Blogger templates

2014-01-09

Ан уу Алуурчин уу?


Ингэж ан хийгээд машин дээрээ ангаа овоолж зургаа даруулдаг ёс дэлгэрсэн бололтой. Нэг л бишээ....
Тийм л их үхсэн чоно, алсан антайгаа зургаа авахуулах гээд байгаа юм бол газар тавьж байгаад нөгөө кинон дээр хүртэл гардаг хүн нь байгал дэлхий нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандах ёсыг бодож...... за эсвэл бодохгүй ч байсан арай л өөрөөр авахуулж болдоггүй болдоггүй юм байх даа!!! Нэг л буруу харагдаад байх юм.

Машин дээрээ цусыг нь асгаруулан баахан үхсэн, алсан чоно овоолж тавиад зургаа бахархалтай нь аргагүй даруулах нь нийгэмд муу үлгэр дуурайл үзүүлж байгаа юм шиг санагдаж байна. 


Нэг талаас машины дугаар, нүүр царайгаа бүгдийг харуулаад бахархаад байгаа юмуу баярхаад байгаа юм уу, өөрийнхөө сүр хүч гэж бодоод байгаа юм уу жаахан тэнэг харагдах юм. Жинхэнэ Монгол анчин морьтойгоо авахуулвал өөр л харагдана. Агуулга нь өөр болоод явчихна. Эсвэл ганцхан чоно байвал арай боломжийн харагдаж мэдэх юм....


Гэтэл Хурдан буу, Том жийпээ гайхуулаад, баахан чоно овоолсон зургаар бахархдаг жишиг сүүлийн хэдэн жилд Монгол тогтжээ дээ. Хүн бүрийн бодол өөр биз. Надад лав таатай санагдсангүй.


Олон чоно алсан нь асуудал уу?
Эсвэл зургаа авахуулсан нь асуудал уу?
Эсвэл бүр машин дээрээ чоноо тавьсан нь асуудал юм болов уу?
Эсвэл үхсэн чонотой зургаа авахуулсан нь асуудал юм уу?


Аль эсвэл бүгдээрээ юмуу? Ан хийчихээд зургаа авахуулж ч болдоггүй хорвоо вэ гэж зарим анчид бодож болох л юм. Гэхдээ л зураг түүх өгүүлнэ гэдэг шиг иймэрүү зураг бол нийгэмд таагүй зүйлийг л харуулах юм байна.


Ан амьтнаа хайрлах, Байгал дэлхийгээ шүтэх тэр сэтгэлийг үгүй болгох, материаллаг зүйлийг шүтэх тэр зүйлийг хөхүүлэн дэмжих сэдэл санааг өгөх зурагнууд байна.


Манай гэрийн альбомд аавын маань хөдөө явж байгаад ан хийгээд зургаа авахуулсан нь бас байсан санагдаж байна. Тэр зурагт чоно бол нэг л байсан. Мөн машин дээр биш газарт чоноо тавиад буугаа босгоод өөрөө сууж байсан зураг санаанд орж байна. Тэр зургийг хараад нэг их юм бодогдоогүй. Гэтэл энэ зургийг хараад ийм юм бодогдоод байх юм. Зурагны агуулга, хэв маяг, үнэртэх үнэрүүд нь хоорондоо өөр юм.


Ямар ч байсан ан амьтанг хомроголон алсанаа гайхуулах бол яавч зөв зүйл биш юм. Алуурчин л гэсэн үг шүү дээ.... 


No comments:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц