Blogger templates

2017-11-29

5 тусгаар тогтнолын тухай товчхон


Өндөр өндөр байшин барилга, балгасууд, эд материалын баялаг цагийн эрхээр баларч, үрэгдэж үгүй болно. Гэхдээ тэднийг дахин барьж байгуулж, бүтээж, бий болгож болно. Харин өв соёл, хэл бичиг, яс цус буюу отог омог, үндэстэн угсаатан, газар нутаг, онгон дагшин байгал, удамшлын аьяас билиг хүчин гээд дахиж бий болохгүй зүйлсийг хадгалж хамгаалж байх нь хамгийн чухал юмаа. Гагц Монгол гэлтгүй дэлхий даяар олон үндэстэн угсаатан, олон гайхамшиг, өв соёл, уламжлал бий. Тэд бүгд хамгаалагдах ёстой. Магад цагийн эрхшээлээр байгалийн шалгарлаар устаж үгүй болох нь жам байж болох л юм. Гэхдээ тэд учиртай болоод л энэ дэлхий дээр бүрэлдсэн байж таарна. Бид Монгол нэрийг хадгалж, хамгаалж, нэгэн бие даасан улс болж оршиж байгаа нь бидний хадгалж хамгаалах, өвлүүлэх үнэт зүйл юм даа. Үүнийг хамгийн энгийнээр улс байхын үндэс 5 тусгаар тогтнол юм хэмээн Эцэг Дээд Өвгүд минь бидэнд хэлж өвлүүлжээ. Тэрхүү таван тусгаар тогтнол нь: Цус, Хил, Ахуй, Тархи, Засаг хэмээх 5 тусгаар тогтнол ажээ. Аль нэг нь алдуурваас мөхлийн замдаа ордог. Энэ тухай Улс байхын үндэс хэмээх өгүүлэмжээс уншаарай.
Мөн таван тусгаар тогтнолын талаар өөрийн ухсанаа та бүгдтэй хуваалцая. Таван тусгаар тогтнол гэж Онгодуудтай уулзахаас өмнө би лав огт сонсож байгаагүй. Миний мэргэжил улстөр судлаач, нийгмийн ухааны багш юм. Намайг МУИС-ийн Улс төр судлалын ангид сурч байхад заадаг байсан номоор бол аливаа улс (nation state) нь улс байхын тулд 3 үндсэн шинжийг хадгалж байж улс болдог гэж үздэг гэнэ.

1. Ард Түмэн
2. Газар Нутаг
3. Засаглал

Өөрөөр хэлбэл ард түмэн гэж нэрлэгдэх нэгэн ижил юмуу эсвэл олон янзын цус, ястай хүмүүсийн нэгдэл нэг газар нутаг дээр оршин тогтнож басхүү тэр хүмүүстээ зориулсан өөрийн гэсэн Засаглал буюу хууль цааз, нийхмийн эмх журмыг хангасан Төртэй байж УЛС хэмээн нэрлэгддэг ажээ. Орчин цагийн улс төрийн шинжлэх ухаан лав ингэж үздэг.

Харин Өвүг Монголчуудад маань Улс оршин тогтнохын тухай өөрийн гэсэн үзэлтэй байжээ. Үүнийг "5 тусгаар тогтнол" гэсэн үгээр түлхүүр болгон үлдээжээ. Тэрхүү 5 тусгаар тогтнол нь:

1. Цус
2. Хил
3. Ахуй
4. Тархи
5. Засаг

1. Цусан тусгаар тогтнол. Алив улс оршихын тулд тухайн улсын гэх цус, яс, язгууртай хүн ам байх ёстой. Монгол гэх нэрэн дор орших олон отог, аймгууд, үүний хамгийн бага нэгж болох Монгол гэх цустай хүн оршин байх ёстойг чухалчилж ЦУСАН ТУСГААР ТОГТНОЛ хэмээжээ. Зүгээр ард түмэн гээгүй цус, яс, язгуураараа Монгол нэрийг тээх олон овог аймагт хуваагдаж амьдардаг Монгол хүнийг хэлжээ. Гэтэл сүүлийн үед нэг алдартай яруу найрагч цус бол юу ч биш, Монгол хүний цус, англи хүний цус ямар ч ялгаагүй гэжээ. Харахад улаан өнгөтэй болохоор ямар ч ялгаагүй гэж ойлгосон юм болов уу тэр зохиолч гэж надад бодогдлоо хэхэ. Цус ямар ч хамаагүй байсан юм бол Хужаа хүнтэй суугаад ямар хүүхэд төрөхийг хараад үзнэ биз. Яагаад Эрлийз Хурлийз гэдэг нэр томьёо байдаг вэ? Яагаад өвөө эмээ нар удмыг нь харж ханил гэж хэлдэг вэ? Цагаад цус ойртолт гэдэг ойлголт байдаг вэ? гэдэг олон асуултад яруу найрагч маань хариулах ажилтай болно доо. Хүний бие махбод бүрэлдэхэд Эцгийн цагаан дусал, эхийн улаан дусал, сүнсний алтан дусал гурав нэгдэж байж эхийн хэвлийд бүрэлддэг ажээ. 

2. Хилийн тусгаар тогтнол. Монгол гэх цус, яс, язгууртай хүн ам олон отог аймагт хуваагдаж аж төрж байгаа нь үнэн бол тэд ХААНА аж төрж байгааг анзаарах хэрэгтэй. Бусад улсын нутаг дээр үү? Эсвэл агаар мандалд уу? Аль эсвэл өөрийн гэсэн газар нутаг дээр үү? Мэдээж хэрэг улс байхын тулд хил хязгаараар зааглагдсан Газар нутагтай байх нь тусгаар тогтнолын нэг чухал үзүүлэлт юм. Тухайлбал: Өнөөдрийн Монгол улс олон газар нутаг, хүн амаа харьд алдсан гашуун түүх ихтэй. Өнөөдрийн Монголын хилийн шугамаас гадна оршин суух хойд зүгт: Буриад, Тува, Халимаг, Өмнө зүгт ӨвөрМонгол, Шинжаан, Дээд Монгол г.м олон үндэстнүүд бий. 

3. Ахуйн тусгаар тогтнол. Хүн ард байна, Газар нутаг байна гэж бодвол түүн дээр амьдрагчид маань өөрийн гэсэн хэрэгцээтэйг мартаж болохгүй. Хүний анхдагч хэрэгцээ болох Хоол унд, Өмсөж зүүх, Амьдрах орон байр гэх суурь 3 хэрэгцээгээ өөрсдөө хангадаг байх ёстой. Мөн эндээс салбарлах хүний амьдралын түм түмэн хэрэгцээ бий. Ямартай ч бусдын гар хардаггүй амьдрах чадвартай байхыг АХУЙН ТУСГААР ТОГТНОЛ гэдгээр түлхүүр үгээр бидэнд өвлүүлж үлдээжээ. Их Эзэн Чингис Хаан: Их Монгол Улсын иргэн бүр өөрөө хийсэн хоолоо идэж, өөрөө оёсон хувцасаа өмсөхтүн, эс чадвал өөрөө өөрсдийнхөө өөдгүйн боол, хөндлөнгийн идэш болтухай" хэмээн зарлигдаж байжээ. Өнөөдрийн бид ХООЛ ХҮНС, ХУВЦАС, АМЬДРАХ ОРЧИН гэсэн 3 ахуйгаа аюулгүй, бусдаас хараат бусаар бүрдүүлж чадсан уу гэдгээ тунгаан бодох нь зүйтэй. 


4. Тархины тусгаар тогтнол. Та бид Монгол цустай, Монгол газар нутаг дээр, өөрөө өөрсдийнхөө хэрэгцээг ханган аж төрдөг байж болох ч таныг Монгол болгож байдаг өөр зүйл байдгийг мартаж үл болно. Энэ бол Тархи. Тархи нь сэтгэн бодож хүний бүхий л үйл ажиллагааг удирддаг гол эрхтэн. Тархины сэтгэн бодохуйн илрэл нь ХЭЛ, түүнээс улбаалсан үйлдэл, ур дуй, соёл зэрэг бултаараа болно. Өөрөөр хэлбэл та Монгол хэлээр ярьж, Монголоор сэтгэж, Монголоороо дуулж, Монгол гэх үндэстний дархлааг хадгалж байдаг соёл, өв уламжлал, үүх түүхээ хэр мэдэх вэ? гэдэг нь нэгэн хадгалж манаж явах ёстой тусгаар тогтнол юм. Монгол газар нутагт төрөөд, харьд одсон олон аав ээжийн хөвгүүд, охидууд Монгол хэл, Монгол сэтгэлээ, Монгол соёлоо гээж Монгол гэх дархлаагаа алдаж байгаа нь Тархины тусгаар тогтнол алдагдаж буйн жишээ болно. 

5. Засгийн тусгаар тогтнол. Өмнөх 4 тусгаар тогтнолоо чанд манаж хамгаалж, зангидаж байдаг төр улсын бодлого, Хууль Цааз тэргүүтэн нь Засгийн тусгаар тогтнол болно. Монгол цус, монгол сэтгэлгээ, өв соёл (ТАРХИ), ахуй зэргээ магад хадгалж яваа ч Засаглах эрх мэдлээ алдсан олон ах дүүс маань дэлхийн энд тэндгүй тархан суурьшсан байгааг мартаж боломгүй. 

Жич: Энэ дууг сонссон чинь 5 тусгаар тогтнол маань ямар их үнэ цэнэтэйг улам ухаарах шиг болов. Та бүгд сонсоод үзээрэй.


No comments:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц