Миний бие блог дээрээ Оюу Толгой, Таван Толгойн тухай үзэл бодлоо нийтэлсээр ирсэн бөгөөд энэ асуудалд иргэн, бас судлаачийн үүднээс ямар байр суурьтай байдгаа илэрхийлсэн. Мөн блогийн Толгойнууд гэсэн категорит энэ талаархи надаас гадна бусад хүмүүсийн бичсэн нийтлэл, мэдээллүүд байгааг харж болох юм.
Энэ удаад Оюу Толгойн Хөрөнгө Оруулалтын гэрээ: Бодит баримтууд гэсэн нийтлэлийг Оюу Толгой ХК-ийн албан ёсны сайт болох www.ot.mn сайтнаас авч блогтоо нийтэлж байна.
Миний нийтлэлүүдийн ихэнхи нь шүүмжлэлт байр суурьнаас хандаж бичигдсэн бөгөөд басхүү шүүмжлэлт бус мэдээ нийтлэлийг тавьж байх нь уншигчдад харьцуулж унших боломжийг бүрдүүлэх буй гэж бодсоны үндсэн дээр энэ нийтлэлийг хүргэж байгаа юм.
Оюу Толгойн гэрээ байгуулагдсанаар Монгол Улсын эдийн засаг болоод бусад салбар мөн ард түмний амьжиргаанд томоохон дэмжлэг тус болж байгаа яах аргагүй үнэн юм. Гэхдээ гэрээ алдаатай, бас Монголын талд илүү ашиггүй байгуулагдсан гэдэг нь бас л үнэн юм. Өөрөөр хэлбэл Оюу Толгойн ордыг ашиглалтанд оруулснаар Хөрөнгө оруулагчид бас Монгол улсад аль алинд нь тодорхой хэмжээгээр ашиг өгөх нь ойлгомжтой ч Монголын талын хүртэх ашиг Хөрөнгө оруулагчдаас бага буюу бага байхаар байгуулагдсан нь бас л үнэн. Үр дүнг нь бид одоо харахгүй, олборлолт, ашиглалт явагдаж дууссаны дараа харах бизээ. Тэр цагт бид Оюу Толгой гэдэг асар том далайгаас Хөрөнгө оруулагчидтТонн тонноор нь хутгаж авсаныг харин Монгол улс шанагахан төдийгөөр хутгаж авсаныг харах нь бас л үнэн юм. Учир нь гэрээ тэгж л байгуулагдсан, тохиролцоо тэгж хийгдсэн. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр гэж ярьдаг ч Оюу Толгой бол зүгээр нэг өөх, уушиг төдий зүйл биш билээ. Үүн дээр илүү нухацтай хандаж сонгуулийн утгагүй амлалтаа биелүүлэх гэж гэрээг яаран батлаагүйсэн бол бид илүүг хожих байсныг үгүйсгэх аргагүй. За яахав чамлахаар чанга атгая даа гэж үү? Одоо Монголоос ямар ч зардал гаралгүй Монголчууд бид мөнгө аваал, амьжиргаагаа дээшлүүлээл Оюу Толгой од болоол олон хүнийг хагартал нь цалинжуулаал байгаа нь хангалттай юу? Зарим хүний хувьд хангалттай байж болох юм. Магадгүй надаас бусад Монголын 2 сая 799,999 иргэн ч ингэж бодож байж болох юм. Гэхдээ би тэгж бодохгүй байна. Бидний өвөг дээдсийн халуун амь бүлээн цусаараа байлдаж олсон үнэ цэнэтэй газар түүний доорх баялагийг хэдхэн хүн тодруулбал 76 хүн гадаадынханд хямдхан үнээр бүр тодруулбал саалгасан үнээнийхээ 6.6 литрийг саасан хүнд өгөөд өөрсдөө 3.4 литрийг авах жишээгээр зарсан нь буруу гэж би боддог. Монголын гүний цэвэр усны нөөцний ихэнхи хувийг эзэлдэг говийн усыг хямдхан ашиглуулж байгааг би буруу гэж боддог. Эхэндээ Би Оюу толгой, Таван Толгойн ордын сураг дуулдахад Өмнөговийнхон ч азтай байна шүү гэж боддог байсан бол одоо Өмнөговьд төрөөгүйдээ баярладаг. Учир нь тэдний нүдэн дээр унасан газар угаасан ус байгаль экологи нь сүйрч байна. Эх орон, төрсөн нутаг нь нүднийх нь өмнө сүйрч байгааг хараад, түүний төлөө юу ч хийж чадахгүйгээ мэдрэх ямархуу байдгийг Өмнөговийн эх оронч ард түмэн хамгийн ихээр ойлгож байгаа. Эцсийн эцэст бид алтаа алдаад хохирохгүй харин усаа алдаад, байгалаа, экологоо алдаад хохирох вий дээ. Миний байр суурь ийм байна. Нийтлэлийг хүргэе.
Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ: Бодит баримтууд
Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний тухай олон нийтэд илүү бодит ойлголт өгөх, уг төслөөс Монгол Улсад үзүүлэх үр ашгийг дахин таниулан хүргэх зорилгоор энэхүү баримтыг толилуулж байна.
Бид Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний талаар тодорхой тайлбарласнаар Монгол Улсын Засгийн Газартай хийсэн хэлэлцээр шударга, ил тод явагдсаныг дахин нотлохыг хүсч байна.
Оюу Толгой төслийн зүгээс Хөрөнгө оруулалтын гэрээний гол заалтууд, ил тод байдлыг хангаж буйг илтгэх баримтуудыг толилуулж байна. Хөрөнгө оруулалтын гэрээний гол заалтуудыг дурдвал:
- Оюу Толгой нь дэлхийд томоохонд тооцогдох зэс-алтны хүдрийн биет бөгөөд одоогоор тогтоогдсон нөөцийг үндэслэн 60 гаруй жил ашиглах боломжтой гэж тооцож байна. 2011 оны эцэс гэхэд Рио Тинто болон Айвенхоу Майнз компаниуд Оюу Толгой төсөлд нийт 4.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан байх бөгөөд Хөрөнгө оруулалтын гэрээ батлагдах хүртэлх хугацаанд хайгуул, үнэлгээний ажилд нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулсан юм.
- Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд хэлэлцэн Монгол Улсын Засгийн газар, Рио Тинто болон Айвенхоу Майнз компаниуд гэрээнд гарын үсэг зурсан.
- Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Монгол Улсын Засгийн газар Оюу Толгой төслийн 34%-ийг үнэ төлбөргүй эзэмших бөгөөд энэхүү хувь хэмжээ ямар ч нөхцөлд өөрчлөгдөхгүй. Мөн Засгийн газар өөрийн эзэмшлийн хувь хэмжээг 50% хүргэж нэмэгдүүлэх сонголт хийх боломжтой.
- Монгол Улсын Засгийн газар Оюу Толгой төслийн үр ашгийн ихэнх хэсгийг татвар хураамж, байгалийн баялаг ашигласны татвар (роялти) болон ноогдол ашгийн хэлбэрээр хүртэнэ.
- Монгол Улсын Засгийн газар төслийн хөрөнгө оруулалтанд өөрийн төсвийн эх үүсвэрээс ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулах шаардлагагүй. Айвенхоу Майнз болон Рио Тинто компаниуд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс шаардагдах бүхий л санхүүжилтийг хийнэ.
- Оюу Толгой Монголчуудад мянга мянган ажлын байр, бизнесийн боломжуудыг бий болгоно. Оюу Толгой нь хувийн хэвшлийн хамгийн том ажил олгогчдын нэг бөгөөд одоогоор 8000 гаруй ажиллагсадтайн зэрэгцээ сургалт, ажлын байрны боломжуудыг бий болгосоор байна.
- Монголчуудыг ажилд авах, сургаж дадлагажуулах нь бидний тэргүүлэх зорилт юм. Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу уурхайн ашиглалтын жилүүдэд 10 ажилтны 9 нь Монголчууд байна.
- Монголын олон зуун аж ахуйн нэгж, хувь хүмүүс Оюу Толгойд бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлж байна.
- Уурхайг дагасан дэд бүтэц тэр дундаа зам, эрчим хүч, ус, агаарын шугамууд нь Өмнийн говийн бүсийн эдийн засгийн хөгжилд чухал түлхэц болно.
Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий Захирал Камерон МакРей “Айвенхоу Майнз Оюу Толгойн ордыг нээснээс хойш өнөөг хүртэлх төслийн ажил нь гагцхүү Хувь нийлүүлэгчдийн санхүүгийн дэмжлэгээр амжилттай явагдаж ирлээ. Рио Тинто, Айвенхоу Майнз компаниуд төслийг өнөөдрийн түвшинд хүргэхэд асар их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийгээд байна. Цаашид ч уурхайг барьж үйлдвэрлэлийг эхлүүлэх, дэлхийн түвшний стандартанд нийцсэн үйл ажиллагаа явуулахад зориулж олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсээр байх болно.
“Монгол Улсын Засгийн Газар болон ард иргэд Оюу Толгой төслөөс нийгэм, эдийн засгийн олон ач тусыг хүртэнэ. Олон улсын санхүүгийн байгууллагууд, судлаачдын зүгээс Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд хийсэн дүн шинжилгээнүүд нь уг гэрээг олон улсын тэргүүн туршлагыг шингээсэн болохыг баталж байна.
“Оюу Толгойгоос Монголчуудын хүртэх үр өгөөжийг Хөрөнгө оруулалтын гэрээгээр баталгаажуулсан бөгөөд нөгөө талаас уг гэрээ нь ирэх олон арван жилүүдэд Монголын эдийн засгийн бат суурь нь Оюу Толгой төсөл байна гэдгийг бататгаж байгаа юм.
“Хөрөнгө оруулалтын гэрээг Засгийн Газар дэмжиж буй нь хөрөнгө оруулагчдад итгэл өгч, төслийн шаардлагатай хөрөнгө оруулалтыг тодорхой болгож буй хэрэг юм. Түүнчлэн энэ нь олон улсын хөрөнгө оруулагчдад Монгол Улс бизнес эрхлэхэд нээлттэй гэдэг чухал дохиог өгч байна.
“Шударгаар хэлэлцэн тохирсон эрх зүйн баримт гэрээгээ туйлбартай сахин мөрдөх нь цаашид хэрэгжих томоохон төслүүдийн санхүүжилтийг босгоход Монгол Улсыг хүчирхэг байр суурьтай байхад нь тус дөхөм болно. Үүний үр дүнд томоохон төслүүдийнхээ үр шимээр Засгийн Газар үндэсний хэмжээний бүтээн байгуулалтыг өрнүүлж Монголын ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад нь дэмжлэг болж чадна гэж итгэж байна” хэмээн тэмдэглэн хэллээ.
Холбоотой нийтлэлүүдийн линк:
Өөрийн үзэл бодолоо бусадтай хуваалцана гэдэг хамгийн ухаалаг хүний хийдэг ажил гэж боддог. Өнөө үед дуу хоолойгоо бусдад хүргэж бай хэрэгтэй. амжилт
ReplyDeleteБаярлалааа.
ReplyDeleteмаш хэрэгтэй мэдээллүүд байна. Баярллаав Идэвхитэй үргэлжлүүлээрэй.
ReplyDeleteОюу Толгойн тухай бичихээ больсоон. Илүү сайн мэдэх нь бичиг гэж бодсон. Гэхдээ зав гарвал хичээж байгаад үргэлжлүүлээд бичнэ ээ. Дэмжсэнд баярлалаа.
ReplyDelete