Мягмарын Саруул-Эрдэнэ saruulerdene@yahoo.com
МонЦаМэ агентлагийн Вашингтон дахь сурвалжлагч.
Болдоггүй бор өвгөн Болзоотын бор толгой дээрээ мөрөөрөө хонио хариулж яваад гэнэтхэн эрүүгийн болоод иргэний, тэр ч бүү хэл олон улсын хууль эрхзүйн баахан асуудалтай орооцолддог тэр үлгэрийг та бид хүүхдийн уншлага гэж үзэхээсээ илүү хуулийн сурах бичиг гэж ойлгууштай байгаа юм. Ялангуяа тушаал биелүүлсэн, өгсөн энээ тэрээтэй холбоотой хоёр ч томоохон хэрэг анхаарлын төвд байгаа өнөө үед Болдоггүй бор өвгөний үлгэрээс сурах юм их байна даа гэж.
Үлгэрээ бол хөгшин хөвөө, хүүхэд багацуулгүй мэдэх хойно, бүгдийг нь дахин бичээд яахав. Тоймлон хэлэхэд хувийн өмчинд нь халдсан Хурмастын хэрээг өвгөн өөрөө шийтгээдэх сэн, Хурмаст уурлаад нисдэг бор морийг нь ид гээд чоноо явуулж.
“Болдоггүй бор өвгөн үүнийг мэдээд...” гэж байгаа. “Үүнийг мэдээд” гэж айхтар үг шүү. Бор өвгөний талын Элчин сайд энээ тэрээ нь Хурмастынд сууж байсан уу, эсвэл Хурмастын нэг хэрээ нууцлалын зэрэгтэй мэдээлэл алдсан уу, Бор өвгөнд дамжуулсан уу, мэдэхгүй, чухам хэрхэн мэдсэн процедур нь бол үлгэрт байхгүй, ямар ч л байсан Бор өвгөн “үүнийг мэдээд” нисдэг бор морио гэрийнхээ нөгөө талд аргамжчихсан чинь чоно ирээд нисдэггүй бор морийг нь идчихнэ.
Сүүлд шүүхэд дуудагдаад байхад нь энэ л баримт Болдоггүй бор өвгөний өмгөөлөгчдийн гол зэвсэг -alibi нь болдог билээ. Шүүх дээр хөөрхий чоно албан үүргээ гүйцэтгэсэн, тушаалын дагуу ажилласан, тэгтэл арьсыг минь хуулчихлаа гэж гомдол гаргасан бололтой. Тэгсэн, зөрүүлээд ийм мэтгээн болсон байгаа юм:
-Хурмаст тэнгэр Та энэ хоёр чоныг нисдэг бор морийг минь идээд ир гэсэн үү, нисдэггүй бор морийг минь идээд ир гэсэн үү?
-Нисдэг бор морийг ид гэж явуулсан юм!
-Тэгвэл тэр хоёр чоно чинь нисдэггүй бор морийг минь идчихээр нь би уурлаад арьсыг нь хоншоорт нь чиргүүлээд тавьсан юм.
-Тэгвэл тэр чиний зөв...
-Нисдэг бор морийг ид гэж явуулсан юм!
-Тэгвэл тэр хоёр чоно чинь нисдэггүй бор морийг минь идчихээр нь би уурлаад арьсыг нь хоншоорт нь чиргүүлээд тавьсан юм.
-Тэгвэл тэр чиний зөв...
Хурц даргыг бас л иймэрхүү маягаар л шүүгээд байгаа бололтой дог шүү.
-Дипломат пасспорттой хүнийг яагаад та нар барьдаг билээ?
-Та дипломат ажил гүйцээгээд ир гэсэн үү, бизнесийн ажил гүйцэтгээд ир гэсэн үү?
-Дипломат ажил.
-Тэгвэл тэр хүн чинь бизнес ангиллын визатай ирэхээр нь барьчихсан юм аа.
-Тэгвэл тэр чиний зөв.
-Та дипломат ажил гүйцээгээд ир гэсэн үү, бизнесийн ажил гүйцэтгээд ир гэсэн үү?
-Дипломат ажил.
-Тэгвэл тэр хүн чинь бизнес ангиллын визатай ирэхээр нь барьчихсан юм аа.
-Тэгвэл тэр чиний зөв.
-Гэхдээ бүр анхнаасаа ямар хэрэг хийлээ гэж барьсан хэрэг вэ?
-Та хүмүүсээ сэжигтэн этгээдийг бариад ир гэсэн үү, балбаад ир гэсэн үү?
-Бариад ир гэсэн.
-Тэгвэл замдаа балбаж нүдээд байхаар нь барьсан юм аа.
-Тэгвэл тэр чиний зөв...
-Та хүмүүсээ сэжигтэн этгээдийг бариад ир гэсэн үү, балбаад ир гэсэн үү?
-Бариад ир гэсэн.
-Тэгвэл замдаа балбаж нүдээд байхаар нь барьсан юм аа.
-Тэгвэл тэр чиний зөв...
Болдоггүй бор өвгөнөөс бид юу сурах ёстой вэ?
Цэрэг цагдаа, хүчний байгууллагынхантай холбоотой хамгийн гол зүйл нь миний бодлоор “Нисдэг бор морийг идээд ир” гэсэн бол “нисдэг бор морийг л идэх ёстой”. Анхаарал сэрэмжтэй байж, хоёр морийг солиод аргамжчих зэргийн аюулаас сэргийлж байх хэрэгтэй. Бас элдэв шинэ сайхан санаа оноо өөрөө гаргах хэрэггүй байдаг бололтой.
7 сарын 1-тэй энэ үлгэр бас чухал холбогдоно шүү. Хүн буудаад унагачихсан цагдаа нар, өөрөөр хэлбэл гүйцэтгэгч нар гэж байгаа. Тэдэнд тушаал өгсөн улсаас шүүх прокурорынхон иймэрхүү л зүйл асуух байх.
-За хө, та Болдоггүй бор өвгөнийг ниргээд ир гэсэн үү, Болзоотын бор толгойг ниргээд ир гэсэн үү?
-Болдоггүй бор өвгөнийг ниргээд ир гэсэн.
-Тэгвэл тэр цагдаа нар чинь Болзоотын бор толгойг бор нүүрс болтол нь ниргэчихсэн байна даа.
-Ээ харла аа, тэгнэ ээ тэр, би бол Болдоггүй бор өвгөнийг л ниргэ гэсэн, миний тушаал бол буруу байгаагүй л дээ...
Энэ мэтээр тушаал өгөх, гүйцэтгэх зэрэг асуудлыг хөндөж байгаагаараа монгол ардын үлгэр маань олон улсын хууль эрхийн актуудтай сүлбэлдээд ирж байгаа юм. Ер нь бол уг нь олон улсын хуулиар бол морь идсэн чоно биш морийг идээд ир гэж тушаал өгсөн Хурмаст тэнгэр шийтгүүлэх ёстой л доо. Олон улсын хуулинд үүнийг Superior orders (даргын тушаал) гэсэн ойлголтын дор авч үздэг аж. Гэхдээ тушаал гүйцэтгэгч хүн бас болгоомжтой байхгүй бол түүхэнд хэчнээн даргын тушаалыг биелүүлсэн ч гэлээ шийтгэлээс мултарч чадаагүй жишээ нэлээд байдгаас хамгийн том нь өнөөх алдартай Нюрнбергийн шүүх хурал байна.
Нюрнбергт нээрээ зөвхөн тушаал өгсөн дарга нь л буруудаад гүйцэтгэгч нар нь гэмгүй үлдэх байсан бол тэрний дээрээс тийм тушаал ирсэн, тэрний дээрээс харин тэр тэгсэн гэж явсаар байж ганцхан хөөрхий муу нэртэй Хитлер дээр бүх буруу тохогдоод бусад нь гэмгүй үлдэх байсан биз. Тэгээд нөгөө Хитлерийг нь яллая гэхээр амиа хорлочихсон байдаг. Тийм ч учраас Нюрнбергт superior orders – ийг авч хэлэлцэлгүйгээр баахан этгээдэд шийтгэл оноосон юм билээ.
Болдоггүй бор өвгөнөөс бид нисдэг бор морийг нь ид гэсэн тушаалтай атлаа нисдэггүй бор морь идвэл чоно нь бурууддаг гэдгийг ойлгосон байгаа. Тэгвэл олон улсын хууль ёсоор өөр ямар тохиолдолд тушаал гүйцэтгэгч буруудаж болдог вэ гэдгийг нэг сэргээгээд харчихад гэмгүй юм.
1998 онд гараад 2002 онд хүчин төгөлдөр болсон Ромын тогтоол гэж Олон Улсын Эрүүгийн Шүүхийн үндэс болсон чухал бичиг баримт байх юм. 111 улс энэ тогтоолыг зөвшөөрөн, хамрагдсаны дотор Монгол улс бас байгаа болохоор та бидэнд ч хамаарах хууль юм байна шүү. Энэ тогтоолын 33-р зүйлд “тушаал гүйцэтгэгчийн хариуцлага” хүлээх, хүлээхгүй тухайд ингэж заажээ (Хар ярианы үгээр санаа оноогоо бичиж байгаа нийтлэл болохоор хуулийн энээхэн хэсгийг ч албан бус, бүрэн бус орчуулга гэдгийг мэдээж уншигчид ойлгож байгаа ч, бас заавал сануулах ёстой нэг зүйл дүрэм сэтгүүлзүйд байдгийг болгооно биз ээ) :
1. Тухайн улс орныхоо, эсвэл даргынхаа тушаалаар гэмт хэрэг үйлдсэн этгээд цэргийн ч бай, энгийн ч бай ялгаагүй, доорх тохиолдлоос бусад тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээх болно. Үүнд:
А. Тухайн этгээд Улс орныхоо, үгүй бол даргынхаа тушаалыг гүйцэтгэх ёстой гэсэн хууль ёсны үүрэгтэй байсан.
В. Гүйцэтгэгч этгээд өөрт ирсэн этгээд тушаалаа хууль бус гэж мэдээгүй байсан
С. Тушаал нь илтэд хууль бус байсан.
В. Гүйцэтгэгч этгээд өөрт ирсэн этгээд тушаалаа хууль бус гэж мэдээгүй байсан
С. Тушаал нь илтэд хууль бус байсан.
хэмээж. “Тушаалаа хууль бус гэж мэдээгүй байсан” гэдэг их айхтар үг. Мэдэж байсан бол хариуцлага хүлээх нь ээ дээ.
Манай 7 сарын 1-ний хэрэг мэдээж дотооддоо гарсан хэрэг учраас олон улсын шүүхээр орохгүй, Хурцын хэргийг ч тэр Герман улс дотоод хуулиараа л шийдэх байх. Тиймээс Ромын тогтоолыг ашиглах хэрэгцээ гарахгүй л байх л даа, гэхдээ зүгээр энэ бүхнийг бичээд байгаагийн маань гол санаа нь нийт хуулийн ерөнхий нийтлэг логик гэж байдаг учраас ялангуяа тушаал гүйцэтгэгч нар Болдоггүй бор өвгөний үлгэр, Ромын тогтоол хоёроос сурах юм байвал сураад аваарай л гэж хэлэх гээд байгаа юм.
Угаасаа олон улсын хуульчид, хүний эрхийн төлөө тэмцэгчдийн дунд ч Ромын тогтоолын талаар зөрүүтэй санал, маргаан бас байдаг л юм билээ. Жишээ нь хөөрхий тушаал гүйцэтгэгч тушаалаа хууль ёсны бус гэж мэдэж байлаа гэж бодъё. Тэгээд “гүйцэтгэхгүй” гэвэл тангараг өргөсөн хүн учраас тухайн улсынхаа шүүхээр шийтгүүлж таарна, харин тийм байдалд орохгүй гээд гүйцэтгэж орхивол олон улсын шүүхээр шийтгүүлж таарна, өөр сонголт байхгүй. Эх оронч, интернационалч байна аа гэж ирээд л соц үед их ярьдаг сан, гэтэл зарим хүний өмнө эх оронч байх уу, интернационалч байх уу гэдгээ сонгох, алийг нь ч сонгосон шийтгүүлэхээс өөр замгүй болох тохиол гардаг байх нь ээ.
За даа тэгээд нийтлэлээ өндөрлөхдөө хамгийн гол санаагаа хэлэх үү дээ? Болдоггүй бор өвгөний үлгэр хэрхэн төгсдгийг санаж байгаа биз?
“Ингээд Болдоггүй Бор өвгөн долоон бор хоньтойгоо, нисдэг бор морьтойгоо амар сайхан жаргажээ”
Хурмаст тэнгэрийн тухайд бол үлгэрийн дотоод нууцтай холбоотой учраас бичигдээгүй боловч бас л амар сайхандаа жаргасан нь тодорхой. Хөөрхий муу Энхбат, өө Энхбат биш ээ, “нисдэггүй бор морь” идүүлчихсэн, ид гэхээр нь очоод идчихсэн нөгөө муу чонын арьсыг өвчөөд хоншоор дээр нь унжуулчихсан, Болдогүй бор өвгөн, Хурмаст хоёр харин жаахан маргалдсан болоод л хоёулаа (хоёулханаа ч бас биш ээ, төрд хэрэгтэй зайран гэдэг шиг хэрэгцээ ихтэй “нисдэг бор морь” нь бас байж байгаа) амар сайхандаа жаргасан даа.
Эртээ урьдын цагт ч ийм байсан, энэ бидний үед ч ийм л байгаа билээ. “Үлгэрээс сурах юм их бий” гэдэг энэ бөлгөө.
Эх сурвалж:
No comments:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.