Blogger templates

2011-04-21

"Монгол дахь сонгуулийн технологийг боловсронгуй болгох нь" Бакалаврын дипломын ажлын тайлан


4 төгсөхдөө дээрх сэдвээр Дипломын ажлаа хамгаалж байлаа. Нэг их мэрийж хийгээгүй. Шулуухан хэлэхэд Улсын төв номын санд ангийнхааа хүүхэдтэй цуг нөүтбүүк сканнер хоёр байрьж ороод нууцаар баахан ном сканнердаж тэрийгээ файл хэлбэрт оруулж янзлаад дипломынхоо ихэнхи хуудсуудыг бүрдүүлж байлаа. Гэхдээ оршил, дүгнэлт, зарим нэг судалгаа, гол зүйлүүдээ өөрөө хийсэн, мөн том зорилго тавьж том асуудал шийдэхийг зориогүй, бакалаврын түвшнийх ямар байх ёстой вэ тэр хэмжээгээр нь л хийсэн. Ер нь бакалаврын дипломын ажил гэдэг бол тухайн хүний академик бичлэгийн чадвар, судалгааны ерөнхий, энгийн аргуудыг хэрхэн хэрэглэж байна, ном материалыг хэрхэн ашиглаж байна, аливаа бичиж буй зүйлээ онолтойгоо хэрхэн уялдуудж өгч байна вэ гэх мэт судлаач хүний хамгийн наад захын шаардлагуудыг хангаж байгаа эсэхийг үнэлэхэд оршдог.



Энэ тайлан миний Дипломын ажлын Оршил, Дүгнэлт хэсгийг багтаасан байгаа.

Оршил
  1. Сэдвийн үндэслэл
  2. Сэдвийн судлагдсан байдал /Монголд судлагдсан байдал/
  3. Судалгааны зорилго, зорилт
  4. Судалгааны шинэлэг тал
  5. Судлах зүйл, хүрээ

            Сэдвийн үндэслэл: 1-рт: Орчин үеийн улс төрийн шинжлэх ухааны судалгааны хамгийн чухал обьект болох ардчиллын асуудалд сонгуулийн тухай судалгаа нэлээд том байр суурь эзэлдэг төдийгүй ардчиллыг бэхжүүлэхийн тулд сонгуулийн системийг төлөвшүүлэх, сонгуулийг шударга зөв явуулах асуудал чухалд тооцогдож байна. Монгол улс ардчиллыг бэхжүүлье, хөгжүүлье гэвэл сонгуулийн тогтолцоогоо зайлшгүй эрүүл, зөв болгон төлөвшүүлэх шаардлагатай бөгөөд сонгуулийн эрүүл зөв тогтолцоогүйгээр ардчилал төлөвшинө гэж үгүй юм. Сонгуулийн эрүүл тогтолцоо бий болгоход сонгуулийг хэрхэн яаж явуулах тухай асуудал буюу сонгуулийн технологийн асуудал маш чухал үүрэгтэй юм.
2-рт: Монгол Улсын Их Хурлын сүүлийн 2 сонгуультай холбогдож үүссэн маргаан, булхай болоод үүний уршиг болох 7 сарын нэгэн гэх мэт асуудлууд нь сонгуулийн системийг боловсронгуй болгох, сонгуулийг хэрхэн шударга, зөв, хяналттай явуулах вэ? гэдэг асуудлуудыг дэвшүүлэн гаргаж ирж байна.Үүнээс гадна иргэдийн сонгох, сонгогдох эрхээ баталгаатай эдлэхэд сонгуулийг шударга явуулах нь сонгуулийн тогтолцоо ямар байхаас дутуугүй ач холбогдолтой асуудал болж байгаа бөгөөд тийм ч учраас сонгуулийн технологи буюу сонгууль явуулах арга зам, процессын асуудлыг нарийвчлан судлах шаардлага урган гарч байгаа юм. Өөрөөр хэлбэл Монголын сонгуулийн тогтолцооны төлөвшилтийн асуудал нь сонгуулийн ямар систем сонгож хэрэглэж байна вэ гэдгээс илүүтэй сонгуулийг хэрхэн яаж зохион байгуулж, явуулж байна вэ гэдгээсээ илүү хамаарч байна.
Сэдвийн судлагдсан байдал: Сонгуулийн талаар судалгаа хийсэн олон эрдэмтэд байдаг ба тэдгээр нь шинжлэх ухаанд хэдийнээ байр сууриа тогтоож өөрийн үзэл номлолоо онолын түвшинд хүргэж ерөнхийд нь төрийн сонгууль гэж ер нь юу вэ тэр яагаад, юуны учир хэнд хэрэгтэй вэ гэсэн асуултанд хариулт өгсөөр иржээ. Ялангуяа 17-18 зууны үед сонгууль нийгэм улс төрийн чухал ач холбогдолтой цогц үзэгдэл болж чадсан байна. 17-р зуунд Г.Гроций, Б.Спиноз, Т.Гоббс, Ж.Локк зэрэг сэтгэгчид  жам ёсны эрхийн онолыг боловсруулсан бөгөөд энэ онолоор хүн бүхэн эхээс төрсөн цагаасаа л бурхан эсвэл байгалаас заяагдсан амьд явах, аз жаргалтай байх, эрх чөлөөтэй байж аливаа осол дарангуйлал, мөлжлөгөөс өөрийгөө хамгаалах, тэмцэх, өөртөө эзэн байх, тэгш жам ёсны эрхтэй гэж үзсэн байдаг. Эдгээр сэтгэгчдийн үзэл баримтлал олон түмэн, эрх баригчдын хоорондын харилцааны асуудал, ард түмнээр хүлээн зөвшөөрөгдсөн байж өөрсдийн түүхэн үүргээ гүйцэтгэх ёстой гэсэн санааг илэрхийлж байдаг.
Мөн ард түмний сонголт тааллын үндсэн дээр эрхэмлэн байгуулагдсан төр нь улс төрийн тавцан дээр гарч ирэнгүүт л эргээд л ард түмний итгэл найдварыг хөсөрдүүлсөн зан авир гаргаж дураар авирлаж эхлбэл ард түмэн түүнийг эсэргүүцэн тэмцэх хэрэгтэй гэсэн санааг С.Августин, Т.Мор, У.Гудвин, Сен Симон нар гаргаж ирсэн байна. Эзэгнэн захирагч нь бурхны таалалд үл нийцсэн бодлого явуулбал түүнийг залхаан цээрлүүлэх, хаан эзнийг алах нь хүртэл шударга үйл болно гэсэн санааг 12-р зууны Английн сэтгэгч Ц.Солберский бүтээлдээ тэмдэглэсэн байна.
            Сонгууль 19-20-р зуунд онолын үзэл баримтлал зохион байгуулалт, технологи тактикийн талаар улам боловсронгуй болж бүх нийтийн, ардчилсан, тэгш байх, саналаа нууцаар гаргах, чөлөөт өрсөлдөөнтэй байх зарчмын дагуу хувьсан хөгжиж улмаар орчин үед төр засаглалын төлөөллийн болон мөн цөөнгүй улс орон гүйцэтгэх, шүүх, орон нутгийн засаг захиргааг сонгож зохион байгуулах, илүү их ардчилсан зүй зохистой арга хэрэгсэл механизм болон төлөвшсөн.
            Монголын тухайд сонгуулийн асуудлаар олон судлаачид судалсан байдгийн дотор Монголын нээлттэй нийгэм форумаас энэ асуудалд онцгойлон анхаарч олон удаа үндэсний болон олон улсын хэмжээний бага хурал зохион байгуулж, олон төрлийн судалгаа хийн, ном материал хэвлүүлснийг дурдах хэрэгтэй. Түүнээс гадна олон төрийн ба төрийн бус байгууллагууд, судалгааны төвүүд энэ асуудлаар судалгаа шинжилгээ олныг хийсэн байна. Гэсэн хэдий ч дээрх байгууллагуудын судалгааны чиглэл нь цаг үеийн шинжтэй буюу сонгуульд хэн илүү санал авахыг тодруулах судалгаа, намын болон нэр дэвшигчийн рейтингийн судалгаа эсвэл их ахисан нь  иргэний нийгмийн байгууллагаар дамжуулан сонгуулийн системийг илүү боловсронгуй болгох асуудлыг  сөхөн гаргаж ирсэн бөгөөд тэдгээр байгууллагын гаргасан санал зөвлөмж нь төрийн бодлого шийдвэрт төдийлөн хүчтэй нөлөө үзүүлэхгүй байгаа юм.
Харин яг сонгуулийн технологи гэсэн чиглэлээр хийсэн судалгаа, шинжилгээ Монголд төдийлөн олон биш бөгөөд 2004 онд судлаач Б.Гантулга “Сонгуулийн технологи” гэсэн жижиг хэмжээний ном хэвлүүлсэн байна. Мөн манай оюутнуудаас 1997 онд Я.Гансүх “Сонгуулийн компанийн монгол дахь онцлогууд” сэдвээр 1998 онд А.Энхбаатар “Сонгуулийн технологи” сэдвээр 2008 онд Н.Мөнгөнцэцэг “Сонгуулийн бохир технологи” гэсэн сэдвээр хамгаалсан бакалаврын дипломын бүтээлүүд байгаа юм.


Судалгааны зорилго, зорилт: Харин тус дипломын ажил сонгуулийн технологи, иргэний болоод төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа ба сонгуулийн үеийн хариуцлагын тогтолцоо бүхий оновчтой арга механизм зэргийг бий болгох, сайжруулах замаар сонгуулийн системийг төлөвшүүлэх арга замыг эрэлхийлснээрээ ялгаатай юм. Өөрөөр хэлбэл Монголд байгаа сонгуулийн асуудал нь можаритар эсвэл пропорциональ систем, томсгосон эсвэл жижиг тойргоор сонгууль явуулсан эсэхээс хамаарахаасаа илүүтэй сонгуулийг яг яаж зохион байгуулж, хэрхэн явуулж байна вэ гэдэгт буюу илүү процессын шинжээсээ хамаарч байна гэж үзэж байгаа юм.
Өөрөөр хэлбэл дипломын ажлын зорилго нь сонгуулийн технологийг боловсронгуй болгох замаар буюу сонгуулийг хэрхэн шударга зөв явуулах вэ гэдэгт хариулт өгөх замаар сонгуулийн эрүүл тогтолцоог төлөвшүүлэх хувилбар, шийдлүүдийг гаргаж ирэхэд оршино.
Түүнээс гадна дипломын ажлаар Монголд байгаа сонгуулийн асуудлыг нэгмөсөн шийдэх эсвэл сонгуулийн системийг бүрэн төгс эрүүлжүүлэн сайжруулж, боловсронгуй болгох том зорилго тавиагүй бөгөөд гагцхүү сонгуулийн технологийн асуудлыг судалснаар дээрх том зорилгод хүрэх нэг гишгүүр бий болгохыг зорисон юм.
Үндсэн зорилгын хүрээнд дараах хэдэн багц зорилтуудыг дэвшүүлэв. Үүнд:
Сонгуулийн технологийг боловсронгуй болгохын гол ач холбогдол нь сонгуулийг зөв, шударга явуулах үндсийг хангах бөгөөд сонгууль шударга явагдах үндсэн нөхцлүүд нь  “сонгуулийн үйл явц ил тод, хөндлөнгийн хяналттай байх”, “сонгуулийн байгууллага хараат бус, үйл ажиллагаа нь нээлттэй байх” –ыг хэлэх бөгөөд эдгээр нөхцлийг хэрхэн бий болгох вэ гэдгийг дараах 3 зорилтоор тодорхойлов.


Өөрөөр хэлбэл асуудлын шийдэл буюу хүрэх ёстой зорилтуудыг дараах байдлаар харж байгаа юм.


1. Сонгуулийн булхай, түүнийг багасгах арга зам: Сонгуулийн технологийг боловсронгуй болгохын гол ач холбогдол нь сонгуулийг шударга явуулах нөхцлийг бүрдүүлэхийн тулд юм. Харин сонгууль шударга явагдана гэдэг нь юуны түрүүнд сонгууль ямар нэгэн булхай, будлиангүй, ил тод явагдахыг хэлнэ. Тиймээс сонгуулийн технологийг боловсронгуй болгохын тулд хийх ёстой хамгийн эхний алхам бол сонгуулийн булхайтай тэмцэх явдал юм. Сонгуулийг булхайгүй явуулахын тулд доорх зорилтууд, нөхцлүүдийг бий болгох ёстой бөгөөд үүнийг дипломын ажлын 2-р бүлгийн дэд сэдвүүд тус бүрээр дэлгэрүүлэн авч үзсэн.
 2. Эрх зүйн орчин: Сонгуулийн үйл явцыг ил тод байлгахын тулд үүнийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй бөгөөд ингэхдээ дан ганц хууль батлаад зогсохгүй хууль хэрхэн хэрэгжих, мөн тухайн хуулийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг сонгуулийн үйл явц ил тод байх зарчмыг хэрэгжихүйцээр байлгах буюу тухайлбал хуулийн ямарваа нэгэн заалт зөрчсөн тохиолдолд сонгуулийн хороонд ажиллах эрхийг нь хасах цаашлаад захиргааны төдийгүй эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндсийг бүрдүүлж өгөх. Өөрөөр хэлбэл эрх зүйн орчныг нь бүрдүүлэхдээ тухай эрх зүй үйлчлэх, хэрэгжихээс өөр аргагүй байдалд оруулах улс төрийн орчныг нь мөн давхар бүрдүүлж өгөх хэрэгтэй. Ийм нөхцлийг бүрдүүлэх нь сонгуулийг шударга явуулах чухал үндэс болно.
3. Иргэний нийгмийн хяналт: Сонгуулийн үйл явц дахь иргэний нийгмийн хяналт буюу нам бус хүмүүс, бие даасан шинжээч, судлаач, дотоодын болон гадаадын экспертүүд, хэвлэл мэдээллийнхэнд сонгуулийн үйл явцыг хянадаг байх эрх мэдлийг олгох тухайлбал сонгуулийн өдөр санал авах байран дотор ганцхан намуудын төлөөлөл бус эдгээр иргэний нийгмийн байууллагын төлөөллийг байлцуулах, тэдэнд хууль хэрэгжиж байгаа эсэхэд хяналт тавих эрхийг олгох гэх мэт нь сонгууль шударга явуулах бас нэгэн үндэс болох юм.
Өөрөөр хэлбэл сонгуулийг шударга явуулна гэдэг нь чухамдаа сонгуулийг булхайгүй явуулахыг хэлэх бөгөөд харин сонгуулийн технологийг боловсронгуй болгох гэдэг нь   энэ 3 асуудлыг бүгдийг хамарч байгаа юм.
Судалгааны шинэлэг тал: Монголд байгаа сонгуулийн асуудал нь можаритар эсвэл пропорциональ систем, томсгосон эсвэл жижиг тойргоор сонгууль явуулсан эсэхээс хамаарахаасаа илүүтэй сонгуулийг яг яаж зохион байгуулж, хэрхэн явуулж байна вэ гэдэгт буюу илүү процессын шинжээсээ хамаарч байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл сонгуулийн системээ өөрчлөнө гэхээсээ илүүтэй сонгуулийн технологио боловсронгуй болгоход эхлээд анхаарах хэрэгтэй юм. Сонгуулийн технологийн асуудлаа цэгцлээгүй байж системээ хичнээн солиод  ямар ч үр дүнгүй болох юм. Сонгуулийн булхай, маргаан гэх мэт олон асуудлууд байсаар л байх юм. Өөрөөр хэлбэл аль ч сонгуулийн систмийг сонгон авсан технологоо зөв шийдэх нь чухал гэдэг асуудлыг хөндсөнөөрөө шинэлэг юм.


            Судлах зүйл: Монгол улсад сонгуулийг хэрхэн, яаж шударга зохион байгуулах вэ? ямар боломж, гарц, шийдэл бас ямар бэрхшээл байгааг судлан тодруулна. Дипломын ажил нь оршил, 2 бүлэг, дүгнэлт, ном зүй хэсгүүдээс бүрдэнэ.
Эхний бүлэгт сонгуулийн технологийн онолын асуудлыг авч үзсэн бөгөөд сонгуулийн технологийн тухай ойлголт, цэвэр ба бохир технологи, мөн шударга сонгуулийн тухай авч үзсэн. Шударга сонгууль гэдэг нь сонгуулийг булхайгүй явуулах буюу сонгууль ил тод, нээлттэй, иргэний нийгмийн хяналттай явагдахыг ойлгодог.
 2-р бүлэгт Монгол дахь сонгуулийн технологитой холбогдож үүссэн асуудлыг авч үзсэн бөгөөд дипломын ажлын шийдэл хайж буй,  зорилтоо болгосон үндсэн  асуудлуудыг “Сонгуулийн булхай, түүнийг багасгах арга зам” , “Сонгуулийн ил тод байдлыг хангах эрх зүйн орчин, хэрэгжилт”,  “Сонгуулийн үйл явц дахь иргэний нийгмийн хяналт”,  гэсэн  дэд сэдвүүдэд хуваан авч үзсэн.


Дүгнэлт
3 асуудал 3 шийдэл.


Сонгуулийн систем биш сонгуулийн технологи
Хууль ба хууль хэрэгжих эрх зүйн орчин. Ил тод байдлын жишээн дээр.
Иргэний нийгмийн байгууллагын хяналт, ажиглалт


Орчин үеийн улс төрийн шинжлэх ухааны судлах зүйлийн дотор ардчиллын асуудал тэр дундаа ардчилсан сонгуулийн асуудал томоохон байр суурь эзэлдэг ба дэлхийн олон улсуудад сонгууль хэрхэн зохион байгуулагдаж үр дүн нь бослого, мөргөлдөөн, цус асгаруулсан тэмцэл мөн амар тайван, эрх чөлөөт амьдралыг бий болгож байгаа нь олон судлаачдын сонирхлыг татсан асуудал болоод байгаа юм.
Монголд ч мөн адил улс төрийн шинжлэх ухааны эрдэмтэн, судлаачдын анхаарлаа хандуулж буй гол асуудал нь ардчилал болоод түүнийг дагалдан гарч ирэх ардчилсан сонгууль, ардчилсан төр, засаглал гэх мэт чухал асуудлууд байна. Тухайлбал “7 сарын 1”-ний үйл явдал Монголын ардчилал болоод, эрх чөлөөт амьдралд сонгууль ямар чухал үр нөлөөтэй болох, сонгуулиас үүдэж ямар ч асуудал үүдэж болохыг харуулсан том жишээ байлаа. Тиймээс сонгуулийн тухай асуудал нь Монголын улс төрийн шинжлэх ухааныг судлан хөгжүүлэгч эрдэмтэн мэргэд болоод залуу судлаачдын зайлшгүй судалж үгээ хэлэх ёстой, засч залруулж, сайжруулж шинэчлэхийн тулд үргэлж судалж байх ёстой асуудал тэр дундаа хамгийн прагматик буюу үр дүнг нь амьдрал практикт хэрэгжүүлж болох асуудал юм.
Бүх хуулиуд дундаас эдийн засгийн чиглэлээс нь “Татварын хууль”, улс төрийн чиглэлээс “Сонгуулийн хууль” үргэлж хамгийн муу хууль байдаг буюу хамгийн шүүмжлэлд өртдөг гэж гавьяат хуульч Б.Чимид-ийн хэлсэн үг байдаг. Тиймээс ч сонгуулийн тухай асуудлыг үргэлж судлан анхаарч байх ёстой буюу орхиж болдоггүй судалгааны обьект юм. Хамгийн наад зах нь л сонгууль бүрт намууд нэр дэвшигчдийн тактик үргэлж өөрчлөгдөн үүнийгээ дагаад бохир технологи ч мөн адил үргэлж бий болж, шинэчлэгдэн хөгжиж байдаг бөгөөд түүнийх нь хариуд тохирсон тухайн бохир технологийг хязгаарлах шаардлага гарч ирдэг, түүнийг судлах хэрэгтэй болдог мөн нэр дэвшигчийн сонгуулийн кампанит ажлын бүхий л үйл явц иргэдийн үйл байдлыг тандах судалгаа, нэр дэвшигчийн рейтинг гэх мэт асуудлууд нь сонгуулийн асуудлыг үргэлж хөдөлгөөнд, судалгааны эргэлтэнд байлгадаг.
Гэвч дээрх бүгдээс хамгийн чухал нь юу вэ гэвэл ард иргэд ямар ч тохиолдолд өөрсдийнх нь хийсэн сонголт ямар нэгэн хөндлөнгийн оролцоо, булхайгүйгээр төрд төлөөлөгдөж байх явдал буюу сонгуулийн үр дүн ямар нэгэн хууль бус үйлдэл, будлиан булхай, хууль зөрчсөн бохир технологийн үр дүнд бий болох бус харин цэвэр нийт сонгогчдын өгсөн саналын үр дүн байх ёстой гэдэгт л оршдог байна. Товчхон хэлбэл шударга сонгуулийн тухай асуудал нь хамгийн чухал байдаг.
Тус дипломын ажил сонгуулийн технологийг боловсронгуй болгох замаар сонгуулийг шударга зохион байгуулах асуудлыг шийдвэрлэхийг зорьж энэ зорилгод хүрэхэд ямар бэрхшээл саад байна, мөн ямар гарц боломж байна вэ гэдгийг тодруулахыг зорьсон билээ.
Тиймээс судалгаандаа үндэслэн сонгуулийг шударга зохион байгуулахын тулд ямар бэрхшээл байна вэ бас ямар шийдэл гарц байгаа тухайд дараах хариултыг өгч байна.


1.      Сонгуулийн систем биш сонгуулийн технологи.
Монголд байгаа сонгуулийн асуудал нь можаритар эсвэл пропорциональ систем, томсгосон эсвэл жижиг тойргоор сонгууль явуулсан эсэхээс хамаарахаасаа илүүтэй сонгуулийг яг яаж зохион байгуулж, хэрхэн явуулж байна вэ гэдэгт буюу илүү процессын шинжээсээ хамаарч байна. Өөрөөр хэлбэл сонгуулийн системээ өөрчлөнө гэхээсээ илүүтэй сонгуулийн технологио боловсронгуй болгоход эхлээд анхаарах хэрэгтэй юм. Сонгуулийн технологийн асуудлаа цэгцлээгүй байж системээ хичнээн солиод ч эерэг үр дүнд хүрэхгүй бөгөөд сонгуулийн булхай, маргаан гэх мэт олон асуудлууд байсаар л байх юм. Өөрөөр хэлбэл аль ч сонгуулийн системийг сонгож авсан сонгууль зохион байгуулах процесст хяналт тавьж чаддаг байх нь чухал юм. Ийм байхад эрх баригчид сонгуулийн хуулийг өөрчилж байгаа нь сонгуулийн жинхэнэ том асуудал болоод байгаа процессын асуудал, технологийн шинэчлэлийн асуудлыг олж хараад өөрчилж байна уу эсвэл том намууд эрх мэдлээ улам бататгахын тулд өөрчилж байна уу? гэдгийг бодоход хүргэж байна.


2.      Хууль ба хууль хэрэгжих эрх зүйн орчин. Ил тод байдлын жишээн дээр.
Сонгуулийг шударга явуулахын тулд сонгогч саналаа өгөхөөс бусад бүх сонгуулийн үйл явц ил тод, нээлттэй байх ёстой бөгөөд асуудлын гол нь энэхүү зарчмыг тунхаглах төдий биш харин хэрэгжүүлэх ёстой гэдэгт оршиж байна. Ил тод байдлын бүхий л зарчим Монгол улсын сонгуультай холбоотой хууль, дүрэм журамд тусгагдсан байдаг. Харин энэхүү зарчмыг хэрэгжүүлэх эрх зүйн орчин хангалтгүй байна. Ялангуяа сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдлын асуудал нь сонгуулийг шударга явуулахад үлэмж нөлөөтэй бөгөөд энэ асуудал одоо болтол далд, нууц байгаа нь сонгуулийг шударга явагдах итгэл, үнэмшлийг багасгаж байгаа юм. Намуудын санхүүжилт ил тод байх ёстой гэж хуулиндаа заасан боловч ил тод байдаг уу гэвэл  үгүй юм. Тэгэхээр хуулинд буруу байна уу юунд учир нь байна? Хуулиар бүх зарчмыг нь тунхагласан боловч хууль хэрэгжих улс төрийн орчныг нь дутуу орхижээ. Намын санхүүжилт ил тод байх ёстой юм бол зөвхөн ил тод байна гэсэн үг бичээд зогсохгүй ил тод байхын тулд яах ёстой юм, ил тод биш байвал ямар хариуцлага хүлээх ёстой юм бэ гэх мэт бүх асуудлыг нь хамруулсан хуулийн заалт эсвэл тухайн заалтад нийцсэн дүрэм журам заавал байх ёстой юм. Тийм биш бол тэр хууль морьгүй тэрэг шиг л гацаанд орж хэрэгжихгүй. Тэгэхээр аливаа хууль ялангуяа сонгуультай холбоотой хууль журмуудад тухай заалт, зарчим хэрэгжих эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгөх нь сонгууль хуулийн дагуу шударга явагдахад үлэмж тустай.


3.      Иргэний нийгмийн байгууллагын хяналт, ажиглалт
Сонгууль үнэн зөв, шударга, хуулийн дагуу явагдсан эсэхэд төр засаг хяналт тавихаас гадна иргэний нийгмийн байгууллага заавал хяналт тавьдаг байх нь чухал юм. Учир нь иргэний нийгмийн хяналтыг нам бус, жинхэнэ иргэний нийгмийн байгууллага гэсэн шалгуурыг хангасан магадлан итгэмжлэх эрх бүхий байгууллагууд хийдэг. Сонгуулийн албан тушаалтнууд, улс төрийн намын ажиглагчид, зарим тохиолдолд хэвлэл мэдээллийнхэн ч бас ямар нэг байдлаар улс төрийн намтай холбоотой тэдний ашиг сонирхлыг хамгаалагчид байдаг тул нам бус иргэний нийгмийн байгууллагууд л хараат бус хяналт хийх чадвартай байдаг. Учир нь ихэнх тохиолдолд нам бус иргэний нийгмийн байгууллагууд нь сонгуулийн үр дүнг бус, харин сонгуулийн явц ямар болов гэдгийг анхаардаг. Тэдний хувьд аль нам, хэн ялсан нь сонин бус харин сонгууль чөлөөтэй, шударга болсон уу гэдэг л сонин байдаг. Тийм учраас хэрэв иргэний нийгмийн байгууллагууд үр дүнтэй хяналт, ажиглалт хийж чадвал тэдний хийсэн сонгуулийн үнэлгээ нь сонгуулийн хороо, улс төрийн хүчнийхний хийсэн үнэлгээнээс илүү найдвартай болно. Харин Монголд иргэний нийгмийн байгууллага өргөн хүрээний хяналт хийх эрх зүйн орчин бүрдээгүй байгаа юм. Үүнийг бүрдүүлэхгүйгээр сонгуулийг шударга явуулна гэдэг нь эргэлзээтэй бөгөөд бүтэхгүй юм. Тиймээс иргэний нийгмийн хяналтын тогтолцоог бий болгох хэрэгтэй.
            Сонгуулийг шударга зохион байгуулахад учирч байгаа дээрх 3 бүлэг асуудал нь заавал шийдвэрлэж байж, өөрчилж байж сонгууль шударга явагдах нөхцлийг бүрдүүлэх онцлогтой учраас сонгуулийг шударга явуулахад учирч буй бэрхшээлүүдээс хамгийн чухал нь бөгөөд мөн сонгуулийг шударга явуулахын тулд хийх ёстой ажил, асуудлын шийдлүүд дундаас бас хамгийн хэрэгжүүлэх боломжтой нь юм.
Сонгуулийг шударга зохион байгуулах асуудлын дараах 3 шийдлийг санал болгож байна. Өөрөөр хэлбэл Монгол улс сонгуулиа шударга явуулдаг болохын тулд:


1-рт Сонгуулийн технологи буюу сонгуулийг яг яаж, ямар хяналттай, хэрхэн зохион байгуулж байна вэ гэдэг процессын асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй.
2-рт: Сонгууль шударга явагдах эрх зүйн үндсийг тухайн эрх зүй үйлчлэх, хэрэгжихээс өөр аргагүй нөхцөл байдлыг бий болгох улс төрийн орчинтой нь хамт бүрдүүлж өгөх хэрэгтэй.
3-рт: Иргэний нийгэм буюу төрийн бус байгуулагууд сонгуулийг хянаж ажигладаг тогтолцоог бий болгож бүрдүүлэх хэрэгтэй.
Шударга сонгуулийн тухай асуудал нь эдгээр асуудлыг шийдвэрлээд зогсохгүй юм. Асуудал үргэлж бий болж байдаг, харин түүнд тохирсон шийдлийг үргэлж боловсруулж байх нь л хамгийн чухал билээ.


Тэгэхээр сонгуулийг шударга явуулахын тулд хийх ёстой хамгийн анхны прагматик ажил бол мөрдөж буй сонгуулийн тухай хууль, дүрэм журмуудад өөрчлөлт оруулах явдал юм.


Б.Мөнхгэрэл

No comments:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц