Blogger templates

2013-12-18

Хэрвээ та улаач бол? Асуулт хариулт, ярилцлга





Фэйсбүүк дээр ийм асуултууд үлдээсэн Буянжаргал Санжаад талархвал зохих байна. Үнэхээр чухал асуултууд байна. Эдгээр асуултуудад өөрийн бодлоор хариулъя.


Хэрвээ та улаач бол анх хэзээ ямар шинж тэмдэгээр мэдрэгдсэн бэ?
Улаач болох хүнд “Угтай” байх шинж олон янзаар илэрдэг бөгөөд эдгээр шинжүүдийг ажиглаад байхад “Нийтлэг болон Онцгой шинж тэмдэг гэж 2 хувааж үзэж болох юм. Нийтлэг шинж нь Бөө болох хүн бүрт ижил төсөөтэй байдлаар илрэх ба онош нь тодорхойгүйгээр өвдөх зовох, хий зүйл харах, сонсох, зүүд нойр сонин болох г.м байж болох бол Онцгой шинж тэмдэг нь зөвхөн тухайн улаачид буюу Удмын Буурлуудын өөрийн үрсээ хэрхэн шахаж ойлгуулж буй арга барилууд байна.
Эдгээр шинж тэмдэгүүд ихэнх тохиолдолд Угаа авах хугацаа дөхсөн үед мэдрэгддэг. Мөн эхээс төрөхөөс эхлүүлээд Угаа авах хүртэлх урт удаан хугацаанд мэдэж мэдрүүлдэг шинж тэмдэг байж болно. Төрөхөд нь л улаач болохоор заяалгаж, бэлтгэж байсан бол эхнээс нь эхлээд сургаж, амьдралыг үзүүлж, өгсүүлж уруудуулж үзсэн байдаг нь олон улаачийн намтар түүхийг судалж байхад харагддаг. Улаач болох хүнд илрэх шинж тэмдэгийг мөн заяачийн махан биед илрэх, оюун санаанд илрэх, ахуй амьралд илрэх, мөн заяачийн Гэр бүлд илрэх, хамаатан саданд илрэх зэргээр олон ангилж болохоор байна. Өөрийн махан биед нь илрүүлээд үр дүнд хүрэхгүй бол тэдний гэр бүл хайртай дотны хүмүүст нь мэдрүүлж болно, мөн амьдрал ахуйд нь мэдрүүлж өндөр дээрээс өнхрүүлж болдог нь амьдралд харагдаад байдаг. 

Миний хувьд илэрч байсан шинж тэмдэг:

- Чихэн дээр судас лугшиж байгаа мэт цохилт байнга мэдрэгдэнэ. Ер өвдөх зовох зүйл үгүй ч байнга лугшаад байхаар амар лав санагдахгүй. 

- Шахаа: Нүд гөлийж, ам хагас ангайлттай явах ба гүн ядаргаанд орсон хүн шиг болно. Үүнийг Дүйнгэ гэж нэрлэвэл болмоор ч юм шиг. Үүнийгээ Буурлуудын шахаа гэж мэдэхгүй бие ядраад байна гээд л бодоод яваад байсан чинь бусад хүнд бол өөрөөр харагдсан гэнэ лээ. Хүний ярихыг сонсож буй ч ахин дахин лавлан асууна, ухаан санаа орж гараад байгаа юм шиг, нэг зүйлээ давтан ярих, дахин дахин асуух зэргээр эгэл бус болж ирнэ. Ямар сайндаа л АТМ-ээс мөнгө авахдаа картаа авчихаад мөнгөө авалгүй явчихсан байсан, мөн машинаараа ухарч явж байгаад ардах машин хичнээн сигналдсан ч түүнийг сонсолгүй мөргөсөн хэхэ. 

- Өвчин: 1 л төрлийн өвчин гэж хэлж болох зүйл маш олон удаа туссан. Магадгүй Буурлууд маань энэ л мэдрэмжээр намайг буулгаж авсан байх даа хэхэ. нь эм тангаар дарахад жаахан гайгүй болж ирээд л ахиад дахина, ингэсээр олон дахин тэр өвчинг туссан даа.

- Эгэл хүний махан биений мэдэрдгээс арай илүүг мэдэрдэг болсон. Угаа авах цаанаас заагдсан хугацаа дөхөөд ирэхийн цагт мэдрэмж илүүтэй нэмэгддэг юм болов уу гэж бодогддог.

Хэдэн хүн дээр очиж мэдсэн бэ?

Хэрэв таньд би угтай байж магадгүй гэсэн шинж тэмдэг илрэх юм бол мэргэжлийн хүмүүсээр шалгуулах нь зүйтэй. Тэд бол бидний ярьж заншсанаар БӨӨ хүмүүс буюу үнэндээ “Бөө” хэмээх цолонд бүгд хүрчихээгүй ч Улаач болж Удмаа залсан Тэнгэрийн тамгатай хүмүүс юм. Тэдэнд хандахаас өөр сонголт бараг байхгүй. 

Ямар хүмүүс дээр очих вэ?

Мэдээж хэрэг ой мод урттай богинотой олон хүн сайнтай муутай гэгчээр Улаач ч гэсэн хүн л юм болохоор сайн муугаар үнэлэгдэж, ёс суртахуунаараа ялгагдана. Нэгний хувьд сайн хэмээгдэх Улаач өөр нэгний хувьд тэгж үнэлэгдэхгүй байж болдог. Мөн ёс суртахууны хэмжүүр нь хүн бүрийн хувьд өөр байдаг болсон байна. Тэгэхээр нийтлэг ёс суртахуун, нийтлэг үнэлэмжийн үүднээс авч үзэхэд Сайн, Ёс суртахуунтай гэсэн үнэлгээ авахаар тийм Улаачдад хандахыг зөвлөх байна. Хоорондоо огт холбоогүй доод тал нь 3-аас доошгүй хүнээс асуувал өөртөө итгэлтэй болно.

Миний хувьд 9 хүнээр баталгаажуулсан. Зорьж асуусан хүн маань 3 байсан бол хараад сэтгэлээрээ хэлж өгсөн нь 6 байлаа. 

Хэзээ хэдэн төгрөг зарцуулж ямар хүнээр удирдуулж хэрхэн зовж боссон бэ?

Улаач болоход тодорхой хэмжээний мөнгө шаардагдана. 1-рт: Эд хуягаа бэлдэж эмхлэхэд зардал шаардлагатай. 2-рт: Уг гарвалтай залгуулж өгсөн Залаачлагчдаа өгөө авааг тэнцүүлж өгөх ёстой. 

- Удмын Буурлуудын тань хэлж өгч бэлдүүлсэн эд хуягнаас шалтгаалан гарах зардлууд өөр өөр байна. Эрт үеийн Буурлуудын өмсөж зүүж, эдэлж хэрэглэсэн зүйлс нь ан амьтны арьс үс, эсвэл торго, даавуу, мөн алт, мөнгө байдаг. Тэд бүгдийг ёсоор нь гүйцээнэ гэвээс барагдахгүй их зардал болох тул орчин цагт орлуулж үйлддэг. Алтан эдлэлийг нь гуулиар орлуулна, арьсан эдлэлийг нь хиймэл арьс үсээр г.м-ээр орлуулж хийдэг. Гэхдээ бэл бэнчинтэй хүмүүс яг жинхэнээр нь бас хийлгэдэг л байх. Үнэндээ хэдий бэл бэнчинтэй байлаа гээд улаан номонд орсон амьтдын арьс үсээр дээлээ хийж өмсөх нь өнөө цагтаа бол Бөө хүмүүсийн ёс зүйд нийцэхгүй баймаар юм гэж би боддог. Энэ бол нөгөө ёс суртахуун, үнэлэмжийн хэмжүүр бөгөөд бүх хүн ингэж бодохгүй учир тухайн хүний энэ талаар баримталдаг итгэл үнэмшил бодлоос бас ихээхэн шалтгаалж байна. Буурал Дээдүүдээ залах ёслол үйлдэх гэж байхад ганц амьтны арьс, ганц алт, мөнгө харамлаад байх нь хаашаа юм бэ? Аль болохоороо бүгдийг нь оригоор нь хийнэ ээ гэж хичээх үрсийн сэтгэлд буруу юу байх вэ? Гэхдээ аль ч тохиолдолд мөн чанар буюу үндсэн утга учрыг нь алдагдуулахгүй байх хэрэгтэй гэж боддог. Үнэхээр буух гэж буй Буурлууд Удам судраа тэгшлэх гэж, Байгал дэлхийгээ хамгаалах гэж буй бол түүнийхээ эсрэг үйлийг хийж босно гэж үгүй. 

- Уг гарвалтай залгуулж өгсөн Залаачлагчид өгөх Өгөө нь хүний сэтгэлээс хамаарна. Миний бодлоор өөрийгөө болон Буурлаа хэрхэн үнэлж хүндэлж буйгаас хамаарах хүний сэтгэл учраас үүнд ямар нэг хэмжээ, хязгаар тогтооход хэцүү юм шиг санагддаг. Нөгөө талаар хэм хэмжээ тогтоохгүй болвоос “Хэт ихдүүлж” Заяачийг эвгүйтүүлэх эсвэл “хэт багадуулж” залаачлагчийг гомдоох асуудал үүсээд байх шиг. Энэ асуудлыг нэг мөр болгож аль аль талдаа гомдолгүй үлдэхийн тулд Заяач болон замчлагч бие биенээ сайн танин мэдэж, тухтай сууж ярилцаж, харилцан тохиролцох хэрэгтэй. Тийм л их багтаж ядсан хөрөнгөтэй л биш бол хэдэн саяар нь нэхээд тэр хэрээр нь өгөөд байх нь тийм сайн зүйл биш. 

Миний хувьд эдлэл хуягаа бэлдэхэд тооцооноос ч илүү зардал зарцуулсан. Замчлагч багшдаа өөрийн боломжоор л өгөө өгсөн. Тэд эд гэж хэлэх нь ямар эд бэлдэж, ямар хүнтэй тохиролцсоноос хамаарах юм.

Гэр бүлийнхэн чинь хэрхэн хүлээн авч ямар байдлаар дэмжиж байна вэ? 

Эмээ маань Тэнгэрийн орныг зорихоосоо өмнө айл болгон л бөөтэй болоод байх юм, манахайнд ганц бөө төрдөггүй юм байх даа гэж ярьсан гэсэн. Би өөрөө ярихыг нь сонсоогүй ч биелэл нь болж Би Удмаа залах Улаач болох тавилантай байжээ. Бөө мөргөл сонирхон судалдаг, энэ чиглэлийн ажил үйл хийдэг учир гэрийнхэн намайг шууд л ойлгосон. Бөөг биш намайг л ойлгосон хэрэг л дээ. Тэд асуухдаа: Бөө болоод юу хийх вэ? Тэгээд хэнгэргээ нүдээл байж байх уу? Хэзээ яаж бөөлдөг юм бэ? Байнга бөөлөх үү Хааяа бөөлөх үү? Бөө болоод хүн үзэх үү? Хаана яаж үзэх вэ гээд л асууж байсан. Эгэл хүмүүсийн нүдээр Бөө бол засал ном хийдэг, Хүн хар үздэг, Зовлонгоос нь салгадаг, мэргэн түргэн л хүмүүс байдаг аж. Харин би Улаачийн замналд ороод Буурлуудын маань хийх үйл тэрнээс өөр гэдгийг мэдэж мэдэрсэн. Тэд бол өөрийн гэсэн зорилготой өөрийн гэсэн хийх ажилтай бууж ирсэн бөгөөд Хүн эдгээж анагаахаас илүүтэй хүнийг сургаж, гэгээрүүлэх гэж, Түүхийг сэргээн тунхаглах гэж ирсэн бололтой байдаг. Нэгэн онгод маань ийнхүү айлдаж байсан юм. Төрөө төвхнүүлж, түмнээ амаржуулж, ардаа гэгээрүүлж, айлтгалаа түгээхээр ирсэн гэсэн. Удам судраа түвшитгэж Улс гэрээ засах Ухааныг өвлүүлэх зорилгтой юм билээ. Мэдээж хэрэг энэ бүхнийг өөрийгөө засахаас, биеэ засахаас эхлэх нь тодорхой ажээ.

Өөрийн биеэ засаагүй хүмүүн
Өрөөл бусдыг хэрхэн засах
Айл гэрээ төвшитгөөгүй хүмүүн
Ахуй төрийг хэрхэн төвшитгөх.

Тиймээс Улаачийг засах гэдэг хамгийн эхний бөгөөд хамгийн хэцүү ажлыг Буурлууд минь одоо хийж байгаа билээ. Гэрийнхэндээ нэг их гай болохгүй байгаа учраас эсэргүүцэж сүртэй юм яриагүй л байна. Харин гэрийнхэн маань нэгэн удаа Бөө болоод амьдралд ямар хэрэг байна? Гэж асуув. Би” Бөө”-гөөс өөр ажил хийдэггүй байсан бол гэрээсээ хөөгдөх байсан биз ээ. Учир нь би “Бөө” болоод мөнгө олоогүй. Гэтэл бидний нийгэмд ажил хийж мөнгө олохгүйгээр амьдрах аргагүй билээ. Ямар надад ивээн тэтгэгч байдаг биш. 

Та өөрөө энэ байдлаа хэрхэн хүлээж авч хэр зэрэг хүч зарцуулж байна вэ? 

Үргэлжлүүлээд ярихад Удмаа залж Улаач болно гэдэг ямар нэг мэргэжил эзэмшихээр Их Сургуульд сурахтай ижилхэн зүйл биш. Таалагдахгүй бол буцаагаад өгчихдөг Бараа Таваар ч биш. Амь амьдрал, хариуцлагын асуудал учир хүн амь амьдралын асуудалдаа хэрхэн яаж ханддаг шигээ л хариуцлагатай ухамсартай хандвал зохино. Бөө болох заяатай байгаад Бөө болсон юм бол түүнийгээ л хийхээс өөр яах билээ. Таалагдахгүй байна гээд хаяад явж болдог бол амар байх байсан биз. Оролдож үзлээ, бүтэхгүй байна аа болиё гээд орхиод явдаг байсан бол амар л байх байсан биз. Даанч тэгж болохгүй. Нэгэнт болсон бол эцсийг нь үзэж Бууж ирсэн Буурлуудынхаа ажил үйлийг нь хийлгэж Зорилгыг нь биелүүлэх л хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Бөө болсон бол БӨӨ ШИГ БӨӨ л байх хэрэгтэй. Хоёрын хооронд шалчиганаад хааяа нэг буулгачихаад ажлынхаа завсар зайгаар амжуулаад байдаг эсвэл дур сонирхлоо хүрэхээр Бөө гэдгээ санадаг Дургүй хүрэхээрээ бас Би Бөө шүү гэж айлгадаг бол хэрэг алга. Гэхдээ энэ миний л бодол шүү. Яаж ч болдоггүй энэ замбад яахын аргагүй л боломжоороо амьдрахаас өөр арга алга. Хүч чадал хангалттай байдагсан бол хүний биш ертөнцийн хүслээр жигүүрлэн хүссэн болгоноо гүйцээж амьдрах байсан.
Ажил хийвэл дуустал Давс хийвэл уустал гэдэг шиг Удмаа залж Улаач болсон юм бол ажлаа хийсэн шиг хийж үүргээ биелүүлсэн шиг биелүүлж амьдрах хэрэгтэй. Энэ л миний бодол.

Одоо өөрийгөө ямар хэмжээнд хүрсэн гэж үздэг вэ?

Нуулгүй хэлэхэд би мундаг Улаач болох болоогүй л дээ. Хүн амьтан үзэж хараад өнгөрснийг нь өгүүлээд ирээдүйг нь яриад өвчин зовлонг нь анагаагаад ажил хэргийг нь бүтээгээд амьдралыг нь өөд татчихна гэдэгт итгэлгүй л байна. Харин Буурлууд маань бол чадах л байх. Гэхдээ тэдний хийх ажил энэ биш гэсэн. Тэдний нэг нь надад хэлэхдээ: Судар ном бичих түүний ажил гэсэн. Би ч бас дуртай л байгаа. Удмын Буурлууд маань өмнө нэгэн цагтаа хүн байсан байж л таараа. Түүний үргэлжлэл болж өнөөдөр би, бид амьдарч байгаа. Өвөг дээдсүүд үгүй бол бид байхгүй байх байсан. Тэгэхээр тэд амьдарч байсан эрин үеийнхээ талаар бидэнд ярин өгч, Үнэн зөв түүхийг хүүрнэн өгүүлж, Өвгөдийн олсон Суу Ухаан, Өв уламжлалаас зааж бидэнд өвлүүлвэл сайхан л санагдана.

Гэсэн хэдий ч цаг өөр болж хүн ч өөр болж. Бид өнгөрснөөс өнөөдөр ирээдүйг байгуулдаг Их Монгол Улсын Иргүн болохын хувьд уламжлал, суу ухаанаа суралцаж мэдээд түүнээ орчин цагт тааруулан хэрэглэх арга ухаанд суралцах нь гол хийх ажил болжээ. Буурлууд маань ийм л зүйлийг биднээс хүсдэг.

Харин улаач хүний хувьд би өөрийн биеэ засах шатан дээр л явж байна. Дөнгөж сууриа тавиад л засрахыг хичээж байгаа ч муу бодол, муу зуршил, залхуурал зэргээс бүрэн ангижирч чадахгүй бас Буурлуудын хэлсэн болгоныг хийж гүйцээж чадалгүй явсаар.

Одоо танд ямар бэрхшээл байна вэ?

Буман бэрхшээл тоочиж болно оо. Улаач хүний хувьд Бэрхшээл анхандаа олон байсан. Буурал буулгахаар бүх юм сайхан болчихно гэж бодож явжээ. Хамгийн анх улаач болоод ЭРГЭЛЗЭЭ гэдэг бэрхшээлтэй тулгарч байжээ. Олон улаач энэ даваагаар давах л болдог. Онгодоо залсан эхний үедээ Онгод залрана гэж ийм байдаг юм уу? Би өөрөө л байгаад байна шүү дээ гэж гайхдаг байв. Бөө болсон түүхээ би өөрийн блогтоо дэлгэрэнгүй бичсэн байгаа. Тэнд энэ тухай нэлээд бичсэн дээ. Улаачийн давах ёстой олон даваа гүвээнүүдийг давах гэж хичээж зүтгэж л явна. Өөрийн биеэ засах гээд засаж дийлэхгүй бэрхшээл байна. Гэхдээ хэзээ нэгэн цагт давах л болно. Буурлууд маань хүсээд байгаа түүхийг минь яриад өгөөч гэж гуйгаад хүчрэхгүй байгаатай ижил Буурлуудын хүссэн судар ном уншаад, Сургааль түүхийг судлаад, хэлсэн бүхнийг нь хийгээд явж чадахгүй бэрхшээл бас байна.


Та удирдан тусласан багшдаа хэдэн төгрөг өгсөн бэ?

Нэг багшаар эд зүйлээ гаргуулж тэр л багш дээрээ боссон. Нэгэн улаач хамт байж босоход дэмнэлцсэн. Хэдэн төгрөг өгсөнөө нийтэд хэлээд дэмий биз ээ. Сая саяар нь бол өгөөгүй ээ. Би тийм баян хүн биш. 

Та буурлаа буулгаад яг ямар үйл хийж цаашдаа юу хийнэ гэж боддог вэ? 

Буурал буугаад өөрийнхөө үйлийг миний биеэр дамжуулж хийнэ гэсэн ойлголттой байсан. гүнзгийрүүлээд бодохоор Улаач хүн өөрөө Буурлынхаа хэмжээнд хүртэл ухаажиж, оюунаа тэлж өөрөө Буурал шиг болтлоо мундаг болох ёстой юм билээ. Тэгж байж үйл дүүрнэ. Тэгэхгүй л бол Улаач хүнийг зүгээр л нэг биеэ зээлүүлдэг Ломбард мэтээр ойлгож болохгүй ажээ. Их Монгол Улсаа дахин мандуулан бадруулж Агуу их Өвөг дээдсийнхээ Суу ухааныг энэ замбативд хүмүүст таниулж үйл хэргийг нь өөрийн биеэр хэрэгжүүлж гүйцээнэ гэж боддог. Ойрын зорилго бол: Буурлуудынхаа айлтгал, сургааль, хүүрнэсэн түүхээр Ном судар бичнэ гэсэн бодолтой байна. Гэгээрэл гэдэг бол Ухаарах, Таних, Мэдэх. Тэгвэл юуг ухаарч юуг таниж юуг мэдэх ёстой юм бол? Түүнийг Буурлуудаасаа асууж түмэнд хэрэгтэйг нь түгээнэ дээ.

Таны амьдралд ямар өөрчлөлт орсон бэ? Сайн муу тал нь хэр байна вэ?

Хүний амьдралд олон чухал зүйл тохиолддог. Эхээс мэндэлсэн өдрөө төрсөн өдөр гэж нэрлэж жил бүр тэмдэглэдэг, сургуулийн босго алхаж сурагч болдог, Их сургуульд орж оюутан болдог, Амьдралын алтан босго алхаж гэр бүл зохиодог гээд амьдралын алтан мөч хормууд бий. Эд бүгд нэгэн цагт тохиодоггүй ээлжлэн ээлжлэн тохиодог. Харин Улаач болсон үе түүнээс 1-2 жилийн өмнө болон хойно болсон үйл явдлууд, сургамж ухаарлууд нь амьдралын минь өөрчилсөн, чухал мөчүүд гэж би боддог. Миний амьдралд их өөрчлөлт орсон. Аливааг үзэх үзэл өөрчлөгдсөн.Харах өнцөг тэлсэн. Мэдэх мэдлэг Танин мэдэхүй эрс өөрчлөгдөж хорвоо ертөнцийг алагхан дэлхийгээр төсөөлөхөө болж амьдран оршихуй нь олон байдгийг мэдсэн. Замбатив бол оршин байдаг олон тивийн 1 л юм гэдгийг мэдэхээр амьдрал гэдэг ямар уужим, хорвоо гэдэг ямар өргөн дэлгэр гэдгийг мэдэв. Оршин байгаагийнхаа утгыг ойлгож, хүн болж төрснийхөө учрыг мэдэж зорилго зорилт минь өөрчлөгдөж зүгээр нэг хүн шиг хүн болоод үхээд өгье гэж бодолгүй үхээд ч үргэлжилдэг амьдрал байдгийг мэдрэхээр хүн өөрчлөгдөхгүй гээд яах билээ. Маш их өөрчлөлтүүд орсон. Сайн тал маш олныг дурдаж болно. Муу тал бараг байхгүй дээ. Замбын охорхон ухаанаар сэтгэвэл хөршүүд маань бөөлөхөөд анхандаа хана нүддэг байсан, тэр л хөршүүдэд маань муу тал гэж санагдах байх.

Бөөлөх ажил цаг зав шаарддаг, оролдлого хичээл зүтгэл шаарддаг, хэн хүний хийгээд байдаг ажил биш гэхээр Өөрөөс минь их зүтгэл шаардаж цаг зав багассанаар залуу насны зугаа цэнгэлд зориулах завгүй болсон хэхэ. Энэ гэхдээ муу тал биш юмаа. Эрх чөлөөгөө хасуулсан. Ингэхээр яг яаж хасуулаад байна гээд бодохоор сүртэй юм бас л байхгүй. Заримдаа л би чинь Улаач хүн шүү дээ гэхээр л энэ зарчмаар олон зүйлээ хязгаарлаад байгаа мэт санагдаж Улаач болоогүй бол ингэж болох л байсан гэж бодогдоно. Харин үнэн хэрэгтээ улаач болоогүй байсан бол ухаан орохгүй байсаар байгаад үхэх байсан байх даа. Тэгвэл бүүр харамсалтай шүү дээ. За ер нь миний хувьд лав муу тал байхгүй ээ. 

Танд энэ байдлаа ашиглаж мөнгө олно гэсэн бодол орж ирдэг үү?тийм бол хэдий хэмжээний мөнгө олох вэ? 

Мөнгөнд дургүй хүмүүсийг би ойлгодоггүй. Мөнгийг үзэн ядаад байдаг хүмүүсийг ч нэг их дэмжээд байдаггүй. Харин мөнгөөр бүхнийг хэмждэг хүмүүсийг бол огт үздэг ч үгүй. 

Мөнгө бол амьдралын чухал хэрэгцээ. Өнөөдрийн бидний амьдрал ийм л зүйлийг бий болгожээ. Тиймээс нөхцөл байдалдаа дасан зохицож Мөнгийг зөвөөр босгож зөвөөр зарцуулж үр шимийг нь хүртэй байх хэрэгтэй гэсэн үзэл бодолтой.

Харин Улаачийн ажил хийж мөнгө олно гэж бодож байгаагүй. Бөөг амьдрах арга хэрэгслээ болгох нь ихэнх тохиолдолд зөв зүйл биш гэж бодож байна. Гэхдээ амьдрал дээр яах аргагүй Бөөлөх ажил хийж түүнээс олсон орлогоор ахуйгаа авч яваа хүмүүс байдаг. Тэднийг шууд буруутгах нь жаахан учир дутагдалтай. Учир нь тэд бүгд сайн сайхан жаргаж байгаад бөө болчихоогүй. Тартагтаа тулах эсвэл аж амьдрал нь доройтож байж Бөө болсон байдаг. Мөн тэд бусдад тусалж зовлонг нь нимгэлсэн л бол өгөө аваагаа тэнцүүлж авах ёстойгоо авч байх нь шударга ёсонд нийцнэ. Өгсөн бол авч байх ёстой. Энэ бол шударга хэрэг. Харин өмнө хэлсэнчлэн хэмжээний тухайд сэтгэлээрээ л байвал зохимжтой гэж үздэг.

Хүн арддаа тусалж Буян үйлдэнэ гэдгийг бултаараа орчин цагт жаахан буруу ойлгоод байдаг бололтой. Үнэ төлбөргүй үзэж харж янзалж өгвөл буян болдог гэвэл буруу. Улаач хүнд үзүүлж харуулж засал ном хийлгүүлсэн хүн түүндээ таарсан өглөг өгч байх ёстой. Эс тэгвэл өөрийнх нь үйлийн үр нимгэрэхгүй бөгөөд буян биш үйлийн үрээ нэмсэн хэрэг болно доо.

Миний хувьд Улаач гэдгээ ашиглаж мөнгө олно гэвэл Ном бичиж түүнээ зарж мөнгө олох л арга байна даа хэхэ. Гэхдээ тэр мөнгөөрөө дараагийн номоо хэвлүүлэх зардлаа л олох байх даа. 

Та амьдралд хэр сэтгэл хангалуун байж чаддаг вэ?

Амьдралдаа сэтгэл хангалуун байна аа.

Та өөрийгөө зөв зүйл хийж байна гэж боддог уу?


Зөв буруугийн тухай ойлголт бас л харьцангуй. Хэрвээ миний хийж буй зүйл Буруу гэж бодсон бол би хийгүй л байх байсан. Зөв зүйлийн төлөө зорьж үр дүнг нь үзнэ ээ гэж бодож байна.

Хэн нэгний бууралыг өөр хүний биед оруулан буулгаж болох уу? Зөвхөн нэг биед буудаг юм болов уу?

Болдог. Буурлуудын айлтгал, сургаалийг ажаад байхад Улаачлагч онгод, Өртөөлөгч онгод гэж байдаг бололтой. Улаачлагч онгод гэхээр өөрийн Улаачийн биед залардаг байхад Өртөөлөгч онгодууд заавал өөрийн улаач гэлгүй өөр улаачид Тэнгэрийн зарлигаар бууж айлтгал, зарлиг сонордуулдаг бололтой байдаг. Гэхдээ Монгол хүмүүн өөрийн биед өөрийн удам судрын Буурлыг л залахыг эрхэмлэх бөгөөд өөр онгод залахыг цээрлэдэг хэмээн нэгэн алдартай бөө хэлж байсан.

Ёс заншил ч цаг үеэ даган бас хувьсан өөрчлөгдөж байна. Юуны төлөө ёс заншил байдаг юм бэ? Зөв зүйлийг мөрдөж хэрэгжүүлэхийн тулд байдаг. Тэгвэл тухайн цаг үедээ болоод байсан ёсууд энэ цаг үедээ болохгүй буруудаад байвал тэр ёс заншлыг өөрчлөхөөс аргагүй болж болно.

Та хэн нэгэн хүнтэй зөвлөж тусламж авдаг уу?

Тиймээ. Маш олон хүнээс зөвлөгөө авдаг. Тусламжийг бол хааяа онц шаардлагатай үед авна. Надад туслах зөвлөх ухаант мөргүн Буурлууд болон олон улаач анд нар бий. Тэд бол Алтан хэлхээнд орших Гэрлийн Өргөөний Улаачид юм.

No comments:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц