үе дамжсан үл мөлхөх, үл тасрах нэгэн холбоос буйг санаж, зуун зууны турш юуны төлөө яах гэж баатар эрс амь эрсдэж явсны учир тодрон, тэд байгаагүй бол Монгол байхгүй гэдэг ганцхан үнэнд хүрнэм.
Чингүнжавын үед Халхын ноёд тарган морио унаж, торгон дээлээ өмсөж хээр тал, уул толгодоор давхиж, Манжийн хааны хайр хишгийг хүртэн эд баялаг, хэргэм зэрэгтээ умбаж суухад шадар ван яагаад тэмцэн босов оо? … Тэр бусдын адил амар жимэр амьдарч, насан эцэс болохыг хүсээгүй гэж үү? …? Хүссэн! Гэвч тэр амьдрах хүслээ, өөрийгөө ялж, үйл хэрэг нь бүтэхгүй болоход юунд хүрэх, яаж үхэхээ мэдсэн ч няцаж буцалгүй боссон юм.
Түүнийг Монголынх нь хувь заяа тарчлааж, тэр аугаа их хайр, шаналалынх нь дэргэд хувийн зовлон хийгээд ойр дотныхны зовлон, магадтай ирэх үхэл юу ч биш болсон юм. Улс орон ард түмнийхээ хувь заяаг өөрийн амьдралаас үлэмж дээгүүр тавьж, зөвхөн өөрөө төдийгүй ээж, эхнэр, үр хүүхэд нь ч хохирсон билээ.
Өдгөө Чингүнжав үгүй ч, бидний сэтгэлд үргэлж бодогдож, амьдрахын дээд утга учрыг өгүүлнэм. Хэдэн зуун жилийн турш хүн ардын зүрхэнд хоногшиж, монгол хүн бүхэн түүнийг өөртэйгээ цуг авч явнам. Нэг л хүн шүү дээ. Гэхдээ тэр нэг хүн л бүх хүний дотор оршиж, зуун зууны турш найрагчийн зүрхийг эзэмдэж байна…
Чингүнжав бидний бахархал, уй гуниг хүсэл мөрөөдөл, эр зориг, хайр ялалт болжээ! Аяа Эх орон минь та, сайн эрсийн зүрхний гал, сайхан хүүний тунгалаг нулимс, өвөг дээдсийн минь залбирал, түмэн үеийнхний амь нас, баатрудын гэрээслэл, үл цөхрөх итгэл, үл унтрах хүсэл, үл ялагдах зориг, үл буурах хайр дээр оршном. Эх орон минь, миний хувьд өнө эртний говь, цаст цагаан оргил. Чингис хаан, эмгэн ээжийн үлгэр, Чингүнжавын үхэл, эртний сүмийн туурь, Алтан-Овоо, Цэдэндорж багшийн минь шүлгүүд, хээрийн толгод, Наранбулаг минь юм.
Эх орон минь миний хувьд Занабазар, Мандухай сэцэн хатан, Равжаа, Нацагдорж, Заваа Дамдин, эмгэн ээж минь юм. Эх орон минь, миний хувьд ингэний буйлах дуу, толгодын дунд төөрсөн янзага, өрх дэрвэсэн салхи, Торой банди, гэрийн хоймор суух аав, үнээ саах ээж, мэгзэм унших хүү Гангабаатар минь юм.
Аяа, Эх орон минь, Эхний болоод эцсийн дуу минь, уй гуниг, баяр баясгалан минь, энэ дэлхийгээс би явж, та үлдэнэ. Бид бүгдээрээ явж, та үлдэнэ. Бидний үр хүүхэд ирж, ач үрс минь ирж тэд бас буцсан ч та үлдэнэ. Та үеийн үед цаст цагаан Алтайгаа гялбуулан Хөвсгөл, Увс, Буйрын гүн цэнхэр нуураа мэлтэлзүүлэн, үр ачийг минь үдэж, угтсаар байх болно. Өөр Нацагдорж, шинэ Занабазар, суут их Чингис дахин төрнө.
Тэд, танд минь хүчээ өгнө. “Үхнэ гэж би айхгүй, мөнхөрнө гэж бүр ч горьдохгүй”. Гэхдээ Монгол минь үлдэнэ. Монгол минь байсан цагт Чингис хаан, Занабазар, Мандухай сэцэн, Равжаа, Нацагдорж цөм байх болно. Би монголдоо өвөг дээдэсдээ хайртай байсан. Хайртай гэж хэлэх амархан. Хайрыг амь нас, зүрх сэтгэлээрээ төлдөг юм. Өвгөд минь цөм монголынхоо төлөө үхсэн.
Монгол минь үлдсэн! Монголдоо тэд минь шингэсэн! Монгол бол Чингис юм.. Чингүнжав юм. Занабазар, Мандухай сэцэн, Цогт хун тайж, Сүхбаатар юм гэж дахин давтан хэлнэм. Монгол гэж юу юм бэ? гэвэл намайг төрүүлж, цагаан сүүгээ хөхүүлсэн ээж минь юм. Өөр ээж надад үгүй. Аав минь гэж хэлнэм. Өөр аав надад үгүй. Надад ганцхан аав, ганцхан ээж, ганцхан эх орон бий.
Хэтэрхий сайн мэддэг юмныхаа тухай ердөө юу ч мэддэгүй гэсэн үг бий. Аугаа их монголынхоо тухай би юу мэдэх билээ. Юу ч мэдэхгүй. Тэр бол тэнгэр шиг хязгааргүй, тэнгис шиг гүн ойлголт юм. Дэлхийн мэргэдийг би гайхан биширдэг ч дэргэд нь өссөн аав, ээжийнхээ сэтгэл, оюуны чанад хүрч чадаагүй. Хэрвээ хүнд амь нас гэж буй аваас, тэр нь Эх орон буюу.
Хэрвээ хүнд мөн чанар гэж буй аваас, тэр нь Эх орон буюу. Гэрийнхээ тооноор тэнгэрийг нь эхэлж харсан, гэгээн тунгалаг Монголдоо би ирсэн. Монголдоо шингэнэ. Монгол хүн хэзээ ч хувийн өмчтөн байгаагүй. Яагаад гэвэл бүх дэлхий түүний өмч байсан. Хөх тэнгэр ч түүний хөрөнгө юм. Уулс, толгод, гол ус, өвс ногоо, ая дуу, гэрэл гэгээ, чулууд, одод цөм түүний өмч!…
Өмнөдийнхөн гэр дэх хогшлоо өмч хөрөнгө гэж байсан бол монгол хүн гадаах малаа өмч гэж байсан ч, хэрэг дээрээ мал нь түүний байгальтай харьцах харьцаа, хөдөлмөр, амьд ертөнцийг дээдлэх хайр, байгаль дэлхийгээ бишрэх үзэл юм. Өмчгүй болохоороо шунах сэтгэл бас байсангүй.
Энэтхэг хүн үхрийг дээдлэх сэтгэл нь аугаа их нинжин сэтгэлийн илрэл, байгалийг дээдлэх, амьтныг энэрэх сэтгэл байдаг бол монгол хүний таван хошуу малдаа хандах сэтгэл нь мөн тийм хайр, ертөнцийг ойлгох, хүндэтгэх, түүний харьцах “сургууль” билээ.
Бидний хувьд хөөрхөн цэнхэр ишиг, хүлэг сайхан морьд Эх орон юм. Ишгийг энэрэх сэтгэлгүй хүн, эх орноо хайрлах нь худлаа! Сайхан морьд хараад сэтгэл нь сэргэдэггүй хүн, сайхан уул хараад баярлах нь ховор!
М онгол хүний хувьд толгодын цаана ингэ буйлах, уулан дээр хүлэг үүрсэх нь ертөнц дахины аялгуу юм.
Хэзээ ч эд хогшилд сэтгэл нь хүлэгдээгүй учир, монгол хүн эрх чөлөөтэй байж цаглашгүй сэтгэлгээний урлагт хүрсэн юм. Тэдний таньж мэдсэн гоо сайхан нь үүрийн туяа шиг, оддын гялбаа шиг, зөн билэг шиг, анхны хайр шиг Эх орон буюу.
Эх орноос минь тусдаа дэлхий гэж үгүй. Аугаа их Гималаи, Номхон дөлгөөн гадаад далай, санчир гаригч эх орны минь үргэлжлэл. Эх орны минь эхлэл сэтгэлд буй. Гэвч сэтгэл минь хязгааргүй учир Эх орон минь төгсгөлгүй. Өвөг дээдэс минь, дэлхийн талыг хүлэг сайн морьд, ирт сэлэм, эр зоригоороо эзэгнэж байсан бол, ур ач нь ертөнц дахиныг нигүүлсэнгүй сэтгэл, гоо сайхан, цаглашгүй гүн сэтгэлгээгээр эзэгнэх болно.
Аяа, Эх орон минь та, тулалдааны цагт зэвсэг минь билээ
Ариун ерөөл тань далдаас эгшиглэн ялахын зөн татнам.
Аяа, Эх орон минь та ядрахын цагт сүүлчийн тэнхээ минь билээ.
Алтайн уулс тань үл алдрах ертөнцийн хүчээ надад өгнөм.
Аяа, Эх орон минь та харийн хәл дээр хөрвүүлшгүй баяр минь билээ.
Аяархнаар хуран хурсаар намрын бороо шиг шаагинам.
Аяа, Эх орон минь та амьд явахад цорын ганц шагнал минь билээ.
Алтан цох, шөнийн салхи, таны гол мөрнөөс дээд шагнал надад үгүй
Аяа, Эх орон минь та миний дундаршгүй баян эрдэнэсийн сан билээ.
Аглаг уулс, хөвч их ой, жигүүртэн шувууд чинь орчлонд намайг хамгийн баян болгоном.
Аяа, Эх орон минь та, миний ирээдүйн тухай төсөөлөл, мөнх тэнгэрийн гэрч билээ
Ард түмэндээ өргөх дууны мөр, шүлгийн номуудын минь нэр билээ.
Аяа, Эх орон минь та, миний ухаарлын гэр, өчигдрийн алдааны шүүгч билээ
Ашид өөрийгөө ариутган, таныхаа гол ус шиг тунгалаг үлдэхсэн гэж яарнам.
Аяа, Эх орон минь та, хаврын гэгээн өглөө, зуны үдшийн дуу минь билээ.
Атаатныг дарсан өвөг дээдеийн минь тухай хүрэл номын хуудас билээ
Аяа, Эх орон минь та, алдар гавъяа, хүсэл мөрөөдлийн цорын ганц дурегал
Алс өнийг нэвтлэн тэнгэр өөд цоройсон цорын ганц хөшөө!
О.Дашбалбар 1991 оны 1-20
goy boljee uneheerch bid ene saihan eh ornoo hairlan tsaash ni mandan badraah yostoi bolovuu
ReplyDelete