Би блог дээрээ өөрийнхөө үзэл бодол, мөн олонд хүргэхийг хүссэн гоё нийтлэлүүд тавих бөгөөд эдгээрийг хүлээн зөвшөөр гэж тулган шаардахгүй учраас хүн бүхэнд таалагдах албагүй юм. Хэн нэгний хувьд үнэхээр сайхан гэж бодож явдаг зүйл өөр хэн нэгний хувьд сайхан биш байх нь олонтоо бөгөөд энэ нь хүмүүс биднийг өөр өөр гэдгийг харуулж байгаа хамгийн энгийн жишээ.
Би өмнө нь фэйсбүүк дээр нийтлэлүүдээ тавьдаг байлаа, гэхдээ фэйсбүүк бол сошал нэтворк харин блог бол блог шүү дээ, Фэйсбүүкээр маш олон зүйл хийж болдог ч блогтой байх нь илүү давуу талтай юм. Таны фэйсбүүк дээрээ бичсэн нөөт буюу тэмдэглэл, нийтлэлийг хүн уншихын тулд фэйсбүүкт бүртгүүлсэн байх шаардлагатай, дараа нь магадгүй найз байх хэрэгтэй ч болж болох юм, яахав фэйсбүүк пэйж /page/-р дамжуулж нийтлэл бичвэл заавал фэйсбүүктэй, бас заавал найз болох шаардлагагүй ч та пэйжээ олон хүнд хүргэх нь бас л асуудалтай, хэрвээ үнэхээр од биш л бол. Бас фэйсбүүк блог биш болохоор мэдээний ангилал, архив, дэс дараа, зураг хөрөг текстээ байрлуулах гээд ер нь жаахан төвөгтэй, зарим нь боломжгүй байдаг. Харин фэйсбүүк, блог хоёроо хослуулж хэрэглэвэл илүү үр дүнтэй. Фэйсбүүк асар их боломжийг агуулдаг, фэйсбүүкээр бараг бүгдийг хийж болох боловч блог, твиттер энэ тэртэйгээ хослуулаад явбал илүү үр дүнтэй юмаа.
Магадгүй энэ миний блог нээж байгаа шалтгааны нэг байж болох юм. Өмнө нь блоггүй биш блогтой л явлаа, гэхдээ блог дээр нийтлэлээсээ илүү өнгө үзэмж дизайн, энэ тэр дээрээ их анхаардаг өөрөөр хэлбэл заавал 3 баганатай, гоё таарсан өргөнтэй, янз янзын олон виджеттэй, олон янзын ангилал категорууд, доошоо унждаг меню энэ тэр гээл бараг сайт шиг блогтой болох талаасаа илүү анхаардаг байжээ. Хамгийн анх гого дээр блог нээж байсан санагдаж байна. Одоо тэр блог байж л байдийн, би нууц үг энэ тэрээ мартчихсан учраас устгаж ч чаддаггүй, юм бичиж хөгжүүлч ч чаддагүй сэгсийгээл гэдэг шиг амьд царайлаал арзайгаад байжийдаг. Дараа нь банжиг дээр блогтой боллоо. Гэхдээ хувийн блог биш ангийн блог, төрсөн нутгийн блог, сумын блог, сургуулийн блог, бас бус хүнд өөрийнх нь хувийн блогийг хүртэл нээж, ажиллуулж чимж өгдөг байлаа. Би мэргэжлийн код бичигч биш учраас блогийг нь аймаар янзалж чаддаггүй ч хүн харахад дажгүй болгочихож чаддаг л байлаа. Бараг л зарим нэгэнд нь мөнгөөр хүртэл блог хийж өгдөг байснаа бодохоор одоо инээд хүрдэг юм. Гэхдээ нэгэн үе Монголд интернэт анх нэвтэрч байх үед хүмүүс учрыг нь ч ойлгохгүй байж төлбөр төлж хүнээр yahoo мэйл хаяг нээлгэдэг байсантай харьцуулахад ч гайгүй л дээ. Миний хийж байсан блогуудаас хамгийн амжилттай явсан нь манай ангийн блог байлаа. Хаа нэгтээ явж байхад улс төрийн 4А -ийн блог гээл хүн амьтан мэдээл байхаар нь гайхдаг байлаа. Гэтэл банжиг дампуураад миний блогууд будаа болов оо. Тэгээд дахиж банжиг дээр блог нээгээгүй. Минийх.ком дээр бас блог нээлээ, бас Монголын бүх блог сайтууд дээр блог нээж туршиж үзлээ, нэг л сэтгэл санаанд нийцэхгүй байсаар Wordpress дээр ирэвээ хөөрхий. Өө нээрээ блоггер дээр хамгийн анх блог нээсэн юм байна. Тэр үед блоггер надад таалагдаагүй учир больсон. Тэгээд Wordpress дээр блог нээсэн чинь бас л дутагдалтай санагддаг юм байна. Ерөөсөө код бичиж болохгүй, ганц хоёр вижет нэмчих гэхээр л кодыг нь автоматаар арилгаад хаячихна, тэгүүлэхгүй гэхээр мөнгө төлнө, тэхээр нь Wordpress-ийн блог хийдэг биш сайт хийдэг системийг нь судаллаа. Хостоо олчихвол ч юордпресс дээр сайт хийх ч гайгүй шүү. Бүгд үнэгүй, бүгд боломжтой. Монголын томоохон сайтууд хүртэл вордпресс дээр хийгдсэн байдаг. Вордпресс дээр нэлээн хэдэн сайт хийсэн, сурсан, гүүгл ахаар заалгаж байгаал наад захын кодуудыг бичиж сурсан даа. Гэхдээ өөрийн гэсэн блог, сайт нээгээгүй л байлаа. " Freddy is still Freddy" гэдэг шиг л. Тэгээд ucoz энэ тэр дээр бас сайт хийж хөгжүүлэх гэж үзлээ. Ер нь оролдоогүй юм гэж байхгүй дээ. Энэ бүх хугацаанд хүний өөрийн олон блог хийж, бас сайт ч хийж хөгжүүлж явж байсан боловч яг өөрийн санаандаа нийцсэн миний гэх ганц ч блог надад байсангүй, сайт ч байхгүй. Инээдтэй...
Тиймээс блогийн талаар чамгүй судалсан, олон ч блогтой явсан хүний хувьд /ха ха гайгүй блогтой байсан ч юм шиг/өөртөө нэг блог нээе гэж бодоод энэ блогийг нээж байгаа юм. Миний блогоор зочилж миний хамгийн анхны нийтлэлийг энэ хүртэл тэвчээртэй уншиж байгаа таньд баярлалаа. Би блогтоо хэрэгтэй, хэрэггүй элдэв янзын мэдээлэл тавихгүй ээ, зөвхөн чанартай сонирхолтой мэдээ нийтлэл л тавьж байх болно. Нөгөө талаасаа миний энэ сонирхолтой гээд байгаа юмнууд хүн бүхэнд сонирхолтой санагдахгүй ч байж болно. Бас миний нийтлэлүүд зарим хүний уурыг барьж, мэдрэлийн нейрон эсийг тань үхүүлж болзошгүй тул хүлээцтэй хандаж нервээ битгий бараарай, яагаад гэвэл энэ зөвхөн миний л үзэл бодол, би ингэж бодосоноороо тэр юм тийм болчихгүй, тэгээд ч би үзэл бодлоо хүчээр тулгахгүй. За дуусгая. Үг олдож үхэр холдлоо. Ийм урт юм бичсэн байгааг хүн тоож унших бол уу даа ха ха. Одоо ч хүмүүс мэдээг гаднаас нь хараад урт харагдвал шуудхан л алгасаад явдаг болсон цаг. Би ч гэсэн тэгдэг.
Таньд баярлалаа. Тэвчээрт чинь бас баярлалаа. Харамсаагүй гэдэгт итгэж байна.
No comments:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.