Blogger templates

2014-01-01

2014 оны зорилго


ЭНЭ ОНЫ ЗОРИЛГО

Өнөөдөр 1 шинэ он эхэлж байна. 2014 оны хамгийн эхний өдөр. Өнгөрсөн жил буюу 2013.12.31-ний өдөр Бууралтайгаа хүүрнээд гаргасан шийдвэр нь 2014 он дахь өөрийн зорилгоо тодорхойлох асуудал байв. Ямар ч байсан Шинэ тоолол эхэлж байхад хүн бүр өөртөө зорилго тавьж түүндээ хүрэх зорилтуудаа тодорхойлж, хүч хөдөлмөрөө түүндээ чиглүүлж байх ёстой юм байна. 

Ямартай ч өөрийн зорилгоо тодорхойлох үүрэг авсан хүний хувьд энэ оныхоо зорилгыг яаж тодорхойлох вэ гээд бодоод байсан чинь төвөггүй олдчихлоо. Амьдралын туйлын зорилго юу вэ? Юунд хүрэх гэж юуны төлөө зорьж яваа вэ гэдгээ бодон үзээд түүндээ хүрэхэд нэгэн шат болох зорилго олоод өвөртлөөд авчихлаа.

Оны зорилгоо тодорхойлохдоо тухайн жилдээ багтаж биелэгдсэн байхаар тооцсон байх учиртай бөгөөд 2014 оны 12 сарын 31-ны өдөр биелэлтийг нь дүгнэж шинжих ёстой аж. Оны зорилгоо бичиж хадгалан, түүнийгээ хэрхэн биелүүлэх тухай санал бодлоо ч бас "бичиж тэмдэглэх" ёстой гэнэ.

Зүгээр бодоод өнгөрөх биш, бичээд бичсэнээ хэрэгжүүлэх гэж мэрийх учиртай ажээ. Та өөрийн ОНЫ зорилгоо тодорхойлсон уу? Санаанд чинь ямар нэг юм байвал хуваалцаарай. 

Миний хувьд оны зорилго маань: "Дүрс бичлэг бүтээх ур чадвар эзэмших" гэж тодорхойллоо. Ерөнхийдөө компьютер график, видео эвлүүлэг хийж сурах, өөрийн хүссэн бодсон хүмүүст хүргэхийг зорьж буй зүйлээ өөрөө хийж бүтээж сурах зорилго юм. БҮТЭЭЛЧ АМЬДРАХ ЗОРИЛГО гэж хэлж болох юм уу даа. Гараасаа ямар нэг зүйл гаргах, нүдэнд харагдах бодитой үр дүнтэй ажлууд хийх, бүтээлч хөдөлмөр шингэсэн зүйл хийх гэж ойлгоё доо.

Буурал хэлэхдээ: 
Бодож, сэтгэж, бичиж байж ЭрДЭМ-д суралцдаг.
Хэлж, Хийж, Бүтээж байж Ур Дүйг олдог гэсэн.

За яахав бодох сэтгэхийг хүн бүхэн хийдэг. Тэгвэл бичнэ гэдэг маш чухал юм байна. Бичих тусам хүн ухаажиж, ухаарч, хөгжиж ЭрДЭМ олж байдаг юм байна. Харин ЭрДЭМ-д боловсрох тэр хэрээр даруу төлөв болж биеэ засаж байдаг ажээ.

Эндээс л Эрдэмтэй хүн даруу Их Мөрөн дөлгөөн гэдэг үг гарсан байх даа. Буурлууд маань Зүйр үг судал гээд байсны учир нь зүйр үгийн угшил санаа, яах гэж гарсан юуг хэлж ойлгуулах гээд байна, түүгээр дамжуулж хэрхэн яаж өөрийгөө засаж биеэ бэлдэж, хөгжихийг ойлгуулах гээд байжээ.

За тэгвэл хүн хөдөлмөрлөж байж, ажил хийж байж, нүдэнд харагдах зүйл бүтээж байж хүн шиг ХҮН болдог юм байна. Хөдөлмөр хүнийг хүмүүжүүлнэ гэдэг энэ ухаан Монгол Өвөг Буурлуудад маань байжээ.

Өөрийгөө засаагүй, хүмүүжээгүй, өөрийн зан авираа татаж сураагүй хүмүүс ажил хийж байж, амьдрал үзсэнийхээ дараа шал өөр болдог шүү дээ. Хүн бүр л мэднэ. Хүнтэй маргах мэтгэх, омогтой зан, уур уцаар, атаа жөтөө гээд хүний муу авирыг номхотгон дарах нэг зүйл бол Бүтээлч Хөдөлмөр юм байна.

Би ч өөрийгөө засаагүй л байна. Ажил хийж, хөдөлмөрлөж, түүний үр шимийг хүртэж түүнийхээ хэрээр биеэ засч, боловсорч, Ухаан суух бололтой.

За тэгээд Бичиж байж ЭрДЭМ-д суралцаж хийж, бүтээж, хөдөлмөрлөж байж Ур дүйд суралцах нь байна даа. Тэгэхээр би чадсан ч чадаагүй ч чанартай ч чанаргүй ч видео дүрс хийгээд л байхаас. Тэгж байтал ур дүйд суралцах юм байлгүй дээ. Тэгж байтал болно доо гэдэг шиг л хаха.

Миний мэргэжил улс төр судлаач хэдий ч энэнээс шал өөр л юм хийгээд яваад байх юм даа, яалтай ч билээ. 

ОНЫ ЗОРИЛГО маань цааш дэлгэрээд Бүтээлч ажил хийх, биеэ засах гээд л явж өгөх нь байна. Үндсэн зорилгын маань утга санаа бол маш энгийн. Ердөө л амьдарч буй орчин, орон зайндаа дасан зохицож хөл нийлэн алхах буюу нүүдлийн соёлч ухамсартай байж өөрийгөө боловсруулъя, өөрийгөө засъя, ЭрДэмд суралцаж хөгжие өө л гэж байгаа юм. 

Бидний амьдарч буй эрин үе мэдлэг, мэдээлийн зуун. Тодруулвал: ДЭЛГЭЦИЙН ЭРИН ҮЕ. Хүний амьдралын 1 хоногт 24 цаг байх ба түүний 8 цагийг унтаж өнгөрөөлөө гэж бодоход таньд үлдсэн цагуудаас хамгийн ихийг хороож байгаа зүйл нь "ДЭЛГЭЦ ШИРТЭХ" байж магадгүй юм. Ихэнх цаг биш байлаа ч тодорхой нэг цагийг заавал эзэлж байгаа. Үүнтэй санал нийлэх хүмүүс олон байгаа байхаа.

Ямартай ч Дэлгэц гэдэг зүйл хүний амьдралд нэг том орон зай эзлэх болжээ. Зурагт, Компьютер, Гар утас, айпад, под, пон гээд л ухаалаг төхөөрөмжүүд улам газар авсаар. Фэйс, Твиттер 2 улам хүрээгээ тэлсээр. Дэлгэцээр дамжуулж үзэл бодлоо илэрхийлэх, уран бүтээл туурвих, ажил амьдралаа өрнүүлэх явдал улам бүр өргөн дэлгэр болсоор байгаа өнөө үе ийм ажгуу. 

Дэлгэц гэдэгт блог маань бас орно шүү нөхдөө. Миний энэ фэйс ч бас орно. Тиймээс энэ жил би идэвхтэй, бүтээлж байж мөн Онгод Буурлуудынхаа айлтгал сургаалийг нь бичвэрлэн, сийрүүлэн оруулж байх болно. Заримдаа видео хэлбэрээр хүргэж байвал хүн ойлгоход амар болох байх.

2014 оны 1 сарын 1нд Timeline дээрээ ОНЫ ЗОРИЛГОО бичиж хадгаллаа. Олон сайхан дүрс бичлэг үйлдэж, дэлгэцээр дамжуулан олонд Ухаарал өгч, Мэдлэг нэмэн, Гэгээрэлд хүрэхэд Дэм болох ЭрДЭМ-д суралцаж та бүхний мэлмий, оюуныг баясгаюу хэхэ.

Сонгуулийн амлалт өгч байгаа юм шиг болчихов уу яав. Сонирхолгүй болчихлоо гээд больчих вий дээ, Хэрэггүй болчихлоо гээд хаячих вий дээ. Юу тулгарах бол? Яах бол? Яадаг ч байсан хамаагүй бүтээлч л амьдаръя. Нэг жилийн дотор мундаг график дизайнер, видео эвлүүлэгч болчихгүй ч эхний ээлжийн чадвар эзэмшээд энгийн зүйлсүүдийг өөрөө хийгээд сурчихъя. Клип, кино хийж, Animition бүтээнэ гэж томрохгүй ч ойр зуурын дүрс хийгээд сурна аа. Заавал! Оны эцэст хэдэн видео хийв гэдгээр нь үр дүнгээ хэмжие. Гүйцэв.

Та өөрийн ОНЫ ЗОРИЛГОО тодорхойлсон уу? Гэр бүлтэй болох, үгүй ядахад найз залуу, бүсгүйтэй болох эсвэл хийж буй ажил эрхэлж буй албандаа амжилт гаргах, өнгөрсөн жил чадаагүй Шилдэг ажилтанаа ирэх жил заавал авах эсвэл банкан дахь хадгаламжийн дансаа тэд хүргэх, хүүхэдтэй болох, 2 ихэр эсвэл 4 ихэртэй болох хаха, за тэгээд өөр юу байж болох вэ? Байртай болох, машинтай болох, баян болох, хаустай болох, сургууль төгсөх, курст суух, хэл сурах, гадаад дотоод явах, тэнд энд очиж үзэх, үүгээр түүгээр аялах, Угаа авах ккккк.....за тэгээд тоочоод барахгүй олон зүйл байж болох юм байна. 

Гэхдээ.....!!!!

Хамгийн чухал анхаарах зүйл бол тухайн жилдээ "БИЕЛЭГДСЭН" байхаар тооцох буюу үр дүнг нь үнэлж дүгнэх бололцоотой байх ёстой шүү та бүгдийн зорилго. За тэгээд амжилтын дээдийг хүсэн ерөөе. Анзаарсан бол шинэ жилийн мэнд хүргэсэн бүх хүмүүстээ би Амжилт, Бүтээл гэсэн 2 үгийг заавал хүссэн байгаа. Нэмээд аз жаргал, баяр хөөр, Цог хийморь хүсэн ерөөе.

No comments:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц