Blogger templates

2013-12-28

Бидний үе ийм л байв.


Энэ зурган дээрээс намайг олсон хүнд шагналтай!!! 

Бидний үе ийм л байлаа шүү дээ. Номын сайн нөхөр гээд шалгаруулдаг байж дээ. Тухайн үед ном уншихаас өөр цаг нөхцөөчих юм алга байж. Одоо бол фэйсбүүк, юутүүб, гүүгл гээд л компьютерийн ард уяатай байдаг болсон байна.

Орчин үеийн хүүхдүүд бараг л төрөхдөө фэйсбүүк хаяг нээдэг болж. Гэтэл би Их сургуульд ортлоо мэссэнжэр хаяггүй, гүүгл юүтүүб мэддэггүй л байлаа. Их эртний хүн л дээ.... хаха.

Ямартай ч хотоос хамаатан садны ах ирээд Гүүгл гэж гоё юм байдаг, түүгээр хайгаад хүссэнээ олж болно гэхээр нь их л холын мөрөөдөл санагддаг байв. Тэгээд тэр сонссон шөнөө Шадар 3 цэрэг гээд гүүглээр хайгаад тэр номыг олж уншиж байна гэж зүүдлээд зүүдэндээ итгээгүй. Тийм юм гэж хаа байдаг юм бэ гэж л бодсон. Ид шид гайхамшиг л юм шиг санагддаг байв.

Мөн хамгийн анх Флашны талаар сураг сонсоход манай дүү надад тайлбарлахдаа: ........ компьютер руу нэг юм залгаад тэгээд шууд тэндээсээ өөрийнхөө юмнуудыг гаргаад ирсэн, компьютер нь яг тэр хүний компьютер болоод хувирчихдаг юм билээ гээд л ярихад нь ид шидийн мэт сонсогддог байв. Арай л дэгсдүүлж байна даа гээд л бас хардаж байж билээ.

Тухайн үед WIN 98 үйлдлийн системтэй, ногоон дэлгэцтэй нэг ком дунд ангид байхад аав минь олж авчирч өгсөн бөгөөд түүн дээр CD тоглуулах гэж зовдог байв. Тэр нь ерөөсөө ажиллаж өгөхгүй, ганц хийдэг зүйл нь юм шивж бичих, хотын ахын суулгаж өгсөн хэдхэн дуу сонсох /Winamp дээр/ заримдаа хөзөр тоглох 3 л байж дээ.

Нэг удаа компьютер руугаа CD хийгээд оролдсоор байгаад видеог нь уншуулчихаад шинэ нээлт хийсэн хүн шиг л баярлаж байсанаа маш тод санаж байна. Дараа нь дүү бид 2 ээжээс 15 000 төгрөг аваад компьютер дээрээ мэргэжлийн хүнээр WIN XP суулгуулсан. Одоогийн хэлээр бол комоо форматлуулсан юм. Ком форматалж байгаа хүн хорвоод хосгүй гайхамшигтай чадвартай, кинон дээрээс л хардаг гоц гойд хүн мэт санагддаг байв.

Баахан CD уншуулаад л энд тэнд код бичээд л баахан код уншуулаад л....
Аа бас sound cart солиулна гээд 10 000, үйлдлийн систем суулгуулна гээд 15 000 нийт 25 000 төгрөгийг ээжээсээ чангаасан байнам. Тухайн үед тэр мөнгө их мөнгө байсаан. Ид шид гайхамшгийг мөрөөдөж, шинэ содон юманд нугасгүй дуртай, компьютер болоод технологийн дэвшлийг бишрэн шүтэж уяран хайлдаг дүү бид 2 бүлтийтлээ нүдээрээ дарамталж байгаад л ээжээс мөнгө авсан байх. хаха. 

Бодоод байсан нэлээд сурталчилгаа хийж байж компьютерийнхоо системийг шинэчлүүлсэн байна шүү. Хөөрхий хөгжиж дэвшихээр, сурч судлахаар мэрийж ид сайн сайхныг мөрөөдөж тэмүүлдэг байсан бага нас хүүхэд насны үе байж.

Аа бас Приставк гээд нэг юмтай байсан юм байна. түүгээр Цагийг эзэлсэн ихэр 2 баатар гээд тухайн үед л од болж байсан киног өдөр бүр 1 кассетыг үздэг байсан. Аав ажлаасаа ирэхдээ дараагийн ангийн кассетыг авчрана. Бид түүнийг нь тэсэн ядан хүлээнэ. Заримдаа яг үзэж байхад Приставкны толгой бохирдчихно. Бид сурамгай аргагүй приставкаа задлаад хөвөнд үнэртэй ус шингээгээд толгой хэсгийг нь цэвэрлэнэ. Тэгээд үзэхээр асуудалгүй......

Бага нас маань ийм байж. Энэ зургийг харсан чинь тэр үеийн бүх явдлууд санаанд орчихлоо.

Тэр үеийн хүүхдүүд за түүн дотроо би бол дээр хэлсэнчлэн компьютерийг сайн мэдэхгүй, флаш мэдэхгүй, гар утасны талаар сураг ч сонсоогүй, хот руу ярихдаа холбоо руу очиж Холбоочинд захиалга өгч тусгай бүхээгт ороод утсаар ярьдаг байв...

Хуучин хүү дээр гардаг шиг Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож Тэнгэрийн хаяанаас цааш газаргүй хэмээн сэтгэхийн арай дээгүүр л байж. Алсын бодол тээж том болоод мундаг хүн болно оо л гэж боддог байсан байх даа...

Ийм нэг хөдөөний хөөсөн мантуу ингэж л бодож сууна. кккк. Мэдлэггүй мэдээлэлгүй байсанаа гайхуулаагүй шүү.

Зүгээр л гайхуулах юм байхгүй ч одоо цагт нэвтрээд байгаа мэдээллийн технологи, интернэт, гар утас, технологийн хөгжил дэвшил бол бидний үед байгаагүй учраас бидний амьдрал өөр байсан юм даг. Энийг орчин үеийн хүүхдүүд ойлгоно биз ээ.

21-р зууны мэдээллийн технологи та бидний амьдралд нэвтэрсэн шинэ сонин бүхэн Монгол улсын маань хувьд сүүлийн хэдхэн жилд л бий болж асар хурдацтай хөгжжээ. Фэйсбүүк гэхэд л Монгол улсад ердөө сүүлийн 2 жилд ингэж хүчтэй нэвтэрлээ. Твиттер бас тийм биз. Нэвтрүүлэг ухрааж үздэг зурагтын үйлчилгээ сүүлийн 2 жилд л бий боллоо, Гар утас Монголд нэвтрээд 10 жил боллуу яалаа? Excel машин моодноос гараад нэг их удаагүй л байна г.м. 

3310-аас Iphone 5s, Samsung Galaxy хүртэл Приставкнаас Bluray Player, гэрийн театр хүртэл хөгжсөн бол аварга том систем хөгжим алганд багтах Ipod хүртлээ жижгэрчээ. Хальсны зургийн аппаратнаас Canon 7D /хамгийн сүүлийнх нь хэд гэдгийг чөтгөр бүү мэд хүртэл дэвшжээ. Өөр юу яаж хөгжсөн байна. Найзууд минь та бүгд мэддэгээ нэрлээрэй.

Удахгүй бидэнд хэл сурах хэрэг үгүй болох байх. Учир нь ямар ч орны хүнтэй өөрийн хэлээрээ ярихад газар дээр нь тухайн орны хэл болгоод хувиргачихдаг Шууд орчуулгын нэг технологи гарсан байна лээ. Тэрнийг хүзүүндээ зүүгээд дэлхийн 170 оронд төвөггүй аялаж, ажиллаж шавайгаа ханатал чалчих юм билээ.

аа бас түгжрээн дунд амьдарч хүн машин газар дээгүүр явдаг үе өнгөрч агаарт явдаг үе удахгүй ирэх биз. Зүгээр л тохиромжтой мөчөө хүлээж байгаа байх. Хэдий хүртэл хөгжих бол? Эцсийн цэг байгаа болов уу? Бид үзэх болов уу? Эсвэл эсрэгээрээ хөгжлийн оргилд хүрээд буцаад сүйрэх үү? Тэгвэл хэт хөгжөөд хэрэггүй юм болов уу? Олон асуулт байна шүү.

За байз тэгвэл миний хүүхэд насанд сайн сайхан давуу талтай зүйл нь юу байсан юм бол? Ямар ч байсан эрүүл, цэвэр агаарт өсөж торниж, сурч боловсорч байсан юм байна. Компьютерийн туяанд хордоогүй, нүдэндээ шил зүүдэггүй, эрүүл чийрэг байжээ. 

Уран, шар нунтаг гэж санаа зовохгүй байгал минь байгаагаараа байж. Найзуудтайгаа уулзахын тулд цаг газар товлож биечлэн уулздаг байсан бол одоо Комын араас л Hi bye гэдэг болж. Зургийн цомог гээд том том хавтастай зузаан зузаан АЛЬБОМ-ууд байдаг байсан бол одоо тийм юмтай айл улам бүр ховордож байна.

Нээрээ хөдөө гэр рүүгээ явж альбомныхоо зургуудыг олж авах юмсан. Хүүхэд байхдаа би ямар царайтай байсан бол, тэрийгээ бараг мартчихаж. Яагаад гэвэл хүүхэд насны минь нэг ч зураг надад одоо алга. Хүүхэд насны минь зураг Digital аппаратаар биш хальсны аппаратаар авагдсан учир Компьютер дотор биш зузаан ширэн хавтастай альбом дотор байгаа юм байна. Гэнэт санав. Тэднийгээ сканнердаж компьютертоо хадгалдаг хэрэг ээ. Өө тийн Сканнер гэдэг чинь бас нэг шинэ юм байна. Миний үед тийм юм байгаагүй ээ....

За ингээд яриад байвал яриад л байхаар юм байна. Үзэл бодлоо хуваалцах хүн байвал хуваалцаарай. Манай үеийнхэн л миний бичсэнийг ойлгох байх даа. Хүүхдүүд ч юугаа ойлгохов. Явж Дотагаа тоглоод Ipodoo сонсоод Iphone-роо нэтэд ор. 

Би гарч Пэрээс төмөр нугалж ураа гарган хийсэн урт саваагаар унадаг дугуйны обудыг түрж тоглодог байсан үеэ бодоод салхинд жаахан зогсоотхоё. 

Жич: Шагналын тухай март

No comments:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц