Монголын Ерөнхийлөгч Чехийн Ерөнхийлөгчөөс илүү эрх мэдэлтэй юу?
Чехийн Ерөнхийлөгч Монголын Ерөнхийлөгчөөс илүү эрх мэдэлтэй юу?
Б.Мөнхгэрэл
Хэн нэгэнд эрх мэдэл байна гэдэг чухал, гэхдээ тухайн хүнд тэрхүү эрх мэдлээ хэрэгжүүлэх бодитой нөхцөл байна уу гэдэг нь үүнээс ч илүү чухал юм. Яг адилхан эсхүл ойролцоо “эрх мэдэл”-тэй мөртлөө тэрхүү эрхээ хэрэгжүүлэх “нөхцөл бололцоо”, “улс төрийн орчин” зэрэг нь тэс өөр байдаг нөхцлийг аль нь илүү эрх мэдэлтэй вэ гэх бус харин аль илүү хүчтэй вэ гэдэг ойлголтоор илэрхийлвэл илүү ойлгомжтой болох юм. Аль нь хүчтэй вэ?
Монголын ерөнхийлөгч илүү хүчтэй. Үүнийг дараах 3 нотолгоогоор үндэслэе.
1. Контор сигнатур
Монголын Ерөнхийлөгчийн хувьд өөрт хамаарах бүрэн эрхээ хэн нэгэн субьект болоод аль нэгэн институттэй“хуваалцдаггүй” буюу өөрөөр хэлбэл бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд Ерөнхий сайд юмуу эсвэл Засгийн Газрын салбар хариуцсан сайдын гарын үсэг болох “контор сигнатур” шаардлагагүй байдаг.
Харин Чехийн ерөнхийлөгчийн зарим биш, цөөн биш харин “олонхи” шийдвэр нь Ерөнхий сайдын “контор сигнатур” шаарддаг байх юм. Чехийн Үндсэн Хуулийн 3-р бүлэг 63-р зүйлд зааснаар |Constitution of Chez Republic, Chapter 3, Article 63.1- a,b,c,d,e,f,g,h,i,j | ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарах 10 зүйл бүгд Ерөнхий сайдын гарын үсгийг давхар шаардаж байж хүчин төгөлдөр болдог байна.
Гайхалтай нь Чехийн ерөнхийлөгчийн “контор сигнатур”-аар хязгаарлагдсан яг энэүү 10 бүрэн эрхийг Монголын Ерөнхийлөгч ямар ч “контор сигнатур”-аар хязгаарлуулалгүй илүү өргөн мэдэлтэйгээр хэрэгжүүлж байдаг. |МУ-ын ҮХ, 3-р бүлэг, 33-р зүйлийн 1-ийн 1, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11; 2,3 | Монгол Улсын Үндсэн хуулиас Ерөнхийлөгч эдгээр бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ “контор сигнатур” хэмээх эрх мэдлийн талыг нь аваад явчихдаг механизмаар хязгаарлуулсан зүйл заалт байхгүй болохыг харж болно.
Чехийн Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхээ|энэ эрхүүд нь Монголын Ерөнхийлөгчид байдаг | хэрэгжүүлэхдээ Ерөнхий сайдынхаа гарын үсгийг хараад суудаг бол харин Монголын Ерөнхийлөгч ямар нэгэн гарын үсэг харалгүйгээр өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлдэг байх юм. Аль нь илүү хүчтэй вэ?
2. Монголын Ерөнхийлөгч бүх ард түмнээс сонгогддог, харин Чехийн Ерөнхийлөгч?
Чехийн Ерөнхийлөгч ард түмнээс биш Парламентаас сонгогддог. Энэ үйл явцыг улс төрийн агуулгаар нь авч үзье.
Монголын Ерөнхийлөгч бүх ард түмний төлөөлөл болж Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх засаглалаас харьцангуй бие даасан эрх мэдлийн нэг субьект болж байгаа юм.
Харин Чехийн Ерөнхийлөгч Хууль тогтоох болон Гүйцэтгэх засаглалын улс төрийн ашиг сонирхлоос илүү хамааралтай буюу Монголын Ерөнхийлөгчтэй харьцуулахад бие даасан байдал илүү бага, мөн засаглалын салаа мөчрөөс хамаарах хамаарал илүү их юм. Бүх ард түмнээс сонгогдож, засаглалын салаа мөчрүүдээс харцангуй бага хамаардаг, бие даасан ерөнхийлөгч илүү хүчтэй юу? Харин “контор сигнатур” гэх мэт эрх мэдэл хуваах хүчтэй механизмаар хязгаарлуулсан, мөн бие даасан байдал бага ерөнхийлөгч илүү хүчтэй юу? Аль нь хүчтэй вэ?
3. Легитим шинж
Төрийн 3 өндөрлөгт Хууль тогтоох засаглалын тэргүүн, Гүйцэтгэх засаглалын тэргүүн Шүүх засаглалын тэргүүн 3-ыг хамруулж ойлгодог олон улсын жишиг бий. Харин Монгол улсын Ерөнхийлөгч төрийн тэргүүн байхаас гадна төрийн 3 өндөрлөг гэж ойлгогддог. Магадгүй Шүүх засаглалын нэр хүнд тийм сайн биш болохоор энэ ойлголтод багтдаггүй байж болох юм. Гэхдээ л Монголын Ерөнхийлөгчийн энэ легитим шинж, нэр хүнд нь түүнийг илүү хүчтэй болгож байдаг бас нэгэн үндэслэл юм. Харин Чехийн Ерөнхийлөгчөд ийм хэлбэрийн легитим шинж байдаггүй. Тэрээр ард түмнийг шууд төлөөлдөггүй учир легитим шинж нь ард түмэнд бус харин Парламент, Гүйцэтгэх засаглалаас хангагддаг.
Дүгнэвэл:
Ач холбогдол, чухал байдлаараа эрэмблэгдсэн дээрх 3 аргумент Монголын Ерөнхийлөгч Чехийн Ерөнхийлөгчөөс хавьгүй илүү хүчтэй гэдгийг харуулна.
Хоёр ерөнхийлөгч хоёулаа яг адилхан биш юмаа гэхэд ойролцоо эрх мэдэлтэй. Магадгүй Чехийн Ерөнхийлөгч эрх мэдлийн цар хүрээгээрээ их байя гэж бодъё. |гэхдээ энэ нь юу л бол| Хичнээн их эрх мэдэлтэй ч тэр эрхээ чөлөөтэй хэрэгжүүлж чадахгүй эсвэл түүнийгээ өөр нэг субьекттэй хуваалцдаг бол тэр эрх хүчтэй эрх мэдэл биш. Өөрөөр хэлбэл Чехийн Ерөнхийлөгч хүчтэй биш.
Хоёр ерөнхийлөгчийн хэнд нь эрх мэдлээ хэрэгжүүлэх бодитой улс төрийн орчин, нөхцөл байдал байна гэдгээрээ эрс ялгаатай. Монголын Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхээ ямар нэг хязгаарлах механизм, тухайлбал “контор сигнатур”-гүйгээр хэрэгжүүлдэг бол Чехийн Ерөнхийлөгч алхам тутамдаа л Ерөнхий сайдын гарын үсгийг харж суудаг “контор сигнатур”-ын механизмаар эрх мэдлээ хязгаарлуулдаг. Энэ нь хэн хүчтэй вэ гэдгийг харуулах хангалттай бөгөөд гол нотолгоо юм.
Монголын ерөнхийлөгч Чехийн ерөнхийлөгчөөс илүү ХҮЧТЭЙ.
Б. Мөнхгэрэл
/3-р курст байхдаа бичиж байлаа/
No comments:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.