Blogger templates

2011-05-14

Б.Түвшин: Намчирхал хэрээс хэтэрч, улс эх орны хөгжилд чөдөр, тушаа болж байна



1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын нөлөөгөөр манай улсын иргэд үг хэлэх, эвлэлдэн нэгдэх, хувийн өмчтэй болох, гадаад паспорттой болж олон улсад чөлөөтэй зорчдог болох зэрэг маш олон эрх, эрх чөлөөг эдэлдэг болсон нь хэн бүхэнд таатай. 

Хүн төрөлхтөний мөрөөдөл болсон эдгээр эрх, эрх чөлөөг монгол хүн харин ч нэг эдэлж, дэлхийн соёлт хүн төрөлхтөнтэй хөл нийлүүлэн алхаж буй хэдий ч, бас хэтрүүлэх, хэтийдүүлэх зэрэг сөрөг үзэгдлүүд нийгэмд гарсаар байна. УИХ-аас энэ талаар хэлэлцэж, засаж сайжруулсаар байгаа хэдий ч улсын маань хөгжилд саад болж байгаа хамгийн том нэгэн сөрөг үзэгдлийн тухай дурдахгүй өнгөрч болохгүй нь. 
Дуугараад зогсохгүй, үүнтэй эрс тэмцэхгүй бол, энэхүү нийгмийн үзэгдэл иргэдийн маань үзэл бодол толгойг бүрэн угаагаад зогсохгүй, улмаар улсын хөгжил, тусгаар тогтнолд ч саад учруулж мэдэхээр газар авч байна. Энэ бол НАМЧИРХАХ буюу намаар хуваагдах нийгмийн үзэгдэл юм. (Энэ нь хэдийгээр нийгэмд байх л үзэгдлийн нэг боловч, хэтэрвэл нэн аюултай үр дагаварт хүргэдэг ажээ.) 


Нам төвт төр оршсоор байна

Улс Төрийн Нам гэдэг сайн дураараа эвлэлдэн нэгдсэн бүлэг хүмүүсээс бүрдэх олон нийтийн байгууллага. Олон нийтийн байгууллага төрийн бодлогыг тодорхойлох ёсгүй (Манай улсад 800 хүн нэгдэн нам байгуулж болно). Тэд өөрсдийн үзэл баримтлалын дагуу мөрийн хөтөлбөр боловсруулж, түүгээрээ сонгуульд өрсөлдөнө. 
Зөвхөн сонгуулиар УИХ-д олонх болсон нам засгийн газраа байгуулан, үзэл баримтлалынхаа хүрээнд, мөрийн хөтөлбөрийнхөө дагуу улсыг удирдан хөтөлдөг гэж ерөнхийд нь томъёолж болох юм. Гэтэл манай улсад энэ хандлага ямархуу байна вэ? 
Бид нам төвт төрөөс салж, нэг намын системээс олон намын систем уруу шилжихээр нэгэнт зориг шулуудан шийдээд хэдэн жил болсон. Гэвч өнөөдрийн өнцгөөс харахад, эргээд л нам төвт төр, гэхдээ олон намын биш, цөөн намын систем тогтоод нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Улс төрийн намуудад өнөөдөр өөрийн үзэл баримтлал гэж алга. 
Зүүний намууд нь барууны үзэл баримтлалыг ярьж, барууны намууд нь зүүний чигийн зорилго дэвшүүлэх зэрэг нь аль хэдийн хэвийн зүйл болсон бөгөөд, сонгуульд л ялж байвал юу ч хамаагүй амлах, ямар ч хамаагүй мөрийн хөтөлбөр батлах болжээ. Дараагийн сонгуулийн өмнө амласан амлалтаа биелүүлэхээр улсын байтугай хувийн сангаа ч бүрэн гөвөхөөс буцахгүй улайрч байх нь олонтоо.
Ард түмнийг төлөөлж, сонгуулиар төрийн эрх барьж буй ямар ч нам буюу олон нийтийн байгууллага нь ард түмний хүсэл зоригийг бус нам нэрийн дор нэгдсэн цөөнхийн хүсэл зоригийг илэрхийлж, төрийн эрхийг цөөнхийн эрх ашигийг хамгаалахад ашиглаж байгаа нь төрийн хар хайрцагны бодлого, төрийн бодлогын залгамж чанар алдагдахад хүргэж, улмаар тэрхүү цөөнхөд багтахыг хэн бүхэн хүсч тэмцэлдэхэд хүргэж байгаа нь эмгэнэлтэй. 
Товчхон хэлэхэд энэхүү “Хамгаалал”-д багтахын тулд намчирхахаас өөр замгүй болж байна. Энэ бүхний цаана төрийн сан, төрийн бодлого, төрийн боловсон хүчин, төрийн тогтвортой байдал алдагдах аюул нүүрлэж байна.


Ажлын байр нь тогтоворгүй тул төрийн албан хаагчийг бас буруутгах аргагүй

Төр нь тодорхой нутаг дэвсгэрийн хүн амд тогтоосон эрх мэдэл, дэг жаяг, нийтлэг эрх мэдлийг хэрэгжүүлж буй байгууллага, албан тушаалтны тогтолцоо, хүн ам, нутаг дэвсгэр, үр нөлөө бүхий Засгийн газартай бүрэн эрхт, тусгаар тогтносон хуулийн этгээд юм. Эрх зүйт төрд төр, иргэний иргэний нийгмийн харьцаа тэнцвэртэй байх ёстой. Төр нь улс төрийн намуудаас ангид байж, нийгмийн тогтвортой байдал, улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаалан, тасралтгүй тогтвортой хөгжлийн үзэл баримтлалынхаа дагуу улсыг авч явах ёстой. 
Гэвч манай улсад төрийн бүхий л боловсон хүчнийг улс төрийн намуудаас сольж, томилдог болсноор төрийн бодлого алдагдаж, намчирхсан, намын эрх ашгийг хамгаалсан бодлого явагдах болсон. Энэ нь улс төрийн намуудад төрөөр тоглох боломж олгосон төдийгүй, нам төрөөс хүчирхэг байх үндсэн нөхцөл болсон. Бүх албан тушаал, томилгоог сонгуульд ялсан намууд дураараа сольж, өөрчилснөөр төрийн бүхий л албан тушаалтангууд намаас ямар нэгэн хэмжээгээр хамааралтай болсон. Анхнаасаа нам, төрийг зааглах бодлого явагдаагүйгээс төрийн бүх албан тушаалтан намын төлөө зүтгэж эхэлсэн. Хэдийгээр энэ нөхцөл байдлыг ойлгож, нам төр хоёрыг зааглах зорилгоор төрийн албан хаагчийн эрх ашгийг хамгаалсан хууль гаргаж, төрийг намаас салгах оролдлого хийж байгаа хэдий ч, анхнаасаа намаас томилогдсон албан тушаалтангууд нь намын бодлогыг дагаж, намчирхсан бодлого явуулж, ялсан хэд нь ч яаж ийж байгаад өөрийн намын гишүүдээ төрд шургуулах болжээ. 
Ялсан намын гишүүд ялагдсан намын гишүүдийг яаж халахаа л бодохоос, төрийн бодлого, тогтвортой байдал, хөгжлийн тухай бодох ч сэхэл алга. Нөгөө талаас нь харахад хувь хүний хувьд бас л аргагүй. Ажлын байр нь тогтворгүй, мэргэжил ур чадвараас үл хамааран, зөвхөн намын бодлогоос хамаарч байгаа учраас олдож байгаа 4 жилийн хугацаанд харин ч нэг төрийн хөрөнгөөр туйлж байна аа. Зөвхөн төрийн хөрөнгөөр туйлаад зогсохгүй, төрийн албан хаагчдаар тоглож байна. Энэ нь цаашлаад ард түмнийг хэд хэд хуваагаад зогсохгүй, сүүлдээ сонгуульд ялахын тулд улсаа ч худалдахаас сийхгүй байдалд хүргэж мэдэхээр болж байна.
Ард түмэн “Хагарч” байна

Намчирхал хамгийн их явагддаг газар бол хөдөө орон нутаг. Аав хүү, ах дүү нар намаас болж муудалцах нь энүүхэнд. Хаа сайгүй намчирхалаас болж мэргэжлийн боловсон хүчнүүдээ намын гишүүдээр солих, чадваргүй этгээдүүд төрийн албанд томилогдсоноор, төрийн үйл ажиллагаа гажуудаж, ард түмний эрх ашиг зорчигдөх болсон. Улсын хөгжлийн нэгдсэн бодлого байхгүйгээс, нам бүр сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулж, зөвхөн өнөө маргаашаа харсан үйл ажиллагаа явуулж байгаагын улмаас улс орны хөгжил хэдэн арван жилээр хойш татагдаж байна. 
20-р зуунд дэлхийн 2 их гүрний дунд оршдог жижигхээн Монгол улс тусгаар тогтносон нь агуу их өвөг дээдсээс маань үлдээсэн төрт ёсны уламжлал, төрөө өөрсдөө л барьдаг гэдэг нэн урт түүхэн сэтгэлгээний үр дүн гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Энэ түүхэн сэтгэлгээ, уламжлал бидэнд ямар их эрч хүч өгдөгийг өгүүлшгүй. Биднээс хэдэн арав дахин олон хүн амтай улс үндэстэнүүд тусгаар тогтнож, төрөө өөрсдөө барих тухай бодож ч чадахгүй явааг бид харж байна.Тэдэнд агуу түүх, уламжлалт төрт ёсны сэтгэлгээ, өвөг дээдсийн асар их эрч хүч дутагдаж байгаа нь дамжиггүй. 
Гэвч түүхээс улбаатай бас нэгэн том аюул нь бидний хагарал, хуваагдал. Монгол улс түүхэндээ өөрсдөө л хагарч бутарч бусдын гарт орсоноос, нэгдэн нийлсэн үедээ хэнээс ч үл хамааран оршин байсныг түүх гэрчилнэ. Бид цөөхүүлээ хэдий ч хуваагдахдаа үнэхээр гаргуун. Өчигдөр бид удам угсаа, баруунтан зүүнтэн, улаан шар хар гэж хагаралдаж байсан бол, өнөөдөр манай танай нам хэмээн хагаралдаж байна. Нууцаар биш, бүр илээр хагаралдаж байна. Хот, хөдөөгүй хагаралдаж байна. Ажилтай болж, амьжиргаатайгаа залгах иргэдийн маань буруу бишээ. Улс орон даяараа намчирхан хуваагдахад хүргэж байгаа энэхүү систем, тогтолцооны гажуудлын үр дүн юм.
Улс төрийн намуудыг гишүүнчлэлгүй болгоё

Нам, төрийн үйл ажиллагааг салгах оролдлого бага багаар хийгдэж байгаа хэдий ч, хэлбэрийн төдий, нэр томъёоны хувьд л салж байна. Намын сэтгэлгээтэй төрийн албан хаагч, намаас хамааралтай төрийн албаны томилгоо, нам нь төр уруугаа хэт орсон энэ тогтолцоог агуулгын хувьд, ул үндэсээр нь өөрчлөх шаардлагатай. Манай улсын иргэдийн улс төрийн идэвхи өндөр байна гэдэг. Улс төрийн идэвхидээ биш, тэр нь ажил албатай нь уялдаатай учраас хүссэн ч, эс хүссэн ч холбогдоод байгаа юм. Иймээс жинхэнэ утгаар нь төрийг намаас салгах ёстой. 
Аль ч намын бодлогыг ойлгож, төрийн хуулийг дээдэлж, иргэдээ ялгаварладаггүй, тогтвортой ажилтай жинхэнэ төрийн албан хаагчдыг бий болгоё. Сонгуулийн дараа улс төрийн цөөхөн хэдэн албан тушаал л солигддог, сонгуульд ялсан намын бодлогыг даган ажиллаж чаддаг чадварлаг боловсон хүчинтэй тогтвортой төртэй болъё. Үүний тулд юуны өмнө улс төрийн намуудыг гишүүнчлэлгүй болгох шаардлагатай. Иргэд сонгуульд оролцохдоо улс төрийн намуудын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрийг л харж сонгодог, улс төрийн намууд маань ч өөр өөрийн чиг баримжаа, үзэл баримтлал дээрээ тулгуурлан мөрийн хөтөлбөр гарган сонгуульд өрсөлддөг бол энэ их хий хоосон амлалт, энэ их хий хоосон хагаралдаан алга болох бус уу. Төрд маань намтай нь биш номтой нь ажиллаж, гадаад хэлгүй ч дотоодоор бичгээ төлөвлөчихдэг, компьютер мэддэггүй ч коммунизм капитализмыг ялгачихдаг, өөрийгөө олсон төвшин нуруутай иргэд ажиллах цаг мөд ирнэ гэдэгт би бат итгэдэг. 
Түмэн олон нь намд хуваагддаггүй, төрөө хүндэлдэг, 
Түших төр нь намаас хамаарч, түмнээ ялгаварладаггүй, 
Тогтвортой хөгжлийн бодлоготой ХҮЧИРХЭГ МОНГОЛЫН шинэ гүрэн
Тайван замаар хөгжиж, ард олноо жаргаана гэдгийг ард түмэн мэдэж байгаа.



Б.Түвшин

2 comments:

  1. niitleliig ni avj tavichihaad zurgiig ni oruulahgui yavaa ahaasaa zurgiig ni avaad oruulaarai

    ReplyDelete
  2. ok zurgiig ni tavichihlaa.

    ReplyDelete

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц