Энэ нийтлэл нь http://mashbatotgonbayarsarlagtay.blogspot.com/2009/08/blog-post.html блог дээр 2009.08.24-ны өдөр нийтлэгдсэн байсныг блог дээрээ нийтэлж байна. /Жич: Машбат багшийн бүх бичлэгүүд албан ёсны зөвшөөрөлтэй энд тавигдаж байгаа болно./
Сарлагтай Отгонбаярын Машбат
Миний бие эдийн засагч биш боловч сүүлийн үед Оюу Толгойтой холбоотой нэг л асуудал санаа зовоох болов.
"Харамласан юм хар нохойны аманд" гэгчээр хэрэв бид Оюу Толгойн гэрээг байгуулахгүй удаад байвал энэ баян орд маань явж явж Хятадын идэш болох нь тодорхой. Гэтэл "Маргаашийн уушгиас өнөөдрийн өөх дээр" гээд зүтгэвэл юутай, хээтэйгээ Канадуудад алдчихаад бид гуйлгачин хэвээрээ үлдэх аюул бас бий. Чухам өнөөдөр УИХ дээр хэлэлцэж байгаа төслийг харвал ийм л дүр зураг харагдана.
Өнөөдөр яриад байгаа төслийг үзвэл үндсэндээ "Өрмийг нь аваад хусмыг нь өгөх"-ийн үлгэр санагдана. Учир нь Айванхо Майнз манай газар, ус, зам, харилцаа бүгдийг нь аваад харин бидэнд зүгээр л 34% гэдэг тоо хаячихаад л суух нь ээ. Иргэний хөдөлгөөний боловсрол муутай харалган, бас хөөргөн нөхөд Монголынхоо баялагийн 34%-ыг нь гарч явахад нь олж ирсэн болж баатар болно. Харин арван жилийн дараа нөгөө 34%-аа шанд бид Өмнөговь руу алхах эрхгүй, ус уух эрхгүй, замаар нь явах эрхгүй болно.
Тэр 34% нь манай төсөвт ирдэг юм аа гэсэн ард бидэндээ ирээ ч үү, үгүй ч үү? Аягүй бол нөгөө УИХ гишүүд төсвийнхөө мөнгийг тойрогтоо зарцуулна гэж хувааж авсан шиг өөртөө хуваагаад авчихна шүү дээ. Ийм 34% бидэнд хэрэгтэй юү?
Тэгснээс тэр 34% -ийг нь хаячихаад газар, ус, замаа бид өөрсдөө авна гээд сууж байвал үр хойчдоо өгөөжтэй баймаар санагдана. Бид Айванхогоор усаа татуулж, замаа тавиулчихаад дараа нь ус хэрэглэхээр нь усны мөнгө гэж аваад, замаар явахаар нь замын мөнгө гэж аваад сууж байвал 34%-ийг шууд аваад УИХ-ын сонгуульд зарснаас хамаагүй илүү ашигтай биз.
Юу өгөх, юу авахаа ярихгүй байж, зүгээр л 34%, 51% гэж ярих нь дэндүү гэнэн хэрэг билээ. Өөш хаяж загас барьдаг. "Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх" гэдэг шиг Оюу Толгойд уурхай байгуулах гэж ирээд дараа нь Өмнөговийн газар нь, ус нь зам нь минийх гээд сууж байх вий. Тэгээд бид 34%, 51% гэдэг өөш үмхчихээд л түүндээ хахаж үхнэ дээ.
No comments:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.