Blogger templates

2014-01-30

Бага Хаадын үе олон ангит киноны тухай


Бага Хаадын үе гэдэг олон ангит кино МҮОНТ-ээр орой бүр 10:30д гарч байна. Өчигдөр 3,4-р ангийг нь үзлээ. Өдөр бүр 2 анги гардаг юм байна. Нийт 22 хааны түүхийг 20 ангид багтаан хийсэн гэнэ.

Дэлхий талыг эзэлж явсан Хүчирхэг Монголчууд хэрхэн жижгэрч ямар хувь заяаг туулсан тухай гашуун хэдий ч мэдвэл зохих үйл явдлууд гарч байна. Харамсаад л үзэв. Хайран ч сайхан Монгол минь, Өвөг Дээдсүүд минь гэж халаглалаа.

Дандаа ялдаг, сайн сайхнаар төгсдөг кино үзэх сайхан. Гэтэл Монгол минь улам жижгэрч байгаа кино үзэх ямар хэцүү юм бэ? Юутай ч дуустал нь үзье дээ. Эргэн сэргэх ч юм билүү? 

Гэхдээ л өнөөдрийн өөрсдийгөө харцгаая. Их Монгол Улс хаачив. Өвгөдийн минь байгуулсан Улс хаачив? Монгол гэдэг улс энэ дэлхийд ямар байр суурь эзэлж байна. Магадгүй түүхийн тавцан дээр том байр эзлэх ч өнөөдөр бодит байдал дээр Монгол гэж хэн байна? юу байна?

Нэг жижиг улс л байна.... Их томоос ингэж багад ирсэн болохоор харамсаад барахгүй юм. Нөгөө талаар Тусгаар үлдсэнээ бодохоор бас ч гэж баярлах зүйлтэй. Биднийг эрхшээж байсан Манж Чин улс одоо устаж үгүй болсон шүү дээ. Харин Монгол улс тусгаар тогтносон бүрэн эрхтэйгээр хөгжин цэцэглэж байна.

Цаг хугацаа урсан өнгөрч эргэн бид Их Монгол Улсаа байгуулж Дэлхийн дайдыг эзэгнэж, Даян дэлхийг түвшитгөж, сайн сайхныг бүтээх цаг ирнэ ээ. Их түүх шигээ агуу, Түүхэндээ эзэн болсон улс шиг улс байж, жижигхэн том нь хамаагүй өөрийн улсдаа л ард түмэн нь чинээлэг, ахуй төр нь шударга төвшин, амар амгаланг цогцлоосон улс болно. 

Улсаа засаад ирсэний дараа Дэлхийг засах ойрхон. 

Их Түүхээ хүн бүр мэдэх ёстой. Солонгосын тогооч хүүхний нэрийг хөгшин залуугүй мэдэж байна. Харин хэдэн хааныхаа нэрийг мэдэхгүй байна. Ийн Монгол түүхэн кино кино гарч байгаа нь сайшаалтай. 

Харин Чингис Хааны Нууц түүх гэдэг балай ном шиг юм л ахиж бүү үзэгдээсэй. Тэнэг нь дэндсэн хүн тэрийг бичээд шийтгэлээ авсан гэдэг. Түүх түүхээрээ үлддэг. Түүхийг өөрчлөх нь Тэнгэрийн хатуу цаазтай...

Түүхээ мэдэх нь өөрийгөө хэн бэ гэдгийг мэдэхтэй л ижилхэн чухал зүйл. 

КИНОНЫ МЭДЭЭЛЭЛ:

Мөнх тэнгэрт ивээгдэж, Их эзэн Чингис хааны догшин хар сүлдний дор хүй их ертөнцийг дайлж, 9 хөлт цагаан тугны доор толгойтныг бөхийлгөж, тойгтныг сөхрүүлж, дэлхийн талыг эзэгнэж байсан Монголчууд, Их Монгол улсаа Юань хэмээн нэрлэж, нийслэлээ Хархорумаас урд зүгт Их нийслэл Дайду буюу одоогийн Хятадын Бээжин хотноо төвлөрүүлсэн Хубилай сэцэн хааныг тэнгэрт хальсны дараа, дээлэн дотроо багтахгүй, ханцуйндаа хутга, хэлэндээ хор нууж, тогоотой шөлөө чамлан асгаж, тоонотой улсаа мөрлөн нурааж, тулган дахь галаа унтрааж, туган дахь хийморио унагаж, атгаг өчүүхэн бодлынхоо төлөөсөнд алтан төрөө самууруулж, алалдан хямралдаж байлаа.

1295-1333 оны хооронд хаан ширээний төлөөх тэмцэл даамжирч, 9 хаан богинохон хугацаанд Монголын Юан гүрний хаан ширээнд заларсан бөгөөд Тогоонтөмөр хааныг Хятадаас хөөгдөн ирснээс хойшхи Лигдэн хутагт хааныг өнгөртөл хаан ор залгасан 22 хаадыг Монголын Бага хаадын үе хэмээн түүхнээ тэмдэглэсэн бөлгөө. 

Тийм ч учир манай хамт олон энэхүү Монголын түүхийн цагаан толбыг хүүхэд залууст ойлгомжтой хийгээд орчин цагийн өнгө аясыг шингээн, аль болох наалдацтайгаар хүргэхээр түүхэн сэдэвт 20 анги уран сайхны олон ангит кино бүтээсэн буюу. 

Зохиолч, Ерөнхий продюсер Ален Арман 6 жилийн турш 200 гаруй сурвалж бичгүүд, түүхэн баримтуудыг ухан харьцуулан байж энэхүү бүтээлээ бичсэн бөгөөд зарим үйл явдал, хүмүүсийг уран сайхны аргаар шинээр сэргээн босгосон учиртай. 

"Монголын олон ангит кино компани", "N энтертаймэнт"-ийн 3 дахь том бүтээл болох энэхүү кинонд 500 орчим хүний, хөлс, хөдөлмөр шингэсэн билээ. Үйлдэл дор буруу буйвч үнэнд дөтлөх хичээл зүтгэлийг үгүйсгэх учиргүй билээ. Та бүхний таалалд нийцэх болтугай.

Киноны мэдээллийн эх сурвалж:

1 comment:

  1. kino gedeg talaasaa sain buteel bolj chadaagyi gehdee hamgiin talarhahuushtai ni hymuusiin ter bur sain meddegyi tuuhiin ueiig kino bolgoj bgaa yavdal yum yamar bsan uran buteelchided amjilt husie

    ReplyDelete

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц