Миний Философийн лекцийн дэвтэр дээрх тэмдэглэлүүд
Миний Их Сургуульд 4 жил суралцахдаа олж авсан хамгийн чухал зүйлүүдийн нэг бол лекцийн дэвтрүүд маань юм. Зарим хүнд лекц гэдэг уйтгартай, утгагүй дэмий зүйл мэт санагддаг бол зарим хүн утгагүй лекцээс ч өөртөө хэрэгтэйг нь ялгаж сонсож бас тэмдэглэж чаддаг,түүнийгээ дараа яаж ашиглах вэ гэдгээ ч бас мэддэг. Миний хувьд лекц болгон дээр сууж аймаар юм бичдэг хүн байх хэрэг байгаагүй, тэгэхийг боддоггүй. Зүгээр л хэрэгтэй гэж бодсон лекц бүрээ сэтгэл гарган тэмдэглэж тэр дэвтрүүдээ 4 жил хадгалсны үр дүнд одоо нэг хайрцаг дүүрэн дэвтэртэй үлдсэн. Энэ бол миний баялаг.
За ямартай ч Философийн дэвтэр дээрээ баахан л лекц бичсэнээс гадна, хавтас дээр нь эрдэмтэн мэргидийн ишлэл бас өөрийн тунгааж ойлгосон хэдэн үг бичсэнээ энд нийтэлж байна. Энэ үгсийг хараад тэр үеийн бүх үйл явдал санаанд орж байх нь хачин юм. Бас дурсамж сэргээд сайхан санагдаж байна гээч.
1. Бодит байдлыг хийсвэр ойлголт болгон хувиргадгаараа философи бол хийсвэрлэл мөн.
2. Өөрийнхөө юу мэдэхгүй байгаагаа мэдэхгүй хүн шиг л битгий байгаарай.
3. Үхэл гэдэг бол өнгөрөгсдийн хувьд биш үлдэгсдийн хувьд эмгэнэлтэй, аймшигт зүйл.
4. Ерөнхий түгээмэл утгыг нээхийг зорьдог.
5. Философи бол үгээр илэрхийлэхэд амаргүй оюун санаа. Б.Батчулуун
6. Аливааг ухааран ойлгох, танин мэдэх, тэдгээрийгээ томьёолох хүний оюуны үйл ажиллагаа бол ФИЛОСОФИ мөн. Б.Мөнхгэрэл
7. Философи бол ойлголт. Б.Мөнхгэрэл
8. Философи бол үгний эрэлд хатаж шаналсан оюун ухаан. Гадамер
9. Аливааг бүхэллэг, нэгдмэл байдлаар ойлгох гэсэн хүний цөхрөлтгүй оролдлого.
10. Бурхан гэж байлаа ч хүнийг өөрөөс нь өөр хэн ч аварч чадахгүй гэдэгт бат итгэ. Жан Поль Сартори
11. Хүн сэтгэж байсан цагт философи байсаар л байх болно. Нэр нь л солигдож магадгүй.
12. Философич хүн аливааг танин мэдэх тусмаа өөрийхөө тэнэгийг мэдэрдэг бол байгалт шинжээч хүн мэдэх тусмаа өөрийнхөө ухаантайг мэдэрдэг.
13. Философи асуудал гэдэг бол шийдэгдэх, шийдэгдэхгүй нь мэдэгдэхгүй, тодорхойгүй, хийсвэр асуудлууд байдаг.
14. Шинжлэх ухааны онол мета онол болоод хийсвэр, илүү гүнзгий болохоороо философи шинжтэй болдог.
15. Эрэгтэй хүн харцаар дурладаг, Эмэгтэй хүн дасаж дурладаг.
16. Бертран Рассель: Үхсэнээс амьд байх нь, өлсөж байснаас адил тэгш хооллох нь, боол байснаас чөлөөтэй байх нь дээр гэдгийг галзуу л биш юм бол бүх хүн зөвшөөрнө.
Эргээд бодоход одоо мартсан зарим зүйл санаанд орж байхад зарим үгийг нь хараад аргагүй л балчир байж дээ ч гэж бодогдож байх шиг. Ямартай ч эдгээр үг болгоны ард урт урт тайлбар түүх бичвэл энэ нийтлэл хэтэрхий урт сунжруу болох биз.
Их Сургуульд байсан үеэ эргэн дурсахад сайхан байна.Хүний амьдралд хэзээ ч мартагдахааргүй олон сайхан дурсамж үлдээдэг нэгэн үе бол оюутан байх тэр хугацаа бөгөөд чухам тэр л богинохон хугацаанд бүх амьдралын турших хамгийн олон хөгжилтэй, сайхан, мартагдашгүй дурсамж бий болсон байдаг нь сонин. Оюутан байхад сайхан байж...
Дуулин
No comments:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.