Blogger templates

2011-05-18

М.Болд: Би Монгол улс алсын хараа, эрхэм зорилготой байх ёстой гэж боддог, гэвч өнөөдөр тийм юм алга


Сайхан ярилцлага байна. Жирийн иргэн хүртэл бодлоготой байдаг байхад бүхэл бүтэн улс нэгдсэн бодлогогүй байна гэдэг үнэн утгагүй. Төрийн томчуулын "Бодлого" гэж нэрлээд байгаа юмнууд нь бодлогын дайтай байж чаддаггүй. Харин хувь хувьдаа бол сүрхий бодлоготой байх. Хувийн биш эх орноо гэсэн Политиктой  бай л даа Төрийн түшээдүүд ээ!!!  Эх орноо гэх "Санаатай" бай!!! 


Ямар ард түмэн байна, яг тийм төр засаг байна гэж үнэн бөгөөд хатуу үг. Элдэв маафаантай асуудалд нэр нь хутгалдсан л бол тэр хүнийг битгий сонго, битгий санал өг. Эрх нь бид нарт байгаа.
Ингээд ярилцлагыг хүргэе. Энэ ярилцлага надад таалагдлаа.


“Тэнгэр” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал М.Болдыг энэ удаагийн “Би Монголоо ингэж хөгжүүлнэ” буландаа урьж, хөгжилд нэмэрлэх санаа бодлыг нь сонслоо.
-М.Болд гэж хэн бэ гэсэн асуултаар ярилцлагаа эхлэе?
- Харчуу овогтой Магваны Болд би нийслэлийн 23 дугаар дунд сургуулийг төгсөөд Унгар улсын Эдийн засгийн их сургуулийг Олон улсын эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн. Дараа нь АНУ-ын Колумбын их сургуульд Олон улсын харилцааны магистрийн зэрэг хамгаалсан. Ажлын гараагаа 1986 онд СОТ-3 буюу Зөвлөлтийн барилгын гуравдугаар трестийн боловсон хүчний зааварлагчаас эхэлсэн. Нийгмийн шилжилтийн үе буюу 1990 онд Зах зээл судлалын хүрээлэнд эдийн засгийн судалгаа шинжилгээ хийж байлаа. Ерөнхийдөө 1990 оноос нийтдээ 20-иод жил банк санхүүгийн салбарт ажиллаж эхэлсэн. Монголын арилжааны хэд хэдэн банкинд ажилласан. Мөн АНУ-ын Вашингтон хотод Дэлхийн банк, Олон улсын валютын санд зөвлөхөөр ажиллаж байлаа. Бас хэсэг хугацаанд Афганистан улсын Төв банкинд зөвлөх хийсэн. Монголбанкинд дэд ерөнхийлөгчөөр 1996-2000 онд ажилласан байсан. 2005 оноос ХасБанкны Ерөнхий захирал, 2009 оноос Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад энэ оны эхнээс тус банкны толгой компани “Тэнгэр” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирлын албыг хашиж байна. Ерөнхийдөө эдийн засаг, банк санхүүгийн салбарт ажиллалаа. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Товчхондоо би ийм намтар түүхтэй.
-Манай улсад уул уурхайгаас их хэмжээний орлого олоод үсрэнгүй хөгжих нь гэж ярьж байна. Та эдийн засагч, санхүүч хүний хувьд үүнийг хэрхэн харж байна вэ?



-Эдийн засаг тасралтгүй хөгжиж, сэргэж байгаа. Зарим тохиолдолд дээш, доошоо орох явдал байдаг. Энэ бол жирийн үзэгдэл. Манайхан доошоо орохоор нь хэвийн бус үзэгдэл шиг шуугидаг. Үүнийг хүнтэй зүйрлэж үзвэл их энгийн. Хүн зарим өдөр өөдрөг, зарим өдөр гутрангуй байдагтай адил юм. Хүнтэй адилхан үйл явц болж байдаг. Хамгийн гол нь энэ үйл явцыг зөв үнэлж дүгнэж, цаашдын хөгжлөө тодорхойлох нь чухал. Мэдээж хэрэг, уул уурхай болон бусад салбар үсрэнгүй хөгжих нь үнэн. Хөгжиж эхэлж байна. Тэр хөгжлөөс орж ирж байгаа том баялаг шударга хуваарилагдах ёстой. Үүнийг хүн бүр ярьж байна. Энэ яриагаа амьдралд хэрэгжүүлэх ёстой гэж бусад хүмүүстэй адил бодож явна. 


-Монгол хөгжихөд олон саад байх шиг. Үүнийг хүмүүс ярьсаар л байна. Жишээ нь дэлхийн жишигт хүрсэн мэдлэг боловсролтой хүн алга гэх юм?

-Өөрөө хөгжих гэж байна гэж яриад байх юм. Уг нь бид хөгжөөд л байгаа. Бид хөгжиж байгаагаа сайн анзаарахгүй байна. Чамайг төрөхөд өөр нийгэм байсан. Тэр үед гадаад явах эрхгүй байсан. Гадаад явах бол Гадаад хэргийн яамнаас зөвшөөрөл авах ёстой байсан. Бохь зажилж, жинс өмсч чадахгүй, хувийн өмчгүй байсан. Хориотой зүйл байлаа. Чамд дуртай үедээ чихэр жимс авч идэх бололцоо байгаагүй. Яагаад гэвэл, тэр чихэр жимсийг улс оруулж ирдэг байсан. Улс оруулж ирэхгүй бол чи идэж чадахгүй. 1990 онд нар хамба, нандин чавгыг Засгийн газрын хуралдаанаар авах уу, үгүй гэдгийг хэлэлцээд авчирч байлаа. Хятадаас нар хамба, нандин чавгыг Монгол Улсын валютын нөөцөөс хоёр сая доллар гаргаж авчирч ард түмнээ Цагаан сараар баярлуулах уу, үгүй юу гэдгийг Засгийн газар хэлэлцэж байлаа. Тэгээд бодоод үз дээ. Өнөөдөр чи бохь зажилж, жинс өмсч, гадаад явж, хувийн өмчтэй байна. Өмнөх нийгэмд чамайг доллар халааслаад явж байвал мөрдөх байлаа. Өнөөдөр ямар ч улсын валют бариад явж байхад чамайг хэн ч мөрдөхгүй. Гэх мэтчлэн олон жишээг дурьдаж болно. Одоо бүх юм боломжтой, нээлттэй болсон. Энэ баялгаас хүртэхэд хүн бүр хөдөлмөрлөх хэрэгтэй. Бид зөв хүн байж, зөв хөдөлмөрлөж баялгаас хуваалцах боломжтой нийгэмд амьдарч байна. Хөгжсөн байгаа биз. Дотор нь амьдарч байгаа учраас яаж хөгжсөнийг нь анзаарахгүй байгаа хэрэг. Одоогийн нийгмийг өмнөхтэй харьцуулахад өдөр шөнө шиг ялгаатай. Харин энэ цагт ядуурал, гуйланчлал, хог түүгээд явж байгаа залуус, траншейнд амьдардаг хүүхдүүд Монголын гутамшиг болж байна. Үүнийг шийдэж чадахгүй олон жил боллоо. Шийдэх боломжтой боловч монголчууд нэгдмэл биш, хамтарч ажиллаж, амьдрах ухаанд суралцаагүйгээс бахь байдгаараа явсаар байна. 


-Монголчууд бүх болж бүтэхгүйг төрийн буруу гэж нялзаадаг. Зөвхөн төр буруутай юу, монгол хүн бүр буруутай юу?


-Ер нь бол монголчууд өөрсдөө буруутай. Хамгийн том буруутан гэвэл монгол хүн өөрөө. Монголын сая гаруй хүн саналаа өгөөд төрөө сонгодог. Ямар хүмүүсийг сонгоно тийм л төр бий болно. Төрд ажиллаж байгаа хүн бидний дундаас төрсөн. Хамгийн эхэнд хүн өөрийгөө бууруутгах хэрэгтэй. Уг нь хүн бүр өөрийнхөө хүчинд итгээд урдаа тавьсан зорилготой, өөрийн хэмжээнд ажиллаж, хувь нэмрээ оруулж чадвал энэ байдлаас гарах боломжтой. Энэ олон хүнийг нэгтгэж нэгэн үзүүрт чиглүүлэхэд төрийн үүрэг оролцоо, манлайлал чухал л даа. Одоо гудамжинд гараад монгол улс хаашаа явж байна вэ? гэж асуувал нэгдүгээрт, хариулах хүн цөөхөн байх, хоёрдугаарт хариулт нь маш олон утга санаатай байх болов уу.


-Энэ асуултыг танд тавибал юу гэж хариулах вэ?


-Надад ч гэсэн хариулахад хэцүү байна. Яагаад гэвэл, 2.7 сая хүнийг нэгэн зүгт чиглүүлсэн бодлого харагдахгүй байгаа юм. Төрийн энэ бодлогыг би хувьдаа олж хардаггүй. Хүнлэг, ардчилсан нийгмийг байгуулна гэж Монгол Улсын Үндсэн хуульд бичсэн байдаг. Тэрийг л хэлбэл хэлэх байх. Гэхдээ хүнлэг, ардчилсан нийгэм гэж юу вэ? гээд хүн болгоноос асуувал хариулахад хэцүү. Хувь хүний бодлоос хол хөндий, хэтэрхий албархуу сонсдох болов уу. Хүнлэг, ардчилсан нийгэм гэж юу юм бэ гэдгийг ердийн хүнд ойлгогдохоор хялбар томьёолоод тархи толгойд нь шингээвэл монголчууд хаашаа явж байгаагаа ойлгох байх. Тодорхой жишээ дурьдая, хувийн компаниуд алсын хараа, эрхэм зорилгоо бичээд гол танхимдаа байрлуулсан байдаг. Манай компанийн алсын хараа ийм, бид ийм юмыг эрхэмлэж, энэ зүгт тэмүүлж хөгжиж байна гэдгээ тодорхой бичсэн байдаг шүү дээ. Зарим яам, тамгын газар ч бичсэн байдаг. Монгол Улсын хувьд тийм зүйл харагдахгүй байгаа юм. Би Монгол Улс алсын хараа, эрхэм зорилготой байх ёстой гэж боддог. Хүнлэг, ардчилсан нийгэм гэдгийг энгийн үгээр тайлбарлаад айл бүрийн хойморт залаад ч юм уу, найман настай балчраас наян настай ахмадад бид ийм зүйлийг эрхэмлэж зорьж яваа юм байна гэж ойлгуулах хэрэгтэй. Тэгж байж бид зорьсон зүг рүүгээ зэрэг хөдөлнө, хүчээ нэгтэнэ. Хүнлэг, ардчилсан нийгмийг босгож байгаа бол тэр рүүгээ сэтгэл дүүрэн, үнэмшилтэйгээр бүх хүчээ дайчилж ажиллаж хөдөлмөрлөх байхгүй юу. Тийм алсын хараа байхгүй байгаа учраас юу хийгээд байгаа, хаашаа яваад байгаагаа ойлгохгүй тархай бутархай байсаар байна. Хэсэг хэсгээрээ нэг юм бүтээх гэж оролдоод хөлсөө гоожуулаад байдаг. Нийлээд хаашаа явж байгаа юм бэ гэдэг нь ойлгомжгүй. Улсын хэмжээнд алсын хараа, эрхэм зорилго байх ёстой, тэрийг нь ард түмэнд ойлгуулах ёстой гэж бодож явдаг. 


-Засгийн газар хоёр жил дараалан Монголын эдийн засгийн чуулганыг зохион байгууллаа. Тэр чуулганаар монголын элитүүд цуглаж болж, бүтэхгүйгээ ярьж байна. Үүнийг монголчуудын бодол санааг нэгтгэх нэг гарц юм болов уу гэж хардаг юм?


-Энэ нэг гарц мөн л дөө. Олон хүн санал бодлоо уралдуулаад хийж бүтээх гэж байгаа зүйлээ хамтарч ярилцаж байгаа нь нэгтгэх замын нэг. Гэхдээ л хаашаа явж байгаа нь ойлгомжгүй хэвээр. Үндсэн хууль дээр бичсэн нэг өгүүлбэрээс өөрөөр тодорхойлогдоогүй. Би чамд алсын хараа, эрхэм зорилготой холбоотой сонирхолтой жишээ ярья. АНУ-ын сансрын хөлөг үйлдвэрлэдэг “Шаттл” компанийн цэвэрлэгчээс “Та юуны төлөө ажиллаж байгаа юм бэ?” гэж асуужээ. Цэвэрлэгч “Би сансарт хүн нисгэх гэж байгаа юм” гэж хариулсан гэдэг. Хэдийгээр шал арчдаг цэвэрлэгч боловч тэр хүний алсын хараа, эрхэм зорилго сансарт хүн нисгэх. Тэр компани ажилтан, албан хаагчдынхаа зорилго, сэтгэл санааг тэгж их хурцалж, нэгэн зүгт чиглүүлж чадсан байгаа юм. Монголчуудаас “Бид юуны төлөө ажиллаж байна вэ?” гэж асуувал тэр  цэвэрлэгч шиг шууд хариулж чадахгүй байх. Шууд хариулж чаддаг болтол нь Монголын хүн ам, нийгэмтэй ажиллах ёстой. Тэр ажлыг Монголын бүх байгууллага хийх ёстой. Аав ээж, сургууль нь хүүхдүүддээ заах ёстой, аав ээжид нь албан байгууллага нь заах ёстой. Төрийн, олон нийтийн байгууллагынхан, шат шатандаа ухамсарлаад алсын хараа, эрхэм зорилгоо үндэсний номлол болгоё. Номлолоо найман настай балчраас наян настай буурайд хүртэл ойлгуулах хэрэгтэй. Засгийн газар маш олон хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулдаг. Компаниуд ч боловсруулдаг. Олон төлөвлөгөө байгаа. Энэ төлөвлөгөөнүүдийг юу нэгтгэж байна вэ? Нэг цэг, гол зүйл дээр нэгдэх учиртай. Тэр гол зүйлээ үндэсний хэмжээнд ойлголцоод үндэсний номлол болгомоор байгаа юм. Уг нь үндэсний номлол болсон юм нь Үндсэн хууль. Үндсэн хуулиа энгийн цөөн үгээр номлол болгох хэрэгтэй байна. Тэрийгээ ард түмэнд ойлгуулаад нэг зүг рүү хүчээд шавхаад хөдөлвөл бид амжилтад хүрнэ, ядуурлаас гарна. 


-Тэгж чадахгүй бол ядуу хэвээрээ байгаад байх уу?
-Тийм. Бид тархай бутархай хэвээр л байна. 


-Уул уурхайг ядуурлаас гаргах аврал гэж итгэл найдвар тавьж байна. Үнэхээр аврал мөн үү?

-Урт хугацаанд авралын од байж чадахгүй. 20 жилийг богино хугацаа гэж бодьё. Тэгвэл авралын од байж магадгүй. Яагаад гэвэл, богино хугацаанд ашиг олно. Тэр ашгаа хоол хүнс, гутал хувцас болгож нэг хэсэг амьдарна. Газрын хэвлийн баялаг нөхөн сэргэхгүй. Тэр баялгийг гутал хувцас, хоол хүнс биш, эрдэм мэдлэг болгоод монгол хүн бүр бие бялдар, оюун ухааны хувьд дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай болж чадвал авралын од болно.


-Улс төрийн хэрүүл тэмцэл ч тасрахгүй юм. Тэр нь луйварчин, энэ ч авлигач гээд. Ард түмэн хэнд ч үл итгэгчид болж хувирчихаад байна. Бид хөгжихийн тулд хамгийн наад зах нь авлигаас эхлээд устгах саар муу юм олон байгаа болов уу?

-Бүх төвшинд ил тод байдал бий болгох хэрэгтэй байх. Бүх компани хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах ёстой. Хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа олон нийтэд тайлагнах ёстой. Зарим нэг компани энэ жишгийн дагуу ил тод тайлагнаад явж байна. Жилийнхээ тайланг сонин хэвлэл, вэбсайтаар дэлгээд дээрээс нь хурал цуглаан дээр дэлгээд явж байна. Компанийнхаа санхүүгийн байдал болон үйл ажиллагааг олон нийтэд тайлагнаж явахыг ил тод байдал гэж байгаа юм. Компанитай адил төр, иргэний нийгмийн байгууллагууд санхүүгийн болон өдөр тутмын үйл ажиллагааныхаа талаар тайлагнаж байх ёстой. Ил тод байдал хангагдахгүй байгаагаас болоод наад зах нь хардаж сэрдэх, цаашлаад гүтгэж доромжлох үзэгдэл тасрахгүй байна. Зөвхөн Монголын асуудал ч биш. Бусад орнуудад ийм байдал бий. Хууль цаазат төр гэж ярьдаг. Хууль цаазыг зөрчсөн этгээдүүд шийтгэгддэг байх ёстой. Тэгж байж журамд орно. Журамд орохгүйгээр бүх хүн эрх чөлөөтэй гээд бусдын эрх чөлөөнд халдвал энэ замбараагүй байдал арилахгүй. Монголчууд өнөөдөр замын хөдөлгөөний дүрмээ баримтлахгүй байна. Замын хөдөлгөөний дүрмээ баримтлахгүй байж хууль цааз баримтлах уу. Монгол хүн жолооны ард суухаараа нэгнийгээ хүндэлдэггүй, мөргөдөг, шүргэдэг, зоддог амиа хичээсэн адгийн хувалз шиг болсон. Ядаж замын хөдөлгөөний дүрмээ баримталдаг, нэгнийгээ хүндэлдэг болох хэрэгтэй. Тэгж байж үндэсний хэмжээний замын хөдөлгөөний дүрмээ, өөрөөр хэлбэл, хөгжлийн замынхаа дүрмийг баримталдаг болно.


-Энэ бидний сэтгэлгээтэй холбоотой юу?


- Энэ бол сэтгэлгээний ядууралд ороод, хүнээ алдаад, араатан шинж чанар руу ойртож байгаагийн тэмдэг. Эргээд нөгөө номлолтой холбоотой. Нэгдсэн номлол, соёл байхгүй, хүмүүжлээ, үндэснийхээ соёлын өвийг гээснээс ийм байдалд хүрч байгаа юм. Монголчууд хар үс, бор царайтай гаднаас нь харахад хүн. Дотогш нь өнгийхөөр зан араншин, ёс суртахуун нь дундарчихаж. Тэрийг нь дүүргэх ёстой. Яаж дүүргэх вэ гэхээр, өв уламжлалаа сэргээж, хүн төрөлхтний дэвшилтэд ололтоос байнга суралцаж дүүлгэнэ. Монгол өв уламжлалаа хадгалахын зэрэгцээ улам хөгжүүлж баяжуулж явах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, монгол хүний дотор ёс суртахуун, бидний өвөг дээдсийн олон зуун жилийн турш хөгжүүлж ирсэн зан суртахууныг нь эргүүлэн суулгаж өгөх хэрэгтэй байна. 


-Одоо шинэ цагийн монгол хүн гэсэн хэллэг гарчихаж. Баруунд дэлхийн боловсрол эзэмшээд ирсэн хүнийг тэгж нэрлээд байна. Тэднийг шударга монголыг бий болгоно гэж найддаг ч хүн таарах юм?

-Би хувьдаа шинэ монгол хүн гэж өв уламжлалаа нэвтэрхий мэддэг, нэвтэрхий мэдэхээс гадна ойлгодог, өдөр тутмынхаа амьдралд хэрэгжүүлдэг, бусдад зааж сургаж сурталчилж, хуваалцах, үр хүүхэддээ өвлүүлэх чадвартай хүнийг хэлнэ. Энэ газар шороон дээр амьдарч байгаагийн хувьд өвөг дээдсийнхээ хийсэн бүтээсэн зүйлийг ирээдүй хойч үедээ өвлүүлэх чадвартай байх ёстой. Өв уламжлалаа мэдэхгүй хүн цэвэр барууны, гадаадын соёлыг эзэмшсэнээр шинэ монгол хүн болохгүй. Хятадын, Европын, АНУ-ын, Оросын соёлыг эзэмшсэн хүн байя гэж бодьё. Тэгвэл тэр монгол хүн биш. Монгол өв уламжлалаа мэддэггүй бол тэр хүн орос, америк, эсвэл хятад хүн болж хувирна. Арьс өнгө, биеийн хэлбэр галбир нь монгол шиг харагдах байх. Хүн чанарынхаа хувьд монгол хүн биш. Монголыг монгол сэтгэлгээтэй монгол хүн хөгжүүлнэ. Монгол сэтгэлгээ гэдгийг ахуйн соёлын хүрээнд ойлгож болохгүй шүү. Би хутга бариад хонины өөхтэй хавирга огтолсноор монгол хүн байна гэж хэлэхгүй. Цэвэр үзэл бодол, ёс суртахууны талаас нь харж байна. Байгаль дэлхийгээ хайрладаг, ахмадаа хүндэлдэг, багачуулаа өргөдөг, шударга ёсыг эрхэмлэдэг, урвагч бялдуучийг үзэн яддаг, зовсон нэгэнд морио унуулаад явуулдаг гэх мэтчлэн өвөг дээдсийн маань баримталж ирсэн зарчмууд бий. Монголын хөрс шороонд төрсөн хүн энэ чанаруудыг эзэмшсэн байх ёстой. Энэ чанарыг эзэмшсэн хүн олон улсын соёлоос нэмж суралцаад Монголыг хөгжүүлнэ. Цэвэр барууны соёл эзэмшиж ирээд Монголыг хөгжүүлж чадахгүй. Тэр хүн Монголоо ойлгохгүй. Гадаадынхан ирээд Монголыг хөгжүүлэхгүй. Гадныхан харин Монголын хөгжилд тус нэмэр болно. Гэхдээ заавал төлбөр авна. Гадаадын хөрөнгө оруулалттай компани Монголд байгуулагдлаа гэхэд ашгаа аваад гарна. Хэр баргийн хүн буяны төлөө орж ирэхгүй. Бидний үр хүүхэд энэ хөрс шороон дээр амьдрах учраас Монголыг урт удаан хугацаанд хөгжүүлэх ашиг сонирхол монголчуудад л байгаа. 


-Засгийн газар Тавантолгой, Хөгжлийн банк гээд том төслүүд хэрэгжүүлж байна. Дандаа гадаадуудаар удирдуулна гэх юм. Үүнийг эсэргүүцэж байгаа хүмүүс ч байна. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?


-Монгол улсад эдийн засаг, нийгмийн аль салбарыг хөгжүүлэх вэ? Боловсролоо юм уу, эрүүл мэндээ юм уу, үйлдвэрлэл үйлчилгээгээ юм уу, уул уурхайгаа юм уу, мал аж ахуйгаа юм уу аль салбарыг яаж хөгжүүлэх вэ гэдэг бодлогыг монголчууд өөрсдөө хийх ёстой. Тэр бодлогыг хийхдээ өөрсдийнхөө эрдэмтэн мэргэдээс санал авч болно. Гадаадын мэргэжилтэн, судлаачдаас санал авч болно. Яагаад гэвэл, энэ бодлогыг зөв зүйтэй дэлхийн хөгжилтэй уялдуулах хэрэгтэй. Монгол орон ганцаараа саран дээр оршдоггүй. Эргэн тойрон 200 улс байна. Эдгээртэй уялдаатай хөгжих ёстой. Тэдний хөгжлөөс хоцрохгүй байх хэрэгтэй. Энэ бодлогыг хийхэд гадаадын компани, мэргэжилтэн, зөвлөх зайлшгүй хэрэгтэй. Манай их хаадууд гадаадын зөвлөхүүдтэй байсан. Тэгж байж дэлхийн нийтийн үйл хэргийг явуулна шүү дээ. Гадныхныг үгүйсгэж болохгүй. Хамгийн гол нь бодлогыг нь монголчууд барих ёстой. Хэн хэрэгжүүлэх нь дараагийн асуудал.


-Банкны салбар ер нь гоочлогдоод байдаггүй. Манай банкны салбар дэлхийн жишигт хүрэх дөхөж байна уу. Гадаад, дотоодын банкны салбарт олон жил ажилласан хүний хувьд өөрийн салбарынхаа хөгжлийг юу гэж дүгнэдэг вэ?

-Олон улсын төвшинд хүрээгүй. Нийтээрээ хүрэх арай болоогүй байна. Монгол Улсын эдийн засаг, нийгмийн бусад салбаруудыг бодвол банк санхүү олон улсын жишиг рүү илүү хурдан ойртож байна. Өөр олон улсын жишигт ойртсон, нүдэнд ил байгаа салбар нь харилцаа холбоо. Гар утасны таван оператор компанийн үйл ажиллагаа олон улсын жишигт ойртож байна. Иймэрхүү салбарууд дэлхийн жишигт ойртлоо. Дэлхийн жишгээс давсан салбар бараг алга. Монголчууд дэлхий нийтийн тогтсон стандартаас илүү гарах том зорилго тавих ёстой. Яагаад бид заавал дундаж байх ёстой юм. Банкны хувьд гэвэл онцгой байгууллага. Жирийн нэг аж ахуйн нэгжээс онцгой эрхтэй. Харилцагчдын хүрээнд хязгаар байхгүй. Банк байгуулсан л бол Монгол Улсын бүх иргэн, компанитай харилцах эрх үүсч байгаа юм. Тиймээс хариуцлага өндөр байдаг. Банкны үйл ажиллагаа явуулах эрхийг авсан хувь нийлүүлэгч үүсгэн байгуулагчдын хариуцлага маш өндөр. Тэр хариуцлагыг нь хуулиар зааж өгсөн байдаг. Хариуцлага өндөр учраас үйл ажиллагаагаа ард түмэнд ил тод байлгах тал дээр бусад компаниас илүү. Санхүүгийн тайлангаа улирал тутам сонинд хэвлэдэг. Жил бүр хөндлөнгийн аудитын компаниар шалгуулж баталгаажуулаад ард түмэнд мэдээлдэг. Хариуцлага өндөр учраас олон улсын төвшин рүү илүү хурдан ойртож байгаа юм.

эх сурвалж: www.tengerfinancialgroup.com

No comments:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц