Blogger templates

2017-11-29

Утааны талаарх бодол


Гэрээсээ гарсан чинь угаартаад унах гэж байна. Утаа ямар аймаар байна аа. Хөдөө явж сайхан цээж дүүрэн амьсгалах сан. Утаа багасгана гэдэг мөнгө төгрөгөө юунд зарцуулсан хүмүүс вэ? Жил ирэх бүр улам дордоод байна.

Сая гаднаас ирсэн нэг зочин маань УБ-т онгоцны буудал дээр буунгуутаа: Coal smells!!! нүүрс үнэртэж байна гээд шууд л хэлж байна лээ. Буусан буудлын өрөө нь халуун байхаар нь цонхоо онгойлгосон чинь утаанд хахаж цацаад бөөн юм болсон тухайгаа бас ярихад нь дуугүй л толгой дохив. Үнэн болохоор яалтай вэ дээ? Хамгийн гол нь нялх нярай жаахан хүүхдүүдэд хамгийн халтай гэж бодохоор яанам бэ? Энэ гэр хорооллын айлуудын халаалт дулааны асуудлыг дээврийг нь Нарны самбараар бүрээд эрчим хүчийг нь ашиглаад шийдэж болдоггүй юм уу? гэж санаагаа бас хуваалцав. Байгаль орчноо хамгаалъя гэдэг, түүний төлөө зүтгэдэг бол түүнийхээ төлөө яаж зүтгэдэг юу хийснийг хүртэл надаас асууж байцаав. Би ч баахан тайлбар тавиад л өчнөөн мөнгө төр засгаас гардаг хүн бүхэн санаа зовдог гэхдээ шийдэж чадахгүй байгаа гэдгээ хэлэв.

Тэгсэн ч гэсэн ядаж нэг гэр халаалтаа нараар шийдчихвэл ингэж болдог юм байна гээд бусад нь үлгэр авах юм биш үү, энэ дээр ажиллаач гэж нөгөө нөхөр маань зөвлөсөөр. Хэрэв энэ санаа бүтвэл төр засгийн байгууллагаас бодлогоор дэмжээд өгвөл утаанд арай нэмэртэй болох сон. Цээж давчдаад хэцүү байна аа. Амиа бодоод УБ-аас хол утаагүй амьдарч болох л байх. Гэхдээ асуудлаас зугтана гэдэг нь асуудлыг шийдлээ гэсэн үг биш л дээ. Хүссэн хүсээгүй тулж л таараа.
Сая бас Лондон хот утаанаасаа дөрөвхөн жилийн дотор салж чадсан тухай мэдээ уншлаа. Гэхдээ аль 1952 оны үед юм байна. Тэд бас л утаагаа дийлэхээ байж олон хүн үхэж үрэгдэн байж ухаарал олжээ. Цэвэр агаарын тухай хууль баталж, түүхий нүүрс түлэхийг хориглон цахилгаан болон хийн түлшний хэрэглээг дэмжин, айл өрх бүртээ халаалтын асуудлыг нь бүрэн шийдвэрлэх хийн зуух, цахилгаан тень г.м-ийг тарааж өгсөн гэнэ ээ. Мөн томоохон үйлдвэр аж ахуй нэгжүүдийг хотоос шилжүүлж, бензин болон дизель-ээр явдагаас бусад машинуудын татварыг бууруулах бодлого г.м хэрэгжүүлснээр 4 жилий дотор утаанаас бүрэн салжээ. 

УБ хот уг нь тийм ч том хот биш. Гэр хорооллын айл өрхүүдийн халаалтын асуудлыг шийдвэрлэхэд гарах зардлыг тооцоод түүнийгээ уул уурхайгаас олох орлогоороо санхүүжүүлчихэж болдоггүй л юм байх даа гэж бодогдмоор. Офшоор энэ тэр ч бүр дүүрчээ...

No comments:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц