Хуучнаар "Хангай” зочид буудлын эзэнгүй барилгад нэгэн бүлэглэлийн цуглаан болно гэсэн сургаар очив. Энэ бол зүгээр нэг бүлэглэл биш. Хачин этгээд зан үйлтэй, тусгай гишүүнчлэлтэй, дотроо зэрэг дэвтэй гэж танил маань хэлсэн болохоор сонирхсон хэрэг. Түүний хэлснээр бол Улаанбаатарт үүнтэй төстэй 20 гаруй бүлэглэл байдаг гэнэ.
Үдшийн 21.00 цаг болохтой зэрэгцэн энэ газарт урт үс, бага зэрэг бариу савхин хослол, янз бүрийн төмөр хэрэгсэлээр биесээ "тоноглосон” хүмүүс уван цуван цуглаж байв. Тэд хүмүүсийн анхаарлыг татахгуйн тулд ганц ганцаараа л цуглаанд ирдэг гэнэ. Тусгайлан бэлтгэсэн, олонд төдийлөн анзаарагдахгүй нүхээр нэг нэгээрээ "Хангай” зочид буудлын эзэнгүй барилга руу орно. Энэ бүлэглэлийн таних тэмдэг нь аалз. Бүлэглэлийн гишүүд аалзны дүрс үзүүлж дотогшоо ордог "дүрэм”-тэй. Иймээс үүнийг бичигч дотогш нэвтэрч чадаагүй ч тэнд байсан үйл явдлыг тандаж мэдэхийн хичээж нэгэн танилынхаа ярианаас цухас хүргэж байна.
Энэ өдөр тус бүлэг шинэ гишүүн элсүүлэх ёслол хийж байсан аж. Энэ өдөр тэнд таван шинэ гишүүн элсчээ. Шинээр гишүүн болж байгаа залуусыг танилцуулж дууссаныхаа дараа бүгд нэгэн уншлага уншицгаана. Энэхүү үйл явдлын дараа нэг булиа нөхөр гаднаас таван муур, таван нохой оруулж ирэв. Тэгээд шинээр гишүүн болж байгаа залуусын урд нэг нэгээр нь тавьж орхилоо. Бүлэглэлийн залуус ч өрөөгөө солив. Дараагийн өрөөнд ороход цуглааны хамгийн харгис үйлдэл эхэлсэн юм. Тэд муур, нохойнуудыг хоёр, хоёроор нь зэрэгцүүлж хананд тэлж хадлаа. Өрөөнд гарч байсан чимээг үгээр илэрхийлхийн аргагүй. Цаг өнгөрөх тусам хийх үйлдлүүд нь улам л харгис болж байв. Шинэ гишүүд нэг нэгээрээ муур, нохойны урд очиж бүлгийн толгойлогчийн зааварчилгааны дагуу муурны гэдсийг зүсч, эрхтнүүдийг нь гаргаж эхэллээ. Гаргасан эрхтнүүдээ тусгайлан бэлтгэсэн даавуунд ороон, ширээн дээр тавив. Нохойны гэдсийг хүүлээд, хажууд нь "Хийсэн нүглээ үүн шиг үүрэх болно” гэж бичэцгээлээ. Энэ "хядлага” бараг цаг гаруй үргэлжилсэний эцэст арай гэж дуусав. Ингээд бүгд цуглаан анх эхэлсэн өрөөндөө очиж, шинээр гишүүн болсон таван залууд тус бүрт нь нарийн гинж хүзүүнд зүүж байх нь тэднийг жинхэнэ гишүүн болсон гэдгийг илтгэнэ. Тэд дараа нь эднээс том амьтан алж ч юм уу, бас бус даалгаврыг биелүүлж байж гинжээ томруулах боломжтой. Толгойлогч энэ удаа дараагийн сард уулзах газраа өөрчлөх болсноо зарласнаар бараг гурван цаг үргэлжилсэн "аймшигт” цуглаан өндөрлөсөн юм. Цуглаанд оролцогчид бүгд л энэ үйлдлээ шашны ёслол шиг хүндэтгэдэг нь харагдана. Тэгээд ч "Хангай” зочид буудлын эзэнгүй барилгын бараг хана бүрт таван хошуун дунд "аалз” дүрсэлсэн тэмдэгтүүдийг зурсан байдаг юм билээ. Тэд үүнийгээ яг л бурхан адил шүтнэ. Энэ цуглаанд Орос "ах” нар ч цөөнгүй байсан гэнэ.
Энэ өдөр болсон зүйлсийг хэрвээ өөр нэгэн хүний амнаас сонссон бол итгэхгүй байхаар. Кинон дээрээс л харж байснаас бодит амьдралд, Монголд байна гэхээр итгэх аргагүй юм. Гэтэл иймэрхүү аймшигтай бүлэглэл, ёслол Монголд аль хэдийнэ бий болчихож. Бүр иймэрхүү бүлэглэл нийслэлд 20 гаруй байгаа гэх. Эдгээр хүмүүсийг хянадаг, хариуцдаг, мэддэг хүмүүс алга. Тэд бас бусдад үүнийгээ мэдэгдэхийг хүсдэггүй нь илт. Уулздаг газраа өөрчлөх болсон нь ч бас учиртай. Тэднийг эндхийн иргэд гадарлаад эхэлчихжээ.
Төрийн толгойд байгаа эрхмүүд өнөөдрийн ашгаа булаацалдаж, зарим нам нь нэрээ солино гэж өвчигнөж байх зуурт залуус гаж дон шүтсэн бүлэглэл байгуулж, цуглаад эхэлжээ. Өнөөдөр муур, нохойгоор "тахилга” хийж байгаа залуус, маргааш юугаар "тахилга” хийхийг таах аргагүй. Гурван сая хүрэхгүй хүн амтай Монгол улсад 20 гаруй иймэрхүү бүлэглэл байна гэдэг үнэхээр аймшигтай тоо биш гэж үү. Хууль, тагнуулынхан үүнийг яаралтай хараандаа авч, асуудлыг шийдэхгүй бол аюулын харанга хэзээний дэлдчихэж. Магадгүй тэднийг дүлий дүмбэ царайлсаар байтал биднийг Туркменстаных шиг ирээдүй ч хүлээж байж болох. Тэндхийн иймэрхүү бүлэглэл Зүүн Европыг цочоож байгаа. 2000 он гарснаас хойш энэ улсад алга болсон жуулчдын тоог тогтооход амаргүй. Туркменстаны бүх хууль бус наймааны 95 хувийг эдгээр нууц бүлэглэлүүд үйлддэг ажээ. Одоо тэндхийн Засгийн газар үүний зохицуулах гэж аргаа барж байна. Ямар сайндаа л ОХУ-аас тусламж гуйж байх вэ дээ. Үнэндээ тэдэнд үлдсэн сүүлийн арга Оросоос тусламж гуйх ч байж болох.
Анхаар! Бидний дэргэд манъякууд өндийж эхэллээ…
No comments:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.