Blogger templates

2013-12-02

Зарим нэг зүйр цэцэн үгсийн тухайд



Монгол Ардын зүйр цэцэн үгс, хүмүүс ишлэл болгон хэрэглэдэг яг хаанаас үүссэнийг нь мэдэхгүй үгс бидний хэрэглээнд нэлээд байдаг. Зарим зүйр үгийн утга учрыг нь ч сайн мэдэхгүй байж бид анх үүссэнээс өөрөөр, буруугаар хэрэглэдэг бололтой. Жнь:

"Эмс садарлавал улс мөхнө"

"Төр ариун байхыг түшмэл мэдтүгэй
Цус ариун байхыг эмс мэдтүгэй"

Энэ үгсийг сонсоод Удмын минь буурал ихэд хилэгнэв. Хэзээ гарч ирсэн, Хаанаас үүсэн үг болохыг олж мэдээд язгуур гарвалаар нь хөөж тунгааж бод гэв.

Хэзээнээс Монголчууд
Хатан заяаг дээдэлдэг байсан
Хэний хаанахын явуулгаар
Хэлэх үгийг нь гуйвуулдаг болоо вэ

Хатан ухааныг мөхөөх гэсэн
Хатан заяатанг гутаах гэсэн
Эм заяаг үгүйсгэх гэсэн
Эрээ цээрлэлгүй гутаах гэсэн
Харь улсын бодлого байгаа бус уу

Үнэн гэж биширдэг Түүхээ
Үнэн гэж итгэдэг үгсээ
Язгуур гарвалыг нь хөөгөөд
Яагаад үүссэнийг нь хайгаад
Өөрийн ухаандаа тунгаагаад
Үнэхээр зөв үү гэдгийг эргэн бод

Өвөг дээдэс минь ингэж сургасан юм
Үнэхээр л үнэн гээд бишрээд байгаа чинь
Өнөө замбын та нарт
Өрөөл бусдыг муучилж
Хатан заяаг гутааж
Эм заяаг доромжилж
Эрээ цээргүй аашлах шалтаг болж байгаа бус уу

Өрөөл бусдыг гутааж доромжлохдоо хэрэглэдэг болсон
Өвгөдийн санааг гуйвуулж мушгихад ашигладаг болсон
Хаан заяаг нь дарах гээд дарж чадаагүй дайсны
Хатан заяаг нь мөхөөх гээд явуулж байсан бодлогыг
Өнөөдөр үрс нь үнэн гэж итгээд
Өөрсдийгөө хэмлэхэд зориулахад хүрэв үү

Үнэнээр нь өгүүлэх болвоос
Төр ариун байхыг түмэн мэддэг юм
Төрсөн бие ариун байхыг хүмүүн өөрөө мэддэг юм
Цус ариун байхыг цугаар эр, эм, төр мэддэг юм.

Яаж та нар ганц эмд тусгаарыг хариуцуулж өгнө гэж бодов
Нэгэн эм буруу явлаа гээд нэг төр мөхөх үү бод
Ийм өчүүхэн сэтгэвээс
Өвгөдийн суунд хүрнэ гэж яаж бодов

Ариун голомтоо сахиж
Авсан эрдээ үнэнч байж
Цусаа хадгалж ясаа бэхэл гэснээс бус
Эм болгоныг гүтгээд
Эргүүлж гуйвуулаад
Бусдыг гутаахдаа хэрэглэ гэж
Үгсээ бид үрсдээ өвлүүлсэн хэрэг үү

Сонордсоноо ухаагүй байж
Уншсанаа ухаараагүй байж
Үйл болгохыг завдваас
Үр дүн нь хор хохирол дагуулдаг.

Хэрэглэж чадахгүй бол Эрдэм бус биш үү.
Үг гэдэг бол зэвсэг
Үгсээр хүнийг үхүүлж болно
Үнэнийг гуйвуулж болно Гутааж болно
Үг гэгч арвин шидтэй.

Ийм байтал яах нь энэ вэ?
Үгүй ядахнаа үрс та нар
Үнэхээр үнэн үү гэдгийг
өөрийн ухаанаар тунгаан бодож үзэв үү
Эсвэл хэн нэгэнд хорсохдоо хэрэглэдэг үгс гэж ойлгов уу

Монгол хатан заяа гэж
Өнөөгийн хүмүүний боддог шиг
Өчүүхэн байгаагүй юм.

Ахуй гэрээс ахихгүй
Авсан нөхрөөсөө хэтрэхгүй
Гэрийн ажил хийж
Гэдэс борлуулдаг нэгэн гэж төөрөлдөнө үү

Улс гүрнийг захирч
Ухааны Сууг мандуулж
Хаадын хажууд түшиж
Хамгийг захирч явсан юм

Унтсаныг сэрээж
Хатууг зөөллөж
Харыг цайруулж
Эвийг бэхжүүлж
Эвдсэнийг нэгтгэж ирсэн юм.

Хатан ухаантныг мөхөөх гэсэн
Харийн хүний хар санааг
Ухаж мэдэхгүй дэмнэх гэж дээ.
Ухаан мулгуу олон болж дээ.

Ариун нэр хэзээд чухал нь үнэн
Ахуй гэрээ төвхнүүлэх нь чухал нь зөв
Аа харин айл гэрийн явдлыг төртэй бүү хутга
Гэрийн явдал алдагдлаа гээд
Төрийн үйл самуурч болохгүй
Хүссэн нэг нь төрийн үйлийг
хүмүүний үйлэнд захируулдаггүй юм даа.

Биеэ захирч эс чадваас
Гэрээ хэрхэн захирах
Гэрээ захирч эс дийлвээс
Төрийн үйлэнд хэрхэн шамдах

Өөрийн биеийг хичээтүгэй
Өрөөл бусдыг бүү жишээлтүгэй
Ариун явахаа өөрөө мэдтүгэй хэмээв.

Буурлын айлтгалаас сийрүүлэхэд ийм болов. Бодох асуудал их байнаа гэж би тунгаав. Харах өнцгөө яаж тааруулахаас харагдах байдал өөр болдог бололтой.

No comments:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц