Blogger templates

2011-09-20

Ц.Батбаяр: Оюутолгойнхон УИХ-ын гишүүдийг “хуц” гэж хэлдэг болж байна шүү дээ



Би блогтоо Оюу Толгойн тухай нийтлэлүүд оруулдаг байсан. Хүмүүс энэ гэрээг олон янзаар ярьдаг. Аль нь үнэн яриад байна, аль нь худал яриад байна, Учир нь олддоггүй. Миний байр энэ дээр тов тодорхой байдаг бөгөөд энэ тухай блогт хангалттай бичигдсэн. 
Ерөнхий сайд нь гарч ирээд нэг юм ярьдаг, Оюу толгойн гэрээ сайн болсон гээл, тэгсэн Оюу Толгой компаниас албан ёсны мэдэгдэл хийгээд тооцоо тоо бодоод манайх тэдэн ажилтантай тэрний тэдэн ширхэг нь Монгол тэд нь гадаад Монгол хүн илүү олон байгаа, бид та нарын төлөө л амьдарч байгаа шүү гэх ухааны юм ярьдаг хэлдэг, гэтэл тэнд байгаа ажилчид нь бас өөр юм хэлдэг. Манай ОТ сайтаар дүүрэн Хятадууд. Монголчуудаас хавьгүй олон ч гэж байх шиг. Тэгээд тэнд ажиллах үнэн дарамттай, яг нэг гадаадын оронд байгаа юм шиг, Монгол хүн жаахан алдаа гарвал халагддаг, хятад хүн зодоон нүдээн хийгээд ч байж л байдаг ч гэж байх шиг. Аль аль нь сонин сонин юм ярина. Алинд нь үнэмших вэ? Тэгээд Оюу толгойг жаахан шүүмжилхээр манай Монголчууд өөрсдөө ашиглаж чадахгүй байж худлаа ярьдийн, манай Монголыг хөгжүүлэх гээд ирчихсэн, Монголдоо хамгийн өндөр цалин өгч байгаа чансаатай газар Оюу Толгойгоос өөр хаана байна, та нар бүү худал ярь, сонгууль дөхөхөөр угаасаа ингэдийн, Оюу толгойн гэрээ өө сэвгүй гэж тас зүтгэнэ.
Ямартай ч олон нийт иймэрхүү ярианаас аль хэдийн залхжээ. Ер нь алинд нь итгэх вэ хүмүүсээ? 
Өөрсдөө тунгаана уу. Миний хувьд Оюу Толгойн тухай тов тодорхой байр суурьтай байдаг. Түүнийг блогоос хайж үзэж болно. Монгол хүн Монгол нутагтаа эзэн нь байж чадахгүй бол энд амьдраад хэрэг алга. Та бүхэн блогийн Толгойнууд гэсэн хэсгээс Оюу Толгойн тухай нийтлэлүүдийг үзэж болно.  Энэ удаа УИХ-ын гишүүн Ц.Батбаярын ярилцлагыг хүргэж байна.


УИХ-ын гишүүн Ц.Батбаярыг МОНЦАМЭ агентлаг “Редакцийн зочин”-оороо урилаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан тэрбээр нийслэлд тулгамдаж буй асуудлын талаар санал, бодлоо түлхүү хуваалцлаа. 

Тэрбээр Оюутолгойн гэрээг засаж сайжруулах, тодруулбал УИХ-ын 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх шаардлагыг Засгийн газарт өргөн барьсан 20 гишүүний нэг юм. Ц.Батбаяр гишүүн уул уурхайн баялгаа хэрхэн ашиглах талаар өөрийн байр сууриа илэрхийлэв.


- УИХ-ын 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагыг 20 гишүүн Засгийн газарт хүргүүлээд байна. Таны хувьд гэрээг өөрчилж, ард түмний эрх ашигт нийцүүлэхийн төлөө анхнаасаа байр сууриа илэрхийлсэн. Засгийн газар та бүхний шаардлагыг хэрхэн хүлээж авах бол?

-Энэ шаардлага бол зөвхөн УИХ-ын 20 гишүүнийх биш. Монгол Улсын 2,7 сая хүн амын эрх ашигтай холбоотой асуудал юм. Шаардлагыг анх удаа ч тавьж байгаа биш шүү дээ.

Анх Оюутолгой төслийг УИХ-д оруулж ирж байхад л ард түмний эрх ашгаас ангид гэдгийг нь хэлж байсан ч олонхиороо авч гарсан. Тиймээс гэрээг сайжруулах шаардлагыг бидний 20 гишүүн Засгийн газарт өргөн барьж, ирэх сарын нэгний дотор хариуг нь авахаар саналаа хэлсэн.

Миний хувьд өөртэй нь уулзаагүй ч Ерөнхий сайд С.Батболд энэ асуудалд өндөр ач холбогдол өгч байгаа нь харагдахгүй байна. Бид Оюутолгойн гэрээг цуцлая гэсэн санал гаргаагүй, харин гэрээнд байгаа алдаануудаа засах шаардлага тавьж байна. Гэрээнд байгаа ноцтой алдаануудын талаар улиг болтол ярьж байна.

Хэрвээ Оюутолгойн гэрээг засаж чадвал Монгол Улсын хувь заяанд сайн зүйл авчирна. Аливаа бизнес хэн хэндээ ашигтай байх учиртай. Гэтэл гэрээнд манай талд ашигтай зүйл бага. Оюутолгой төслийг анх 2007 онд УИХ-д өргөн барих үед өртөг нь 2,7 тэрбум ам,доллар байсан. Тухайн үед зах зээлд аливаа юмны үнэ ханш өндөр байсан.

Харин өнөөдөр эрчим хүчний зардал буурч, металлын ханш нэмэгдэж байна. Гэтэл байдал ийм байхад өнөөдөр хөрөнгө оруулалтаа 6,2 тэрбум ам,доллар гэж нэмсэн. Хамгийн гол нь геологи хайгуулын зардал бага гардаг газарт хөрөнгө оруулж, их хэмжээний ашиг л авах зорилготой байна.


-УИХ-ын 20 гишүүн Засгийн газарт шаардлага хүргүүлсний дараа “Рио Тинто”-гийн цахим хуудсанд та бүхнийг шүүмжилж, сануулга өгсөн агуулгатай зүйл бичсэн байна. Эрх баригчид улсаа худалдаад дуусаж байна уу?

-Энэ бол хэсэг бүлэг хүмүүсийн л хийж байгаа ажил. Би нэг жишээ хэлье. 2010 оны тав дугаар сарын 11-ний өдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооноос миний биеэр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан.

Ажлын хэсэгт Оюутолгойтой холбоотой төсөвт орж байгаа мөнгө болон ажиллах хүчний талаар мэдээлэл авч, шалгах үүрэг өгсөн. Харамсалтай нь өнөөдөр хүртэл манай ажлын хэсэг шалгаж чадахгүй байна.


“Рио Тинто”-гоос мөнгө тараасан байсан шүү

-Компани нь шалгуулахгүй байна уу, Засгийн газар шалгуулахгүй байна уу?

-Компани нь шалгуулахгүй байна. Уг нь УИХ-ын гишүүн мэдээлэл авах бүрэн эрхтэй ч бидэнд мэдээлэл өгдөггүй. Оюутолгойнхон УИХ-ыг гишүүдийг хуц л гэж хэлдэг болж байна шүү дээ.

Энэ бол Монголын төрийн доройтлыг харуулж байгаа хэрэг. Би уул уурхайн чиглэлээр Канадад туршлага судалж байхдаа “Рио Тинто” компанийн талаар мэдээлэл авахаар Эрчим хүчний яаманд нь хүртэл очиж байсан.


Ер нь нэр хүндтэй компани биш нь мэдэгдсэн шүү. Д.Зоригт сайдыг огцруулахаар би хэсэг явсныг та бүхэн мэднэ. Гэтэл тэр үеэр манай зарим хэвлэлийнхэн миний хэлсэн үгний чухал хэсгийг хасаад л нийтэлж, цацаад байсан. Ингээд энэ хэрэг хэсэг намжсан.


Би яагаад ийм байдалд хүрснийг өөрийнхөө хэмжээнд судлахад хэвлэлийнхний амыг барих гэж “Рио Тинто”-гоос мөнгө тараасан байсан. Гэтэл тэр мөнгийг нь манайд төрийн алба хашдаг нөхөр тараасан байсан шүү. Өнөөдөр ч гэсэн Ерөнхий сайдад болохгүй зүйлийн талаар асуудал тавьж байна.


Гэвч мөн л Ерөнхий сайдын талаар муу мэдээлэл цацахгүй байлгах гэж хэвлэлийнхний амыг барьж байна. Би үүнийг хаана ч хэлнэ.Оюутолгой орд анхнаасаа л мордохын хазгай болсон. Ордын хайгуулын лицензийг техник эдийн засгийн үндэслэл нь гараагүй байхад л ашиглалтын лиценз болгосон.


Уг нь дөрвөн орд тус бүрд техник эдийн засгийн үндэслэл хийх учиртай. Өнөөдөр хэнд ч ингэж лиценз олгохгүй дээ. “Эрдэнэт уулын баяжуулах” үйлдвэрийн гэрээг таван жил тутамд шинэчилж байна. Гэтэл Оюутолгой гэрээг 30 жил гээд хийчихсэн.

Энэ хугацаанд хамаг баялгийг минь аваад дуусах биз. Дээр нь ордын дэргэд бүтээн байгуулалт, дэд бүтэц байгуулах учиртай байтал юу ч хийхгүй гэсэн. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт уулын баяжуулах” үйлдвэрийг дагаж боссон шиг бүтээн байгуулалт хийхгүй гэсэн.

Өөрөөр хэлбэл, хоосон газар үлдээгээд л явах болно. Өнөөдөр энэ компани орон нутгийн хөгжилд нэмэр хандив болж байна гэж ярьдаг. Гэтэл Ханбогд сумын иргэдэд сарын 300 мянган төгрөг сул тараагаад л үүнийгээ ажилд авсан мэтээр харуулдаг.

Чамайг ажилд авсан гэж бүртгэсэн болохоор дуугүй л явж бай гэж амыг нь таглана. Гэтэл энэ нь өнгөн тал дээрээ ажиллах хүчний харьцаагаар монголчууд илүү байгаа мэт харагдуулж байна. Гэвч ажилчдын дийлэнх нь хятадууд л байна. Орон нутгийн хөгжилд ихийг өгөөд байна гэнэ. Энэ бол юу ч биш.


Фрийд Ланд гэдэг нөхрийн нэг шөнийн мөнгийг л өгөхөд манайхан их мөнгө өгчихлөө гэж баясаж байна. “Рио Тинто”-гийн цахим хуудсанд УИХ-ын 20 гишүүнийг цөөнх гэж доромжилсон байна билээ. УИХ-ын гишүүдийн өмнөөс ингэж хэлж байгааг юу гэж ойлгох вэ. Их зориг оо.


Гэрээнд Монгол Улсын газар нутагт санхүүгийн тайлан тооцоог англи хэлээр хөтөлнө гэж байгаа. Үүнийг юу гэж ойлгох вэ. Энэ мэт улсын эрх ашгийг зөрчсөн томоохон асуудлуудыг засах л хэрэгтэй.


20 гишүүний тоо үржинэ

-Ийм байхад УИХ яагаад гэрээг баталсан юм бэ. Гэрээг ийм байдалтайгаар батлуулахын эсрэг байсан гишүүд цөөнх болж хүч хүрээгүй юу. Эсвэл ямар нэгэн лобби, дарамтад орсон уу?

-Би гэрээг батлахын эсрэг байсан. Гэвч цөөнх дуугараад хүч хүрээгүй. Засгийн газрын энэ бусармаг үйл ажиллагаа бол цөөн хэдэн хүмүүсийн хүрээнд л байна.


-Тавантолгой ордыг ашиглах гэрээ яг Оюутолгойн араас орох нь гэсэн болгоомжлол нийтийн дунд байна. Та санал нийлэх үү?

-Миний хувьд энэ парламентын үед Тавантолгой төслийг батлаад хэрэггүй гэж бодож байна. Надтай санал нэг гишүүн олон бий. Дараагийн Засгийн газар арай ийм байдалтай бүрэлдэхгүй болов уу.


-Та бүхэнтэй санал нэг байгаа иргэний хөдөлгөөн, ард түмний төлөөлөлтэй хамтраад жагсаж болохгүй юу?

-Иргэний хөдөлгөөнүүд зөндөө л жагссан. Монголчууд нүүрэн дээрээ дэмжээд байгаа мэт боловч жагс гэхээр жагсдаггүй л байхгүй юу.


-Иргэд буруу зүйл рүү яваад байна гэдгийг үндсэндээ ойлгоод байна. Саяхны Сант Маралын судалгаагаар нийт иргэдийн 10 хувь нь Засгийн газарт итгэж байна гэсэн бол тавин хувь нь огт итгэхгүй, 40 хувь нь аль ч нам асуудлыг шийдэж чадахгүй байна гэжээ?

-Тиймээ энэ гэрээг одоо л өөрчлөх хэрэгтэй.

Цаг алдана. Үйлдвэрлэл байгуулахаас өмнө бүх зүйлээ тохирч, дүрмээ тодорхой болгохгүй бол нэгэнт бүтээгдэхүүн гараад ирвэл бүх зүйл өнгөрнө. Манай сайд нар буруу ярьж байгаа зүйлээ зөв гэдэг. Энэ бол цэвэр гэмт хэрэг.


Г.Энхмандуул
Эх сурвалж: “Монцамэ”

үргэлжлэлийг энд дарж уншина уу

No comments:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц