Blogger templates

2011-05-05

Монгол охид ”бослого” гаргалаа


Философийн ухааны доктор Б.Батчулуун:  Монгол охид ”бослого” гаргалаа

Ийв Энслерийн “Үтрээний хүүрнэл” жүжгийг Монголд тавив

Либертари лекц, яриа, арга хэмжээ бүр дээр байнга тааралдаж байдаг нэгэн залуу анд маань жүжиг үзэх санал тавив. Тэгээд уг жүжгийг үзлээ. Үнэхээр таашаал авлаа. Гайхалтай жүжиг байв. Жүжиг ч биш, хүүрнэлүүд юм даа. Монголын залуучууд боловсролтой ч болж байна, өөрийн гэсэн бодолтой ч болж. Бас зоригтой ч болж байгаа юм байна. Энэ жүжигт тоглосон хэдэн охин бол яах аргагүй шинэ нийгмийн бүтээгдэхүүн мөн. Би тэднийг зөвхөн феминистүүд гэмээргүй байна. Эд бол эрх чөлөөний дуучид. Санаа минь амарч, урам минь сэргэлээ. Хойч ирээдүй маань бэлтгэгдэж байна! Залуучууд маань бүгдээрээ “нам дагаж намирсан улаан, цэнхэр, ногоон тугнууд” болчхоогүй ажээ. 

Феминизм Монголд ороод иржээ

Ноднин өдий хэрд шиг санаж байна. МУИС-ийн Философийн салбарыг төгссөн гурван шавь маань хэдэн эмэгтэйтэй нийлж Симонэ дэ Боуварийн Дайвар хүйстэн номыг монгол хэл­нээ хөрвүүлсэн. Францын экзистенциалист, Но­бе­лийн шагналт философич Ж.П.Сартрийн “эх­нэр”, түүхэн дэх “банзалтай суутнуудын” нэг, фило­софич Симонэ дэ Боувар нь энэ бүтээлдээ эмэгтэйчүүдийн эрхийг философи, социологи, эрх зүй, түүх-угсаатны зүй гээд хүмүүнлэг болон нийгмийн олон ухааны үүднээс маш үндэслэлтэй хамгаалсан юм. Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэл дэх нэгэн гайхамшигт үзэгдэл болсон энэ номыг орчуулснаар Монголын феминистүүд онолын маш бат бэх суурьтай болж авсан билээ. Үүгээр л тэрхүү бүтээлийг монголчилсон хүмүү­сийн хөдөлмөр үнэлэгдэнэ.

Энэ бүтээлээс өмнө эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах талаар ганц үндэслэлтэй бүтээл байсан нь Английн философич Уилъям Годвины эхнэр, зохиолч Мэри Уолстоункрафтын (1759-1797) бичсэн Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө бүтээл байсан гэдэг. Гэхдээ энэ бүтээлийг эрэгтэй, эмэг­тэй­чүүдийн боловсролын тэгш эрхэд голчлон анхаарсан гэдэг юм билээ. Ямар ч гэлээ энэ бүтээлийг өнөө хэр феминизмийн онолын үндсийг тавьсан бүтээл гэж үздэг. Харин Симонэ де Боуварын ном нь феминизмийн онолыг бүх талаар үндэслэснээс гадна өнөөгийн цаг үед хамгийн тохирсон бүтээл болж чадсан. Энэ номын нээлтийн арга хэмжээн дээр хэлсэн үгээ би энд дахин давтъя: “Би феминист биш, гэхдээ анти-феминист бүр ч биш. Эрх чөлөөг дээдэлж, эрх чөлөөний талаарх үзэл санаа болох либертари үзлийг бишрэн шүтэгч нэгэн. Либертари үзэл нь нийгмийн бүх хүрээнд эрх чөлөөний үзэгдэл, үзэл санааг дэмждэг. Дайвар хүйстэн бол энэ утга санааны хүрээнд багтах бүтээл мөнөөсөө мөн.”

Харин энэ удаа “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” хэмээх Монголын ТББ-ынхан АНУ-ын нэгэн алдарт феминистийн жүжгийг тавих эрхийг албан ёсоор авч тайзнаа амилуулжээ. Англи, монгол хэл дээр тавьсан гэж байгаа шүү. Англи хэл дээр тавихдаа Улаанбаатарт ажиллаж, амьдарч буй гадаадын иргэдэд зориулсан юм билээ. Монгол хэл дээр гурван удаа тавьжээ. Тэгээд жүжгээс олсон орлогынхоо 80%-ийг хүчи­р­хийллийн эсрэг Үндэсний төвд, 20%-ийг байгалийн гамшигт өртсөн Гайтигийн эмэгтэй­чүүдэд хандивлаж байгаа юм байна. Феминизм, Монголд онолын хийгээд практик утгаараа ороод иржээ.
Энэ жүжгийг үзэх хүсэлтэй хүмүүсийг гонсой­л­гох болсондоо хүлцэл өчье. Ийв Энслерийн Үт­рээ­ний хүүрнэл Монголд хойтон жил л дахин тавигдах ажээ.



“Хүүрнэлийн” тухайд

“Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг уст­гах” дэлхий нийтийг хамарсан “V day” буюу “V өдөр” гэсэн хөдөлгөөн байдаг аж. Хөдөлгөөний бэлгэдэл болсон V үсгийг ялалт (мэдээжээр, жен­де­рийн тэгш байдлын төлөө тэмцэгчдийн), Валентиний өдөр, үтрээний (Vagina) бэлгэдэл гэх мэтээр тайлбарлаж болно. Энэ хөдөлгөөний идэвхтэн Ийв Энслер (Eve Ensler) хэмээх эмэгтэй, одоо дэлхийн 45 хэл дээр орчуулагдан 130 гаруй оронд тавигдаад буй Үтрээний хүүрнэл (The Vagina Monologues) жүжгийг бичжээ. Зохиогч энэ жүжгээрээ ихэд алдаршиж, олон ч шагнал хүртсэн байна. 

Хачин жүжиг л дээ, гэхдээ үнэхээр таалагдав. Бидний ярьдгаар “үтрээ”, “умай” ... энэ тэр юм ярьсан хүмүүс ямар л олигтой юм байв гэж бодогдохоор, гэтэл тийм биш аж. Жүжигт, эм хүйсийг эрэгтэйгээс ялгадаг тэр эрхтнээр дамжуулж хүний дотоод ертөнцийг нь нээн харуулжээ. Мөн тэрхүү эрхтнээр дамжуулан нийгмийн асуудлыг хөндсөн ч гэж хэлж болно. Үнэхээр шинэлэг жүжиг (monologue)! Би энэ жүжгээс фройдизмыг олж харав. Зохиолч нь экзистенциализм болон фройдизмын талаар уншаагүй байж болно. Гэхдээ яах аргагүй хүний оршихуйтай холбоотой асуудлыг гаргажээ. 

Үтрээтэй холбоотой болон холбоогүй 16 хүүрнэлээр (ихэнх нь холбоотой хүүрнэлүүд) эрх чөлөөний асуудлыг маш өвөрмөцөөр хөнджээ. Хамгийн энгийн жишээг хэлэхэд, богино банзал бол эрчүүдийн ойлгодог шиг өөрсдийг нь бэлгийн харилцаанд урин дуудсан хэрэг биш, харин эм хүйстнүүд бие эрхтнийхээ эвтэй байдлыг бодсон, гоо сайхнаа илэрхийлэх гэсэн, мөн эрх чөлөөт байдлынхаа бэлгэдэл болгосон хувцас ажээ.

Мэдээж, энэ өгүүллийг сайтад тавигдсаны дараа хийх ажилгүй сэтгэгдэлчингүүд шүлсээ үсчүүлээд унах биз. Гэхдээ хуурамч ёс суртахуунчид, викториан моралистуудын яах нь бидэнд хамаагүй. Хүн өөрийнхөө дургүй зүйлийг бусдад тулгаж болохгүй. Хэн ч таныг хүчээр энэ жүжгийг үзүүлэхгүй, дургүй бол та хойтон жил бүү очоорой. Харин тэд таныг хүчирхийлээгүй шиг, та ч тэдний тархин доторх бодол санаа, тэмцэл, хүсэл эрмэлзлийг боогдуулах эрхгүй. Гэтэл сураг сонсох нь ээ, манай театруудын зүгээс янз бүрийн хавчлага, хандлага гаргаж байсан бололтой. 

Хүмүүс бид өөрсдөө мэдэхгүйгээр бусдыгаа боолчилж, бусдынхаа эрх чөлөөнд халдаж, бусдыгаа дарамталж байдаг юм биш биз!!! Жүжигт шигтгээ болгож, Монголд эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж буй маш олон ноцтой тоо, баримтыг хавсаргажээ. 

Бас энэ жүжигт Монголын нийгэмд хамгийн их дарлагдсан, ад үзэгдсэн хүмүүс болох хоёр ч трансжендер оролцжээ. Эднийг тайзан дээр гаргаж, зовлон шаналлыг нь сонссон нь Монголд анхны тохиолдол байх. Манай нийгмийн хамгийн тохитой томоотой, ухамсартай иргэд ч гэсэн тэднийг хажуугаараа өнгөрөхөд гоочилсон харцаар ширтэж, хажиглангуй байдаг. Үнэндээ, тэд бол яг бидэнтэй адил хүн гэдгийг хүмүүс ямагт мартдаг. Жүжигт трансжендерүүдийг оролцуулснаараа эдгээр охид хэчнээн хүнлэг, бас тэгээд хэчнээн зоригтой болохоо харуулсан.

Тийм ээ, манай нийгэм Дорнын нийгэм, Азийн нийгэм, уламжлалт ёс заншилтай нийгэм. Иймэрхүү нийгэмд эрчүүд давамгайлж, патриархи ёс ноёрхож байдаг. Ийм нийгмийг Male dominated society гэдэг. Үүний эсрэг Монгол охид босжээ. Намайг урьж, жүжгээ үзүүлсэн Амартүвшин, Золзаяа хоёртоо дахин баярлалаа. Хойч үеийнхэн маань бүгд улс төр хөөж, дарга нарт долигонон, “саарал ордны гуанзны шавхруу горьдсон хүмүүс” болоогүй юм байна гэдгийг харлаа. Бид бас ч эрх чөлөөт нийгэмд дасан зохицсон залуучуудтай болж. Энэ жүжгийг тавихыг анх санаачилсан, найруулсан, ивээн тэтгэсэн, тоглосон гээд бүх хүмүүст баяр хүргэе!

Мартин Лютер Кингийг хар арьстны эрхийн төлөө тэмцэгч гэдэггүй, харин хүний эрхийн төлөө тэмцэгч гэдэг шиг Ийв Энслер болон эдгээр охидыг зөвхөн эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч биш, хүний эрхийн төлөө тэмцэгчид гэмээр байна. Бид бүгдээрээ хүн. Хар, шар, цагаан арьстай нь хамаагүй; хөгшин залуу байх нь хамаагүй; ямар ястан үндэстэн байх нь хамаагүй; эрэгтэй, эмэгтэй, трансжендер байх нь хамаагүй, бүгд л ХҮН.

Философийн ухааны доктор Б.Батчулуун

No comments:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц