Улаанбаатарт шинээр оюутан болж ирсэн хүүхдүүдтэй уулзлаа. Нэг хүүхэд нутгаасаа хот ирэх зардал, байр сургалтын төлбөр, хувцас хунарт хэдий хэрийн мөнгө зардаг юм бол. Энэ тухай Увс аймгийн Тэс сумаас "Чингэс хаан" дээд сургуульд суралцахаар ирсэн хоёр оюутантай хөөрөлдлөө. Д.Цэнд-Аюуш, Ц.Сэржим нар энэ жил анх удаа Улаанбаатарт хөл тавьж байгаа юм байна.
Д.ЦЭНД-АЮУШ: ДҮҮТЭЙГЭЭ ХУВЦСАА ЭЭЛЖЛЭЭД ӨМСӨНӨ
-Хотод ирээд хэд хонож байна. Ямар унаагаар ирэв?
-Наймдугаар сарын 28-нд ирсэн. Манай сум Улаанбаатараас 1024км зайтай. Аймгийн төвөөс жижиг машинд 60 мянган төгрөг төлж ирсэн. Жижиг машин хоёр хоног явж ирсэн.
-Ээж, аав нь хамт ирсэн үү?
-Хотод байдаг төрлийнхөө хүнийг дагаад ирсэн. Ээж, аавд хүргэж өгөх санаа байсан ч хол болохоор зардал мөнгөнөөс эхлээд хүндрэлтэй учраас энэ удаа ирж чадаагүй.
-Одоо тэр ахындаа байна уу?
-Ахындаа 3-4 хоноод сургуулийнхаа дотуур байранд орсон. Манай дүү бас надтай хамт оюутан болж ирсэн. Би нэг жил завсардаад дүүтэйгээ хамт төгссөн. Бид хоёр хоёулаа "Чингэс хаан" дээд сургуульд сурч байна. Би эдийн засаг ня-бо, дүү багш, нийгмийн ажилтны ангид сурдаг.
-Хувцас хунар хичээлийн хэрэгслээ хаанаас бэлдэв. Хэдэн төгрөг зарцуулав?
-Хамаатны ах маань "Нарантуул" зах дагуулж яваад тэндээс хувцас, хичээлийн хэрэгслээ базаасан. Дүү бид хоёр нийлээд 410 мянган төгрөгөөр хувцас хичээлийн хэрэгсэл авсан. "Нарантуул" захын бараа их өндөр үнэтэй санагдсан.
-Хэдэн ээлжийн хувцас авав. Худалдаж авсан зүйлээс чинь хамгийн өндөр үнэтэй нь юу байв?
- Би 2-3 ээлжийн хувцас авсан. Дүү маань эмэгтэй болохоор хувцсаа ээлжилж өмсөөд болох байх. Цүнх гэхэд 25 мянган төгрөгөөр авч байгаа юм. Хамгийн өндөр үнэтэй нь савхин хүрэм. 40 мянган төгрөгөөр авсан. Мөн хувцас хийх чемодан 70 мянган төгрөгөөр дүүтэйгээ дундаа нэгийг авсан.
-25 мянган төгрөгөөр авсан цүнхээ хоёр жил үүрэх юм байгаа биз дээ?
-Тэгнэ л гэж бодож байна. Савхин хүрмээ гурван жил ч өмсчих байх. Гамтай л өмсөнө дөө. Улаанбаатарт юмны үнэ төсөөлснөөс өндөр юм. Уг нь нийслэл хотод хувцас хямдхан байх гэж боддог байлаа.
-Сургууль, байрны төлбөр нь хэд болов?
-895 мянган төгрөг. Дүүгийнх бас адилхан. Байр 295 мянган төгрөг.
-Гэрээсээ хэдэн төгрөгтэй гараад одоо хэд үлдчихээд байна?
-Хоёр сая гаруй төгрөгтэй ирсэн. Сургалтын төлбөрийн 500 мянга нь "Хүний хөгжил сан"-гаас орно гээд сургуульдаа тус бүр 395 мянган төгрөг тушаах ёстой. Урьдчилгаа болгоод дундаа 500 мянган төгрөг төлчихсөн байгаа. Үүн дээр байрны 580 мянган төгрөг, хувцас 410 мянган төгрөгөөр авсан. Мөн жижиг, сажиг зүйлд зарсаар одоо 40-өөд мянган төгрөгтэй л үлдсэн.
-Байранд ороод хэд хонож байна. Өрөөндөө хэдүүлээ вэ?
-2-3 хонож байна. Өрөөндөө дөрвүүлээ. Бид бас байраа тохижуулсан. Түмпэн сав, будаа агшаагч, индүү, ус буцалгагч, хивс авсан. Энэ бүхэнд 98 мянган төгрөг зарцуулсан.
-Дөрвүүлээ нийлээд үү. Хавар тарах болохоор хивсээ хэн нь авах юм?
-Нэг хүүхэд нь хивс авсан. Бид хоёр будаа агшаагч, ус буцалгагч, нөгөө нэг хүүхэд индүү гээд нэг нэгээр нь авсан.
-Гэрээ санаж байна уу, одоохондоо өлсөөгүй биз дээ?
-Олон хүүхдүүдтэй бужигнаад гэрээ санах нь гайгүй л байна. Гэрээсээ борц, ааруул авчирсан. Үүнийгээ идээд өлсөөгүй ээ.
-Аав ээж нь нутагтаа юу хийдэг хүмүүс вэ. Ам бүл хэдүүлээ вэ?
-Манайх ам бүл долуулаа. Аав, ээж маань малчин хүмүүс. Дээрээ нэг ахтай. Ах маань хөдөө гарсан. Дүү бид хоёр гэрээсээ анхны оюутан болж ирээд байна. Аав, ээжийнхээ захисныг биелүүлж сайн сураад ирээдүйд дүү нараа авч явах их хариуцлага надад оногдсон гэж бодож байгаа.
-Олон малтай юу?
-300 гаруй малтай
.
-Аав, ээж нь юу гэж захисан бэ?
-Машин тэрэгнээс болгоомжлоорой, мөнгө төгрөгөө алдав аа, өөрийнхөө толгойг өөрөө л мэдэж явна шүү дээ гэж захисан
.
-Утсаар ярьж байгаа биз дээ. Авчирсан мөнгөө бараг л дууссан гэж хэлсэн үү?
-Хэлсээн. Юунд зарцуулав гэж асуусан. Авсан бүх зүйлээ нэг бүрчлэн тайлагнасан.
-Хамаатныхаа айлд суугаад байрны мөнгө хэмнэчихэж болохгүй байсан уу?
-Анхнаасаа л байранд орно гэсэн бодолтой ирсэн. Айлд байх хэцүү, чөлөөтэй ч байж болохгүй.
-Улаанбаатартай хэр танилцаж байна. Дуу чимээ хөл хөдөлгөөн нь хэцүү байна уу?
-Одоохондоо байр, сургуулийнхаа хооронд л явж байна. "Нарантуул" гарсан. Өчигдөр ангийнхантайгаа Сүхбаатарын талбайд очсон. Гүйгээд ч явж болохгүй, хэн нэгэнтэй мөргөлдчих гээд, агаар нь бүгчим. Энэ бүгд нь онцгүй ч бас гоё зүйл олон байна.
-Сургуулиа төгсөөд хаана ажиллах бодолтой байна?
-Сумандаа очих байх. Сайн төгсвөл эндээ ч ажилласан яахав.
-Өвлийн амралтаараа гэр лүүгээ явна биз дээ?
-Явахгүй, цаашдаа зуны амралтаараа ч гэсэн яваад байх бодолгүй. Ажил хийж, сургалтын төлбөртөө нэмэрлэмээр байна.
-Хот, хөдөөгийн оюутнууд ялгаатай байна уу?
-Ялгаатай. Хотын хүүхдүүд их яриа бол хөдөөнийх ичимхий. Хотын хүүхдүүд бас гоё хувцас өмсдөг.
Ц.Сэржим найзыгаа бодвол арай л нүүрэмгий юм. Д.Цэнд-Аюуш жинс, футболкоор даруухан хувцасласан бол Ц.Сэржим савхин хүрэм, өндөр өсгийтэй гутал өмссөн харагдана. Тэрээр хамаатны эгчтэйгээ халаасны өрөө түрээслэн амьдарч байгаа аж. Шинэ гэмтлийн эмнэлгийн ойролцоо байр түрээсэлдэг тэрбээр 11 дүгээр хороололд байх сургууль руугаа алхаад ирдэг гэсэн. Хэдийгээр автобусны 400 төгрөг бага мөнгө боловч оюутан бид нарт нэг балны мөнгө учраас хэмнэх хэрэгтэй гэх нь айлын бага охины амнаас унахааргүй хэрсүү үг санагдав. Тэрбээр дээрээ гурван эгч, хоёр ахтай айлын бага охин бөгөөд мөн л гэрээсээ анхны оюутан нь гэнэ. Ц.Сэржим охинд Улаанбаатарын соёл ихээхэн таалагдаж байгаа гэсэн шүү
.
Д.ЦОГЗОЛМАА
No comments:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.