Сарлагтай Отгонбаярын Машбат
ОВОГ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ:
USE OF FAMILY NAMES
Mongolians use parental names instead of family names although historically they have frequently used tribal names with the same purpose. In mid 1920's, government set an official regulation to use parental names instead of family names and abandon tribal names.
In 1996, Government of Mongolia initiated the name system reform. Thanks to national ID card reform, Mongolia has transformed to three-name-system consisted of given name, parental name and tribal name for purpose of family name.
Unfortunately, this reform was stagnated. National foreign passport of Mongolia still keeps the old given name-parental name system, which confuses the custom officials of foreign country. Due to this, citizens of Mongolia have frequently experience problem like visa refusal.
The following is my recommendation to continue the national policy of name system reform and ways to achieve it.
Овог хэрэглэх шинэчлэл, зогсолт, асууудал
Энхсайханы засгийн газрын тэнхим анх удаа 1997 онд овог хэрэглэх тухай шийдвэр гаргасан юм. Засгийн газрын энэ тэнхим үе үеийн тэнхим дундаас хамгийн ардчилсанжуу тэнхим байсан ч яг ямар үндэслэлээр ийм шийдвэр гаргасныгаа тэр үед олон нийтэд тайлбарлаагүй. Гэвч зохиогч эл шийдвэрийг хувийн зүгээс талархан хүлээн авсан билээ.
Энхсайханы тэнхим иргэний үнэмлэх солих, Гэр бүлийн хуульд овог хэрэглэх тухай өөрчлөлт оруулах зэрэг арга хэмжээ авсан. Үүний дүнд иргэнийхээ үнэмлэх дээр хүмүүс жинхэнэ, жинхэнэ бус ч атугай овогтой болсон юм.
Харамсалтай нь энэ бодлого төдий амжилттай хэрэгжиж чадаагүй. Амжилтгүй болсны хамгийн эхний шалтгаан бол эл асуудлаар улс төрийн зөвшилд хүрээгүй явдал юм. Тэр үед нэг ч улс төрч үүнийг сонирхоогүй, дэмжээ ч үгүй билээ. 2001 онд Ерөнхийлөгчийн снгуульд өрсөлдсөн гурван нэр дэвшигчээс ганцхан Гөрөөчин Дашням гуй л овогоо хэрэглэж байсан. 2000 онд Энхбаярын толголсон тэнхимийн үед энэ шинэчлэл үндсэндээ зогссон юм.
Түүнээс гадна, иргэний үнэмлэх шинэчлэх асуудлыг гардан хариуцаж байсан төрийн албан хаагчид, ялангуяа, Иргэний бүртгэл мэдээллийн газар, аймаг нийслэл, сум дүүрэг, баг хорооны засаг дарга, тамгын газрын ажилтнууд “овог” гэж юу болох талаар ямар ч ойлголтгүй байсан нь ажил яваандаа зогсоход хүргэсэн билээ. Ерөнхийлөгч, Засгийн газар, Дээд шүүхийн вэбсайт, албан бичигт овог огт хэрэглэхгүй байгаа нь эл шинэчлэл зогсчихоод байгааг харуулж байна. Бид өнөөдөр улсынхаа ерөнхийлөгчийн овогийг мэдэхгүй, өөрөөр хэлбэл, бүтэн нэрийг мэдэхгүй байна шүү дээ.
Гадаад пасспортын нэр
Гадаад пасспорт өвөртлөн хилийн дээс алхсан хэн бүхэн нэртэй холбоотой асуудалтай тулгардаг.
Монгол уламжлалд зөвхөн дан өөрийн нэрийг хэрэглэдэг бөгөөд эцгийн нэрийг давхар хэрэглэх ёс хорьдугаар зууны эхэн үеэс тогтсон юм. Эцгийн нэр, өөрийн нэр хоёрыг хэрэглэдэг энэ уламжлал даяршиж байгаа нийгэмд гадаад улстай байнгын харилцаанд орж байгаа нөхцөлд овог хэрэглэдэг дэлхий нийтийн жишигтэй харшиж, нэрийн асуудлаар төөрөгдөлд хүрэх зүйл багагүй байна. “Овог” гэдэг ойлголт монголд байхгүй учраас эцгийн нэрийг овгийн оронд хэрэглэх байгаа үед ийм үл ойлголцол гарсаар байх болно.
ИБМТ гадаад пасспорт дээр хүний нэрийг хэрхэн зөв бичих тухайд өөрөө хэд хэдэн удаа эргэж хургасан юм. Өмнө нь эцгийн нэр, өөрийн нэр хоёрыг сольж бичдэг байлаа. 2001 оноос өмнөх бүх пасспорт дээр Доржийн Дондог гэдгийг Дондогийн Дорж гэж бичсэн бий. Ингэж бичих цор ганц шалтгаан нь мистер, миссис гэдэг авгайлах үгийн ард овгийг нь хэрэглэдэг өрнө дорнын газар Дондогийг мистер Дорж гэж аавынх нь нэрээр авгайлдагт оршиж байлаа. Удалгүй энэ зөрчилд оржээ. Мистер Дондогтой холбоотой асуудлыг ярьтал монголын талд тэр нь Дондог нь овог биш, өөрийнх нь нэр бол хувирмагц гадаадын хил, гааль, цагаачлал, цагдаагийн албад гайхаж, төөрөлдөж эхэлжээ.
Тун удалгүй Доржийн Дондог гэдгийг хэвээр нь бичих шийдвэр гаргасан юм. Өөрөөр хэлбэл, эцгийн нэрийг овгийн оронд, өөрийн нэрийг хэвээр бичих болжээ. Гэтэл гадаадад үр хүүхэдтэй болсон монгол иргэнийг овоглохдоо өвөөгөөр нь буюу Доржийн Дулам гээд овоглочихдог болжээ.
Энэ байдал цаашдаа наад зах нь хоёр үр дагаварт хүргэж болзошгүй юм. Юун түрүүнд, гадаадад үр хүүхэдтэй болсон манай иргэдийн үр хүүхэд нь өөр овогтой болох. Болох ч гэж болоод эхэлчихсэн.
Түүнчлэн гадаад пасспортын нэрийн асуудлаас бол, гадаадад үл хөдлөх хөрөнгөтэй болсон монгол иргэн хөрөнгөө алдахад хүрч болзошгүй юм.
ИБМУТ 2002 онд шинэ гадаад пасспорт захиалахдаа овог, эцгийн нэр, өөрийн нэр гурвыг бичиж, одоо байгаа иргэний үнэмлэхтэй нэрийг нэгтгэн цэгцэлсэн сэн бол энэ асуудал тэртээ 2002 онд шийдэгдчих байлаа. Харамсалтай нь, ИБМУТ-ын тэр үеийн удирдлага, засгийн газрын тэнхим энэ асуудалд анхаарал тавиагүйгээс төөрөгдөл өнөөг хүртэл шийдэгдээгүй явна. ИБМУТ-ын удирдлага бие даан эцгийн нэрийг овгийн оронд бичиж байх шийдвэр гаргасан нь Монгол Улсын Гэр бүлийн хуулийг зөрчсөн, эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэг юм. Гэр бүлийн хуульд овог гэдэг бол эцгийн нэрээс ялгаатай гэдгийг заасаар байхад surename гэдэг хэсэгт эцгийн нэрийг бичиж байгаа нь хуулийг зөрчиж байгаа хэрэг мөнөөсөө мөн.
Үүгээр зогсохгүй, хүн нэртэй байх эрхтэй гэсэн Хүний эрхийн түгээмэл тунхагийн зарчмыг Монгол Улс хөсөрдүүлж, дур зоргоороо авирлан буй хэрэг юм.
ОВОГ, ТҮҮНИЙ ӨНӨӨГИЙН АЧ ХОЛБОГДОЛ
Овгийн тухай - өрх ба өмч
Эцгийн нэрийг овгийн оронд хэрэглэдэг байсан уламжлалын үр дүнд “овог” гэдгийг “эцгийн нэр” гэж ойлгодог явдал өнөөдөр хэтэрхий түгээмэл байна. ИБМУТ-ын ажилтнууд өнөөг хүртэл “овог” гэдэг үгийг “эцгийн нэр”-ийн оронд хэрэглэж байгаа бөгөөд харин жинхэнэ “овог” гэдэгүгийг “өрхийн овог” гэдэг ажлын томьёоллоор орлуулаад байгаа юм. Уул нь овог гэж юу болох, эцгийн нэр гэж юу болохыг Монгол Улсын Гэр бүлийн хуульд тодоос тод тодорхой заачихсан байхад ингэж ажлын нэр томьёогоор орлуулдаг нь үнэндээ мулгуугийнх гэлтэй.
Зарим тохиолдолд, энгийн олны ойлгохгүй байгаа шалтгаан нь үгийн утгад оршино. Монгол хэлэнд “овог” гэдгийг нутаг, нутгийн аялгаар олон янз хэлдэг. Төв халхын зарим газар “омог” гэдэг бол баруун монолд “элгэн”, “элкин” гэх мэт хэлнэ. Түүнээс гадна, “МОНЦАМЭ-гийн” албан ёсны “модон хэл”-ээр “овог” гэдгийг “эцгийн нэр” хэмээн тодорхойлж бүтэн зуу шахуу жил болж, бүх баримт бичигт тийн орлуулсан нь “овог” гэдэг үгийн утгыг хүртэл гуйвуулж орхисон юм. Нутгийн аялга, гуйвсан утга хоёрын дунд монголчууд төөрөөд байна.
13 дугаар зууны үеэс Англид “овог”-ийг “өрхийн нэр” гэдэг агуулгаар зөвхөн язгууртны дунд албан ёсоор хэрэглэж эхэлсэн байна. Энэ уламжлал өрнө дахины оронд аажим тархан хэвшжээ. Турк улс хорьдугаар зууны эхэнд уламжлалт нэрийн системийг халж, овгийг хэрэглэх болсноор, өнөөдөр Исландын арлыг эс тооцвол бүх Европ овог хэрэглэж байна.
Язгууртнууд “овог” буюу “өрхийн нэр” хэрэглэх болсны үндсэн шалтгаан газар өмчлөл байлаа. Ихэс дээдэс эзэмшил газрынхаа нэрийг өөрийн нэрт хавсаргаж өмчиллөө баталгаажуулдаг байжээ. Кантерберрийн гүн Жорж буюу Кантербэрр хошууны эзэн Жорж хэмээн нэрлэдэг нь зүйрлэвэл: Тариатын хөндийн эзэн Тавхай өөрийгөө Тариатын Тавхай ноён хэмээн нэрлэдэг: түүний хүү Тарваа өөрийгөө Тариатын Тарваа гэж эцгийнхээ эзэмшил газрыг өвлөн, өөрийгөө бас тийн нэрлэдэг: Тарваагийн хүү Тайхар өөрийгөө Тариатын Тайхар гэх мэтээр Тариатын хөндийг өмчилдөг өрх хэмээн нэршдэг байжээ. Ийнхүү аав, хүү, ач гурав өмчдөө суурьласан нэг нэртэй байх нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөл, өв залгамжлалыг хадгалахад хууль зүйн чухал үүрэгтэй байжээ. Иймээс удалгүй Европ дахины ноёд ихэс “өрхийн нэр” хэрэглэх болж, үе улиран залгах газрын эзэмшлээ өөрийнхөө нэрэнд тамгалах болсон байна.
Хожим өмчөөрөө өөрийгөө овоглох энэ ёс хот тосгоны борчуудад дэлгэрч, маш олон төрлийн “өрхийн нэрс”, шинэ овогууд бий болжээ. Ингэхдээ олон янз байдлаар салаалсан байна. Өрхийн нэр буюу овогийг дараахь байдлаар бүхэлд нь ангилдаг.
• Уул усны нэр заасан. Ийм нэртэй хүний өвөг нь ихэвчлэн тэр газрыг өмчилдөг, язгууртан буюу тариачин байдаг. Манайд энэ уламжлал өөр: тухайн овогийнхны нутагладаг, шүтдэг газар усны нэр байх нь олонтаа.
• Мэргэжил заасан. Жишээ нь: Baker -Талхчин, Archer-Нумч, Tishler-Ширээч, Smith-Дархан гэх мэт. Манайд яг адилхан уламжлал бий: Тэрэгчин, Хасагтан, Гөрөөчин, Адуучин, Ямаачин гэх мэт.
• Биеийн буюу зан суртахууны онцлогоор хочилсон. Жишээ нь: Short-Тожгор, Brown-Бараан, Lombard-Урт сахалт (Long-урт Beard-сахал) гэх мэт. Манайд Шурдаан гэх элгэн баруун монголд бий бөгөөд өвөг нь шурд шурд гэсэн шуурхай хүн байсныг Шурдаан хэмээн хочилдог байснаас үүссэн гэдэг.
• Жуулчлан явсан, нүүсэн хүний тухайд анх төрсөн буюу алдаршсан газрын нэрээр. Жишээ нь London-Лондон (хотын нэр), Ali-Nasariya - Насарияагийн, Zhan-Жан (улсын) гэх мэт.
• Өвгийн нэрээр нэрших. Жишээ нь Richardson-Ричардын хүү (Richard-Son), Johnson-Жоны хүү (John-Son), Abu Dayan-Даяны аав, Bin-Laden-Ладены хүү. Манайд иймэрхүү уламжлал эцгийн нэрийг овог болгон хэрэглэдгээс уламжлалн 2000 оноос хойш нэлээн түгээмэл болсон.
• Амьтан ургамлын нэртэй. Медведьев-Баавгай, Кошкин-Мигуй, Wolf-Чонос, Shepherd-Хоньчин гэх мэт
Иймээс өрхийн нэрс ямагт тухайн үндэснийхээ соёлын шинжийг хадгалсан байдаг. Манайд ч Тэмээчин, Хоньчин, Ямаачин гэх овогууд түгээмэл бий. Зарим тохиолдолд, тухайлбал германд Rosenberg -Сарнай-хайрхан (Rose-Сарнай, Berg -Хайрхан уул), Sternberg -Одот хайрхан (Stern –Од, Berg –Хайрхан уул) зэрэг овогуудыг язгуур герман бус, харин жүүд гаралтай хүмүүс хэрэглэдэг гэж үздэг. Манайд Буянт, Өлзийт, Номт зэрэг овгийг ихэвчлэн хятад угсаатай хүмүүс хэрэглэдэгтэй үлгэрлэвэл ижил юм.
Дорно дахинд овог хэрэглэх ёс хятад, күнзийн соёлоос эхтэй юм. Өвгийг шүтэх күнзийн ёсонд өрх айлыг үүсгэсэн дээд өвгийнхөө сүнсийг тайдаг бөгөөд тэр хүнээрээ нэршин явах ёсноос “овог” гэдэг ойлголт үүссэн байдаг. Энэ уламжлал Солонгос, Япон болон зүүн азийн бусад улс өвлөн авсан нь түгээмэл байна.
Овог хэрэглэхийн ач холбогдол
Овог хэрэглэхийн ач холбогдлыг нааз зах нь гурван зүйлээр тоймловол: энэ бол даяршсан нийгмийн соёл, энэ бол үл хөдлөх хөрөнгийн баталгаа, энэ бол цус ойртохоос сэргийлэх зам юм.
Даяршилийн эрин – таныг хэн гэдэг вэ?
Овог хэрэглэх явдал өнөөдөр даяр соёлын нэг хэсэг болжээ. Бүх улс үндэстэн овог-нэр гэсэн систем хэрэглэж байна. Овог гэдэг нь аав, хүү, ач гурав үе залган хэрэглэдэг “өрхийн нэр”-ийг ойлгож, нэр гэдэгт тухайн хүнд оноосон нэрийг ойлгох болсон нь нийтлэг жишиг болжээ.
Даяр эдийн засаг, даяр соёлд нэгдэн ороогүй, газар зүйн болон дарангуй нийгмийн золиос болон дэлхийн ертөнцөөс ангид оршин байгаа тун цөөн улс энэ соёлоос ангид оршиж байна. Европоос бол эх газраас алс хол орших Исланд, Азиас Түвд, Бирм, Монгол зэрэг хуруу дарам хэдхэн улс овоггүй: эцгийн нэрийг овгийн оронд хэрэлгэдэг. Исландаас бусад нь газар өмчлөлийн уламжлалгүй, буурай дорой, хоцрогдсон орнууд байна.
Овгийг хэрэглэхгүй хэмээн дарах нь гадаад улсад зорчин яваа иргэддээ төвөг чирэгдэл учруулж, тэдний иргэний болон эдийн засгийн эрхийг баталгаажуулж чадахгүй байх аюултай юм. Харьд төрсөн монгол улсын иргэнийг дэлхий нийтийн жишгийн дагуу монгол овогт төрсөн, монголын иргэн болохыг нь батлан: харьд өмчтэй монгол иргэн иргэнийхээ харьяаллыг солилгүй, эцэг эхээс өгсөн нэрээ өөрчлөлгүй эрхээ эдэлж байх орчныг бүрдүүлэх нь төрийн үүрэг юм. ИБМУТ овгийг гадаад пасспортоос хассанаараа монгол хүний эрхийг зөрчиж, аж амьдралд нь төвөг чирэгдэл учруулж байгаагаас өөр үр дүнд хүрэхгүй байна.
Манай улс даяр иргэншилд нэгдэн орж байгаа энэ үед бид ч энэ уламжлалыг хэвшүүлэх нь зүйтэй юм. Овог хэрэглэн хэвших нь латин үсэгт шилжин орж, англи хэлийг төрийн хэл болгохоос хамаагүй оновчтой арга зам болохыг тухайлан тэмдэглүүштэй.
Хууль зүйн ач холбогдол - өмчлөх, өв залгамжлах эрх
Овог хэрэглэх явдал өмчлөх эрхийг, ялангуяа үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг хууль зүйн хувьд баталгаажуулдаг. Овог Европ дахинд үүсэхдээ анх газар өмчлөлтэй шууд холбоотой байсан: дараа нь дунд ангийн аливаа өмчлөх, өв залгамжлах эрхийг нотлох чухал хүчин зүйл болсон билээ. Тийм ч учраас газрын өмчлөх эрх, эдийн засгийн харилцаа идэвхитэй хөгжсөн, даяр эдийн засгийн сүлжээнд орсон улс үндэстэн болгон энэ ёсыг уламжлан авсан байна.
Нэн ялангуяа, гадаадад бизнес амжилттай эрхэлж байгаа монгол иргэд, тэдгээрийн энд байгаа үр хүүхэд, төрөл садангийн хоорондын холбоог нэрээр дамжуулан баталгаажуулах нь зайлшгүй чухал юм. ИБМУТ-ын хутгаж орхисон будлиан даамжирвал, АНУ-д үл хөдлөх хөрөнгөтэй аав нь өнгөрөхөд монголд байгаа хүү нь очоод залгамжилж чадахгүй: чадсан ч их төвөг чирэгдэл болно. 1990-ээд оны эхээр гадагшаа цагаачилсан олон монгол иргэн багагүй хөрөнгөтэй, байр суурьтай болчихоод байгааг харвал, ийм чирэгдэл гарахгүй гэх газаргүй юм.
Манай монголчууд дэлхий нийтийн эдийн засагт нэгдэн орж, газрыг өмчлөх болсон энэ үед аав, хүү, ач гурав нэг нэртэй байдаг энэ сайхан уламжлалыг өвлөн хэвшүүлэх нь ашигтай юм. Уламжлалт монгол овгийн систем аливаа өмчийн эрхтэй холбоогүй, гагцхүү дорно дахинын өвгийн буюу газар усны шүтлэгтэй холбоотой байлаа. Уламжлалт энэ овгийн системийг сэргээхдээ шинэ зорилго, эдийн засгийн болон хууль зүйн агуулгаар баяжуулан өнөөгийн ёсонд уялдуулж чадвал хувь хүний эдий засгийн эрх, өмчлөх, өв залгамжлах эрхийг баталгаажуулах соёлын том хүчин зүйл болно.
Удмын сангийн ач холбогдол – цус ойртолт
Овог хэрэглэхийн уламжлат ач холбогдол дорнын төдийгүй өрнийн соёлд ч гэсэн цус ойртохоос сэргийлж, үр удмаа эрүүл чийрэг хадгалахад оршдог байжээ. Есөн үеэ мэдэх, ургийн бичиг хөтлөх явдал зөвхөн монголчуудын заншил байгаагүй юм. Европод family tree буюу өрхийн мод гэх ургийн учичг хөтлөх нь өнөө ч түгээмэл бий. АНУ, европын олон оронд архивын материалыг интернетэд эрчимтэй шилжүүлсний үр дүнд нэг улсад байгаа хүн нөгөө улсын архивыг сүлжээгээр дамжин ухаж, ургийн эх, өвгийн түүхээ судлан мэдэх боломжтой болоод байна. Үүнд зориулсан компьютерийн тусгай програм ч гарсан байдаг. Иймээс овог хэрэглэн цус ойртохоос сэргийлэх явдал аливаа соёл иргэншилд түгээмэл шинжтэй байдаг. Манайд ч энэ байдлаас сургамж авч архивын материалыг интернетэд шилжүүлэх, хүмүүс овог, ургийн бүртгэлээ өөрсдөө хайх боломжтой болгох нь эвтэй юм.
АВБАЛ ЗОХИХ АРГА ХЭМЖЭЭ
Бичиг баримтын шинэчлэл – албан ёсны хэрэглээ
Монгол Улсын иргэний бичиг баримтын шинэчлэлийн нэг чухал зорилт бол овог хэрэглэх хэвшүүлэхэд чиглэх ёстой.
Монгол Улсын иргэний бичиг баримтад овог, эцгийн нэр, нэрийн системийг баримтлан гурван нэрээр бичих ёс иргэний үнэмлэх олгох үеэс эхлэн тогтсон билээ. 2 000 оны энэ шинэчлэлээр манай иргэдийн дийлэнхи нь ямартай ч албан ёсны гурван нэрийн системд хамрагдаж чадсан. Энэ ололтыг иргэний үнэмлэхийн аливаа өөрчлөлтөд хадгалж байх нь дэвшилтэд хандлага юм.
Иргэний бичиг баримтын шинэчлэлийн нэг гол зорилт бол үндэсний гадаад пасспортод гурван нэрийн системийг хэвшүүлэхэд оршино. Surname гэдэг дээр овгийг, Middle name гэдэг дээр эцгийн нэрийг бичих нь зүйтэй. Энэ бол аль ч улсад мөрдөж болохуйц түгээмэл журам билээ. Өнөөдөр нийгмийн сэхээлэг хэсэг аль хэдийн ийм байдлаар нэрээ хэрэглэж хэвших хандлагатай болжээ. Хатигин Батдоржийн Батбаяр, Адуучин Самдагийн Энхгэрэл, Идрэн Ч.Мөнхжаргал, Урианхай Ш.Даваадорж гэх мэт бичиж байгаа хандлагыг түгээхийн тулд албан ёсны баримт бичигт мөнхүү ийн бичихийг хуульчилах нь зүйтэй юм.
Гадаад пасспортод байгаа нэрийг албан ёсоор солиход ИБМУТ буюу Хууль зүй, дотоод хэргийн яамнаас овог нэрийг сольсон тухай анхааруулгыг шинэ пасспортын эхний хуудаст тодорхой бичиж, гадаад орны холбогдох байгууллагад тайлбарлах шаардлагатай. Ийм тодорхойлолтыг гурван нэрийн системийг хэрэглэжж хэвштэл наанадаж 10 жил хавсаргаж явах нь зүйтэй.
Ёс зүйн шинэчлэл – албан бус хэрэглээ
Овог хэрэглэх явдлыг бүх нийтээр соёл болгон хэвшүүлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрээс эхлэх нь зүйтэй. Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр гэхийн оронд тийм Намбарын Энхбаяр хэмээн овогтой нь хамт аливаа албан бичиг, хэвлэлийн мэдээнд зааж хэвших нь олон нийтэд овог хэрэглэж сурахад тухайлан дөхөмтэй юм.
Авгайлсан буюу албан цолны ард овог хэрэглэх журмыг хэвшүүлэхэд гарч буй хүндрэл нь дийлэнхи овог амьтан, малын нэртэй байдгаас эвгүйцдэгт оршино. Ноён Ямаачин, хатагтай Тэмээчин, хурандаа Хоньчин гэх жишээгээр явахад хувь хүн өөрөө ичих, бус олон түүнийг шоолох хандлагатай байдаг. Ийм овог хэрэглэхэд ичих зүйл уул нь үгүй: харин ч язгуур монгол овогт хүн гэдгийг шууд илтгэж байгаа тул бахархвал зохилтой юм. Хэрэв ийм овгийг хэрэглэхээс татгалзвал дуртай нэрээ шинээр овог болгон хэрэглэх завшаан манай үеийнхэнд бий билээ.
Авгайлсан нэрийг хэрэглэх эртний уламжлалыг сэргээн хэрэглэвэл овгийг дуудаж хэвшихэд тустай юм. Нэрийн эхний үеийг алдар цол, авгайллын өмнө хэрэглэдэг уламжлал энд туйлаас нийцтэй билээ. Жишээ нь Ямаачин Э.Дорж багшийг Яа багш, Сарлагтай С.Лхамсүрэн авхайг Са авхай, Адуучнн Б.Шагдар хурандааг А хурандаа, Дархан О.Дондог ноёныг Да ноён хэмээн авгайлах нь энэ үед чихэнд илүү наалдацтай сонсогдох билээ. Энэ авгайллыг, магадгүй, иргэний бичиг баримтад ч албан ёсоор бичиж тэмдэглэж болно.
Хэрэгжүүлэх байгууллага – хэн хийх вэ?
Овог, эцгийн нэр, нэрийн системийг хэрэглэж хэвшүүлэхэд юун түрүүнд, улс төрийн тохиролцоо урьдач нөхцөл болох бөгөөд төрийн бүх шатны байгууллага, тэдгээрийн хоорондын харилцаанд жигд байнга хэрэглэх явдал зайлшгүй чухал юм. Улс төрийн тохиролцоо гэдэгт намуудын хоорондб айгуулах ямар нэг бичиг баримт, гэрээ тохироог биш: харин тус бүртээ овгийг гуйвалтгүй үлгэрлэн хэрэглэх явдлыг ойлгоно.
Улс төрийн намууд нэр дэвшигчид, намын удирдагчдынхаа нэрсийг овогтой нь хамт хэрэглэж сурталчлах нь зүйтэй. 2001 оны ерөнхийлөгчийн сонгуульд ИЗН-ын нэр дэвшигч Гөрөөчин Дашням овогоо хэрэглэж байсан. Энэ жишээг жишиг болгон урамшуулвал зохистой. Засгийн эрх аль намд очсноос эс шалтгаалан овог хэрэглэж хэвшүүлэх бодлогыг тууштай барьж хэрэгжүүлэх явдал хамгийн чухал бөгөөд энэ бол улс төрийн тохиролцоо юм.
УИХ, Ерөнхийлөгч, Засгийн Газар, Дээд Шүүхийн тогтоол шийдвэрт овог, эцгийн нэр, нэрийг байнга тууштай хэрэглэж байх бол улс төрийн тохиролцооны нэг тал юм. Овог, эцгийн нэр, нэрийг дэлгэрэнгүй буюу хураангуй, авгайлсан хэлбэрээр бичиж, дуудах ёсыг өдөр тутмын хэрэглээ болгоход төрийн дээд байгууллага тийн хэрэглэх нь сайхан дуурайл болно.
Орон нутгийн засаг даргын тамгын газраас эхлээд, Цагдаагийн ерөнхий газар, ИБМУТ-ын бүртгэл мэдээллийг байнга гурван нэртэй хамт хийж байх нь чухалтай.
Гадаад яамны үүрэг бол Монол Улсыд нэрийн системийг өөрчилж байгааг гадаад улсын элчин, консулын газар мэдэгдэх, нэрийн системтэй холбогдон гарч болзошгүй аливаа асуудлыг Монгол Улсын иргэний ашиг сонирхолд нийцүүлэн шийдэхэд оршино.
Хавсралт 1. ГАДААД ПАССПОРТЫН ТАЙЛБАР
Дараахь утга бүхий тайлбарыг Монгол Улсын үндэсний гадаад пасспортын эхний хуудас дээр англи хэлээр тавьж болно.
Монгол Улсын Засгийн газар Е-000000 пасспортой Тогоруутан Доржийн Дондог нь Е-000000 паспорттай Доржийн Дондог мөн болохыг нотлож байна. Монол Улсын Гэр бүлийн хуулийн нэр хэрэглэхтэй холбоотой заалтад оруулсан өөрчлөлтийн дагуу эцгийн нэрийг овгийн оронд хэрэглэж байсан журмыг өөрчилсөн бөгөөд шинэ гадаад пасспорт эзэмшиж буй Монгол Улсын бүх иргэнд эл журам хамаарч байгаа юм. Монгол Улсын Засгийн газар нэр өөрчлөгдсөнтэй холбогдон гарч болзошгүй аливаа асуудлын төлөө уучлал хүсэхийн ялдамд, эл тухайд хамтран ажиллахыг гүнээ эрэлхийлж байна
No comments:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.