Blogger templates

2011-06-11

НЭГДЭЛ БИШ БУТРАЛ, МАНДАЛ БИШ МӨХӨЛ



НЭГДЭЛ БИШ БУТРАЛ, МАНДАЛ БИШ МӨХӨЛ

Буддизм нь Монголчуудыг оюун санааны хувьд нэгтгэж, тусгаар тогтнолоо бэхжүүлэн, Манж Хятадын эсрэг тэмцэх хэрэгсэл болж байсан гэдэг хэллэг бол үндэс муутай зүйл болох юм.
“Монгол улсын түүх”-д :
“Халхын Сэцэн хан Шолой, Түшээт хан Гомбодоржийнд хоёр ч удаа биеэр хүрэлцэн очиж , шинэ төрөх хүүхэд нь хөвгүүн байвал, Халхын шашны тэргүүнээр өргөмжлөхийг зөвлөн, өөрийн Гэгээн цолоо өргөхөөр амлаж буцсан ба дараа Түшээт ханы төрсөн хөвгүүнд нутгийн дархчуудаар 3 төмөр бүстэй өлгий өгсөн байна.
   
 1639 онд Халхын ноёд Ширээ цагаан нуур хэмээх газар цугларч, Түшээт хан Гомбодоржийн 5 настай хөвгүүн Занабазарыг Халх Монголын шашны тэргүүнээр өргөмжилжээ. Тийнхүү Занабазар нь Монголын түүхэнд анхдугаар богд Жавзандамба буюу Өндөр гэгээн хэмээн алдаршсан юм.
Тийнхүү Халхын шашны тэргүүнийг өргөмжилсөн нь шашны тугийн дор Халхыг нэгтгэх гэсэн оролдлого байсан юм”/“Монгол улсын түүх “ дөтгөөр боть УБ 2003 он/ гэжээ.
Гэтэл “БНМАУТ”-д “Халх Монгол Манжид дагаж орох шийдвэр гаргахад Өндөр гэгээн харгис үүрэг гүйцэтгэсэн”/“БНМАУТ” Дээд дэвтэр ӨМ 1986 онд Монгол бичгээр хэвлэгдсэн тал-1031/ гэж тэмдэглэсэн нь бас үндэстэй зүйл юм. Тухайлбал: 1688 онд баруун Монголын цэрэг Халхад цөмрөн орох үед Халхын хар шар шашин төрийн тэргүүн, нөлөө бүхий хүмүүс цуглан асуудлыг хэлэлцсэн ба эцсийн шийдвэрийг Өндөр гэгээнд найджээ. Монголын шарын шашны тэргүүн Өндөр гэгээн өгүүлрүүн: 


“Умард зүгийн шар Орос хэмээх шар хятадын хааныг хэдий энх төвшин их гүрэн хэмээдэг боловч, тэнд бурхны ёсон эс дэлгэрсэн бөгөөд хувцасны зах ану буруу тул тэнд одож үл болмой. Өмнө зүгийн хар хятадын хаан төр болбоос энх төвшин бөгөөд бурхны ёсон мөн асар дэлгэрчээ. Дахин хэлбэл Дайчин гүрний хааны хувцас нь тэнгэрийн хувцас мэт..... хэрвээ тэр зүгт одвоос төр тогтож хамаг амьтан жаргал эдлэх болой”/Чийрэгхүү “Жавзандамба хутагтын намтар” ӨМ 1991 он тал-53/ гэжээ. 
Шарын шашин дэлгэрээд нэгэнт 100 жил болж, соёл иргэншил тодорхой хэмжээнд доройтож гадаад дотоод хүчнийг эсэргүүцэн байлдах хүчингүй болсон үе байсан тул аль нэг улс төрийн хүчинд бууж өгөхөөс өөр сонголт байхгүй байсан нь тодорхой. Шашин шүтлэг нь адилхан бол Манж, Хятад хэн ч хамаагүй, аль хүчтэйг нь буюу ганган дээл хувцастайг нь дагах шийдвэр гаргажээ. Буддизм төр мөхөөдөг гэдэг нь энэ билээ. Түүний бичсэн “Жанлавцогзолма – адистидийн дээдийг хайрлагч хэмээх цагийг төвхнүүлэгч залбирал оршвой” гэдэг ерөөл түүний энэ санааг давхар батална. Энэ уншлагад  “Бурхан шашныг арван зүгтээ мандуулж, буй бүх амьтны тусын тулд эвдрэл тэмцэл, өс хонзонг арилгаж энх амгалан, эв найрамдлыг залбиран даатгасан” агуулга байдаг нь эх орон, газар шороо, улс үндэстний ашиг сонирхлоос илүү буй бүх амьтны нэрийг барьсан буддизмийн эрх ашгийг бүхнээс дээгүүр тавьсан нь ойлгогдоно. Өөрөөр хэлбэл Монголчууд халуун зураа хямралдан харь дайсантай хатгалдаж явахаар буддын шашинд орж бүх амьтны тусыг бодож явбал Монгол Төвд, Орос Хятад ялгаагүй гэдэг далд санааг агуулжээ. Буддистууд эх оронч үзэлгүй байдгийн мөн чанар бас энд илэрдэг. 
Эх оронч Түшээт хан Гомбодорж, Сэцэн хан Шолой, Засагт хан Субадай нарын Занабазарыг шарын шашны тэргүүн болгосон нь Халх Монгол шашинд улам гүнзгий орох асуудал биш, харин нэгдсэн нэг удирдлагатай болж хамтын хүчээр Манжийн эсрэг тэмцэх улс төрийн зорилготой байсан юм. Үүнийг “Мөн 1640 онд Халхын-Ойрадын ноёдууд Тарвагатайн улаан буурай гэдэг чуулган нийлж, цаг үеэ дүгнэж, Халх Ойрад эв эеэ хичээн, харийн түрэмгийллийг хамтын хүчээр давахыг уриалан тунхаглаж, тус чуулганаас монгол ойрдын Их цаазыг баталсан нь Манжийн түрэмгийллийн эсрэг хүчээ нэгтгэх бас нэгэн оролдлого байлаа”/“Монгол улсын түүх” Дөтгөөр боть УБ 2003 он/ гэдгээс харагдана.
Харамсалтай нь Занабазар эцэг дээдсийн үйл хэрэг, хүсэл найдварыг биелүүлэх байтугай сөрж явжээ. Зөвхөн Занабазар ч биш, Өвөр Монголд Зангиа хутагт тодорч байсан боловч мөн л Манжийн хааны улс төрийн тоглоом болж дууссан юм.
Буддын шашны тэргүүн төрийн хэрэгт оролцон “хос ёс” гэгчийг явуулсан цагт улс орон өөдлөн хөгжиж байсан явдал Монголын түүхэнд байгаагүй юм. Буддизм нь улс орны нэгдэл, тусгаар тогтнолын үйлд эерэг ач холбогдол гаргахаас илүү харийн түрэмгийлэлд орж, улс үндэстэн мөхөх явцыг түргэсгэж байв.
Энд буддизм нь Монголчуудыг оюун санаагаар нэгтгэж чадаагүй бөгөөд ийм чадамж байгаагүй талаар өгүүлэх болно.
Буддизм нь дотооддоо үндсэн хэдэн зөрчил ба архаг дутагдлыг агуулсаар ирсэн юм.

Нэг,  Урсгал бүлгийн хоорондох зөрчилБуддизм нь дотроо олон урсгал салбартай байж хоорондоо зөрчилдөн тэмцэлдэж ирсэн түүхтэй. Хубилай хаан Сакяагийн урсгал буюу Улааны шашныг дэмжиж байжээ. Юань улсын ноёрхлын сүүлчийн жилүүдэд Кагьюгийн урсгал буюу Цагааны шашин гэгч хүчээ аван Улааны шашныг дараад 1480 он хүртэл Хятадын Мин улсын нөмөр нөлөөнд багтан оршин тогтож байв. Тухайн үеэс хятадын Мин улсын хүч суларч, Төвдүүд буддизмийн олон урсгалд хуваагдан хямралдах болжээ. Түүний хойно Монголчууд хүчирхэгжин, Хятадын Мин улсыг дарамтлах болсон тул Төвдийн санаа дахин Монголд урван, Монголчуудын нөмөр нөлөөнд орж “садан төрөл”-өө мэдэлцэх болсон нь Шарын шашин юм. Мөн түүний дараа Манжууд мандахаар түүний талд шарваж эхэлсэн байдаг. Тэгж байтал Манжийн нөлөө суларч, Англи зэрэг барууны улсууд Төвдийг эрхшээлдээ оруулахаар өрсөлдөж эхэлсэн боловч, Төвдүүд Англичуудын нөлөөнд орохоос жийрхэж байсан юм. Учир нь Европчууд өөрийн гэсэн шашны хатуу итгэл бишрэлтэй байсан тул, Төвд лам нарт хууртан буддизмд орохоор улс биш байсан бөгөөд эсрэгээр нь Францын шашин дэлгэрүүлэгчийг Төвдөд томилон ажиллуулж байжээ. Тийм ч учраас олон удаа улаан зүрхээрээ хамгаалан хөл дээр нь босгож байсан Монголчуудыг эргэн санаж, 1904 онд 13-р дүрийн Далай лам нутгаас зугтан Монгол улсын нийслэл Их Хүрээнд ирж 2 жил амьдарчээ. Тухайн үед Монголчууд нь хүч тэнхээ муутай байсан тул 1906 онд Монголыг орхин гарч, Бээжинд очин Манжийн хаанаас цол авч нутагтаа буцсан ба бас түүний хойно Энэтхэгт дөрвөн гарсан гэх мэт шашны нэр барин нөмөр нөлөө хайн хэрэн хэсэж явжээ. 1950 онд Хятадын цэрэг Төвдөд орох үед Төвдүүд ерөнхийдөө эсэргүүцэл үзүүлж чадалгүй дагаж орсон ба дараа жил нь Далай лам Бээжинд очин, Хятадын талаас тулган хүлээлгэсэн 17 зүйлийг зөвшөөрч, Хятадын улс төрийн зөвлөлийн дэд даргын албан тушаалд хүртэл томилогдсон байдаг. Түүний хойно Хятадыг эсэргүүцсэн бослого хөдөлгөөн Төвдөд үе үе болж байсан ба Далай ламын нэр холбогдож ирэхээр тэрээр 1959 оны 3 сард Хятадын дарангуйлах цэрэг орж ирэхийн урьд шөнө Энэтхэгт дөрвөн гарч Америк зэрэг шинэ үеийн хүчирхэг гүрний нөлөөнд орон Хятадын эсрэг улс төрийн хүчнүүдээс дэмжлэг горилох болжээ. 
Хамгийн гол нь, Төвд дэх буддын шашны урсгал бүлгийн дотоод тэмцэл ба энэ тэмцэлдээ ялахын төлөө шашнаа дэлгэрүүлэх арга замаар гадаадын улс төрийн хүчнийг түшиж ашиглах гэсэн Төвдүүдийн олон зуун жилийн болчимгүй зүйл ажиллагааны золиос нь Монголчууд бид нар юм. Энд ганц нэгэн жишээ татъя: Их Монгол улсын хамаг сүүлчийн хаан Лигдэн хутагтын ялагдал ба манжид эзлэгдсэн явдал нь буддизмийн урсгал бүлгийн хоорондох зөрчил мөргөлдөөнтэй шууд холбоотой байдаг. Лигдэн хаан нь Их Монгол улсын 36-р хаан болохын хувьд буддизмд орсон боловч хуучин хаадын уламжлалыг барьж, Улааны шашныг дэмжих болсон. Гэтэл Шарын талд орсон Монголын олон аймгууд Лигдэн хааны талд нэгдээгүй бөгөөд Манжтай байлдах үед нь туслалцаа үзүүлээгүй байсан нь шашны урсгал бүлгийн тэмцэл зөрчилтэй холбоотой байв. Цогт хун тайжийн хүүгээ алсан эмгэнэлт үйл явдал ба түүний Ойрадын Гүүш хантай хийсэн дайн, цуст мөргөлдөөн бол шууд Улаан ба Шар малгайтын зөрчилд Монголчууд татагдан оролцож, харилцан бие биеэ алалцсаны гунигт жишээ юм. 
Тухайлбал: Цогт тайж Монголын их хааны талыг барьж, Төвдийн Улааны шашинтантай холбоолон шарын шашныг даруулахаар өөрийн хүү Арсланг цэрэг дайчлуулан Төвдөд оруулсан боловч, шарын шашны талын ятгалгаар сэтгэл хувиран Далай ламд мөргөн өөрийн холбоотноо цохисон ажээ. Үүндээ нь түүний эцэг Цогт хан хилэгнэж, бодлого цаазыг зөрчсөн хэмээн өөрийн хүүг цаазлан хороожээ. “Арслантай авдар” гэдэг блог дээр бичсэн нэг уран сэтгэмжийг энд сийрүүлье: “Арслан тайж одоо цагт амьдарч байсан бол амьд давхиж явахгүй юу. Бас л буруугүй гэж гүрийгээд “ -Аав одоо яагаадаагаан. Би яасийн? Далай ламд мөргөө л биз, юун сүртэйен. Тэгж яриул би арван цагаан буяны зам мөрийг хөөж, олон түмний сайн сайхны төлөө, буян бодож мөргөсийн за. Тэгээд ч ганц хүүгээ цаазлах гэдэг таны өөрийн чинь буруу мэдүү...” гээд л сөрөөд буучхна биз. Тэгэнгүүт нь Цогт тайж яаж ч чадахгүй мөртлөө өөрийнхөө буруугүйг ямар нэг байдлаар батална. Хулан хажууд нь “Ээ гөк тээнгэр” гэнэ. Энд хэний ч буруу байхгүй...” хэмээн уран зохиолын аргаар дотор зангиртал бичсэн байх юм. Буддын шашны урсгал бүлгийн тэмцлээс болж, халуун дулаан гэр бүл дотроо ийн алалцах болсон юм. 
Одоо Хөхнуурт “Улаан хошуу” гэдэг газар байдаг ба тэнд бас Улаан гэдэг хот байдаг гэх. Энэ нь 1637 оны хавар шарын талыг баригч Гүүш хан Төрбайхын Дөрвөн Ойрдын цэрэг ба улааны талын Цогт хун тайжын цэргийн хооронд цуст мөргөлдөөн болсон талбар. Цогт хун тайж амь үрэгдэж, Төрбайх ялалт байгуулсан ч цэргүүд олноор үрэгдэж, бүхэл бүтэн хошууг Монголчуудын улаан цусаар будсан тул ийн нэрлэсэн гэдэг. 
Буддизмын урсгал бүлгийн хооронд зөрчил мөргөлдөн байдаггүй гэдэг бол үндэслэлгүй зүйл билээ.
Хоёр, Шарын шашны дотоод зөрчилНэг урсгал нь дотроо олон сүм хийдтэй байж, сүм хийд болгон өөр өөрийн хутагт хувилгаадтай байдаг ба түүхийг судалж үзвэл тэд нар нь хоорондоо эв түнжин муутай явж иржээ. Тийм ч учраас ард түмний дунд “Лам ламдаа муу, Ямаа хамуудаа муу” гэсэн зүйр цэцэн үг гарчээ. 
Алтан хаан Далай лам цолыг буй болгон, шарын шашныг хөл дээр нь босгосон ба түүний хойно Гүүш хан Улааны шашныг даран Шарын шашны ноёрхлыг дахин сэргээсэн гэх мэт Төвдөд шарын шашны ноёрхол үнэмлэхүй тогтсон гэдэг боловч дотоодын зөрчил тэмцэл оршсоор ирсэн юм. 1645 онд Ойрдын Гүүш хан шарын шашны Дашилхүнбо хийдийн ширээт лам Лувсанчойжижалсанд “Банчин богд” хэмээх нэр цол олгон “Банчин” гэх хутагтыг буй болгосноор мөн чанартаа Шарын шашны урсгал дотроо хоёр толгой ургасан хэрэг байв. Далай нь Үй буюу Өмнөд Төвдөд, Банчин нь Занг буюу Умард Төвдөд нэр нөлөө ихтэй хэмээгдэх болжээ. 1713 онд Банчинд Манжийн хаан “Эрдэнэ” хэмээх чимэг нэр өгч, “Банчин богд” нь “Банчин эрдэнэ” болж, Алтан дэвтэр ба алтан тамгаар шагнуулан, Манжийн төрд үйлчлэх болсон ба Хятад улс байгуулагдсаны дараа Хятадын хайр халамжид багтан явж, бүх хятадын улс төрийн зөвлөлийн дэд дарга хүртэл дэвшин ажиллаж байв. Өнөөдрийн Төвдийн “оюун санааны удирдагч” болох 1990 онд төрсөн 11-р дүрийн Чойжижав хэмээх Банчин болно. Түүнийг Хятадын коммунист намын оролцоотойгоор сонгон шалгаруулж хүлээн зөвшөөрүүлсэн гэдэг. Одоо хорь гарсан Чойжижав нь бас Хятадын улс төрийн зөвлөлийн гишүүн болж, Хятадын бодлогыг Төвдөд хэрэгжүүлэхэд том гавьяа байгуулж яваа нэгэн юм. 
Алтан хан Төвдийн ширээт ламд Содномжамцад Далай лам гэдэг нэр олгосноос хойш далай лам нь Монголын цэрэг ба эд мөнгөний дэмжлэгтэйгээр бусад өрсөлдөгчөө ялан өөрийн ноёрхлоо тодорхой хугацаанд бэхжүүлж чадсан байв. Нэгэнт шарын шашнаар тархиа угаалгасан Монголчуудын хувьд хамгийн сайн үлгэр жишээ нь Төвдүүд болж, төвд мэт өөрийн гэсэн хутагтыг төрүүлэх санаа гарсан нь Төвдийн нэг ширээт ламын хойд дүрийг Монголоос тодруулж, Жавзандамба хутагт хэмээн нэр өгч хөөрөгдөн алдаршуулсан явдал байв. Гэтэл итгэл найдвар тавьсан Занабазар нь “Монголын оюун санааны нэгдсэн удирдагч” болж чадаагүй мөртлөө Чингис хааны гал голомтыг аваад Манжид бууж өгчээ. Мөн үүний зэрэгцээ Манж нар Монголыг хоёр хагалах бодлого хэрэгжүүлэн Зангиа хутагт хэмээх бас нэг лам тодруулан Засагт цол өгөн, улсын багш өргөмжилсөн/1693 онд Засагт, 1705 онд Хутагт, 1736 онд Улсын багш зэрэг нэр цолыг Манжийн хаан олгож байв/ нь Өвөр Монгол ба Хөхнуур зэрэг өвөрлөгч хошуунд нэр хүндтэй болж, шашны халхавчин дор сүсэгтэн олны сэтгэлийг манж хятадын талд эргүүлж урвуулах тал дээр ажиллан 1911 он ба 1940-өөд оны Өвөр Монголын тусгаар тогтнолын хөдөлгөөнд саад тушаа болж байсан тухай баримтууд байдаг. 
Үүний зэрэгцээ баруун Монголд Зая бандида намхайжамц (1599-1662) хэмээх тойн нэр хүндтэй болж, Ойрод аялгуунд тулгуурлан тод үсэг зохиосон нь баруун Монголыг төвөөс тусгаарлан бие даасан угсаатан болж бүрэлдэхэд нөлөөлсөн байдаг. Үүнд Занабазар мөчөө өгөлгүй бүр Төвд цагаан толгойд тулгуурлан Соёмбо үсэг гэгчийг зохиосон явдал бол хоорондоо зөрчил тэмцэл ихтэй, бие биенээ хүлээн зөвшөөрөхгүй, нутаг усаараа ялгаран бие даах сонирхолтой байсны жишээ юм. 
Гурав. Сүм хийд ба төр засгийн хоорондох тэмцэл Занба Пунцагнамжил нь 4-р Далай лам Ёндонжамцыг хорлож алаад Далай лам тодруулах явдлыг хоригдож байжээ. Чухам Ёндонжамцыг Пунцагнамжил хорлосон уу, аль эсвэл сүм хийдийн дотоод зөрчил тэмцлээс болсон уу гэдэг нь тодорхойгүй ч гэсэн Чингис хааны алтан ургийн нэгэн хөвгүүн шашин-улс төрийн золиос болж залуу зандан үедээ амь насаа алдсан юм.
1661 онд 5-р дүрийн далай лам шашин төрийн эрхийг хослон барих болсноос хойш, 1959 онд 14-р далай ламыг Энэтхэгт дүрвэн гарах болтол төр барсан хугацаа нь 77 жил болдог. Үлдсэн 222 жил нь Монголын 3 хан ба Төвдийн язгууртан, бусад лам хутагт ээлжлэн төр барьж, Төвдийн нийгэм улс төрийн байдал маш тогтворгүй байсан юм. Энэ зөрчил тэмцлийн дунд 6 далай лам/IV Далай лам 27, VI Далай лам 23, IX Далай лам 9, X Далай лам 21, XI Далай лам17, XII Далай лам 11 настай тус тус жанч халсан/ нь хүүхэд залуу үедээ учир битүү амь насаа алдсан явдал үүний тод жишээ юм. 1682 онд V Далай лам нас барсан байтал Дэрсид Санжаажамц 15 жил нууж байсан нь бас эрх мэдлийн тэмцэлтэй шууд холбоотой байна. Ойрадын Галдан бошигт Халхын голомтыг самарсан болчимгүй үйл явдлын цаана нь 22 жил Төвдийн эрхийг барьж байсан V Далай ламын дотнын туслагч Дэрсид Санжаажамцын хорт өдөөлөг байсан билээ. Монголчууд Галдан ба Занабазар хоёрын зөв бурууг шүүн хэлэлцдэг. Үүнд нөгөө “бурхны орон”-ны “чөтгөр шулам” хутган үймүүлж, хоёр Монголыг хагаралдуулах тусгаар тогтнолыг бусниулсан асуудал орхигдож иржээ.
Мөн эндээс буддизм ба төвдүүдээс үүдэлтэй Монголчуудын хоорондох цуст мөргөлдөөн эхэлсэн түүхтэй. Төвдийн Дэрсид Санжаажамц нь Ойрадын Гүүшийн удам Пунсаг далай ханы хоёр хүүг эвдрэлцүүлэн Ванжилыг алуулаад, Лхвазанг хорлох гэсэн боловч, бүтэлгүйтэн зугтаж яваад өөрөө алуулдаг. Лхавзан төвдийн хан болоод Ойрадын хаан Цэвээнравдантай худ ураг бололцон эе эвээ сэргэсэн байв. Энэ байдалд дургүйцсэн Санжаажамцын талын төвд лам нар Лхавзан ханы хүү бөгөөд Цэвээнравдангийн хүргэн Галданзанданыг дагалдан Ойрадад очин, хоёр Монголыг эвдэн хагалах хараалын арга хэрэглэнэ. Цэвээнравдан нь Лхавзан ханаас бэлгэнд ирүүлсэн хилэн хар морийг цагаан сарын шинийн нэгэнд унах үед нь зориуд үргээн хааныг унагаан бэртээж урьд нь бэлдэж хийсэн хараалын хар тарнийг эмээлийн бүүрэг дороос гарган ирж, Лхавзан ханы үйлдсэн хэрэг хэмээн Цэвээнравдан хаанд итгүүлдэг. Эндээс хэрэг мандан Цэвээнравдан хүргээнээ шарж алаад Лхаст цэрэглэн Монголчуудын цусыг урсган Лхавзанг дарна. Харин Төвдүүд дахиад Манжаас тусламж хүсэн Цэвээнравданг төвдөөс үлдэн хөөсөн гэдэг түүх байдаг.
Дөрөв. Буддизм ба улс төрийн хүчний нөлөөлөлБуддизм нь эрх мэдэлтэй, баян чинээлэг, хүчирхэг улс төрийн хүч, сүм хийд, хувьд хүнд үйлчлэх сонирхол давамгайлж ирсэн.
Үүний нэг жишээ нь, Далай ламыг тодруулах явдал дээр тод илэрч иржээ. Монголчууд хүчтэй байх үедээ далай ламыг тодруулах эрх, санаачилгыг гартаа авч Алан ханы удмын хүнээс 4-р далай ламыг гаргуулсан. Манжууд Төвдийг эрхшээж байх үед Манжийн амбаны хяналт доор сугалаа сугалах аргаар 10,11,12-р далай лам нарыг төрүүлсэн. Төвд нь Хятадын эрхшээлд орсноос хойш буддын хутагт хувилгаадыг Хятадын коммунист намын оролцоотойгоор илрүүлэх болсоор он уджээ. Эндээс харахад Монголын сүсэгтэн олны ойлгож байгаа шиг Далай лам нь бие нь үхэж байсан ч сүнс нь эргэн төрж байдаг үхэшгүй мөнхийн ид шидтэн биш, улс төрийн хүчнүүдийн ашиг сонирхлын дагуу зохиомлоор гаргаж ирдэг тоглоомын хүүхэлдэй болох юм. Энэ мэт буддизмийн хутагт хувилгаад нар нь түүхэн турш улс төрийн хүчинд үйлчилж, тэд нарын гар хөл, багаж хэрэгсэл нь болж ирсэн тохиолдол олон байж иржээ. Энэ байдлыг буддизм хэзээ ч халж чадахгүй, шалтгаан нь тухайн лам нарын буруу биш, харин буддизмийн мөн чанарт орших үндсэн архаг дутагдал болох юм. Учир нь: 
Нэгдүгээрт, лам нар нь эд баялаг бүтээгч биш. Лам нар нь зөвхөн ном унших, бурхан бүтээхээс өөр хөдөлмөр хийдэггүй, сүм хийдийн орлого нь сүсэгтэн нарын өргөл барьц, сүм хийдийн татвар хураамжаас бүрэлддэг. Гэтэл Монгол Төвд хоёр шиг лам нар нь хөдөлмөрлөх чадвартай сүсэгтэн иргэдээсээ олон болсон буюу буддист улс болсон тохиолдолд сүм хийд орлогогүй болж оршин тогтох үндэсгүй болно. Ийм учраас хүссэн хүсээгүй гадаадын улс төрийн хүчний эрхшээлд ордог байна. Үүний эсрэгээр хар нь шараасаа олон тохиолдолд сүм хийд нь баян чинээлэг, лам нар нь жаргалтай байна. Гэхдээ жирийн иргэдийн амьдрал нь сайжирч, ухамсар танин мэдээгүй нь дээшлээд ирэхээр чөтгөр, тамын зүүднээс ээ сэрдэг бололтой. Жишээ нь, өнөөдөр Японд оршуулгын зан үйлээс бусад зүйлд лам нарыг дуудаж, хөлс мөнгө өгөх тохиолдол бараг алга болсон тул сүм хийд хаагдаж, лам нар цөөрсөн тухай мэдээ байдаг. 
Хоёрдугаарт, буддист улс нь батлан хамгаалах хүчингүй болдог. Эртнээс лам нарыг цэргийн албанаас чөлөөлж иржээ. Лам болбол цэргийн албанаас чөлөөлөгдөх тул, лам бологчид олширно. Лам нар олшроод ирэхээр цэргийн тоо гүйцэхгүй болж улс орон батлан хамгаалах чадвараа алдан харьд эзлэгдэхээс өөр замгүй болдог байна. Лам нар ямар дайн хийлтэй биш, учир нь хүн алах бол буддизмийн хамгийн том нүгэл нь юм. Лалын шашинд шашнаа хамгаалан дайн хийх нь ариун явдалд тооцогддог бол буддизмд ийм агуулга байдаггүй. Исламчууд хэчнээн муу нэртэй ч гэсэн өөрийн ертөнцийг байгуулан тасралтгүй хөгжин дэвжиж иржээ. Буддистууд хэчнээн сайхан нэртэй ч гэсэн улсыг мөхөөн иргэншлийг доройтуулж иржээ. Энэ хоёр шашны хамгийн гол ялгаа юм. 
Буддизм дэлгэрээд зуун жил болсны эцэст эдийн засаг ч үгүй, цэрэг ч үгүй болсон ар халхчууд Манжийн нөмөр нөлөөнд орноос өөр сонголтгүй байжээ. Галдан бошигт Манжийн хаан шиг Халхын лам нарт цалин пүнлүү өгч толгойг нь илбэн тэжээхгүй нь тодорхой байв. Хожим нь Манж улс мөхсөн буянаар Монголчууд тусгаар тогтносон нь сайшаалтай ч гэсэн Буддизм туйлдаа хүртэл дэлгэрсэн Богд хаант Монгол улсын үед цэрэг татлагад өр өвдмөөр цөөн хүн цуглажээ. Улс байгуулагдаад бүр 2 жил болчихсон 1913 онд Хятадтай анх байлдах үед баруун замын цэрэг нь дөнгөж 700 хүнтэй байсан ба түүний дараа жил нь хоёр замын цэрэг нийлээд арай гэж 2000-хан хүнтэй байлаа. Гэтэл буддизмд орохоос өмнө 1455 онд ганц Эсэн тайшийн мэдэлд 40 мянган цэрэгтэй байж Хятадын хааныг олзлон ирж байсан байх юм. Тийм ч учраас 1919 онд Хятад цэрэг биш, Гамингийн дээрэм орж ирээд  л нөгөө Богдыг хорьж, эрчүүлийг нь тамлаж, хүүхнүүдийг нь хүчиндэн Хүрээг захирах болсон юм. Тухайн үед улс байгуулагдаад 10 орчим жил болчихсон байтлаа 10 гаруй мянган гамингийн дээрмээс улс орноо хамгаалах зэвсэгт хүчнийг бүрдүүлж чадахгүй байсан юм. Гэтэл гамингийн арми нь тийм ч хүчирхэг байгаагүй, Барон Унгернгийн мянга хүрэхгүй цэрэгт бут цохиулан хүрээнээс зугтаж гарсан байдаг. Эндээс буддизмд баригдсан Монголчуудын арцаагүй туйлдаж доройтсон байдлыг ойлгож болно.

Зохиогч: Боржигон Хархүү
Эх сурвалж:  http://www.munkhtenger.com/index.php?ff=newsmore&more=59
  

1 comment:

  1. Бид өнөөдрийг хүртэл Галдан бошигт, Өндөр гэгээн хоёрыг буруутгаж хорт санаатны хор гүйлгэсэнийг тайлж чадалгүй явж...Хэрвээ би угаа аваагүй байсан бол түүхийг буруу өнцгөөс харж бодит дүгнэлт хийх ухаан дутах байжээ...Түүхийг бодит өнцгөөс өөрийнхөөрөө тайлбарласан Хархүүд баярлалаа...

    ReplyDelete

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц